Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Орчлонгийн элдэв сонин: Тайвань, монгол уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөр


Монголын куратор Б.Номинтуяа, Тайванийн куратор Мэйяа Чен нар хамтран Тайванийн Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжүүлж буй уран бүтээлчдийн солилцооны хөтөлбөрт хамрагдсан гурван уран бүтээлчээс аяллын сонин, хөтөлбөрийн талаарх мэдээг сонирхлоо. Тайванийн гурван хотод 14 хоног үргэлжилсэн уг хөтөлбөрт кино найруулагч Ш.Ихбаяр, сэтгүүлч, утга зохиол судлаач У.Бямбаням, МУЗ-ийн хөтөлбөрийн ажилтан, “Улаан гэр” бүтээлч орон зайн менежер Г.Гэрэлсүрэн нар хамрагдсан юм.
 

-Хөтөлбөрт хэрхэн сонгогдсон бэ?

-Ш.Ихбаяр: “Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам 2019”-д сонгогдож видео уран бүтээл хийснээр Тайванийн соёлын солилцооны энэхүү хөтөлбөрт сонгогдсон.

-Г.Гэрэлсүрэн: МУЗ-ийг төлөөлж Тайванийн соёл урлагийн байгууллагууд, тэр дундаа контемпорари урлагийн төвүүдтэй танилцахаар сонгогдсон. UBIMAF (Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадам)-ын үеэр техник хангамжийн ажлыг хариуцаж, медиа үзэсгэлэн дэглэлтийг Урлагийн хөтөлбөрийн захирал 

-Б.Номинтуяагийн удирдлага дор зохион байгуулсан болохоор Тайваниас сурах зүйл их байлаа.
У.Бямбаням: Өнгөрөгч зун Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд хэрэгжүүлж буй “Найрагчийн мөрөөр” төслөөр шалгарч, уран бүтээлч Бодьхүүтэй хамтран соунд арт бүтээлээр оролцсон. Тиймээс энэхүү хөтөлбөрт сонгогдсон. Энэ удаа шинэ сэдэв сонгох ёстой байсан тул монголчуудын гаднын улс орон руу дүрвэн нүүсэн түүхэн нүүдлийн талаар ярилаа.              

                                                                                                                                                               
-Энэхүү хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-Г.Г: 2019 оны зургаадугаар сарын 21-ээс долоодугаар сарын 7-ны хооронд зохион UBIMAF арга хэмжээний хүрээнд Тайвань, Монголын уран бүтээлч солилцооны хөтөлбөрийг Тайванийн Засгийн газрын санхүүжилтээр санаачилж эхлүүлсэн. Энэ хүрээнд Тайванийн куратор Мейяа Ченийн урилгаар дөрвөн уран бүтээлч Монгол Улсад аялж, Медиа урлагийн наадамд гурван бүтээл, “Playtime” наадмын Нааглихац тайзан дээр тоглолт үзүүлсэн. Эргээд Тайванийн соёл урлагийн байгууллагуудтай танилцахаар сэтгүүлч, утга зохиол судлаач У.Бямбаням, кино найруулагч Ш.Ихбаяр болон МУЗ-ийн хөтөлбөрийн ажилтан, “Улаан гэр” бүтээлч орон зайн менежер Г.Гэрэлсүрэн миний бие 14 хоногийн танилцах аялалд оролцоод ирлээ.


-Хөтөлбөрөөс юу сурсан бэ?

-У.Б: Орчин үеийн урлагт давамгайлж буй нэг хэлбэр бол дууны урлаг буюу соунд арт, дүрсний урлаг буюу видео арт болохыг үзсэн үзэсгэлэн, очсон урлан бүрээсээ харлаа. Дээр нь урлагийн салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд олон улсын хөтөлбөр, удаан хугацаанд байрших хөтөлбөр ямар их, бас нээлттэй байдгийг мэдэж авсан. Уран бүтээлчдийн бүтээлийнхээ санааг хэрхэн боловсруулж буй нь таалагдсан. Маш сайн судалгаан дээр санаагаа гаргасан байна. Бас “Найрагчийн мөрөөр” төсөлтэй утга санааны хувьд маш ойролцоо видео бүтээл үзэж, сэтгэл их хөдөлсөн шүү.

-Г.Г:  Медиа урлаг дэлхий нийтийн чиг хандлага болж байгааг мэдэрч авлаа. Техник технологи, шинжлэх ухааны ололт амжилтыг уран бүтээлчид соргогоор мэдэрч ашиглах хэрэгтэйг, уран бүтээлдээ судалгаа шинжилгээ шингээж багаар ажиллаж сурах ёстойг мэдэж авлаа. Зочилж очсон медиа үзэсгэлэн бүр маш том багийн ажиллагааны үр дүн, хамтын бүтээл болох нь харагдаж байсан шүү.

-Ш.И:  Тайванийн үүх түүх, орчин үеийн урлагийн хөгжил, кино урлагийн салбарын зах зухаас биечлэн мэдээлэл авлаа. Ялангуяа кино урлагийг засгийн газраас нь хэрхэн мөнгө харамлалгүй дэмждэг. Томоохон хотуудын захиргаа өөрсдийн нэрэмжит кино наадам дэмжиж хийдэг болохыг мэдэж авлаа. Монгол мэт дэлхийд урлагаараа танигдаагүй улсад үр дүнтэй үлгэр жишээ болохуйц гэдгийг ойлгож авсан.

-Хөтөлбөрөөс сурсан зүйлс, холбоо харилцаан дээр үндэслэн цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
 
-Ш.И: Тайванийн кино институттэй биечлэн уулзсаны учир Монголын кино институтийнхээ “МFI Алтан хальс” олон улсын кино наадмаар дамжуулан хамтрах, мөн Тайвань кино урлагийг сурталчлах ажил хийнэ. Тайванийн кино институтийн Тайванийн олон улсын баримтат кино наадмын захирал Үд Линтэй дотно танилцсан тул ялангуяа баримтат кинон дээр илүү ач холбогдол өгөх боломжтой. Мөн Гуанду кино наадмыг хариуцсан найруулагч Чи Юань Литэй кофе уунгаа танилцсанаар Тайванийн уг наадам руу Монголоос Алтан хальс кино наадмынхаа богино кинонуудыг илгээх боломж нээгдэж байна.

-Г.Г: UBIMAF жил бүрийн зургаадугаар сард зохион байгуулагддаг. Үзэсгэлэн дэглэлтийн ажил дээр ч дахин ажиллана. “Улаан гэр” бүтээлч орон зайн үйл ажиллагаандаа Тайванийн уран бүтээлчид, урлангуудтай хамтарч ажиллахыг, Тайвань, Монголын хамтарсан урлан хөтөлбөр хэрэгжүүлэхийг хичээж ажиллана.

-У.Б: Миний ярьсан нүүдлийн талаарх сэдвийн нэг нь Өвөрмонголоос Тайвань руу дүрвэн гарсан монголчуудын талаар байсан. Энэхүү сэдвийг цаашид судлахын тулд дахин явах санаатай байна. Дээр нь, өвөө эмээ нь Өвөрмонголоос очсон хүмүүстэй танилцаж, холбоо тогтоосон. Аяллын үеэр очсон гурван хотын, 20 орчим урлагийн байгууллага, музей, галлерейгаас дор бүрнээ л олзтой ирсэн. Бас зохиолч, найруулагч Чи Юань Литэй бичихээр төлөвлөсөн баримтат киноны зохиол дээрээ зөвлөгөө авахаар боллоо. Тайвань гаралтай зохиолч Ши.Мөрөнтэй уулзаж чадаагүй ч холбоо тогтоосон гээд яривал их зүйл бий.

-Тайваньд өнгөрүүлсэн өдрүүдээс хамгийн их таалагдсан зүйлс юу байв?

-У.Б: Мэдээж хүйтний ам наашилсан үед явсан болохоор уур амьсгал нь үнэхээр таатай байсан. Нийтийн тээвэр, хүмүүсийн харилцаа, ойлгомжтой хаягжилт, үндэсний уламжлалт хоол, хамгийн гол нь музейнүүдийнх нь дэглэлт, мультмедиа музейн эрэн үеийг харуулсан дэглэлтүүд нь үнэхээр таалагдсан шүү.
 
-Г.Г: Дугуй унах дуртай болохоор дугуй унасан өдөр болгон маань маш их таалагдсан, эрх чөлөө, цэвэр агаар, хурд... Мөн Хятад улсын 5000 жилийн түүхийг харуулсан үндэсний музей нь маш их таалагдсан. 630,000 гаруй эд өлөг хадгалсан  хамгийн олон хүн хүлээж авсан дэлхийн долоон том музейн нэг гэдгээрээ үзвэр дэглэлт, шинэ соргог технологи ашигласан байдал нь маш их таалагдсан.
 
-Ш.И:  Тайванийн 10 сарын цаг агаар их таалагдлаа. Тайнан хоол нэн таалагдав. Тайчуны бетон нь ил ханат буудал таалагдлаа. Хамгийн их цагийг өнгөрөөсөн Тайбэйн соёлтой хөл хөдөлгөөн, уран бүтээлчид нь ихэд таалагдав.

 -Хэн нэгэнд талархал илэрхийлэх үү?

-Г.Г: МУЗ-ийн авьяаслаг хамт олондоо баярлалаа. Манай байгууллага 11 чадварлаг эмэгтэй ажилтантай, жилийн гурван том фестивал, дөрвөн программын идэвхтэй үйл ажиллагааны ард гарч чаддаг мундаг дайчин хүмүүс байдаг. Тайваньд аялж байх хугацаанд зочилсон байгууллага бүр маань манай ажлын цар хүрээ, ажилчдын тоог сонсоод бахархаж, туршлага хуваалцахыг хүсэж байсан нь үнэхээр бахархмаар сайхан санагдсан шүү. Мөн энэхүү солилцооны хөтөлбөрийг санаачилж, Монгол Тайванийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг эхлүүлсэн Тайваны куратор Мейяа Чен, Гётегийн хөтөлбөрт хамрагдаж ажиллаж байгаа МУЗ-ийн Урлаг Хөгжлийн Хөтөлбөрийн захирал Б.Номинтуяадаа баярлалаа.
 
-Ш.И: Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн Б.Номинтуяа, Мэйяа Чен нартаа талархъя.
 
-У.Б: Энэхүү солилцооны хөтөлбөрийн салхийг хагалсан куратор Б.Номинтуяа, Мэйяа Чен хоёртоо талархъя. Азийн есөн оронд энэ хөтөлбөр цааш үргэлжлэх байхаа гэсэн итгэл тээж байгаа. Бас хөтөлбөрийн турш бидэнд хөтөч хийсэн Шорми Ахмед, Күллин нартаа баярлалаа. Бидэнд цаг зав гаргаж уулзсан уран бүтээлчид, музей, галлерейн ажилчдад талархъя. Бас хамт явсан уран бүтээлч нөхдөдөө.
 
 
 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
7 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
8 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.