Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

“Сайн сургууль” төслийг танилцуулж байна


"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. “Сайн сургууль” төслийг танилцуулж байна.


Бид хэн бэ?


“World learning” төрийн бус байгууллагаас АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр жил болгон салбар бүрээс шилдэг 30 залууг шалгаруулж "LEAD Mongolia" хөтөлбөрт хамруулж байгаа билээ. Оролцогчид “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах”, “Байгаль орчин, хотжилт”, “Ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх” зэрэг сэдвээр төсөл хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд 2018 оны “Ил тод байдлыг сайжруулах, авлигатай тэмцэх” багийн “Сайн сургууль” төслийг танилцуулж байна.

Яагаад үүнийг хийх ёстой вэ?

“Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагын 180 оронд хэрэгжүүлдэг  авлигын индексээр Монгол Улс 2014 онд 80 дугаарт жагсаж байсан бол 2018 онд 103 дахь орон болж хойшилсон. Тэр дундаа авлигагүй, ил тод байх шаардлагатай боловсролын салбар Авлигатай тэмцэх газрын судалгаагаар 2016 онд 9-д бичигдэж байсан бол 2018 онд 5-д бичигдэж авлига ихтэй салбар гэсэн үзүүлэлтийг тэргүүлэх болжээ. Боловсролын салбар дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авлигын талаарх ойлголтоос харвал 2018 онд  өсвөр насны  2191 хүүхдийн дунд хэрэгжүүлсэн судалгаагаар тэдний 43 хувь нь худлаа ярьж, шударга бус хүмүүс үнэнч шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэсэн ойлголттой байна.

Хэрхэн хийсэн бэ?

“Lead Mongolia 2018” хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, Авлигын эсрэг баг”-аас Нийслэлийн 84, 23 дугаар сургууль болон Дундговь аймгийн Нэгдүгээр сургуулийн 10-р ангийн сурагчдын дунд авлигын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ил тод байдлын ач холбогдлыг таниулах төслийг хэрэгжүүлээд байна. Ажлын хүрээнд сурагчид төдийгүй багш нарт зориулсан сургалт, дадлага ажил зохион байгуулж, оролцооны самбар байршуулан “Авлигагүй нийгмийг бүтээхэд миний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг сурагчдын дунд зохион байгууллаа.

Цаашид юу хийх вэ?

“Сайн сургууль” төслийн хүрээнд боловсролын салбарын авлигын гол асуудал гэгддэг элсэлтийн журмыг боловсруулж, төрийн бус, мэргэжлийн байгууллагуудаас санал авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлээд байгаа юм. Сурагч элсүүлэх нэгдсэн журамтай болж, энэ нь салбарын Яам болон Засгийн Газрын хэмжээнд батлагдвал дунд сургуулиуд харьяаллын хүүхдүүдээ элсүүлж байгаа эсэх, нэмэлт орон тоондоо ямар замаар сурагч элсүүлэх вэ гэдэг нэгдсэн стандарт бий болж, ил тод байдал нь ч хангагдах юм. Мэргэжлийн хуульч, судлаачид хамтран боловсруулсан энэ журмыг батлуулахаар төслийн багийнхан ажиллаж байна.

Энэ талаар хэн, юу хэлсэн бэ?

Нийслэлийн Боловсролын Газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга С.Ганчимэг
“Нийслэлийн Боловсролын газраас ахлах ангийн сурагчдыг “Шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх нь” хөтөлбөрт хамруулахаар ажиллаж буй үед “Сайн сургууль” төсөл хэрэгжиж буй нь маш их хувь нэмэр боллоо”.
Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирал С.Марта “Жил гаруйн дараа нийгмийн харилцаанд бие даан оролцох иргэд маань авлигын сөрөг хандлагын тухай ойлголттой болсноор дараа үеийнхэндээ үлгэрлээд зогсохгүй өнөөгийн Монголын нийгэмд хамгийн их тулгамдаж буй асуудлыг зогсооход ач холбогдолтой”.

Төслийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

Сонгогдсон Ерөнхий Боловсролын Сургуульд авлига, түүний үр нөлөө, эрсдэлийг таниулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж мэдлэг олгох, боловсролын салбарын авлигын эрсдэлийг бууруулах хамтын ажиллагаа, түншлэлийн баримт бичгийг сайжруулах, сургуульд шинээр элсэн орогчдыг шалгаруулж авах дүрэм, журмыг сайжруулах санал боловсруулж гаргах, олон нийтийн дунд авлига түүний хор уршгийг таниулах, боловсролын салбарын ил тод байдлыг сайжруулна. 

 "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг"-ийн гишүүдийг танилцуулж байна

Жамбалцэрэнгийн Нарангарав | 35

“Хөгжлийн гүүр” байгууллагын багш

2016 оны УИХ-ын сонгуулийн дараа орон нутагт олон хүний ажлын байр, шинэ томилгоо, залуучуудын шилжилт хөдөлгөөн, шүүх хурал, ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой мэдээллүүд хайсан залуустай таарч, мэдээллийн ил тод бус байдлаас болж их сургуулиа төгссөн залуус аль нэг нам, улс төрийн хүчинд нэгдэх, танил талаа татаж ажилд орох талаар ярьж буйг сонсоод, авлига ил тод байдлын талаар ямар нэг ажил хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ үедээ "Lead" хөтөлбөрийн талаар олж мэдсэн. Ингээд тус хөтөлбөрийн 2018 оны оролцогчоор шалгарч, авилга ил тод байдлыг сайжруулах багийн нэг гишүүн болж, хамтран төслөө хэрэгжүүлж байгаадаа туйлын их баяртай байна.

Пүрэвсүрэнгийн Алтанчимэг | 33

 Сонгуулийн Ерөнхий Хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн ажилтан

Би зургаа дахь жилдээ инженерээр ажиллаж байна. Сонгогчид сонгууль бүрийн дараа үр дүнд ямар нэгэн байдлаар сэтгэл дундуур байж, энэ үр дүн гарахад хэн нэгэн нөлөөлсөн гэж үздэг. Иргэд нийгэм дэх хэвшсэн буруу ойлголтыг өөрөө ч баталгаатай мэдэхгүй атал ярьж түгээсээр байдаг. Энэ нь сонгогчийн боловсрол, сонгуулийн ил тод байдалтай холбоотой асуудал юм. Аль ч салбарын хувьд үйлчлүүлэгчдээ мэдээллээр хангах, ил тод, ойлгомжтой байдлыг хангах нь чухал. Тийм учраас аль нэг салбарт ил тод байдлыг бий болгох зорилготойгоор энэ багийг сонгосон.

Сайнаагийн Жавхлан | 29

Өмгөөллийн "Цогт энд Нандин" ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

Судалгаанаас харахад миний ажилладаг хуулийн салбар авлигын үзүүлэлтээр нэлээд дээгүүр жагсдаг. Ганц хуулийн салбарт ч гэлтгүй Монгол Улсад авлига хаа сайгүй байгаа гэж ярих хүн олон ч шийдлийн талаар ярьдаг нь цөөн, үүний эсрэг үйлдэл хийдэг нь түүнээсээ ч цөөн байх. Тиймээс хэмжээ хязгаараа алдсан асуудлыг шүүмжлэх бус түүний эсрэг том жижиг нь хамаагүй бодит үйлдэл хийе гэж шийдээд Авлига, ил тод байдлын багийг сонгосон.

Жаргалсайханы Энхжаргал | 36

“Радуга” сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

Боловсрол яг ус, агаар шиг хүнд хэрэгтэй. Гэтэл энэхүү ус, агаар шиг хэрэгтэй боловсролыг хүүхдүүд маань багаасаа ялгаатай байдлаар эзэмшиж, аливааг хичээл зүтгэлээрээ бус хөрөнгө чинээгээр, авлигын тусламжтайгаар шийдвэрлэж болдог хэмээн бодож өсөж байна. Иймд энэ хүндрэлтэй байдлыг даван туулж хүүхэд бүрд тэгш чанартай боловсрол олгоход салбарын ил тод байдлыг дээшлүүлж, боловсролын салбартай холбоотой хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх явдал чухал гэж үзсэн учраас Авлига, ил тод байдлын багийг сонгосон.  

Намжинбаатарын Минжирмаа | 29

“IRIM” судалгааны хүрээлэнгийн Үйл ажиллагаа хариуцсан захирал

Миний хувьд төрийн үйлчилгээний шударга, ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад анхааран ажиллахад иргэн бүрийн оролцоо чухал гэж үздэг. Түүн дотроо мэдлэг мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол системтэй гүйцэтгэх шаардлагатай. Би социологич мэргэжилтэй. Өнгөрсөн жилүүдэд засаглал, авлига, ил тод байдлын асуудлаар үр дүнг чухалчилсан, нотолгоонд суурилсан судалгаа, үнэлгээний ажил гүйцэтгэж ирсэн. Энэ туршлага дээрээ суурилан “LEAD Mongolia” хөтөлбөрийн Авлигатай тэмцэх, ил тод байдлыг сайжруулах багийг сонгон, хамтран ажиллаж байна.

Жүгдэрийн Хулан |  28

“Unlimited Media Group”-ийн Дэд захирал

Миний хувьд сэтгүүлч мэргэжлээр өдөр тутмын сонин, мэдээллийн төрөлжсөн сувгуудад ажилласан. Мэдээ бол бидний өдөр тутмын амьдралд цаг агаарын мэдээлэл хараад ахуйн түвшний шийдвэр гаргахаас эхлээд улс орны хэмжээнд шийдвэр гаргах үйл явцад ч хүчтэй нөлөөлдөг, нийгмийг хөдөлгөх нэгэн хүч. Харин мэдээлэл ил тод биш учраас буруу шийдвэрт хүрэх, бодит мэдээллийг зориудаар нууцлах, далдлах нь авлигын үндэс болж, боломжийг тэгш хүртэх иргэдийн эрхэнд халдаж байгааг бид харж байна. Тиймээс мэдээллийг иргэн бүрд “ойр байлгах”, мэдэх эрхээ мэдэж, шаардахад нь хувь нэмрээ оруулахсан гэж бодож энэ багт орсон.

Дашдэлэгийн Халиун | 31

Нийслэлийн "Өргөө" Амаржих газарт Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн, эх барих эмэгтэйчүүдийн их эмч
 
“Lead Mongolia” хөтөлбөрт оролцохоор өргөдөл өгөх үед надад хамгийн ойр тулгардаг асуудал нь авлига, ил тод байдал байлаа. Ялангуяа эрүүл мэндийн салбар дахь авилгал. Эмнэлэгт ажиллах хугацаанд миний ажигласан зүйл бол ард иргэдийн сөрөг сэтгэгдэл, өөрөөр хэлбэл эмч, эмнэлгийн ажилчдад авилгал өгөхгүй бол муу үйлчилдэг, сайн эмчилдэггүй, эмнэлгийн орчин ил тод бус танил талаараа олон нийтэд үйлчилдэг гэх мэт сэтгэгдэл. Тиймээс энэ байдлыг өөрчлөхөд өөрийн хувь нэмрээ оруулах, ил тод байдал, авлигын талаар мэдлэг, хандлагыг өөрчлөхөд залуустайгаа хамтран ажиллах боломжийг эрэлхийлэн энэ хөтөлбөрт хамрагдсан.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

matilda 2019.08.07 156.0.212.9

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: [email protected] wathsapp: 0022 995 414 913

0 Хариулах