Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Poetry at the Fat Cat: Д.Урианхайн шинэ шүлгүүд


Сар бүрийн эхний хоёр дахь долоо хоногийн Даваа гарагт Fat Cat Jazz Club болон Ub.Life сайт, "Гэрэг" сэтгүүлээс хамтран зохион явуулдаг "Яруу найраг, жазз үдэш" хоёр дахиа зохиогдлоо. Энэ удаагийн үдэшлэг их зохиолч Д.Нацагдоржийг дурсах, мөн түүний уран бүтээл, амьдралын зам мөрийг мөшгин Европын орнуудаар явсан "Найрагчийн мөрөөр" төслийн багийн танилцуулгатай тохиосноороо онцлог. Яруу найраг, жазз үдэшт долоон залуу яруу найрагч шүлгээ дуудаж, үйл ажиллагааны "Зочид"-ын хэсэгт Азийн тэргүүн яруу найрагч Д.Урианхай, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, яруу найрагч Я.Баяраа, Д.Эрдэнэзулай нар шүлгээ уншлаа. Та бүхэнд яруу найрагч Д.Урианхайн шинэ шүлгүүд тэргүүтэй зочин яруу найрагчдын бүтээлээс хүргэж байна. Бид ирэх сарын яруу найргийн үдшээ тун удахгүй зарлах болно.

Дамдинсүрэнгийн Урианхай

Шувуунд хэлсэн үг 

(Ганцаараа нисэж буй шувуунд)

Газарт буугаад ирээ

Өнчин шувуухай минь

Ганцаараа нисэж дэлхийг даах хэцүү байдаг

Би жигүүргүй ч чиний өрөөсөн

Ижилхэн ганцаараа

Газраар нисэхэд тэнгэрээр нисэхэд хэцүү ч 

Ханиндаа нисэцгээе

Бүхий ертөнцөд ижилгүй ижилгүй ганцаардлын дотроос

Бүүр ижилгүй хоёрхон ганц нь чи бид хоёр байж ч мэднэ


(Хоёулаа нисэж буй шувуунд)

Хонгорхон, эвийхэн, ижилдэн нисэгч шувуухад минь

Хорвоо эцэслэж барагдахгүй шүү

Хоорондоо зай битгий гаргаарай.

Ууланд болой ч, усанд болой ч

Цугтаа л бууж яваарай. 

Улаахан нартай тэнгэр газраас хүйтэн шүү

Хоёр тийш ээ битгий нисээрэй.


Өөрөөсөө ичих

Олон олон зүүдлэнгүй дурсамжуудаа шатаах 

Өчигдрийн шороон шуурганы эсрэг 

Ганцаараа хашхирсныхаа хохийг шатаах

Өнөөдрийн амьсгаа бүгчим аниргүйд

Ам хамхиастай тэссэнийхээ бурууг шатаах

Өөрийнхөө нүд рүү дуугүй удаан ширтэх

Арьс руугаа шинэ үг цоо цоо шивэх

Тэгээд хэлэндээ хэзээ ч мартахааргүй тогтоолгох

Өөрөөсөө ичих, дахиад л дахиад л

Үл танигдах, үл харагдах биеээн бүтээх

Улаан нүүр лүүгээ дуугүй, удаан цоо ширтэх

Урьдынхаасаа бүүр шинэ үг 

Арьс руугаа нэвт нэвт шивэх 

Дахиад л олон зүүдлэнгүй дурсамжуудаа шатаах

Дахиад төрөх ээж рүүгээ бүүр өндрөөс ирэх

Дахиад л дахиад л төрөх

Бүүр алс өндрөөс эргэж унахаар одох. 

Я.Баяраа 

Хөгжмийн гурвал 

Эрлэг заримдаа зүрхэн дээр бөмбөр нүднэ

Эсвэл заримдаа зүүдний гүнд бүсгүйн дүрээр ирнэ

Наранд бүлээссэн цөөрмийн нүдэнд Офелия

Наадан бүжиглэж асан анхил төрх хэвээрээ

Намилзан намилзан хөвж явааг үзүүлнэ

Тохуурхаж байгаа нь тэр, амьсгал үгүй

Тэр жаалхан охин, амьдралаас ангижирч

Амсхийсэн мэт амгалан дүртэй хөвж үзэгдэнэ

Эрлэг заримдаа амьсгалын дотоодод лимбэ үлээнэ

Эсвэл заримдаа сэтгэлийн гүнээс ус мэт цалгиж ирнэ

Үнэгэн харанхуйгаар худгийн дэргэд гэргий Макбет

Гэтэн ирж хага ташим хүйтэн уснаа цустай гараа угаахад

Шунаглуун атлаа гуниглуун харц нь зүүд нэвт цоргино

Даажигнаж байгаа нь тэр, нигүүлсэл үгүй

Тачаалдаа шатсан тэр бүсгүй амьдралд хонзогнож

Авсныхаа хэрээр өгсөөр авсныхаа аман дээр ирсэн харагдана

Эрлэг заримдаа мэлмийн алс хийл хөрөөдөнө

Эсвэл заримдаа сэтгэлийн уг руу чулуу мэт дүүжлэгдэнэ

Тэнгисийн хадат эрэг дээр цор ганцаар Гертруда

Тэнгэр ширтэн өлийж зогсоо нь хөшөө мэт

Шорвог давалгаанд хормой нь норно, шорвог нулимсанд энгэр нь норно

Тавлаж байгаа нь тэр, бодол үгүй

Тавилангийн шуурганд энгэр задгайлсан эм хүний

Нүгэл хилэнц гэвэл гоо үзэсгэлэнгээс өөр юу ч биш

Нүгэл хилэнц гэвэл гоо үзэсгэлэнгээс өөр юу ч биш...

Эрлэг заримдаа гурвал хөгжимчнөө дагуулан ирж

Энэ үгийг бөмбөрийн нүргээн, лимбийн цуурай

Хийлийн улианаар сүнсэнд минь шивнэнэ.

 ***

Ж.Осоржингийн дурсгалд …

Анхны цастай хамт

Амьдралаас та явчихлаа

Агаар мандлаас ангижирч буй 

Сүнсний дууг сонсмуу


Зовлонд ханасан ертөнцийн

Зовхин дээр зогсоод

Зоргоор эрийн дууг

Тантай хоршин дуулмуу


Цахилан цахилсаар анхны бороо

Цайдмыг цэцэглүүлж цамц норгож ирнэ

Цагаа түлхсээр би урьдынхаараа

Цайлган үгийг тань мартаж амьдарна


Амьдрал гэдэг мартаж чадсан

Аньсгаа ширгэтэл уйлж чадсан

Аргадан бас дуулж чадсан

Аугаа ялагчийн ялагдал билээ.


Доржнямбуугийн Эрдэнэзулай 

Аж төрөхүйн түмэн зовлон юу ч биш

Ахуйгаас үүдсэн мянган гуниг, гуниг биш

Амрагаас хагацсан харууслын нулимс, аадар биш

Амаргүй өнгөрүүлсэн урт шөнүүд, дурсамж биш

Алдаж туулаа залуу нас өрөвдөм түүх биш

Анивчин бүдгэрсэн энэ гэрлийн шон лав, ирээдүй биш

Азгүй учрал, бүтэлгүй дурлалууд алдаа биш

Аз жаргал дүүрэн байвал харин,

Амьдрал яавч биш!

Яавч амьдрал бишийг хүн бүхэн мөрөөдөвч

Яавал амьдрал болохыг үхэхээсээ урьдхан л ойлгодог

Даанч, оройтсон хаврын нойтон цас

Дагжуулж ядаж буй булшин дээр нь гэнэ сэрэггүй будардаг

Үхэл гэдэг зовлон мөнийг

Үгүйрэхийн гуниг, гуниг мөнийг

Гашуудлын нулимс, бороо гэдгийг

Ганцхан хүнээр үүрд дутсан амьдрал л

Амьдрал мөн болохыг

Үхэгсдийн араас үнэнээсээ харууссан

Үлдэгсэдийн нүднээс л харж болно!


***

Энэ хардаа, миний зүрх

Чинийх шиг, жижигхэн, цохилдог

Цээжин дотроо байгаа, байдаг

Гал халуун, амьтай

Энэ зүрхийг бариж атгаад, тэврээд

Хайрлаад байж болдог

Бүр чанга базчихвал өвддөг

Бүр чанга базчихвал өвддөг

Зөөлхөн тэмтрээд, энхрийлэн үнсвэл

Тэлдэг, тэлдэг

Бүгдийг багтаах хүчтэй болдог

Бүгдийг уучлахаар уужуу болдог

Энэ зүрх бүгдэд байдгыг мэддэг хэрнээ

Ийм зүрхээ бүгд л өвтгөж үзсэн мөртлөө

Гартаа ирт үгс атгаад бүгд л

Бусдын зүрх рүү дайрдаг

Тэгээд сийчээд л, сийчээд л

Өвлийн шуургыг нүүр нүцгэн сөрчихсөн юм шиг

Гүн үрчлээс татсан зүрхтэй болгочихдог

Тэгээд өөр өөрсдийн хатаж хорчийсон зүрхээ нуугаад

Чангаар инээцгээдэг

Бүр хачин, хүйтнээр инээцгээдэг

Ийм л хүмүүсээс зүрхээ нуумаар байхад

Цээж оволзоод, дандаа час халуунаараа...


Гомбожавын Мэнд-Ооёо 

Ертөнцийн явдал 


Үүрийн бялзуухайтай цуг морь мориндоо мордоцгооно

Үдшийн шаазгайтайцуг уяа уяандаа бууцгаана

Зуун зуун жил арьс элдэж, мод огтолж, сэлэм давтана

Зул бөхөж, бас мандаж, дараачин хүмүүс түүхийг давтана

 

Голын ус булингартаж нэг, тунгалагшиж нэг урсана

Галын цучил мөрний хөвөөнд нэг унтарч, нэг асна

Жил жилийн явдал суудалдаа дэлхийн чулуу элэгдэнэ

Жирийн л нэг өдрүүдийн тоосондоо хүний явдал булагдана


Ялан мандахын өглөөгүүр морь мориндоо мордоцгооно

Ядарч сульдахын үдшээр уяа уяандаа бууцгаана

Мянга мянган жил сэлэм ирлэж, булш малтан, зул барина

Маргааш болоход сурсан зангаараа мориндоо мордоцгооно

 

Хот балгад нэг нь байгуулна. Хорссон нөгөө нь галдан шатаана

Хоёулаа дайтаж жанжид болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ

Ертөнцийн явдал энэ мэт, элэрсэн сэлэм шиг давтагдаж

Ердийн оройн хоолны даруугатай цуг мартагдана...


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
4 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
13
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.