Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Шилээ аваад хотоо хараач, дарга аа

Хотыг маань МАНАН-гаас аварч, мафиас ангижруулж, бөөн бүтээн байгуулалт хийх эрэмгий, дайчин таны ажил яах вэ. Нэг өдөр л бид хөгжлийн манлайд хүрээд цэнгээд сууна гэх улстөрчдийн ярианд одоо хэн ч итгэхээ болилоо.


Ердөө сарын өмнө Шинэ Зеландад исламын сүмд мөргөл үйлдэж байсан сүсэгтнүүд рүү буутай этгээд дайрч 50 хүний аминд хүрч, 48 хүн шархадсан аймшигт хэрэг гарсан билээ. Харин үүний хариуд тус улсын Ерөнхий Сайд Жасинда Ардерны үзүүлсэн үйлдлүүд дэлхий дахины удирдагчдад цоо шинэ үлгэр дуурайл болов. Тэрбээр халдлагын маргааш улстөрийн бүх намын дарга нартай хамт халдлага болсон исламын сүмд очиж, шашны тэргүүдтэй цуг гашуудаж, тэр ч бүү хэл гивлүүр зүүн эмгэнэл илэрхийлсэн. Энэ үеэр “Тэд бидний нэг хэсэг байсан” хэмээн амиа алдсан мусульман иргэдийн араас гашуудсан түүний үг шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах нь хэтийдсэн өнөө цагт эсрэгээрээ эвлэлдэн нэгдэх, хамтдаа эмгэнэн гашуудах, энэрэнгүй үзлийн илэрхийлэл болсон юм. Цаашлаад түүний эл үйлдлийг есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын дараа, нурсан байшин, шархадсан олны дэргэд “Америк орон аюулд орлоо” хэмээн дайн өдөөсөн Жорж Бушийн хариу үйлдэлтэй жишиж, бидэнд өөрсдийгөө ялган хайрлаж, өрөөлийг буруутгаж зүхэх чухал юм уу гэж хэвлэлүүд онцолж байв. 

Энэ бүхэнтэй зүйрлэхэд азаар бидний буй орчин хамаагүй амгалан мэт боловч сараас сар дамжин харуусмаар мэдээллүүд ээлжлэн дуулдах болжээ. Ялангуяа, золгүй ослууд, гаднын нөлөөтэй амиа алдсан иргэдийн тоо сүүлийн 2-3 жилд хэрхэн өссөнийг бид сонсож, дуулж буйгаасаа барагцаалж мэднэ. Гэвч энэ бүхэнд бид дасан зохицож, ийнхүү эвлэрсээр байх гэж үү? 

Өчигдөрхөн Төв цэвэрлэх байгууламжид амиа алдсан ажилтнуудын талаарх сурвалжлага оройжин телевизийн мэдээгээр хөврөв. Дарга нар ээлж дараалан газар дээр нь ажилласан тухай “гайхамшигт” мэдэгдлүүдээ хийсэн ч, дараа нь ар гэрийнхэн нь төмөр хашааны гадна бухимдах, уйлах дүрс, ярианууд хөвөрч, телевизийн камер, микрофон тэднийг зүглэн гозолзох аж. Хэдхэн цагийн өмнө хайртай, дотны хүн нь үрэгдсэнийг дуулаад ирсэн тэднийг ажлаа хийж явсан хэвлэлийнхнээс өөр угтах хүн байгаагүй гэж үү? Осол лаг руу унаснаас болсон гэх мэдээг хордсон гэж залруулах нь Хотын даргын Хэвлэлийн төлөөлөгчийн эрхэм үүрэг нь юм уу? Өглөөхөн Парисын Дарь эхийн сүм шатах “мөчид” эмгэнэх эсвэл хотдоо үндэсний их театр барих болсноо зарлахын аль нь мэдэгдэхгүй постоор жиргэж суусан хотын дарга энэ үед хаачсан юм болоо? 

Эртлэн 07:30-д театр, музей барих бүтээн байгуулалтын ажлаа хийж яваа гээд сошиалдаж байсан таны постыг олон хүн үзээгүй байх аа. Харин энэ орой л Та иргэддээ юу юунаас илүү чухал байлаа. Хотод маань өндрөөс хүн унаж, бөмбөг хөөж наадаж явсан хүү талбайдаа мөнх нойрсож, машиндаа үлдсэн хүүхэд агааргүйдэж эндсэн гээд сүүлийн жилүүдэд золгүй тохиолдлууд даанч их боллоо. Дандаа л гаднын нөлөөтэй байдаг эдгээр ослууд угтаа аюулгүй байдлыг сахиулах мээрийн “цэргүүдийн” ажлын “илрэл” байдаг. 

Хотыг маань МАНАН-гаас аварч, мафиас ангижруулж, бөөн бүтээн байгуулалт хийх эрэмгий, дайчин таны ажил яах вэ. Нэг өдөр л бид хөгжлийн манлайд хүрээд цэнгээд сууна гэх улстөрчдийн ярианд одоо хэн ч итгэхээ болилоо. Ядаж гэрээс гарахдаа дээрээс юм унах вий гэж зовохооргүй, хүнс авахдаа хор болох вий гэж эмээхээргүй, хүүхэд, хөгшдөө салхилуулахдаа зовниж суухааргүй тухыг л бий болгож өгөөч. Энэ бүхнийг хийдэг бүхэл бүтэн баг таны удирдлагад 6 дарга, 30 газрын хамт өч төчнөөн компани, сан болоод буй. Та тэднийгээ л ажиллуулж хайрла. 

Хаа холын Шинэ Зеландын удирдагчтай таныг харьцуулсныг санамсаргүй хэрэг гэж бас бүү бодоорой. Ердөө дөрөвхөн сая хүн амтай, Австралиас ч цаана ганцаар орших энэ арал улс “Шинэ Зеланд ялна!” гэж өөрийгөө ч, өрөөлийг ч тусгаарлаагүй харин даян дэлхийн нэгдмэл үнэт зүйлийг илэрхийлж, хүн төрөлхтөнд бие биеийнхээ ялгаатай байдлыг ч хүлээн зөвшөөрч энэрэн, хайрлахын үлгэр жишээ болоод байна. 

Жасинда ч бас таны хүсдэг шиг бүхний ярианы сэдэв болдог поп улстөрч байсан шүү. Ердөө 37-той сонгогдсон, Сайд байхдаа амаржсан, Бакингэмийн ордонд маори (Шинэ Зеландын уугуулд) хувцастай зочилсон гээд олон тохиолдол бий. Гэхдээ тэр хэрэгтэй үед хийх ёстой ажлаа л хийдгээ үүнээс ч олон удаа баталчихсан. 

Гэрэл зургийг зохиогчийн зөвшөөрөлтэй ашиглав

Гамшиг, осол, хямралын үед эв санаа, хүмүүнлэг энэрэнгүй удирдагчийн чанар юу юунаас эрхэмээс биш үгээ зөөж, хөмсгөө зангидаж, ширүүн дуугарсан таны яриа олон нийтэд бус албан өрөөндөө л байг ээ. Баарны цагийг хөдөлгөж, бас гудамж хаана гээд л… Шинэ тоглоомоо сонжиж буй хүүхэд шиг аар саар аяглаж хорхой тань дарагдсан бол болно оо. Таныг бид гивлүүр зүүж эмгэнээч гэсэнгүй. Ядаж хар шилээ аваад хотоо нэг хараач. Хаана асуудал байгаа нь илүү тод харагдана. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
2
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
3
2024.04.19
Энэ жилийн наадмыг Ц.Батнайрамдал 2.9 тэрбумаар найруулна
санал болгох
1
3 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.23 81.183.126.157

Эвгүй зураг байна даа бас л

0 Хариулах


Munkhbayar Tsee 2019.04.18 49.0.137.112

Сайхан хэллээ. Хотын даргад айлтгах нь- Улаанбаатар хотод иргэдийн оршин суудаг орон сууцны ойролцоо байхаар зохицуулагдсан Улсын цэцэрлэгүүд 500 гаруй байдаг байх. Ууг нь тэдгээр цэцэрлэгүүдийн хашаанд иргэд маань салхилж сууж амарч байх боломжийн нөхцөлтэй. Мэдээж орон сууцны хүүхдийн тоглоомын талбай, хөгшдийн сандал гэх мэт газруудад граж машин байшин гээд олон зүйлээс болоод орон зайгүй болсон.. Тэгэхээр Улсын цэцэрлэгүүдийн өглөө оройдоо л нээгддэг хаалгыг бүтэн нээлттэй болгох арга хэмжээг авч өгөөч. Хэн хэзээ тоглох нь бүү мэд баахан тоглоомтой хашаанууд зоо паркийн амьтан шиг... Цэцэрлэгт явдаг хүүхдүүд яг үнэндээ гадаа гарж тоглож байгаа юуу? Өдөр тутмын хөтөлбөрт нь гадаа гарж гүйж харайх цаг гэж байхаа байсан байхаа. Бид л багадаа цэцэрлэгтээ Чимгээ найзтайгаа гулсуураар, элсээр, дүүжин даажин гээд тоглодог байж. Одоо бол зэвэрсэн хэдэн гологдмолууд.. Иймд цэцэрлэгийн хашааг амь оруулж хөдөлгөөн дутагдлаас хүүхдүүдийг хамгаалсан сайхан газартай болчвол их хэрэгтэй байна даа. Мэдээж буруу зөрүү хашааны цаана байх хэрэгтэй нөхдүүдийг сэргийлэгч нар маань ажлаа сайхан хийчвэл асуудал байхгүй.

0 Хариулах


Зочин 2019.04.18 43.228.129.4

энэ угаасаа харваас шаампар сда ш дээ.

0 Хариулах


Altanzul 2019.04.17 174.216.42.83

Good job,

0 Хариулах