Хайх зүйлээ бичнэ үү

Монголын загварын ертөнцөд хүчирхэг, шинэ өнгө аясыг оруулсан "Ariunaa Suri" брендийг үүсгэн байгуулагч С.Ариунаатай ярилцлаа. Таалан болгооно уу. 

Ярилцлагаа таны бага насны талаар эхлүүлье гэж бодлоо. Багадаа ямархуу зан ааштай хүүхэд байсан бэ?

Ямартай ч би их сэргэлэн хүүхэд байсан. Юмыг хурдан сурдаг, хурдан ойлгодог, юмны учрыг амархан олчихдог хүүхдүүд байдаг шүү дээ. Яг тийм байсан. Ааш зангийн хувьд бол зүгээр л энгийн. Дээр үеийн хүүхдүүд чинь одоогийнх шиг ийм аймаар омогтой байгаагүй. Ээж, аавынхаа үгэнд ордог, дуулгавартай, чих зөөлөнтэй хүүхдүүд байдаг байж. Би бол яг л тэр жишгийн л хүүхэд байсан. Дээрээс нь гэр бүлийн хүмүүжил их сайтай. Аав, ээж хоёр маань дээд боловсролтой, их сайхан хүмүүс. Манай аав Ленинградын их сургуулийг төгссөн мундаг хүн бий. Тэгээд их сайхан зөөлөн хүн. Ээжийн өөдөөс ганц удаа чанга дуугарч байгааг нь сонсож байгаагүй. Одоо эргээд бодоход маш сайхан гэр бүлд, сайн эцэг, эхийн хүмүүжлээр өссөн юм байна даа гэж бодогддог юм. Одоо бол нийгэм арай өөр болчихлоо.

Та багаасаа л хувцас загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан уу?

Би ер нь тал талын авьяастай байсан. Бүжиглэдэг, зураг зурдаг, спортоор ч хичээллэдэг, төрөл төрлийн дугуйланд явдаг байлаа. Хичээлдээ ч бас муу биш, онц сайны дундуур л сурна. Тэгээд наймдугаар ангидаа загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил байдаг юм байна гэдгийг мэдсэнээсээ хойш “Аан энэ л юм байна” гээд шийдчихсэн. Нэг хэсэг зураач болдог ч юм уу гэж боддог байсан. Зураач хүн чинь ер нь ихэнхдээ өөрийн гэсэн жижигхэн ертөнцдөө ганцаараа байдаг хүмүүс. Харин загвар зохион бүтээгч бол зурдаг, тэгсэн хэрнээ юмыг зохион байгуулдаг, олон талын юмыг давхар хийдэг төрлийн хүмүүс байдаг юм байна гэдгийг мэдээд энэ мэргэжилдээ дуртай болсон.

“Ariunaa Suri” брендийн үүсэн бий болсон түүхээс хуваалцаач? 

Би Германд хувцас загвар зохион бүтээгчээр сурч төгссөн. Тэгээд оюутан байхдаа л өөртөө тэр нэрийг өгч байсан. “Suri” гэдэг нь Сүрэнжав гээд аавын маань богино нэр. Тэгээд тэнд сурдаг байхдаа л өөрийгөө “Ariunaa Suri” гээд нэрлэчихсэн, ямар нэг бүтээл хийсэн ч, ганц цамц оёсон ч “Ariunaa Suri”-гийн цамц гэдэг ч юм уу. Тэгээд сүүлд энэ брендээ бий болгох гээд байж байх үед энэнээс дээр нэр байгаагүй. Хоёр нэрэнд нь хоёуланд нь “р” үсэг орчихсон болохоор их зоригтой сонсогддог. “Р” үсэг чинь үгэнд их зориг, хүч өгдөг болохоор их таалагддаг. 

Таны загваруудыг харахад бусдаас их шинэлэг бас өвөрмөц санагддаг. Та загваруудаа гаргаж байх үедээ яг юу мэдэрдэг вэ?

Хүмүүс үргэлж өөрийнхөө дотоод ертөнцийг бүтээж байдаг. Тэр тусмаа уран бүтээлчид. Тэгэхээр би бас л өөрийнхөө “би”-г бүтээгээд явж байгаа. Нэг ёсондоо миний дотор тийм зүйл хүсдэг нэг хүн байгаа болохоор л би тэдгээрийг хийдэг. Тэгээд оюутан байхаасаа л хийсэн бүтээлүүдээ анзаарахад бас л яг тэр хэмнэл байдаг. Энэ дэлхий дээр маш олон загвар зохион бүтээгч байгаа шүү дээ. Тэр болгоныг судалж байхад надад хамгийн их таалагдаж байгаа нь дандаа миний хийдэгтэй төстэй стильтэй бүтээл хийдэг хүмүүс. Дэлгүүрт түгээмэл биш, хүмүүс нэг их өмсдөггүй байхад надад их таалагддаг. Үүнийг л би хүсдэг. Миний бодол, гараас минь гарч байгаа зүйл л тэр болохоор би дотоод хүнээ л бүтээгээд явж байгаа гэж хэлж болно.

ЗурагТайлбар




Загварын ертөнц нэлээн тэсвэр тэвчээр, ухаан шаарддаг салбар шиг санагддаг. Танд шантарч, хэцүү санагдах үе байсан уу? 

Загварын ертөнц маш их тууштай байхыг шаарддаг. Ер нь юун дээр ч байсан тууштай л байх юм бол амжилтанд хүрдэг гэж боддог. Гэхдээ мэдээж хэрэг хүн бүтэхгүй юм бариад, хамаг цагаа бараад чадахгүй зүйлийнхээ төлөө тууштай байна гэвэл харамсалтай л даа. Магадгүй тууштай хийгээд тухайн нийгэмдээ тэнцээгүй, ойшоогдоогүй ч гэсэн дараа нь чиний ийм хүн байсан байна гэдгийг мэддэг тохиолдлууд ч зөндөө л байгаа шүү дээ. Тийм болохоор ямар ч юман дээр тууштай байхыг л эрхэмлэж байх хэрэгтэй. Ёстой л тууштай явсаар байгаад одоо л Монголын ард түмэнд ойлгогдож эхэлж байна. Яг анх гарч ирж байхад хүн болгон ойлгодоггүй байсан. Гэхдээ ойлгож байсан хүмүүс нь дандаа даацтай хүмүүс байсанд би их баярладаг. Даацтай гэхээр өөрсдөө маш их юм үзсэн, боловсорсон, мундаг, мэдрэмж өндөртэй артист хүмүүс гэдэг ч юм уу. Зуун хүний магадгүй 80 нь ойлгохгүй байхад ядаж 20 хүн нь ойлгодог. Тэр 20 нь дандаа мундаг хүмүүс байсан гэх юм уу даа. Миний дуртай зохиолчид, зураачид, хөгжмийн зохиолчид, тэгээд кино найруулагч нар гээд дандаа их мундаг хүмүүс байсан болохоор их урамшиж байсан. Ядарч байсан уу гэхээс шантарч байгаагүй. 

Та юунаас эрч хүч, урам зоригоо олж авдаг вэ?

Эцсийн эцэст хүмүүс нэг нэгнээ урмаар тэтгэж, нэг нэгнээрээ бахархаж, бие биенээрээ нөхөгддөг юм шиг санагддаг. Ах маань “Төрсөн нутаг чинь хүнээрээ бахархдаг өдөр байдаг юм аа” гэж хэлж байсан юм. Тэгээд энэ үг нь миний толгойд бүр орчихсон. Ингээд бодоод байхад хүн хүнээсээ маш их урам, эрч хүчийг авдаг юм байна. Гоё хүнтэй уулзах тусам гоё болдог. Байгаль дэлхий, сүрлэг уулс, хээр талд явахдаа эсвэл сайхан хөгжим сонсох гээд л байж болох бүх сайхан зүйлээс энерги, эрч хүчээ авдаг. Ер нь би эрч хүчээ аль болох олон зүйлээс л авахыг хичээдэг. 

Хүн бүрт өөрийн ажлыг хийдэг арга барил бий. Та ямар арга барилаар ажлаа хийвэл илүү үр бүтээлтэй байдаг вэ?

Ямар ч байсан юмаа зохион байгуулалттай, алсын хараатай хийхийг хүсдэг. Хүн өдрөөс өдөрт л туршлагаждаг. Үхэн үхтлээ л туршлагажиж явах байх. Тэгээд ер нь алсын хараатай байна гэдэг л их чухал. Мэдээж өглөө орж ирээд өнөөдөр яах билээ гэдгээ маш зөв тооцоолж, зөв эхлэх ёстой. 

Өдөр тутмынхаа амьдралд баримталж явдаг зарчим бий юу?

Эрүүл хооллохыг хичээдэг. Унтах цагтаа унтаж, амрах үедээ амрах ёстой гэж боддог. Бас мэдээж зөв зохистой цагийг өнгөрөөх хэрэгтэй гэж боддог. Ажил дээрээ бол өдөртөө гаргах ёстой юмаа заавал гаргадаг. Би зөвхөн өөрийгөө авч яваа хүн биш шүү дээ. Маш том хамт олныг хариуцаад явж байгаа учраас үүрэг хариуцлага зөндөө байгаа. Тэгэхээр би урьдынх шиг миний онгод орж ирвэл би хийнэ гэж бодож болохгүй болчихсон байна. Мэдээж хүнд онгод нь орж ирээд өдөрт маш их юм хийх үе ч байна, бага хийх ч үе бий. Гэхдээ би өдөрт гаргах ёстой зүйлээ заавал гаргадаг. 

Ариунаа гэх эмэгтэйг дэлхийн долоон тэрбум хүнээс онцгойлох шинж юу вэ?

Хаа нэг газар надтай яг адилхан хүн байхыг үгүйсгэхгүй. Тааралдвал сайхан л байна. Тэгээд яг уртраг өргөрөг, төрсөн он сар, цаг секундээрээ өөрөөр бол дэлхийн яг тэр шугам, тэр цаг минутанд төрсөн гэдгээрээ л онцлог юм уу даа. Түүнээс биш би тэрнээс илүү сайхан сэтгэлтэй, илүү ажилсаг гэж хэлж чадахгүй юм. Надаас илүү мундаг хүмүүс зөндөө л байгаа. Тэгэхээр би өөрөө байгаагаараа л онцгой.

Та “U Film”-ийн “Тютю” киноны хувцас загвар дээр ажиллаж байсан. Харин одоо дахин “Single Ladies- 4” кинон дээр хамтарч байгаа гэж сонссон. Дэлгэцийн уран бүтээлийн хувцас чимэглэлийг хариуцаж ажиллах хэр хүнд байдаг вэ. Эсвэл хүнд гэхээсээ илүү сонирхолтой байдаг уу?

“Тютю” дээр бол харьцангуй орчин үеийн хувцас хийж байсан болохоор гайгүй байсан. Дүрүүд нь ч цөөхөн байсан болохоор ачаалал багатай байсан юм. “Single Ladies-4” дээр Ундармаа эгч бидэнд санал тавиад, бараг хагас жил ажиллажээ. “Single Ladies 4”-т XIII зууны үеийн бодит түүхэн дээр сэдэвлэсэн нэг хэсэг гарна. Тэгээд дээрээс нь өөр улсын хэсэг бас гардаг. Перс улсын амьдралыг харуулсан хэсэг байгаа. Олон төрлийн загварыг нэг дор бодох хэрэгтэй болсон. Бас нэг зүүдний фантази хэсэг ч бий. Ингээд дөрөв таван төрлөөр салгаж бодох хэрэгтэй. Би гэлтгүй манай хамт олон Перс улсын стиль рүү оруулж загвараа бодох эсвэл фантази ертөнц лүү гээд олон төрлөөр бодож ажиллахад хэрэг гарсан. Маш их ур чадвар шаарддаг юм байна лээ. Хичээнгүй, сэтгэлээрээ, сайхан хамт олонтой байсан тулдаа бид сая хамгийн сүүлийн хувцаснуудыг нь хийж өгөөд явууллаа. 

Таны өнөөг хүртэл хийсэн ажлуудаас хамгийн мартагдашгүй, сэтгэлд тань хадаатай үлдсэн нь юу вэ?

Хүнд ер нь анхны том хэмжээний, өөрийнх нь шандсыг сорьсон зүйл хэзээ ч мартагддаггүй. Коллекц нь сайн болсон болоогүй гэхээсээ илүү би өөрөө зориг гаргаж чадсан гэдгээрээ илүү тод үлддэг юм байна лээ. Тэрнээс биш коллекц гэвэл өөр л дөө. Саяны “Single Ladies 4”-ийн хувцас бол маш өндөр чанартай болсон эсвэл “HU” хамтлагийнхны хувцсыг хийсэн ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо надад хамгийн тод үлдсэн ажлууд минь бол яалтчгүй миний дипломын ажил байдаг. Тэгээд нэмээд “Mercedes-Benz Fashion Week Tokyo”-д 2013 онд хамгийн анх Монгол Улсаас явж, оролцсон. Арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон баг хамт олныг удирдаад, энэ том шоунд орсноороо “Mercedes-Benz” гэдгийг машинаар л төсөөлж явсан хүмүүст загварын шоу байдаг гэдгийг ойлгуулаад, үүд хаалгыг нь нээж өгсөн. Бас бренд гэдгийг бий болгох замыг нь тавьж өгсөн. Одоо бол бүгд л нэг брендтэй болчихсон байна. Тэгээд энэ бүхнийг хийж болдог юм аа гэдгийг ойлгуулах энэ арга барил, зам харгуйг нь тавьж өгсөн тэр 2013 оны загварын шоу их тод байдаг. Маш гайхалтай туршлага. 

Та хэр өөдрөг хүн бэ. Гуниглах аль эсвэл бухимдсан үедээ яаж тайвширдаг вэ?

Хүнд санаа зовох юм ердөө эрүүл мэнд эсвэл санхүүгийн маш том асуудал. Хүн энэ хоёр дээр л их хэцүү болдог. Миний хувьд бол гайгүй. Их өөдрөг, болгоно, чадна гэдэг үзэлтэй. Ер нь ямар нэгэн юманд шантраад , уйлаад, олон хоногоор шаналаад л, бүр нэг гутранги зүйлс бодож явахгүй байх бүх аргыг өөртөө хэрэглэдэг. Сэтгэлээр унасан тохиолдолд найзуудтайгаа уулзах ч юм уу, агаар салхинд гарах гээд аль болох өөрийгөө тэр хэцүү байдлаас хурдан гаргах зүйлсийг хийдэг.

Таныг харахад ажил амьдралаа маш сайн зохицуулж чаддаг юм шиг санагддаг. Загварын салбарт гялалзаж яваа шигээ гайхалтай хувь хүн байх тийм үү?

Тийм. Ер нь бол гэр бүл, найз нөхөд, ээж аавдаа гээд бүх хүнд цаг гаргадаг. Зарим хүн нэг ажил хийчихээрээ л “Ёстой завгүй” гэсэн үгтэй болчихдог шүү дээ. Би тэгэхгүйг хичээдэг. Аль болох л бүх найзынхаа аливаа зүйлд цаг гаргаж, уулздаг. Ерөнхийдөө “үгүй” гэдэг үгэнд дургүй.

Хорвоо дээр олон сайхан мэдрэмжүүд байдаг. Таны хувьд энэ ертөнцийн хамгийн сайхан мэдрэмж юу байв?

Хүүхэдтэй болсон минь. Тэр бол үнэхээр гайхамшигтай. Хайр хаанаас яаж ингэж ундраад байдаг юм бэ гэж гайхтал, хайр гэдэг юм чинь ийм их байдаг юм байна гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Тэр үед ээжийгээ, эмэгтэй хүмүүсийг их ойлгосон. Бас хүүхдийг их ойлгодог болсон. Хүүхдэд хайртай байсан л даа. Гэхдээ бүр илүү одоо энэ ингэж байгаа байхдаа зайлуул гээд бүх асуудлыг нь мэдэж ойлгодог болдог юм байна лээ.

Өөрийгөө гурван үгээр тодорхойлвол?

Тууштай. Үнэнч. Тэгээд хөдөлмөрч.

Амжилттай яваа хүн бүхэн ямар нэгэн байдлаар өөртөө шаардлага тавьж, өөрийгөө илүү хурцлаж байдаг. Таны хувьд өөртөө ямар шаардлага тавьдаг вэ?

Ер нь өөр бусад мундаг хүмүүсийн сургаалиудыг харахад хурдтай урагшлах гэхээсээ илүү байнга тогтмол урагшлах ёстой гэдэг нь надад их таалагдсан. Мэдээж хэрэг хурд бол чухал. Ямар нэг юмыг би удаан бодож, хийх дургүй. Шийдэх юм байвал гялс шийдээд, хийгээд явдаг. Эргэлзэж тээнэгэлзээд, олон сараар бодож явдаггүй. Эрсдэл бол хаа ч байгаа. Эрсдлийг мэдээж тооцох ёстой ч айгаад боломжийг алдаж болохгүй. Хурд чухал ч тогтмол урагшилж байх нь чухал.

Өөрийн тань хувьд сайхан хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Бага байхдаа хүнийг арай өөрөөр хардаг байсан. Одоо тодорхой хэмжээгээр амьдралын туршлагатай болоод ирэхээр хүний сайхан сэтгэл гэдэг нүүрэн дээрээ харагддаг л юм байна лээ. Ер нь хүнд муу санадаггүй хүн цаанаасаа л нэг өөр харагддаг юм болов уу л гэж боддог. Сайхан сэтгэлтэй, зөв хүнийг л би сайхан хүн гэнэ дээ. Хэлж байгаа үг нь ч жинтэй, нэг их юм яриад байхаасаа илүү хэрэг болсон үг хэлчихдэг. 

Хувцас загварын салбарт ажиллахыг хүсдэг, энэ салбарт дөнгөж хөл тавьж буй залуучуудад юуг зөвлөх вэ?

Би залуучуудад ганц л юм хэлмээр байна. Ерөнхий боловсрол бас гэр бүлийн хүмүүжил дээрээ маш их анхаар. Аав, ээжид нь ч хэлмээр санагддаг. Мэдээж хэрэг бүгд л хүүхдээ мундаг хүн болоосой гэж бодож байгаа. Гэхдээ гэр бүлийн хүмүүжил доголдолтой бол тэр хүн хэзээ ч, юун дээр ч, хаана ч зөв байж чаддаггүй нь харагдаад байдаг. Хүүхдэдээ буруу юм хэлээд байдаг хүмүүсийг би их харж байсан. Хүүхдүүд хөөрхий минь шүүж мэдэхгүй шүү дээ. Залуу хүнд зөв л үг хэлж баймаар байна. Гоё өөдрөг, урамтай байлга. “Чи юу хийж чаддаг юм” “Чиний чадна гэж юу байдаг юм” гэхээсээ илүү хүүхдийнхээ чадварыг илүү зөв талаас нь харж дэмжээд, зөв гэр бүлийн хүмүүжил олгомоор байна. Залуучууд маань өөрсдөө бас ээж аавыгаа цаг наргүй хөдөлмөрлөж байгааг ойлгож, хайрлах ухаантай байх хэрэгтэй. Хөдөлмөрч, тууштай бай. Загвар зохион бүтээгч болно гэдэг нь ганц зурах биш шүү. Маш олон зүйл дээр толгойгоо ажиллуулдаг байх хэрэгтэй. Тоо боддог байж л хийх ажил шүү. Ном сайн унш. Зураг зурахаасаа илүү тоо сайн бод. Толгой чинь сайн ажилладаг байж чи илүүг сэтгэнэ, өөрийг харна, илүү цар хүрээтэй бодно. Тэрнээс биш дан ганц зураг зурдаг, юм оёдог бол энэ салбарт амжилт олно гэсэн үг биш. Тэгвэл чи зүгээр л оёдолчин болно. Хэрэв үнэхээр амжилт гаргая гэж байгаа бол олон талын авьяасаа зэрэг хөгжүүл.

Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд таньд амжилт хүсье!

Баярлалаа.

Бэлтгэсэн С.Содбилгүүн


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.08 197.210.57.129

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах