Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Сэтгүүлзүйн салбарт шинэ уур амьсгал оруулсан хакатоны үйл явдлыг тоймлох нь


Төрөл бүрийн мэргэжил, ур чадвартай хүмүүсээс бүрдсэн багууд нийгэмд тулгамдаж буй асуудлыг богино хугацаанд оновчтой гарган тавьж, бүтээлч шийдэл санал болох нь хакатоны гол зорилго, зарчим. Энэ үйл ажиллагаа нийгмийн төрөл бүрийн салбарт зохион байгуулагдаж, хүрээгээ эрчимтэй тэлсээр байна. Тэдгээрийн нэг нь өнгөрөгч амралтын өдрүүдэд “HUB Innovation” төвд зохион байгуулагдсан Монголын анхны дата сэтгүүлзүйн хакатон юм. 

Тэмцээнд 200 орчим хүн бүртгүүлж, 21 баг танилцуулга хийснээс хоёрдугаар шатанд 12 баг өрсөлдсөн бөгөөд хакатоныг үзэхээр ирсэн хүмүүс заал дүүргэсэн нь дата сэтгүүлзүйн ач холбогдол, цар хүрээ тэлж буй илтгэж байв. Мөн салбар бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэж чадсан уг үйл ажиллагаанд гадаад, дотоодын мэргэжлийн менторууд сургалт орж, зөвлөгөө мэдээллээсээ хуваалцсанаараа онцлог байлаа. 

UBLIFE сайт "Тэгш бус байдлыг тэгшитгэе” хакатоны мэдээллийн хамтрагчаар оролцож, уншигчдадаа цаг алдалгүй мэдээлэл, сурвалжлага хүргэж байсан билээ. Бид хакатоны төгсгөлд үйл ажиллагааг зохион байгуулагч, шүүгч болон менторуудтай уулзаж цөөн хором ярилцсан юм. 

Д.Мөнхчимэг: Редакцидаа сайн аналист, дизайнер ажиллуулж, дата сэтгүүл зүйн сайн багтай байх нь трэнд болж байна

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Д.Мөнхчимэг "Сэтгэгдэл их өндөр байна. "Тэгш бус байдлыг тэгшитгэе" сэдвийн хүрээнд ихэнхдээ нийтийн эрх ашиг, хүний эрхийн асуудлуудыг хөндсөн байсан. Судалгаа ихтэй, харахад өнгө үзэмж сайтай ийм бүтээлүүдийг бид өдөр бүр аваад байдаггүй. Манай сэтгүүлчид үнэхээр мэдрэмжтэй, мундаг байлаа бас аналист, дизайнер, девелоперуудтай хамтраад ажиллавал дата сэтгүүл зүйн чанартай бүтээл гаргах чадвартай юм байна гэдэг нь шууд харагдсан. Бүх оролцогчдоороо бахархсан. Багуудын хийсэн бүтээлийг хараад хэвлэл мэдээллийн байгууллагууд дата сэтгүүл зүй ямар чухал гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Редакцидаа сайн аналист, дизайнер ажиллуулах, дата сэтгүүл зүйн сайн багтай байх нь трэнд болсон. Үүнээс манайхан битгий хоцроосой, дата сэтгүүл зүйн чадавхийг бүрдүүлэхэд анхаараасай гэж хүсэж байгаа. Бидний зохион байгуулсан үйл ажиллагаа сэтгүүлчдийн дататай ажиллах сонирхлыг төрүүлэх, урамшуулах, хамтын ажиллагааг бий болгох мөн олон улсын болон дотоодын туршлагатай менторуудаас суралцлах  боломжийг бий болгосон гэж итгэж байна. Цаашдаа ч бид энэ тал дээр анхаарах болно" 

Х.Болорсайхан: Нийгмийн асуудлыг тоо баримтад тулгуурлан ончтой гаргаж, голыг нь олсон шийдэл санал болгосноороо дата сэтгүүлзүйн бүтээлүүд ялгарч байлаа

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Хакатоны шүүгчээр ажилласан хүний эрхийн активист, судлаач Х.Болорсайхан "Шүүгчдийн бүрэлдэхүүн ирүүлсэн бүтээлүүдийг шүүхдээ асуудлыг хэр хөндөж гаргав, сэтгүүлзүйн өгүүлэмж талаасаа хэр оновчтой, мэргэжлийн байв гэдгийг харахыг зорьсон. Мөн хэр их дата ашиглаж хүнд ээлтэй, хүртээмжтэй, хялбар байдлаар боловсруулсныг харгалзан үзлээ. Энэ удаагийн хакатон нийгмийн олон асуудлыг хөндөхийн зэрэгцээ салбар бүрийн мэргэжилтнүүд хамтран ажиллаж, нэг нэгнийгээ нөхөх боломжтойг бусдад үлгэрлэн харууллаа. Шүүгчийн хувиар олж харсан өөр нэг зүйл нь нийгмийн асуудлыг хөндөхдөө ийм байгаа юм биш үү гэж төсөөлөх бус бодитой нөхцөл байдал, тоо баримтад тулгуурлан ончтой гаргаж, голыг нь олсон шийдэл санал болгосноороо дата сэтгүүлзүйн бүтээлүүд ялгарч байлаа" гэв. 

А.Ариунзаяа: Дата сэтгүүлзүй нь хэн нэгэн сэтгүүлч, статистикчийн ажил бус хамтын бүтээл юм байна гэдгийг багуудын ажиллагаа харуулж чадлаа

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа "Нийгмийн өөр өөр салбарын мэдээлэл, тоо баримтыг хооронд нь харьцуулж гаргасан нь их сонирхолтой байлаа. Нөгөөтэйгүүр сэтгүүлчид аливаа мэдээллийг хүнд хүргэхдээ ямар нэгэн түүхийг өгүүлэх ёстой юм байна гэдгийг шилдгээр шалгарсан багуудын бүтээлээс харж болно. Мөн энгийн нэг ярилцлага авах бус газрын зурагт буулгах, олон мэдээллийг нэг графикт тусгаж хоорондын хамаарлыг нь судалснаараа сэтгүүлчдэд ололттой, сургамжтай байсан болов уу гэж бодож байна. Ер нь дата сэтгүүлзүй нь хэн нэгэн сэтгүүлч, статистикчийн ажил бус хамтын бүтээл юм байна гэдгийг багуудын ажиллагаа харууллаа" гэсэн юм.

Патрик Беннинг: Нэг л түүхийг өгүүл, тэр нь маш жижиг түүх байсан ч хамаагүй

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Дойче Велле Академийн Монгол Улсыг хариуцсан менежер Патрик Беннинг "Өнгөрсөн хоёр өдрийн хугацаанд оролцогчдын багаараа ажиллаж буй байдал, бүтээлдээ гаргасан сэтгэлээс би гайхамшигтай сайхан киног олж харлаа. Мөн багуудын бүтээлийг үзэж байхад төрсөн хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгд, мэргэжлийн сэтгүүлчийн хувьд хэрэггүй мэдээллийг хаяж чаддаг байх хэрэгтэй. Зарим багууд ач холбогдол багатай мэдээллээ хассан бол бүтээл нь илүү сонирхолтой болох байлаа. Мөн нэг л түүхийг өгүүлэхийг хичээх хэрэгтэй. Тэр нь маш жижиг түүх байсан ч болно. Хоёрт, сайн түүхэнд дандаа баатартай байдаг. Та нарын бүтээлийн баатар хэн байж болох байсан бэ гэдгийг дахин нэг бодоод үзээрэй" гэсэн юм.

Ийнхүү Монголд анх удаа зохион байгуулагдсан дата сэтгүүлзүйн хакатоны оролцогчид туршлагаа хуваалцаж, хамтран ажиллаж, мэргэжлийн менторуудаас суралцсан 36 цагийг өнгөрөөлөө. 

Хакатонд оролцсон 12 багийн бүтээлийн товч агуулгыг хүргэж байна. 

1. "SetUp" баг (Нэгдүгээр байрын шагнал)

ЗурагТайлбар




Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш хүртээмжтэй боловсорч, хөгжиж чадахгүй байгааг Туул, Бек гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхдийн жишээгээр харуулжээ. Бичлэгтээ дохионы болон англи хэлийг давхар оруулсан байв. Түүнчлэн Япон, АНУ-д амжилттай хэрэгжиж буй онлайн хэлбэрийн мэргэшүүлэх сургалтыг санал болгов.

2. "Steppe" баг (Хоёдугаар байрын шагналт)

ЗурагТайлбар



Хөдөө орон нутгаас оролцсон "Steppe" баг гэр бүл салалт ба хүүхдийн эрхийн зөрчлийн асуудлыг хөнджээ. Тэд Монгол Улсад буй гурван өнчин хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтаас үүдэн өнчирч байгааг инфографикаараа дамжуулан гаргасан байна.  Мөн уг асуудал нь төрийн оролцоо гэхээсээ хувь хүний боловсрол, шийдвэрээс шалтгаалах тул бүх насныханд сургалт сурталчилгааг сайжруулснаар гэр бүл салалтыг бууруулах боломжтой гэж үзжээ. Түүнчлэн тус баг олон нийтэд хүргэх зорилгоор анимэйшн бүтээжээ.

3. "GoHack" баг (Гуравдугаар байрын шагналт)

ЗурагТайлбар




Хөдөө орон нутаг болон нийслэлд аль алинд нь байршлаас хамаарсан тэгш бус байдал, асуудал байгааг тоон мэдээллээр батлан харуулжээ. Иймд бодлогоор дэмжих, байршлаас үл хамааран иргэн бүрт тэгш боломж олгохыг зорих хэрэгтэй гэв.

4. "Shift" баг (Менторуудын нэрэмжит шагнал)

ЗурагТайлбар


"Төвөө сахисан эрүүл мэндийн үйлчилгээ" буюу эрүүл мэндийн хүртээмжийн асуудлыг хорт хавдрын өвчин дээр жишээ авч гаргажээ. Ходоодны хорт хавдраар нас барж буй иргэдийн тоог сүүлийн 4 жилийн дунджаар харьцуулж үзвэл хөдөө орон нутагт энэ өвчнөөр нас барах эрсдэл хотын иргэдээс 27 дахин өндөр байна. 2017 оны байдлаар, Улаанбаатар хотод 263 хүн ходоодны хорт хавдрын улмаас нас барсан бол хөдөө орон нутагт 7800 иргэн нас барсан байна. Энэ нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эрт оношлуулах боломж хомс байгаагаас үүдэлтэй гэж тус багийнхан үзжээ. Мөн тэд ходоодны хорт хавдрын нас баралтыг бууруулахын тулд 330 суманд хелико бактерийг тоолох, аймгийн төвд эмчилгээ хийх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. 

5. "Awesome" баг

ЗурагТайлбар


Агаарын бохирдол эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг дата визуализацид тулгуурлан харуулжээ. Сүүлийн 8 жилийн агаарын бохирдлын түвшин болон  оргил агаарын бохирдлын үеэр гадаадад зорчсон хүний тоог харьцуулж эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг гаргаж ирэхийг зорьсон байна. Мөн орлого доогуур иргэд агаарын бохирдол өндөртэй үеэр цэвэр агаараар амьсгалж чадахгүй байгаа нь нэг төрлийн тэгш бус байдал гэж үзжээ. 

6. Маш мульт Эрч медиа баг 

ЗурагТайлбар



Нийгэмд төдийлөн яригддаггүй эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг гаргаж ирэхийн тулд өөр өөр насны эрэгтэйчүүдээс ярилцлага авч, тоон мэдээллүүдээр инфографик хийжээ. Сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголт хомс, нийгэмд буй хэвшмэл ойлголтоос болж эрчүүд өөрсдийгөө хангалттай ойлгуулж чадахгүй байна. Тиймээс энэ талын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, тэднийг байгаагаар хүлээн авах гэх мэт шийдлүүдийг санал болгов. 

7. "DataGolia" баг

Тэд их сургуулиа төгсөөд хөдөө орон нутаг болон хотод ажиллаж буй хоёр найзын жишээгээр дамжуулж цалингийн зөрүү, нийгэмд үүссэн тэгш бус байдлыг илэрхийлжээ. Харин бүтээсэн вэб сайтад график, тоон мэдээллүүдийг гаргасан байна. Аливаа асуудалд шийдэл эрэлхийлэхийн тулд асуудлаа дэлгэрэнгүй таниж мэдэх хэрэгтэй гэж үзсэн учраас вэб сайт, видео бичлэг хийсэн гэлээ. 

8. "Бялуугаа тэгш хүртье" баг

Вэб сайт болон график, тоон үзүүлэлтүүд (эрүүл мэндийн хүртээмжгүй байдал, чанаргүй боловсрол, орон нутгийн төсөв)-ийг харьцуулах замаар орон нутгийн хөгжлийн тэгш бус байдлыг хөндөв. Татварын хууль, төсвийн хууль, орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай хуулийг өөрчлөх ёстой гэсэн шийдэл санал болгов.

9. "Team DC" баг

ЗурагТайлбар


"Монгол эр хүн гэж хэн бэ, ямар байх ёстой вэ" гэсэн асуултыг олон нийтээс асуухад манлайлагч, алсын хараатай, гүндүүгүй, хариуцлагатай байх ёстой гэсэн хариулт давамгайлжээ. Иймээс тэд улс төрийн оролцоо, төрийн үйлчилгээ (манлайлал), эрхээ хасуулсан хүмүүс, боловсролын байдал (хариуцлага болон алсын хараа) зэрэг статистик үзүүлэлтийг харьцуулж монгол эрчүүдийн нийгмийн нөхцөл байдлыг гаргаж ирэхийг зорьжээ. 

10.  "Wash" баг

"Зэрэгцээ ертөнц" буюу гэр хороолол болон орон сууцанд амьдардаг иргэдийн ариун цэврийн байгууламж, усны тэгш бус хүртээмжийн байдлыг гаргаж ирэв. 

11.  "Mongol TV" баг

ЕБС-ийн хүртээмжийн асуудлыг хөндөхдөө Улаанбаатар хотод буй 1000-аас дээш сурагчтай ЕБС болон тэдгээрийн санхүүжилтийг инфографик, бичлэгээр харуулав. Сургуулийн насны хүүхдүүдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг боловч хотын төвийн сургуулийн ачаалал өндөр байгааг онцлон хэлэв. 

12. "Экуалайзер" баг

ЗурагТайлбар


Хүн амын хүйсийн харилцаа 49:51 хувьтай байхад улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо дутмаг байгаа нь нийгмийн өмнө хүлээсэн үүрэг тэнцвэргүй, нийгэмд тогтсон хэвшмэл ойлголт их байгаагаас үүдэлтэй гэдгийг тайлбарлав. Мөн үүний шийдэл нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо, квот байх боломжтой гэсэн санал гаргажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
8 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
9 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
13 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.