Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Сайн дурын ажил хийхэд урам зориг өгөх монгол залуусын сонирхолтой 3 түүх


"I Volunteer Mongolia" санаачилгынхан сайн дурын ажлын талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, сайн дурын ажил хийх сонирхолтой залуучуудыг сайн дурын ажилтан хайж буй байгууллагуудтай холбох зорилготой өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг юм. 2017 оны өдөрлөгт л гэхэд 300 гаруй хүн хамрагдсан бөгөөд бүртгүүлсэн залуус тус үйл ажиллагаанд оролцохоор Чингис Хаан зочид буудлын гадна талын хаалгаас хоёр давхрын заал хүртэл тэвчээртэйгээр дугаарлаж зогсохыг хараад тэдний бусдад туслах, нийгэмдээ хувь нэмрээ оруулах хүсэл хэчнээн их байдгийг ойлгож байв. Гэвч эдгээр залуусын олонхи нь сайн дурын ажил хийхийн тулд хаана, хэнд хандахаа мэддэггүй, чиглүүлэх хүн байдаггүйгээс болж хойш суух нь олонтаа. 

Тэгвэл “Бид чадна” ТББ 2017 оноос эхлэн оюутан, залуусыг чадавхижуулах, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Бид чадна” сайн дурын хөтөлбөрийг зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд таван удаагийн элсэлтээр 100 гаруй оюутныг хөтөлбөртөө хамруулж, 18 бичил төсөл хэрэгжүүлээд байна. 

2017 оны 9 сарын 16Тус сайн дурын хөтөлбөрийн талаар “Бид чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяа "Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр бусдаар халамжлуулдаг, тусламж хүртдэг, бие даах чадваргүй гэсэн ойлголт нийгэмд давамгайлдаг. Бид энэ хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, нийгмийн шинэ загварыг гаргаж ирэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор оюутан, залуус руу чиглэсэн сайн дурын хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд эндээс олж авсан мэдлэг, туршлагаараа үеийн залуустаа үлгэрлэж, хийсэн ажлууд нь ч олон хүнд хүрч байна. Нөгөөтэйгүүр оюутнууд дөрвөн сарын хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, эссэ бичих, цагийн менежменттэй байх, багаар ажиллах гэх мэт олон төрлийн чадвараа дээшлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар нийгэмд эерэг, зөв ойлголт бий болгоод зогсохгүй оюутнууд өөрсдөө ч хөгжиж байна" гэлээ. 

Залуучууд санаачилж л чадвал бидний эргэн тойронд өдөр бүр эерэг өөрчлөлт гарч байдгийг дараах гурван оюутны түүх танд харуулах болно. ‘Readers Club’-ийг санаачлагч оюутнууд хэрхэн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн ном унших, гадаад хэл сурах эрмэлзлэлийг дэмжиж буйг, гадаадаас худалдаж авдаг үнэтэй дуут гэрлэн дохиог хэрхэн оюутнууд хямд өртгөөр хийснийг, төрөлхийн хараагүй мэндэлсэн ч сурч боловсрох, хөгжих боломжоо өөр бүтээж буйг уншаад танд ч гэсэн сайн дурын ажил хийх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах хүсэл төрнө гэдэгт итгэлтэй байна.   

Э.Уянга: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан аудио номын тоог нэмэгдүүлэхийг хүсэж байна

Өмнө нь даунтай хүмүүсийн ажилладаг кофе шопын мэдээллээр дамжуулж “Бид чадна” сайн дурын хөтөлбөрийн талаар сонсож байсан юм. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард энэ хөтөлбөр шинээр зарлагдсаныг сонсоод тэр даруй өргөдлөө илгээж, дараа нь хөтөлбөрт тэнцсэнээ мэсэн. Хөтөлбөрт хамрагдсан 22 оюутнаас дөрөв нь төслийн санаачилга гаргаж, үлдсэн хүүхдүүд нь гаргасан төслүүдэд хуваагдаж баг болсон юм. Би харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд номын клуб нээе гэсэн санаа гаргасан. Анх төслийнхөө санааг танилцуулахаар харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургууль дээр очиж Сургалтын менежертэй нь уулзтал тийм ч таатай хандаагүй. Өмнө нь янз бүрийн хүмүүс очиж хүүхдүүдээс судалгаа авдаг, хаа хамаагүй харьцдаг байснаас болж хүүхдүүд их эмзэглэсэн юм билээ. Бид ч үүнийг ойлгосон болохоор сайн дурын хөтөлбөрийнхөө танилцуулга, найман долоо хоногийн турш хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуултал биднийг санаачилгыг ойлгож, эерэгээр хүлээн авсан. 

Ингэж бид сурагчдын дунд ‘Readers Club’-ийг байгуулж, сургуулийн номын санд байсан монгол аудио номуудыг сонсож, хамтдаа хэлэлцүүлэг хийдэг болсон. Анх идэвхтэй хэдхэн хүүхэд нь л ном сонсоод төрсөн сэтгэгдлээ хуваалцдаг байсан бол хэдэн долоо хоногийн дараа гэхэд бүгд ам уралдан ярилцаж байгааг хараад манай багийнхан үнэхээр урам орсон. Харамсалтай нь монгол хэл дээр аудио ном их цөөхөн, байгаа нь ихэвчлэн түүхэн, сонгодог зохиолууд л юм билээ. Хүүхдүүд юм чинь Харри Поттер шиг сонирхолтой зохиол уншмаар л байгаа шүү дээ.   

Анх бидэнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж номын клуб ажиллууна гэхээр хэцүү санагдаж байлаа. Гэтэл бодит байдал дээр тэд яг л үеийнхэнтэйгээ адил сахилгагүй, сониуч, сурч хөгжих хүсэлтэй хүүхдүүд байсан.

Дараа нь бид интернэтэд англи хэл дээр төрөл бүрийн аудио номууд үнэгүй байдаг болохоор анхан шатны мэдлэгтэй хүмүүст зориулсан ном хайж олоод хүүхдүүдэд сонсголоо. Эхэндээ хүүхдүүд ойлгохгүй байна гээд их урам нь хугарч байсан ч дараа нь сонсоод байвал ойлгох юм байна, сурах юм байна гэж ярьсан гээч. Бид сургалт явуулах гэхээсээ англи хэлийг бие дааж сурах боломжтой шүү гэдэг ойлголтыг хүүхдүүдэд өгөх нь чухал байсан учраас тэдний хандлагыг хараад их баярласан. Хэдийгээр хүүхдүүд олон цагийн хичээлтэй байдаг ч номын клубтээ их дуртай, хичээлээ дуусгаад яг цагтаа орж ирээд суучихсан байдаг. Бас энэ долоо хоногт хөтөлбөр маань дуусаж, хаалтаа хийх юм. Гэтэл хөтөлбөр дуусаж байгаад хүүхдүүд жаахан гунигтай байгаа учраас дахин нэг удаа номын хэлэлцүүлгээ хийхээр болсон.   

Анх бидэнд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж номын клуб ажиллууна гэхээр хэцүү санагдаж, буруу харьцаад гомдоочих вий гэж эмээж байлаа. Гэтэл бодит байдал дээр тэд яг л үеийнхэнтэйгээ адил сахилгагүй, сониуч, сурч хөгжих хүсэлтэй хүүхдүүд байсан. Өөрийгөө илэрхийлэхдээ хүртэл жирийн дунд сургуулийн хүүхдүүдээс илүү. Төсөл маань ингээд дуусаж байгаа ч хүүхдүүдэд зориулсан аудио номын тоог нэмэгдүүлэх юмсан гэж их хүсэж байна. Оюутан, залуус ч сайн дураараа ном уншиж, аудио болгох боломж байгаа гэж бодогдсон. Эцэст нь, төслөө амжилттай гүйцэтгэхэд манай багийн чадварлаг, дайчин охид болох Г.Наранцэцэг, А.Дуламжаргал, Н.Алтансувд нар чухал үүрэг гүйцэтгэснийг дурдах нь зүйтэй. 

ХИС-ийн Олон улсын харилцааны гуравдугаар курсын оюутан 

Б.Гомбодорж: Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд компьютер, англи хэлийг л хамгийн сайн эзэмш гэж хэлмээр санагддаг   

Намайг хоёр настай байхад манайхан хот руу шилжиж ирсэн юм. Ээж маань намайг гэдсэнд байхад мориноос унасанаас болж намайг харааны бэрхшээлтэй төрсөн гэж ярьдаг. Би багаасаа л түүх сонирхдог, түүхэн кино үзэх дуртай хүүхэд байсан юм. Хэдийгээр баррель үсэг бүхий ном, сонсдог ном ховор байсан ч өөрт байгаа номнуудаа бие дааж судлаад, бусад номуудыг нь аав ээжээрээ уншуулдаг байсан. Ингэж суралцсаар арван жилийн сургуулиа төгсөж МУИС-ийн Түүхийн ангид элсэж орсон. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэхэд түүхч Д.Өлзийбаатарын “Монголчууд цахим түүх” гэдэг ном хамгийн их тус болсон шүү. Одоо бол лекцээ дуу хураагуурт бичиж аваад сонсох, найзуудаараа ном уншуулах зэргээр суралцаж байна даа. Зарим шалгалтыг амаар өгдөг бол заримыг нь ангийнхаа хүүхдүүдээрээ уншуулж байгаад л хариулна, текстээ бөглүүлнэ. 

Хэрэгтэй мэдээллээ ихэвчлэн интернэтээс л авчихдаг. Дэлгэцэн дээр хийгдэж буй үйлдлийг англиар хэлээд өгчихдөг програмтай болохоор утас, компьютер ашиглахад хүндрэл харьцангуй бага гардаг. Надтай адил харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд бие дааж сурахын зэрэгцээ компьютер, англи хэлийг л хамгийн сайн эзэмш гэж хэлмээр санагддаг юм.   

МУИС-ийн Түүх судлаачийн хоёрдугаар курсын оюутан

Э.Мөнгөнтуул: 2 сая төгрөгийн гэрлэн дохиог оюутнууд 200 мянган төгрөгөөр хийхийг хараад бидэнд асар их нөөц боломж байгааг ойлгосон 

Би өмнө нь хичээлээ хийчихээд бусад үед нь онлайнд л цагаа өнгөрөөдөг, нийгмийн идэвхи, оролцоогүй оюутан байлаа. Аз болоход фэйсбүүкээс анх “Бид чадна” сайн дурын хөтөлбөрийн талаар олж уншсан юм. Хөтөлбөрт тэнцсэн оюутнууд дөрвөн сарын хугацаанд чадавхижуулах сургалтад сууж, өөрсдөө бие даан бичил төсөл хэрэгжүүлнэ гэдэг нь надад цоо шинэ, сонирхолтой санагдсан. Нөгөөтэйгүүр тухайн үед надад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар ямар ч ойлголт байгаагүй юм. Тиймээс энэ хөтөлбөрт заавал хамрагдах хэрэгтэй юм байна гэж шийдээд өргөдлөө илгээлээ. Нийт 200 оюутан өргөдөл явуулснаас хөтөлбөрт хамрагдах 20 оюутны тоонд багтаж чадсандаа их их баярласан.   

Хэрэгжүүлсэн төслийн тухайд манай багийн Номин санааг нь гаргасан л даа. Улаанбаатар хотод 264 ширхэг гэрлэн дохио байгаа ч харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ганцхан гэрлэн дохио байдаг тухай тэрээр бидэнд хэлсэн. Гүнзгийрүүлж судлаад үзтэл нэгд, харааны бэрхшээлтэй иргэдийн талаарх бидний ойлголт нимгэн байсан. Жишээ нь, хараагүй хүн зам гарахдаа таягаа өргөж байвал тусламж дуудаж байна гэсэн үг. Гэтэл ихэнх хүмүүс энэ мэт наад захын зүйлсийг мэддэггүй. Хоёрт, Монгол Улсад 11 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэд байдаг бөгөөд үүнээс 1000 орчим л Хараагүйчүүдийн холбоонд бүртгэлтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаанд оролцох боломж, нөхцөлийг нь бүрдүүлж чадаагүйгээс болж эдгээр хүмүүс нийгмийн амьдралаас тусгаарлагдаж байна гэсэн үг шүү дээ. Манай баг эдгээр шалтгаан, нөхцөлүүдийг олж хараад харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуут гэрлэн дохио хийе гэж шийдсэн юм. 

Улаанбаатар хотод 264 ширхэг гэрлэн дохио байгаа ч харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан ганцхан гэрлэн дохио байдаг.

Дараагийн асуудал нь дуут гэрлэн дохиог яаж хийх вэ гэдэг байв. Бид ЗЦГ-т хандаж Улаанбаатарт ганц байдаг дуут гэрлэн дохионы доторх бүтэц, мэдрэгч, үнэ өртөг гэх мэт нарийн мэдээлэл авах боломжтой эсэхийг асуухад  2 сая төгрөгийн өртөгтэй уг гэрлэн дохиог Солонгос Улсаас оруулж ирсэн, доторх бүтцийг нь өөрсдөө ч мэдэхгүй гэдэг хариу өгсөн. Тиймээс бид МУИС, ШУТИС зэрэг сургуулийн инженер, технологийн чиглэлээр суралцдаг оюутан, багш нар руу холбогдож тусламж хүссэний эцэст МУИС-ийн Математик, Компьютерийн Сургуулийн зохион бүтээгч оюутнуудтай хамтрахаар болсон юм. Бид гурван сар ажиллаж өнгө мэдэрч, дуут дохио өгдөг загвар гэрлэн дохиог 210 мянган төгрөгийн төсвөөр хийсэн. Арай чанартай материалаар хийвэл 400 мянгад стандарт гэрлэн дохио бүтэхээр юм байна гэж зохион бүтээгч оюутнууд маань тооцоолсон. Харин үүнийг албан ёсоор суурилуулахын тулд дор хаяж 3 жил туршилтаар ажиллуулах хэрэгтэй гэж мэргэжлийн байгууллагууд тайлбарласан юм. 

Гэлээ ч оюутнууд 2 сая төгрөгийн гэрлэн дохиог хамаагүй бага өртгөөр, өөрсдөө хийж чаддаг юм байна, бидэнд маш их нөөц бололцоо байна гэдгийг ойлгосон. Мөн “Бид чадна” сайн дурын хөтөлбөрт хамрагдах хугацаанд олон төрлийн чадавхижуулах сургалтад хамрагдахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар өргөн ойлголттой болж, тэдэнд тулгардаг асуудлыг мэдэрч, зарим зүйлсийг тэдний нүдээр харахыг хичээдэг болсондоо баяртай байна.   

АШУҮИС-ийн Уламжлалт анагаахын их эмчийн 6-р курсын оюутан 

холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Зөвхөн МУИС-ийн оюутнуудын л ойлгох "SISI"-тэй холбоотой 25 хөгжилтэй, гунигтай пост
2
5 цагийн өмнө
"Жүдогийн сахиусан тэнгэр" Дарьяа Билодидын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Зориг сангийн "Залуу манлайлал" хөтөлбөр 17 дахь жилдээ зарлагдлаа
санал болгох
1
2 цагийн өмнө
Зөвхөн МУИС-ийн оюутнуудын л ойлгох "SISI"-тэй холбоотой 25 хөгжилтэй, гунигтай пост
2
7 цагийн өмнө
Удахгүй нээлтээ хийх үзэгчдийн тэсэн ядан хүлээж буй Диснейн 4 кино
3
8 цагийн өмнө
М.Уранцэцэг ДАШТ-ий медалийн цуглуулгаа дүүргэлээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
13
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mundag 2019.05.22 66.181.178.158

Эдгээр оюутан залууст цаашдын сурлага,ажил,үйлст нь амжилт хүсье. Сайн дурын ажил хийхийг хүсдэг ч учраа олохгүй байгаа бусад оюутан залууст хэрэгтэй мсж түгээж байна даа

0 Хариулах