Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Poetry at the Fat Cat: Зочин яруу найрагчдын ШҮЛГҮҮД


"Monday Special: Poetry at the Fat Cat" яруу найраг, жазз үдшийн гурав дахь эвентэд шүлгээ толилуулсан зочин яруу найрагчдын шүлгээс хүргэж байна. Энэ удаагийн зочин яруу найрагчаар "А тэмдэглэл", "Дотоод тэнгис" номын зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаа, Хятадын зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" романы орчуулагч, яруу найрагч Мө.Батбаяр, "Өдөр бүхний Элигия", "Гуравдугаар сарын байшин", "Эрсийн зуун" номын зохиолч, яруу найрагч А.Урантогос, саяхан "Шулмын шүлгүүд" номоо гаргасан яруу найрагч Б.Алтанхуяг нар уригдсан юм.


ЦАГААНЧУЛУУГИЙН ДЭЛГЭРМАА 


***

Өдөржин Рюичи Сакамото сонсож сууна
Өө, энэ л хөгжим харцны чинь шидэд дөхөж очно
Ширээ сандалтайгаа хүмүүс бүдгэрч, хоёулхан үлдсэн юм шиг
Ширтсэнийг чинь би тодхон сананам
Аяа, тэр л нүдний чинь гэмгүй тунгалагийг
Адилтгах аргагүй ч энэ л хөгжим сануулнам
Цэнхэр цэнхэр цэцэгс өрөөн дотуур нисэлдэж
Цээжинд минь тэгэхэд л нэгэн салхи үүсчихсэн
Аль эртнээс дотроо хадгалж, хэзээ дэрвэхийг нь мэдээгүй
Алчуурын минь үзүүрээс чи атгачихсан зогсоо харагдсан
Зориг муутайхан инээсэн уруулыг
шүргээд өнгөрсөн салхины
Зогсолтгүй дөлгөөн урсгал шиг
харцанд чинь би байсаар л байна
Өнө мөнхийн юм шиг
үзэсгэлэнт тэр агшнаас хойш
Өр зүрхний минь тэрүүхэнд
нүдний чинь тунгалаг мэдрэгдсээр л байна
Өдөржин сонсоод л суугаа энэ хөгжмөөс амилсан
Өрөө дүүрэн хавраар цэнхэр цэцгүүд нисэлдсээр л байна!


Салхинд өргөх дуун

Энхрийлэлд дасаагүй хүзүүг захан дороос минь ч олчих
 Эрэмгий хаврын түрэмгий салхи аа...
 Итгэж чиний гараас атгаад л алхчихмаар
 Ийм тэнэгхэн догдлол, айдаст гэнэрхэл надад байна.
 Чи даанч цэнгэг, навч болоод борооны үнэртэй
 Чихэр шиг амтлаг болоод нууцлаг - хаа нэгтээх тагнайд мэдрэгдэнэ...
 Үзэгдэшгүй хуйн тэвэртээ намайг ороох чинь эзэрхий
 Үсээ хийсгэж, буй биеэрээ чамайг мэдрэх минь хүлцэнгүй.
 Ердөө л чиний урсгалыг имэрч, галзууран догшроход чинь аргадах
 Ерөөл шиг ийм учрал яахаараа ч намайг зориов?
 Үгийн шид хүрэмгүй яруу сайханыг чинь оргүйгээс үсэглэж
 Үснийхээ ширхэг бүрээр магтан дуулахыг минь хэн мэдлээ?
 Даанч чи дэргэд минь үүрд үлдэхгүй, үргэлж зөөлөн сэвшихгүй
 Даажигнаж, намайг өгдөөчихөөд л хаашаа ч юм хийсч одно
 Даашинзны хуниас шиг атирсан гуниг л хаана ч юм үлдэж
 Даавуу сэмрэх шиг, ус дусах шиг ягуухнаар чамайг сануулах болно
 Эрх чөлөөт чамайг хүсэмжилж, энгэрээ тэврээд шөнөөр тэнүүчлэхдээ
 Эгшиглэнт үгсийн айзмаар л уйтгараа бүүвэйлэх болно, би.
 Энхрийлэлд дасаагүй зүрхийг энгэр цаанаас минь ч атгана чи.
 Эрэмгий хаврын түрэмгий салхи аа!


***

Шөнийн турш чамайгаа ширтэж хэвтлээ
Шүлэг бичих болов уу, энэ бяцхан гар
Бичнэ гэдэг л жаргал, бас төчнөөн зовлон
Бийр барьдаг болвол... Ээ бас л ялгаагүй.
Гэхдээ ээж нь охиноо энэ хөөрхөн гараараа
Гэрэл гэгээ атгаж ирснийг мэддэг
Гэтэлж давах учиртай зам ороосон бэрх
Гэрэлтсэн булбарай зүрхийг нь бөхөөж дийлэхгүйд итгэдэг
Амьдрал гэгч чухам юу болохыг, хэрхэн амьдрах тухай
Амлаад хэлчих үг даанч үгүй ээжид нь
Амь халуун хайраас өөр, энэ гээд
Аваад өгөх юу ч үгүй л, ээж нь...
Өдрөөр чамгүй бол жаргалгүй, шөнөөр шүлэггүй бол нойргүй
Өчүүхэн нэгэн шувуу мэт чиний ээж
Өдөө ч засалгүй яаран нисээд тэнгэрээс олсон эрдэнэ нь
Өөдөсхөн чи л байлаа, өвдөж унагасан үгс л байлаа.


МӨНХЦОЛЫН БАТБАЯР


Бид бүгд Будда

Өсөж том болноо гэдэг өгүүлэмгүй хүсэм

Өнөө хожмыг тунгаах, бусдын зовлонд очих эрхэм

Өвчтэй андынхаа хүйтэн гарыг халуун атгандаа өнхчүүлж

Өвлийн шөнө ядарч зүүрмэглэсэн орных нь толгойд мөрөө түшүүлж хонох чухаг. 


Өсөж том болноо гэдэг энгүй сайхан

Өөртэй минь ижил хүчин мөхөс ижий аавтай гэдгээ ухаарах шимшрүү

Өөртэй минь л ижил хүчин мөхөс атлаа амьд бурхан болж чадсанд шүтээд

“Өөрөө ч би бас цэцгийн үр шиг үрсийнхээ хүчин мөхөс бурхан болно доо” гэж бодох уяруу


Өсөж том болно гэдэг тэгэхээр Бурхан л болохын нэр

Бурхан болно, үнэнийг олно, бүгдийг нь тэгээд мартана

Зуурд амьдарна, ганц л амьдарна, үүрд үхнэ

Өсөж том болно оо гэдэг... 


Цагийн шүлэг

Он цагийн хуучин төмөр хонхны хэл бээрч

Онгуу нэлгэр Түмэдийн талд цас хаялж байна.

Олон зууны өмнө наашаа цацарсан оддын хуучин цагаан гэрэл 

Орчлонгийн чулуу бүхэн дээр амарч хоноод эртлэн буцаад мордож байна


Харанхуй цонхны наана улалзах тамхины цогийг

Хараад л би гуниггүй хүн зогсоог нь танидаг болсон байна

Амьдын жаргал дунд халисанаа үгүйлж яваад

Адилхан зөөлөн харцтай болтолоо бусдыг ойлгосон байна.


Ирээгүй цаг хугацаа, учраагүй юмс 

Итгэлийг минь эвдэхгүй гэдэгт

Эргэлзэхгүй болтолоо л

Энэ орчлонд би дассан байна. 


Хүлэг морин хатираан дундаа туйлаж унагах мэт
                                                                                                                                                                                     Хүсэл тэмүүлэлч эзнээ туйлдааж орхидог байна

Аавынхаа бодолд эвээс болюу гэж торних хооронд                                                                                                                                                                                                                                                                                   Амьдрал алгаа түмэн удаа урвуулж орхидог байна.


Эргэж татахгүй хүнд хаалгаа ардаа хаагаад
                                                                                                                                                                                    Эрэхгүй санаа алдаж бас нэгийг нь татаж байна
                                                                                                                                                                     

Дамжих түмэн өрөөтэй ийм л цаг хугацаанд
                                                                                                                                                                    

Дайгдаж яваагаа бодохоор шууд л үсэрчихмээр байна.


Цас


 Жаргалтай найрын дууг түрж ядан суугаа өнчин хүн гэлтэй

 Цас цагийн л эрхээр хялмаалж байна.

Өглөө эртийн хярман цасан дундуур 

Өөдөө бэлжих мал, бэлчээж байгаа хүнийг ажхуй

Өнөөдөр тэд цасаар дамжиж тэнгэрт гарахаар шийдсэн нь илт.


 Жаргалын дууг итгэлгүйхэн түрсэн үеийн өнчин хүн 

Жангар шигээ тухлаад найрлах мэт

Өглөөхөн л хяруулж асан цас гэнэтхэн

Өвлийн Азийг бүрхэхээр малгайлж эхлэв.

Уул нурууд гараа өргөн тэдэнд ёсолж 

Ус далай давалгаа-хүлгүүдээ эмээллэн зэхэж

Хөвч ой мөчир бүрээ мэхийлгэж 

Хээр тал яг одоо амьсгаа хурааж байна.


Цас орж байна

Холхи тэнгэрийн зүг эртний хараа сунгаж

Хорвоо руу уралдан тэшиж байгаа түмэн цагаан ботгоны замд зогсох сайхан байна

Ядруухан малчин айлууд бүгд шинэ дээвэртэй болоод

Ямар ч зовлонгүй хүүхдүүд нь гаднаа тоглоод

Цас орж байна, тунилын үг шиг хүнд цас орж байна

Цас орж байна, тэнгэр дотогшоо шивнэсэн үгс нурж байна.

Үгийн нуранганд дарагдлаа гээд эх газар энэлэх ч үгүй жаргах ч үгүй

Үйлийн үрээ дэнслэх ч үгүй умартах ч үгүй үг дуугүй, үг дуугүй

Цас орж байна, хүв хүйтэн, хүв хүнд цас орж байна.

Тэнгэр дотогшоо шивнэсэн болохоор л

Тэгээд ийм хүйтэн, ийм хүнд байгаа юм байна.


Өглөө бэлчсэн сүрэг тэнгэрт гараад

Өндөрийн үүлтэй нийлж өнжөөд

Чаргалан хотолж ирэх нь эгээ л

Цасан шатаар бууж байна уу л гэмээр

 Уулынхаа таргил зам дээр аав харин сууж үлдээд

Унанги янгирийн эвэрийг хөгжимдөн үлээсэн гэнэ

Тураг ганц гөрөөс тэгтэл өмнөх шил дээр гарч ирээд

Туулсан амьдралаа эргэцүүлэх мэт дүнхийж зогссон гэнэ.

Салаа эвэр дээр нь цас бамбарлахыг хүлээн зогсож зогсож

Савдагаа түүгээрээ ундлахаар алгуурхан тэгээд эргэсэн гэнэ.

Эвэр дээрээ цас зөөсөн гоо сүрлэг амьтан

“Эргэж ирнээ” гэх шиг эргэж нэг харсан байна, тэгээд замхарсан байна.

Ингэж ярих эцгийн минь дахнаас сэрүү татаж, шилийн цас үнэртээд

Ижий аргал зэргэлж, цай самарна

Энэ зуур би

“Гэрийн яндангаас хаяласан  оч цасны ширхэгтэй мөргөлдөхдөө

Унтраа болов уу? хайлуулаа болов уу?” гэж тооноор харж хэвтэхдээ

Аавын дахны хормойноос мөхлөг мөс тасдаж 

Амандаа хийхүй бурхны үрэл хүлхэх мэт болоод

Цас орж байна, аавын ярьдаг домог шиг цав цагаан цас орж байна.

Тээр жил хотны захад миний босгосон ац модон шон түүнд даруулаад

 Түрүүний ярьсан гөрөөсний эвэр адил бүрэнхийн дунд сэрийж байна.

Цас орж байна. 


АМАРБААТАРЫН УРАНТОГОС


Архитай ярьсан яриа (2) 

Эрсийг би ойлгодог, тэд шилэн аяга шиг гэрэлтдэг, баагисан хар цай шиг бадарсан улаан араншинтай 

Гараа нэвт дүрчихвэл юуг нь тэмтчихэж мэдэх, баахан ялаа мэт замбараагүй сэтгэл хөдлөлтэй 

Олон хүүхнийг дотроо тавилга шиг өрж суулгачихаад 

Ор хөнжил дотроо нэгнээ нууж тоглодог 

Эрсийг би ойлгодог, тэдний хайрын эрхтэн хамгийн гүнд бий

 Эцэсгүй далайн ёроолд эзнээ хүлээх үнэт чулуу шиг 

Өө гэхдээ, чи эртхэн түүнийг аврахгүй бол 

Өөрсдөө бас хааяа хаана нууснаа мартчихдаг 

Эрсийг би ойлгодог ч, үе үехэн гомдчихдог

 Эх хүн хүүдээ хайраас өөр хэлгүй шиг 

Эрсийг би ойлгодог ч, өөрийгөө харин ойлгодоггүй 

Ийм адилхан хүмүүсийн юунд нь болж дурладаг байна?


Зовлонгоо тэврээд унтсан намайг 

Зовсон гэж бүү бодоорой, 

Зоргоор, дураараа ч хувь тавилан 

Золгүй хүүхэд мэт надад хайртай 

Хүслээ тэврээд дүүрсэн намайг 

Хүйтэн гэж бүү зүхээрэй, 

Хүн шиг инээж,  мал шиг согтсон 

Халуун шүлгүүд чамд хайртай 

Хайртай бүхнээсээ зугтах намайг 

Хорих гэж бүү хичээ дээ, одоо 

Өдөр бүхэн өөд болдог ч 

Өгөөмөр нар бидэнд хайртай!


"Буцах замын шүлэг"

 1

Би чамд дурласан 

Чи итгээгүй, 

Итгэл гэдэг одоо

 Галт тэрэгний дуу мэт, 

Хэзээ ч хүрэхгүй, тэмүүлэхгүй 

Хоосон бас үнэн 

Үдэлт болж хувирав 

Сахал чинь одод мэт 

Сэтгэл татаж 

Царай чинь намар мэт 

Надаас салахгүй, 

Тийм нүд хэрвээ 

Нэг л удаа итгэсэн бол 

Тэвэр дүүрэн хорвоод 

Бид ганцаардахгүй байв. 

2

Би чамаас салхи мэт холдовч 

Чи намайг эзэмдэн хүлээнэ 

Борооны хэл, үүлсийн хөл 

Нарны алга, зүүдний нүдэнд. 

Би чамаас хором бүрт урвавч 

Хором бүрт хэлмэгдэн мэгшинэ 

Гэмгүйн зүрхнээс асгарах нулимс 

Гэмшилийг минь угаан ариулна 

Инээх баярлах чинийх Илүү бусад нь хүнийх 

Энэ бие чинийх 

Энэлэн шаналах нь өөрийнх 

Галт тэрэг замаасаа гараад Улаанбаатар луу эргэж 

Ганц өдрийн өмнөх учрал 

Уучлал гуйн үнстэл 

Догдлох минь чинийх Дурсах минь минийх. 

3

Аниатай нарны нүдэнд  

Үхлийн туяа бий 

Асгарахаас нь өмнө 

Үнсээрэй, намайг 

Халаасандаа чихэр мэт 

Нандигнан хийгээд 

Харанхуй, хүйтний дундуур 

Эрмэг алхаарай, 

Энэ шөнийн гарт 

Эдгээгүй шархнууд бий 

Итгэлээ алдахаас өмнө 

Энхрийлээрэй, намайг 

Харцандаа нууцтай 

Хайрын шидтэн мэт 

Хүмүүсийн гунигийг 

Эдгээн алхаарай,

 Шүлэг бүхэнд минь 

Чи л байна итгээрэй,

 Шувуудтай буцахаас өмнө 

Үнсээрэй, намайг.


БАЛДОРЖИЙН АЛТАНХУЯГ  

“Сайхан сэтгэл” хаан титэм өмсдөг байсан
 Саальчин, адуучинтай цаг үеийг
 “Оюун санаа” үгүй хийж эзэн суудалд суусан ч
 Олширсон сүргийн дундаас гэгээрсэн Будда төрсөнгүй.

Итгэл нь эмтэрсэн түмнийг нулимсан тахал нэрвэж
 Эзэрхэг цусан өшөө төрийн дотор шургалжээ.
 Ашиг хонжооны энэ цаг үед авралын гар сунгахаар
 Айлчилж явсан тэнгэрүүд чөтгөрийн урхинд ороолджээ.

Алгаараа дарах чулуун тавцан ч хүйтэн бороонд угаагдсан байна
 Аймшигтай өвдөлт, цус нулимсан дундаас бид хүн болж төржээ.
 Гэрлээр уйлах нар сар, олон зуун од эрхэс бидэнд зориулж
 Гэнэн төөрөгдөл, шунал тачаал, сүүдэрт нуугдах хүслийг ч хайрлажээ. 

Нүдээ анихад харанхуй                                  
 Нүдээ нээсэн ч харанхуй
 Аль, аль нь ялгаагүй гэдгийг мэдэх гэж
 Амьдарсаар бид дэндүү өтөлжээ. 


ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ШҮЛЭГ

Ашгүй дөрөвдүгээр сар гарлаа!
 Амраг минь номын дэлгүүр хэсэж, кафед сууя.
 Үгүй бол элдэв зугааг таашааж, дур хүслээ
 Эрх чөлөөнд нь даатгаж орхиод гадуур тэнэцгээе.

Сакура, интоорын модод цэцэглэж өнгө нэмэхгүй ч
 Сайхан хотын минь өглөөтэй хамт дөрөвдүгээр сар мандаж байна.
 Живж үхмээр мэдрэмжээ таягдан хаяхгүй байж болох ч
 Зүгээр л гадагш гарч онц гойд бүхнийг үзье.

Ууж дуусгаагүй кофе, амралтын өдрийн зугаа, зузаахан хүзүүний ороолт
 Угтаа эрх чөлөө ханхлуулсан зураг бүхний эзэн нь чи билээ.
 Ужид мансуурах хүслээ булшилж дэргэд чинь би
 Урьд цагийн үлгэр зүүдэлсээр энэ өвлийг барж дуусгалаа. 

Айдас дотрыг чинь дүүргэх гадаад ертөнцийн            
 Аль аль нь хуурмаг хоосон төрхтэйг чи мэднэ шүү дээ.
 Гэгээн өдрийг ч уйтгарт нүдээр ажуулж сургасан
 Гэрийнхээ цонхыг хоёулаа яг одоо хагалчихъя.


ХУВААЖ ШИДЭЛСЭН ЗҮҮД

Я.Баяраа ахдаа зориулав

Хаягдаж хоцорсон Дантэ шиг оршуулгын газар өөд
 Хар жанчтай мөлхөгсдийн эхний цуваа явж өнгөрлөө.
 Бүрэлдэн буй ахуйг сарниаж зүүд хуваагдах мэт
 Бүрлээчид авснаас өндийж мөлхөгсдийг сугадан алхлаа. 

Бүх зүйлс эхнээсээ нүүрлэхээр айсуй сүйрэл хүлээж
 Биеэ тасчин орилох жигүүртний түлэнхий сарвууг ажина.
 Дөрвөн сарын гуниг шиг саарал өдрүүд ар араасаа цуварч
 Дөнгөж мөлхөгсдийн өвдгийг хүйтэн чулуу хайрна.

Харах мэлмий үл хүрэх жихүүн алсын зүгт одогсод
 Хатуу үнэний мэсээр энэ биеийг сүлбэж байхад
 Ганц ямбий бичгийн машины товч нүдэх орон зайд
 Гарах дуунаас нь цочсон охид аягаа алдаж хагалана. 



Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
Өчигдөр
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
Өчигдөр
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
5
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.