Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

СЭТГЭГДЭЛ: БАГШ нар VII их хурлаасаа ямар ҮР ДҮН хүлээж байна вэ?


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болж буй Монголын багш нарын VII их хурал өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-нд Төрийн ордонд эхэлсэн. Их хуралд Монгол Улсын 21 аймгийн 330 сум, нийслэлийн есөн дүүргээс сургуулийн өмнөх боловсролын 184, бага, дунд, тусгай хэрэгцээт, албан бус насан туршийн боловсролын 416, мэргэжлийн боловсролын 40, их дээд сургууль, коллежийн 68 багш төлөөлөгчөөр оролцож байна. Монголын багш нарын VII их хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж, 800 багш ажилтан санал сэтгэгдлээ солилцож байгаа юм. Хуралд оролцож буй үе үеийн багш, удирдах албан тушаалтнуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

Дархан-Уул аймгийн 24 дүгээр сургуулийн захирал Д.Амгалан

Цаг үеэ олсон, маш их ач холбогдолтой хурал болж байна. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш хувийн хэвшлийн сургуулиуд бий болсон. Энд ажилладаг багш нарын эрх нэлээд хөндөгдөж байгаа шүү дээ. Төрийн болон хувийн сургуулийн багш нарын аль нь ч гэсэн Монголын ард түмний үрсүүдийг хүмүүжүүлж байгаа. Тийм учраас тэдний эрх ижилхэн байх ёстой. Хоёрдугаарт, багшийн хөгжлийн асуудлыг цалин, урамшууллыг нэмээд шийдэгдэх асуудал биш. Бодлогын түвшинд шийдэх боломжтой. Гуравдугаарт, багш бэлддэг олон их, дээд сургууль байгааг ижил түвшинд хүргэх хэрэгтэй байна. Ижил түвшин гэдэг нь нэг хөтөлбөр, нэг зорилго чиглэлтэй байхыг л яриад байгаа юм. Материаллаг бааз арвинтай Багшийн их сургууль төвтэй, бусад нь салбар сургууль болмоор байгаа юм. Мөн өнөөдөр яригдаж байгаа нэг амин сүнс нь сургалтын хөтөлбөр. Дунд сургуульд физик, математик, хими, биологийн багш нар байхгүй болж байна. Энэ нь өнөөдрийн хөтөлбөр, хэрэгцээ шаардлага хангалтгүй байгаатай холбоотой. Яагаад гэвэл мэдлэгт суурилсан, мэдлэг бүтээх чиглэлийн хөтөлбөр болж чадаагүй. Хөнгөвчлөх, хялбарчлах чиглэлтэй хөтөлбөр болчихсон учраас хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой байлгах шаардлага хангахгүй байна. Мэдээж чадвартай багштай байхын тулд эцсийн гаргалгаа нь цалинтай холбогдож байгаа юм. Өнөөдөр багш нар амиа аргацаасан л цалинтай байна шүү дээ. Цалингаас цалингийн хооронд, ихэнх нь зээлтэй байна. Үүнээс болж хамгийн сэргэлэн цовоо, чадвартай, мэргэжилдээ дур сонирхолтой багш нараа гадаад руу алдаж, тэд маань гадаадад барлаг болж байна. Үүнийг би төрийн бодлого буруу байгаагийн шинж гэж боддог.

Говь-Алтай аймгийн I лаборатори сургуулийн сургалтын менежер У.Энхтуяа

Багш нарын гол асуудал нь нийгмийн асуудал болоод байна. Хоёрдугаарт, багш нарын хөгжлийн асуудал байна. Мөн сургалтын хөтөлбөр, сүүлийн үед гарч байгаа хууль, эрхзүй баталгаагүй болчихлоо. Монгол Улсад боловсролыг хөгжүүлэхэд хамгийн их шаардлагатай зүйл бол үндэсний боловсролын хөтөлбөр хэрэгтэй. Ямар ч байсан салбар хуралдаанаар энэ талаар сургуулийнхаа багш нарын санал, зөвлөгөөг тусгаж, үг хэлнэ. Боловсролын салбарт тулгамдсан олон асуудал байгаа өнөө үед их хурал хуралдуулж байгаагаараа онцлог болж байна. Багш нарын хувьд ч, суралцагч нарын хувьд ч маш олон асуудал бий. Монголын боловсролын салбарт асар их өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж, шийдэл гарна гэдэгт итгэж байгаа.

Монгол Улсын гавьяат багш С.Цэндсүрэн

Би боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа дөрвөн жил багшилж, үлдсэн хугацаанд нь сургуулийн захирал, боловсролын хэлтсийн дарга, МСҮТ-ийн захирал гээд удирдах албанд ажиллаж байлаа. Удирдах албанд ажиллаж байхдаа багш нарыгаа чадвартай, мэдлэгтэй байлгахын тулд бүх хүч, зүрх сэтгэлээ зориулсан. Тэднийхээ хичээлд нь сууж, ур чадварт нь анхаарах, зөвлөх, хамтарч ажиллах зэргээр сэтгэл зүрхээ зориулсан гэж боддог доо. Өнөөдөр Монголын багш нарын VII их хурал маш сайхан болж байна. Улсын хөгжил хүнээсээ, хүний хөгжил багшаас шалтгаалдаг. Багш нарын ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд маш их анхаарч байна. Хамгийн гол нь бодлогын асуудлыг ярилцах шаардлагатай. Хүн төвтэй нийгмийн хөгжлийн гол асуудлыг шийдвэрлэх ёстой хүмүүс нь оюуныг түгээгч, сурган хүмүүжүүлэгчид юм. Эднийхээ санал бодлыг сонсож, бэлдэж ирсэн сайхан илтгэл, мэдээлэл, сонсголтой танилцаж байна. Тийм учраас энэ их хурлаар хүний хөгжлийн гол асуудал, зөв чиг буюу бодлого тодорхойлж бүгд нэг зорилготой, нэг чигт явах байх гэсэн итгэлтэй байгаа.  

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын I лаборатори сургуулийн математикийн багш С.Цэцэгмаа

Монголын багш нарын VII их хурал хуралдаж байгаад маш их баяртай байна. Би математикийн багшаар 35 дахь жилдээ ажиллаж байна. 1990 оноос хойш боловсролын салбарт асар их өөрчлөлт гарсан. Сөрөг талууд ч, сайн талууд ч бий. 5 жил тутам сургалтын хөтөлбөрт өөрчлөлт гарч, багш, сурагчгүй туршилтад орсоор байгаад боловсролын тогтолцоо үнэхээр зөв шийдэлд хүрсэн гэсэн юмгүй үлдлээ. Одоо боловсролын салбарт асар их хүндрэлтэй зүйл тулгарч байна шүү дээ. Намайг анх багшилж эхэлсэн үеийг одоо үетэй харьцуулахад цалин, үнэлэмж асар их зөрүүтэй. Наад зах нь сурах бичгүүд ашиглах хэмжээний чанартай биш. Агуулга нь ойлгомжгүй, хүүхдүүд бие дааж бодох дасгалууд цөөн зүгээр л сурагчийн нуруунд ачаа болохуйц л байна даа. Гэх мэтчилэн сургалтын орчинд ч сайжруулах зүйл их байна. Монгол Улсын тэргүүлэх салбар болох боловсролын салбарт авах хамгийн гол асуудал багш нарын нийгмийн асуудал байна. Үүнийг шийдэж чадвал бусад асуудал аяндаа цэгцэрнэ гэж боддог. Их хурал маань 23 жилийн дараа цаг үеэ олсон хуралдаан болж байна. Олон аймгийн багш нар санал бодлоо илэрхийлж, асуудлаа ярилцаж байгаа. Багш нарт тулгамдаад байгаа асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Баянжаргал

Монголын багш нарын VII их хурал болох түүхэн хурал болж байна. 23 жилийн дараа их хурал маань хуралдаж байгаа. Их хурлаасаа сургуулийн өмнөх боловсролын багш нар маань ажлын ачааллыг тооцох, хүүхдийн тоог багасгах, цалин хөлс нэмэгдүүлэх, багш нарыг өндөр хөгжилтэй оронд мэргэжил дээшлүүлэх, нийгмийн хамгааллын асуудлуудыг шийдвэрлэх гэсэн гол асуудлуудын шийдлийг хүлээж байна. Цэцэрлэгийн багш нарын хувьд 1 багшид ногдох хүүхдийн тоо гэж бий. Бага ангид 25, ахлах, бэлтгэл, дунд бүлгүүдэд 30 хүүхэд байхыг стандарт гэж үзнэ. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нэг ангид 40-50 хүүхэдтэй буюу нэг дахин их ачаалалтай ажиллаж байгаа. Тиймээс цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай. Манай цэцэрлэгийн анхны хүчин чадал нь 280 хүүхдийг хүлээн авах байсан бол сүүлд 3 давхар болгосноор 6 анги, 150 суудлаар хүүхэд нэмэгдэж, 430 хүүхдийн хүчин чадалтай болсон. Гэвч өнөөдөр 700-750 хүүхэдтэйгээр ажиллаж байна. Баянгол дүүргийн 10, 13, 22, 23 дугаар хорооны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ хүргэдэг.

Дундговь аймгийн “Эрдмийн далай” лаборатори сургуулийн захирал Т.Туяамандах

Би боловсролын салбарт 33 дахь жилдээ ажиллаж байна. Удирдах албан тушаалд 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Өнөөдөр боловсролын салбарынхаа их хуралд оролцож, болж байгаа болон болохгүй байгаа асуудлаа 47 мянга гаруй багш нараа төлөөлж 800 орчим төлөөлөгч иржээ. XXI зууны монгол иргэнийг чадвартай ямар багш удирдах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, чуулж байна. Боловсролын салбар бол улсын тэргүүлэх салбар хэдий ч энэ хэмжээнд багш нар маань нийгмийн асуудлаа шийдвэрлүүлж, хангалттай цалин хөлс авч, багшлах орчин, багшийн хамгаалал зэрэг нь хангалтгүй байна. Хэрвээ эдгээр асуудал шийдэгдэх юм бол багш нар маань ч хариуцлагатайгаар ажиллаж, ёс зүйтэй багшийн гар дээр Монгол Улсын ирээдүй болсон, ёс заншлаа дээдлэн авч явах иргэд төлөвших юм. Ийм иргэдийг бэлдэх нь багш бидний үүрэг. Багш нар маш их ачаалалтай ажиллаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар багш нарын ажлын ачаалал 37 орчим хувийг үндсэн ажилдаа зориулж, үлдсэн 60 гаруй хувьд нь үндсэн биш нэмэлт ажил хийдэг гэсэн үзүүлэлттэй байна. Үүнийг нэн тэргүүнд шийдэж өгөхийг л хүсэж байна даа.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Түүх, нийгмийн ухааны багш О.Базараа

Би боловсролын салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. Долоодугаар их хурлаар багш нарт тулгамдаж буй өнөөгийн асуудлаа ярилцаж, үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. Ерөнхийлөгч болон салбарын сайд ч энэ талаар ярьж, бидэнтэй санал сэтгэгдлээ солилцлоо. Аймаг, аймгийн багш нарын төлөөлөл бүгд саналаа хэлэх байх. Багш нарт нийтлэг тулгамдаж байгаа асуудал бол багшийн хөгжил болон хүүхдүүдийн хүмүүжил төлөвшлийн асуудал байна. Ойрын жилүүдэд сайд эсвэл засгийн газар солигдоход л сургалтын хөтөлбөр, агуулга, сурах бичиг гээд бүгд өөрчлөгддөг. Энэ нь сургалтын явцад маш их сөргөөр нөлөөлдөг л дөө. Ямартай ч эхний ээлжинд энэ асуудлаа шийдчихвэл цаашдын асуудлууд нь цэгцэрнэ гэж боддог.


Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Байгалмаа

Их хуралдаа манайхаас 16 багш ирсэн. Боловсролын салбарт тулгараад байгаа асуудлыг сүүлийн хоёр жил хангалттай ярьсан. Үндэсний зөвлөгөөнүүдийг 2017, 2018 онд хийсэн. Энэ хурлаар гарц, шийдлүүдийг л оновчтой гаргаасай гэж хүсэж байна. Хамгийн гол нь багш нар сэтгэлээ хоёрдуулахгүй салбартаа зүтгэж, хүүхдэд чанартай боловсрол олгоход чиглэсэн бодлогыг төр засаг шуурхай авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн багшийн ур чадвар, чанар гүйцэтгэлд нь тулгуурлаж, тохирсон цалин өгөөсэй гэж боддог. Нийтээр нь хавтгайрсан цалин өгөх нь шударга биш шүү дээ. Үүний хажуугаар цэцэрлэгийн туслах багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш нарын цалин ердийн багш нарын цалингийн хэмжээнд, түүнээс дээгүүр үнэлэгдэх ёстой байна. Өнөөгийн түвшинд эдгээр хүмүүс шатлал доогуур цалин авч байгаа л даа. Мөн улс даяар чанартай боловсрол олгож, үйлчилгээгээ сайжруулъя гэвэл дунд шатны байгууллага буюу аймаг, нийслэлийн боловсролын газар, хэлтсүүдээ дэмжих шаардлагатай. Эдгээр газарт ажилладаг хүмүүс бодлогын түвшинд хамгийн гол ачааг үүрдэг ч тэдэнд тавих анхаарал багш нарт дарагдаад үндсэндээ орхигдчихсон. Энэ асуудалд нухацтай хандаасай гэж бодож байна даа.

“Отгонтэнгэр” их сургуулийн багш С.Эрдэнэболор

Боловсролын салбарынхан бүгд оролцож, цаг үеэ олсон их хурал болж байна. Би хувийн их сургуульд багшилдаг. Сүүлийн үед хувийн их, дээд сургуулийн тоо хэтэрхий их байна гэж ярих боллоо. Үүнийг сайнтай, муутай асуудал гэж боддог. Энэ хурлаас гарах үр дүнгийн тухайд миний хувьд төрөөс хувийн их, дээд сургууль болон улсын их сургуулийн ялгамжтай хандлагаас татгалзаасай гэсэн хүлээлттэй байна. Хувийн сургуулиуд 1990 оноос хойш 30-аад жил л хөгжиж байна шүү дээ. Гэтэл улсын сургуулиудын хөгжил 70, 80 жилээр тооцогдоно. Төрөөс хувийн их, дээд сургуулиудыг дэмжиж байгаа ил бодлого байхгүй хэрнээ хаах, боох чиглэлд байна уу даа гэж эмзэглээд байгаа юм. Мэдээж манай салбарт чанаргүй боловсрол олгож байгаа асуудал байгаа байх. Гэхдээ ижил гараанаас эхлээгүй учраас улсын сургуулиудтай өрсөлдөх нь төдий хэмжээгээр боогдмол байх шиг. Төр хязгаарлагдмал хүрээнд буюу 3 сая хүний үүднээс хараад байна уу даа гэж боддог. Боловсролын салбар бол дэлхийд хамгийн том зах зээл эзэлдэг шүү дээ. Бид нар яагаад азидаа ч юмуу боловсролын бизнес эрхэлж болохгүй гэж. Хувийн их, дээд сургуулийг төрөөс дэмжвэл энэ чиглэл рүү явах боломжтой гэж боддог.


Монголын багш нарын VII их хурал хоёр өдөр үргэлжлэн өнөөдөр өндөрлөнө. Боловсролын салбарынханд хэлэлцэж, ярилцах зүйл арвин байсан бөгөөд бүгд их хурал болж байгаад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байсан юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
13 цагийн өмнө
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
3
2024.04.11
ТҮК-ийн ажилтнуудын цалинг 3.5 сая төгрөг болгоно
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.