Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Попуудад хорлогдсон хэвлэлийн эрх чөлөө

“The Guardian” санал болгосончлон хэрэв хэн нэг сэтгүүлчийг асуулт тавьсны төлөө төлбөртэй гээд чичилбэл дараачийн сэтгүүлч дахиад асууя. Тэд хариулахгүй бултвал дараачийнх нь асууя. Поп улстөрчдийн бий болгож буй гамшгийн эсрэг сэтгүүлч бид өөр хоорондоо өрсөх биш үнэний өмнө нэгнээ өмгөөлье.


Мэдээ, мэдээлэл. Хүн бүрийн мэддэг, өдөр тутамдаа үр шим, одоо бас аюул гайг нь ч мэдэх болсон хүчирхэг үгс. Өмнө нь үйл явдал боллоо төдий байсан мэдээллүүд өнөөдөр төрийг эргүүлэх, түмнийг хөдөлгөх хурдтай, нөлөөтэй, хүчтэй тархах болсон. Тиймдээ ч эд хөрөнгө, албан тушаалаар хэмжигддэг байсан эрх мэдлийн хүч нөлөө өдгөө мэдээллийн төлөөх дайн болж хувирчээ. Энэ л мэдээллийн эрин зууныг бүтээж буй. 

“-Туулын бургасыг хядсан тантай холбоотой компани...
 -Сэтгүүлчид та нар захиалгат асуулт тавихаа боль...”, 

“-Энэ хэргийн тухай өмнө нь та мэдсээр байж...
 -Би чамайг мэднэ шүү, төлбөртэй асуулт тавьдаг...” энэ мэт яриа эрх мэдэлтнүүдийн амнаас удаа дараа гарч үнэнийг эрэлхийлсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг зориудаар гутаах болсон нь мэдээллийн дайны бодит илрэл нь гэж болно. 

Ийм нөхцөл байдал зөвхөн Монголд бий болоод байгаа биш. Трамп гэх тод илрэлтэй поп улстөрчдийн эрин үед мэдээллийг зориудаар хөөргөдөх, худал мэдээлэл түгээх гэхчлэн бодит үнэнээс илүүтэй хөөрсөн түмний сэтгэлд нийцэхүйц “мэдээлэл” тараах нь нийгмийн тогтолцоог нураагч эрх мэдэлтнүүдийн гол ажил гэж болно. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд энэ мэт хүмүүсийг сэтгүүл зүй дайснаа гэж тооцон хэрхэн хамтран тэмцэх тухай ярих болсон. Ялангуяа, Цагаан Ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр CNN-ийн сэтгүүлчийг цохон басамжилсан Трампын үйлдлээс хойш топ хэвлэлүүд хамтдаа дуугардаг болжээ. 

Сэтгүүл зүй рүү дайрч, давшлах, сэтгүүлчийг гутаах хандлага манайд ч элбэг болов. Заналхийлэх, доромжлох, баримтгүй мэдээллийг зориуд түгээх ажил нь ойрын жилүүдэд ч үргэлжлэх төлөвтэй. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний тайланд ч Монгол дахь нөхцөл байдалд хамгийн их саад учруулж буй нь улс төрчдийн оролцоо гэдгийг тэмдэглэжээ. Харин энэ бүхэн нь биднээс номд бичигдэж, баяр бүрийн мэндчилгээнд дурьдагддагчлан жинхэнэ утгаараа засаглал болон төлөвших, үүний тулд хамтын ажиллагааг чухалчлах шаардлагыг эрхгүй тулгаж байна.

Өнгөрсөн хугацаанд байгаль орчны асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал гээд олон асуудлыг хэн нэг сэтгүүлч түүчээлэн хөнддөг ч, сэдвээ мухарлаж, өөрчлөлт авчирсан үр дүнг харвал хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд ямагт хамтдаа бичиж, ээлж дараалан хөндөн сурвалжилсан байдаг. Хуульд өөрчлөлт оруулсан “Хаалганы цаана” аяныг нийгмийн идэвхтнүүд санаачлан хэрэгжүүлж, “Ийгл Ньюс” медиа кампани болгож, Монгол ТВ, Ikon, Gogo, “Өнөөдөр” гээд бүх л хэвлэлүүд тухайн үед Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн өөрчлөлтийг хүчтэй шаардаж дуугарч байв. Түүнчлэн Ikon дэлгэсэн ЖДҮ-ийн асуудал мөн л нийгмийн идэвхтнүүд, сэтгүүлчид нэгдсэн “Бид уучлахгүй” хөдөлгөөн болж ажиллаж байна. Энэ мэтчилэн үзэг нэгтнүүд хамтдаа хууль батлуулж, хулгайг илчилж, нийгэмд үр нөлөөгөө тусгаж иржээ. Одоо харин хэн нэг сэтгүүлч ганцаараа эхлүүлж хийхэд ач холбогдол нь үлэмж их, хамрах хүрээ нь дэндүү өргөн нэгэн сэдэв, асуудал байгаа нь хэвлэлийн эрх чөлөөний дайснуудыг сурвалжлах. Ингэж л байж бид эрх чөлөөгөө хамгаална. Олон нийтийн өмнө хүлээсэн үнэнийг мэдээлэх, ёс зүйтэй сурвалжлах үүргээ биелүүлнэ. 

Эхний алхам бол яах аргагүй чинхүү нэгдмэл байдлаа харуулах. “The Guardian” санал болгосончлон хэрэв хэн нэг сэтгүүлчийг асуулт тавьсны төлөө төлбөртэй гээд чичилбэл дараачийн сэтгүүлч дахиад асууя. Тэд хариулахгүй бултвал дараачийнх нь асууя. Поп улстөрчдийн бий болгож буй гамшгийн эсрэг сэтгүүлч бид өөр хоорондоо өрсөх биш үнэний өмнө нэгнээ өмгөөлье.

Нэгдмэл чанар, хамтын ажиллагааны дараачийн түвшин нь өдгөө биднийг шүүмжлэх шалтгаан болсон хэт олуулаа байдал. Одоогоор 400 гаруй хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ажиллаж бүгд л олон ургальч байх, олон талт мэдээлэл бэлтгэх хэрэгцээ, шаардлагатай нүүр тулж буй. Энэ зуурт эдийн засаг, редакц, эздийн цензур энэ олон хэвлэлд огт байхгүй гэвэл худал хэлсэн болно. Харин хэн нэгэнд маань хаалт, боолт ирсэн тохиолдолд баримт, мэдээллээ хуваалцдаг, түүнийгээ боловсруулахад хамтран ажиллах өргөн боломж нь адлаад байгаа олон хэрэгсэл, олон сэтгүүлчийн жинхэнэ чадвар болно. Хоёр жилийн өмнө дуулиан тарьсан У.Болортуяагийн “Чимээгүй хашгираан” нэвтрүүлгийг бэлтгэх суурь нь Мэдээ.мн сайтын ярилцлага байсныг та санаж байгаа биз ээ. Цаашлаад баримт гэдэг үзэгдээд өнгөрөх зураг, хэлээд өнгөрсөн өгүүлбэр ч байж болдог тул эвлүүлдэг тоглоомын нэг л хэсэг дутаад байсан хэн нэгэндээ яагаад туслаад хамтарч болохгүй гэж? Энэ л даацтай бүтээл, үр нөлөө бүхий сурвалжлагын эх болно. 

Түүнчлэн хамтын ажиллагаагаа зохион байгуулалттай хамтарсан төсөл, кампанит ажил хэлбэрээр явуулахын чухлыг ч олон улсын хэвлэлүүд онцолж буй. Авлигын хэргийг хөндөн сурвалжилж яваад амиа алдсан Мальтийн сэтгүүлч Дафне Галициян хэргээс үүдэн 17 орны сэтгүүлчид “Хориотой түүхүүд” гэх платформыг нээгээд буй. Тэд шууданчийг зайлуулсан ч баримтыг чадахгүй гэсэн үзэл санаанд нэгдэн аливаа саадтай тулгарсан эрэн сурвалжлах материалуудыг үргэлжлүүлэн судлах үүргийг дээрх платформоор дамжуулан өөрсөндөө өгчээ. Түүнчлэн 70 гаруй орны 300 гаруй сэтгүүлч нэгдсэн Панама Пейпэрсийн жишээ өнөөдөр ч хуучраагүйг бид үлгэрлэн санаж болно. 

Сэтгүүл зүйд өмнө нь мэдээлэл олж авах нь хамгийн чухаг хэсэг байсан бол одоо ил тод хэт их мэдээллийн учрыг тунгааж боловсруулж, хүргэх нь мэргэжлийн сэтгүүл зүйн бас нэгэн гол ажил болсон. Эрэн сурвалжлах нь магад баримтыг эрэх биш баримтыг “танихын” нэр гэхэд ч хилсдэхгүй эрин иржээ. Тиймдээ ч үй их мэдээллийн урсгал дунд үнэнийг олохоор, ойлгохоор хичээж буй олны мэдэх эрхийн төлөө сэтгүүлчид хамтаараа ажиллахаас өөр зам үлдсэнгүй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
Уржигдар
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.