Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Шилдэг подкастуудыг 'ангуучлах' нь


Сонирхолтой шүү. Зурагт хэмээх технологийн дэвшил хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээнд нэвтрэхээс өмнө хүмүүс радио, сонин, сэтгүүлээс хэрэгцээт мэдээллээ авдаг байлаа. Харин интернэт, технологийн хөгжил хүчээ авч 2000 он гарсаар аудио блог буюу подкаст хэмээх контентын шинэ төрөл хэрэглээнд нэвтэрсэн билээ. 

Анх “MTV” сувгийн програм хөгжүүлэгчид аудио контентыг интернэтэд байршуулж, хүссэн хүн бүр гар утас, таблет, компьютер гэх мэт ухаалаг төхөөрөмждөө татан авч хүссэн үедээ сонсох боломжтой програмыг бүтээгээд түүнийгээ “iPodder” хэмээн нэрлэжээ. 2004 онд BBC агентлагийн сэтгүүлч Бен Хаммерслэй iPod болон Broadcast хэмээх хоёр үгний товчлолыг нэгтгэж “Podcast” гэж нэрлэсэн нь дэлхий дахинаа түгсэн түүхтэй. 

Подкаст нь контент үйлдвэрлэгч болон сонсогчдод аль алинд нь олон давуу талыг олгож, тодорхой сэдвийн хүрээнд дагнан мэдээлэл хүргэдгээрээ радиогоос ялгаатай. Тухайлбал, подкаст хийхэд интернэт болон микрофон (эсвэл үүнийг орлох гар утас, нөүтбүүк байсан ч болно) л хэрэгтэй байдаг бол сонсогчид хаанаас ч хэзээ ч хүлээн авч сонсох боломжтой юм. Подкастаа татаад авчихвал интернэт ч шаардлагагүй гэсэн үг. 

2019 онд "Эдисон" судалгааны төв АНУ-ын подкаст хэрэглэгчдийн дунд судалгаа явуулахад нэг хэрэглэгч дунджаар 7 подкастыг дагаж, подкаст сонсоход долоо хоногт ойролцоогоор 6 цаг 37 минутыг зарцуулдаг болохыг тогтоожээ. Түүнчлэн давхардсан тоогоор сонсогчдын 90 хувь нь гэртээ, 64 хувь нь машинд явж байхдаа, 49 хувь нь алхаж явахдаа, 43 хувь нь дасгал хийхдээ, 37 хувь нь ажил дээрээ, 37 хувь нь нийтийн тээврээр зорчиж байхдаа подкаст сонсдог гэж хариулсан байна. 

Сонирхолтой нь подкаст сонсдоггүй гэж хариулсан хүмүүсээс шалтгааныг нь тодруулахад 35 хувь нь хаанаас подкаст олж сонсохоо мэддэггүй, 32 хувь нь хэтэрхий олон подкаст байдаг учраас хаанаас нь эхэлж сонсохоо шийдэж чаддаггүй гэж хариулжээ. 

Та ч гэсэн тэдэнтэй адил хаанаас, ямар подкаст сонсохоо мэдэхгүй байгаа юм биш биз? Тэгвэл Ublife сайт энэ удаа уншигчдадаа "загас барих арга" буюу хэрхэн шилдэг подкастуудыг олж сонсох талаар зөвлөгөө хүргэж байна.


Сүүлийн жилүүдэд монгол хэл дээр гардаг подкастуудын тоо хурдтай нэмэгдэж байна. Хэрэв та эх хэл дээрээ подкаст сонсохыг хүсвэл манай сайтын ПОДКАСТ булангаар зочилж байгаарай. Бид шинэ соргог, сонирхолтой подкастуудыг уншигчдадаа цувралаар танилцуулах төдийгүй эдгээр подкастуудыг эрхлэн гаргагчидтай амттай яриа өрнүүлдэг юм. Түүнчлэн та Podcast, SoundCloud, Castbox, Podcast Player, Spotify, М+ зэрэг аппликейшнүүдийн тусламжтайгаар шинэ подкастуудыг олж сонсох боломжтой. 

Харин одоо англи хэл дээр өөрийн сонирхол, хэрэгцээнд нийцэх подкастуудыг хайж олох алхмуудаас хүргэе. Байнга сонсдог подкастуудаасаа бага зэрэг уйдаж, шинэ зүйл эрэлхийлж байгаа хүмүүст ч энэ мэдээлэл тус болох болно. 

1. Подкастуудтай холбоотой мэдээлэл илгээдэг ньюслеттерт бүртгүүлэх 

Мэйлээ бүртгүүлээд (Subscribe) долоо хоног бүр шинэ подкастуудын талаарх мэдээллийг ньюслеттерээр авч болно. Тухайлбал: 

Сайн подкаст санал болгодог хүмүүс болон, сошиал хаягуудыг дагах 

Подкастуудыг тоймлож (review) уншигчдад санал болгодог блогууд (холбоос дээр дарж ороод блогуудтай танилцаарай) цөөнгүй бий. Түүнчлэн Reddit платформд хагас сая гаруй дагагчтай r/podcast-ийг дагахыг зөвлөж байна. Яг Quora шиг энд хүмүүс подкасттай холбоотой бүх зүйлийг асуудаг. Жишээ нь, нэг хэрэглэгч "Ээжийгээ 'аймшгийн' кабелийн сувгуудыг үзэхийг нь болиулмаар байна. Хоолны, мэдээний, романс гээд ямар ч төрлийн подкаст байж болно. 45 настай ээжид минь таалагдах подкастыг санал болгооч" гэжээ. Та ч гэсэн асуугаад үзэж болно шүү дээ.   

Хэрэв та эдгээрээс алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол өөр нэг эх сурвалж санал болгоё. Listener сайтын редактор Каролин Крамптон сонсогчдодоо санал болох сайн подкастуудыг олохын тулд өдөрт 2-6 цагийг подкаст сонсоход зарцуулдаг. Тэрээр шинэ подкаст хайж буй хэн бүхэнд Bello Collective блогийн 100 Outstanding Podcasts of 2018 нийтлэлийг санал болгосон байна. 

3. Зөв түлхүүр үгийг оруулж Google-ээс хайлт хийх 

Эрдэнэсийн арал мэт сайн подкастуудын цуглуулгыг нэг дороос олохыг хүсвэл мэдээний сайт, блогуудын нийтлэлийг тогтмол унш. Үүний тулд “best chemistry podcasts” эсвэл “best podcast episodes 2019” гэх мэт тохиромжтой түлхүүр үгээ бичээд Google-ээс хайхад маш олон илэрцүүд гарч ирэх болно. Ер нь сайн Google-дэж чадвал ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусдыг нь олж болдог цаг үе ирээд байна залуусаа.   

4. Сайн дугааруудыг "шигших"

Өнөө цагт мэдээлэл олдохгүй гэх зовлонгүй болж, харин зөв мэдээллээ хайж олох нь л асуудал болоод байна. Интернэт хэмээх зах хязгааргүй далайгаас хэрэгцээт мэдээллээ олох нь цаг хугацаа, хүчин зүтгэл шаардсан ажил. Тэгвэл RSS буюу шинэчлэл тандагчийн тусламжтайгаар хүссэн вэб сайт, блог, подкастынхаа шинэ мэдээллийг цаг алдалгүй хялбархан авах боломжтой юм. Энэ нь таны жагсаалтад бүртгэлтэй сайтуудын шинэ мэдээллийг тодорхой давтамжтайгаар тоймлон үзүүлдэг функц юм. 

Хэрэв та RSS гэж юу болох талаар дэлгэрэнгүй монгол тайлбар уншихыг хүсвэл энд, Windows үйлдлийн системтэй компьютерт зориулсан үнэгүй RSS жагсаалттай танилцах бол энд, жагсаалтдаа нэмэхийг хүссэн сайтын RSS-ийн URL холбоосыг хэрхэн олох талаар мэдэхийг хүсвэл энд дараарай. Эдгээр үйлдлүүдийг хийхэд бага зэрэг төвөгтэй санагдаж болох ч шинэчлэл тандагчийг ашиглаад дадчихвал тэтгэлэг, хэл сурах, сургуулийн өргөдөл, ном гэх мэт өөрийн хүссэн мэдээллийг хайж олоход улам л хялбар болно гэдгийг бүү мартаарай. 

5. Дуртай подкастуудынхаа цуглуулгыг бий болго 

Шилдэг подкастын эрлээ нарийвчлах өөр нэг арга бол Listen Notes юм. Энэ нь нийт 500 мянган категоритой, 30 сая орчим подкастыг нэгтгэсэн маш том платформ билээ. Жишээ нь, та Жэк Магийн оролцсон бүх подкастыг шүүж үзэхийг хүсвэл, эсвэл минималист амьдралын хэв маягтай холбоотой подкастуудыг хайж олохыг хүсвэл Listen Notes танд тусална. Өөрөөр хэлбэл, тухайлсан нэг подкастыг биш тодорхой хүн, сэдэв, газарзүйн байршил (хаана хийгдсэнээр нь)-аар нь хайж, холбоотой бүх подкастыг гаргаж ирнэ гэсэн үг. Догь байгаа биз? Хэрэв Listen Notes-ийг яаж ашиглахаа мэдэхгүй бол энд дарж мэдээлэл аваарай.  

6. Подкастыг ярианы сэдвээ болго 

Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь бусдаас асуух юм. Би шинэ хүмүүстэй уулзах бүртээ эсвэл найз нөхөд, ажлынхаа хүмүүстэй үдийн цайгаа уухаар сууж байхдаа "Ямар подкаст сонсдог вэ", "Ойрд юу сонсож байна" гэх мэтчилэн асуудаг. Подкаст сонсдоггүй залуучууд ховор болсон. Тэд таны мэдэхгүй өөр нэг гоё подкастыг санал болгоно, итгээрэй.   

Дээр дурдсан аргуудаас гадна газарзүйн байршлаа өөрчлөх, аль болох богино подкаст сонгож сонсох зэрэг алхмуудыг хэрэгжүүлж болох юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2022.12.22
Сэтгэл зүйн эрүүл мэндийн талаарх 2022 оны шилдэг 9 подкаст
2
2022.09.26
Playlist: "Та яг одоо ямар дуу сонсож байна вэ" 70 дахь дугаарт гарсан 26 дуу
3
2022.09.22
#WomenWhoDare | Cocktail and Crime: Сонсогчдоо хооронд нь танилцуулж, комьюнити үүсгэхи...
санал болгох
1
9 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.