Хайх зүйлээ бичнэ үү

ОХУ-ын хоол судлалын мэргэжилтэн, дотоод шүүрлийн эмч, “Herbalife Nutrition” компанийн Шим тэжээлийн зөвлөх Шилина Алла Васильевна өнгөрсөн долоо хоногт манай улсад ажиллалаа. Тэрбээр 2009 онд ОХУ-ын анагаах ухааны академиас шим тэжээл судлалын сертификат хүртжээ. Шилина Алла Васильевна 30 гаруй жил уг мэргэжлээр дагнан ажиллаж байгаа туршлагатай, ОХУ-ын өндөр зэрэглэлийн хоол судлалын мэргэжилтэн юм. Түүнийг Монголд ажиллах үеэр эрүүл, зөв хооллолтын талаар ярилцсанаа хүргэе.

Сүүлийн жилүүдэд хоол тэжээлийн шинжлэх ухаан маш эрчимтэй хөгжиж байна. техник, технологийн ачаар дэлхий “хавтгай” болж байгаатай адил хоол тэжээлийн шинжлэх ухаан аль ч орны хүмүүст тохирох хоол хүнсийг бий болгож чадаж байна уу?

Шим тэжээлийн шинжлэх ухаан хөгжиж, маш их судалгаа шинжилгээ хийгдэж байгаа. Үйлдвэрлэл ч зэрэгцээд хөгжиж байна. Харамсалтай нь хоёр тусдаа яваад байгаад асуудал бий болж байна. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр огтлолцож, бие биедээ харилцан тусалж ажиллаж байж л үр дүнд хүрнэ шүү дээ. Шинжлэх ухаанаар хүмүүс ийм хэмжээгээр амин дэм, шим тэжээл авах хэрэгтэйг гаргачихаад байхад үйлдвэрлэлд тэр болгон шинжлэх ухааны үндэслэлээр бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна.

Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хамтарч ажиллаж чадахгүй байгаа гол асуудал нь юу вэ. Та жишээ дурдахгүй юу?

Шинжлэх ухаанаар нүүрс ус бага хэрэглэж, уураг, омега-3, маалингын үр зэргийг түлхүү хэрэглэх нь биед сайн гэдгийг судлаад баталчихсан. Гэтэл үйлдвэрүүд үүний яг эсрэгээр нүүрс усыг ихээр агуулсан хийжүүлсэн ундаа, гурилан, хөөмөл бүтээгдэхүүн, чипс, түргэн хоолыг ихээр үйлдвэрлэж байна. Амьдрал дээр шинжлэх ухаан, үйлдвэрлэгч нь бие биетэйгээ таарч өгөхгүй сөргөлдөөд байна л даа. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Үйлдвэрлэгчид ашиг сонирхлоо бодоод өөрсдийн дүрмээр ажиллаж байгаа гэсэн үг. Юун дээр ашиг сонирхол нь илэрч байна гэхээр хямд бүтээгдэхүүнийг их хэмжээгээр үйлдвэрлэж байгааг харахад л ойлгомжтой. Хямд гэдэг нь өөрсдөөс гарах зардал, өртөг бага. Гаазтай ундаа гэхэд л фруктозын агууламж маш их. Гэтэл фруктоз нь их хэмжээтэй байвал хүний биед хэрэгцээгүй шүү дээ. Бас нэг асуудал нь өөх, тостой холбоотой. Хүмүүс хонь, гахай зэрэг амьтны гаралтай өөх тос муу гэдгийг мэддэг. Гэтэл ургамлын гаралтай тос буюу ялангуяа цэвэршүүлсэн наранцэцгийн тосыг хэт их хэмжээгээр хэрэглэвэл бас л хүний биед сөрөг нөлөөтэй. Ургамлын гаралтай тосонд омега-6 байдаг бөгөөд загасны тос буюу омега-3-тай нийцэх харьцаа чухал. Омега-6, омега-3 нь 4/1 байх ёстой. Одоогийн бодит хэрэглээнд 20/1 харьцаагаар байгаад асуудал байна. Тэгэхээр омега-6-г маш их хэрэглэж байна гэсэн үг. Энэ хоёр тосны харьцаа хэд байх ёстойг хүмүүс сайн мэдэхгүй байгаа учраас хэлж байгаа юм шүү. Монголд ч омега-6, омега-3-ын харьцаа зөв байх хэрэгтэй ч энд загасны махны олдоц хэр их билээ дээ. Тиймээс энэ тохиолдолд яалт ч үгүй омега-3-ын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гарах байх. Европт энэ харьцааг мэддэг болсон учраас ургамлын тос хэрэглэхдээ шууд асгаж, их хэмжээгээр хийхгүйгээр тусгай багсаар түрхэх ч юмуу, багаар гаргадаг шүршигч зэргийг гал тогоондоо ашигладаг болсон. Үүнээс гадна дэлхийн ихэнх хүмүүс уураг болон амин дэм, омега-3, эслэгээ хоол хүнснээс хангалттай авч чадахгүй байгаа.  

Хооллолт бол хүний насыг 25-40 хувь нэмэгдүүлдэг цор ганц хүчин зүйл юм

Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохилтой вэ. Уг нь хоол хүнсний нэр төрөл маш их болсон цаг шүү дээ.

Юун түрүүнд хоолны илчлэг бага байх хэрэгтэй. Гэхдээ орц, найрлага нь тэнцвэржүүлсэн байх ёстой. Уураг нь 25-30, ашигтай тос нь мөн  25-30, нийлмэл нүүрс ус нь 40-50 хувийг эзлэх хэрэгтэй. Нийлмэл гэдэг нь дангаараа байдаггүй нэгдэж ордог нүүрс усыг хэлж байгаа юм шүү. Нийлмэл нүүрс ус гэдэг нь хүнсээр бол гурвалжин будаа, хөц будаа, бор будаа гэхчлэнгээр төрөл бүрийн будаа юм. Цагаан будаа байж болно. Гэхдээ бүрэн цэвэрлэчихсэн цагаан будаа бол энгийн нүүрс ус гэсэн үг. Дэлхий даяар ихэвчлэн өглөөний унданд нэг аяга кофе, хавчуургатай талх, кекс зэргийг л идэж байна. Эсвэл өглөө юу ч идэлгүй шууд ажилдаа явдаг. Кофенд уураг гэх зүйл байхгүй. Ингээд бодохоор хүмүүс өглөөнөөс эхлээд л хэрэгцээт уургаа авдаггүй болж таарч байгаа юм. Өдрийн хоолонд мах идэж, уургаа авч болно. Гэтэл өдрийн хоолтой хамт цезарь салат ч юм уу энэ төрлийн зүйл идэхээр илчлэг нь нэмэгдчихдэг асуудал бий. Цезарь салатны орц, найрлага эрүүл хэдий ч тос, майонез орсон сүмс нь илчлэгийг нэмдэг. Хэрвээ өдрийн хоолондоо цезарь салат цуг авбал сүмсээ тусад нь авч болох юм. Хүмүүс сүмсийг нэг их анзаардаггүй ч илчлэг нэмдэг учраас анхаарах хэрэгтэй. Харин орой ядраад харих замдаа бэлэн бүтээгдэхүүн аваад хоол хийдэг. Хэдийгээр хурдан бэлдэж, амархан болж байгаа мэт боловч шаардлагатай хэмжээний амин дэм, шим тэжээл, уураг авахуйц хоол биш юм л даа. Хооллолт, шим тэжээл гэдэг бол орчин үеийн хүмүүсийн амьдралын гол бүрдэл хэсэг юм. Манай эрдэмтэн Чеботарёв “Хооллолт бол хүний насыг 25-40 хувь нэмэгдүүлдэг цор ганц хүчин зүйл юм” гэж хэлсэн байдаг. Гэтэл бид нар зөв зохистой хооллох нь ийм чухал гэдгийг бүрэн ойлгоогүй л явж байна. Жишээлбэл, хүн ханиад хүрч, халуурахаараа түүнийгээ даарч хөрсөнтэйгөө л холбож ойлгодог. Үнэн хэрэгтээ хүн эрүүл, зөв хооллодоггүй бол үр дүн нь тэр дороо илэрдэггүй. Тийм болохоор хооллолтоо өвдөж байгаатайгаа холбож боддоггүй л дээ. Тиймээс эмч, сэтгүүлч нарын хувьд хүчээ нэгтгэж, хүмүүст хоол хүнс чухал гэдгийг ойлгуулж, мэдээлэх хэрэгтэй байгаа юм. Хүмүүс маргааш юу идэхийгээ ч төлөвлөх хэрэгтэй. Таарсан юу хамаагүй идэх биш урьдчилан зөв зохистой хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулж хэвшвэл сайн. Хүмүүс хөргөгчид байгаа зүйлсээрээ л хоолоо хийдэг шүү дээ. Мөн идэж байгаа хоол хүнс, биеийн жин, нас, хүйсээ бичих төдийд л хэдий хэр хэмжээний хоол хүнсийг, ямар орц найрлагатай идвэл зохилтойг хэлээд, заагаад өгөх аппликэйшнүүд ч бий. Технологийн энэ дэвшлийг ашиглавал одоо үед илүү хялбар байж мэднэ.  

Улс орнуудын цаг агаар, нөхцөл байдлаас шалтгаалаад хоол хүнс нь өөр байх шаардлагатай юу. Эсвэл бүгд адилхан байж болох уу?

Цаг уур гэхээсээ илүү хүмүүсийн хаана амьдарч байгаа нь илүү чухал байдаг. Тухайлбал, монголчууд хэдэн зуун жилийн турш тал нутагт эрч хүчтэй, идэвхтэйгээр амьдарч байсан. Уургийн хэрэглээ маш ихтэй. Гэтэл барууны орнуудын хувьд далайн амьтдын өөх тосыг хэрэглэдэг байв. Үүнээс харахад хаана байгаа нь, амьдралын хэв маяг нь ямар байгаагаас шалтгаалж, хоол хүнсэнд нөлөөлдөг. Харин орчин цагт дэлхий нийтээр хооллолтод өөрчлөлт гарч, шинэ “дүрэм” эхэлж байна. энэ өөрчлөлттэй холбоотой олон өөрчлөлт байгаагийн нэг нь таргалалт юм. Оросод ч Монголтой адил таргалалтын асуудал тулгарч байгаа. Нүүрс ус, амьтны гаралтай өөх, тосны хэрэглээ их болсонтой холбоотойгоор энэ мэт сөрөг нөлөө ажиглагдаад байгаа юм. Илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Таргалалт нь зүрх судасны өвчин, үргүйдэл, чихрийн шижин, элэг, бөөрний архаг үрэвсэл, хавдар, астма гэхчлэн маш олон өвчний суурь болдог.

Хербалайфын тэнцвэржүүлсэн шим тэжээлт хоол энэ бүх өвчинтэй тэмцэхэд тус болдог шүү дээ. Эрдэмтэд, Шим тэжээлийн зөвлөлийнхний үүрэг, хариуцлага үүнд их нөлөөлдөг байх, тийм үү?

Мэдээж тэгэлгүй яах вэ. Илүүдэл жинтэй хүмүүс жингээ бууруулахын тулд илчлэг багатай, тэнцвэржүүлсэн хоол идэх хэрэгтэй. Бид нар энгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ илчлэгээ бага тунгаар авч чаддаггүй. Харин Хербалайфын бүтээгдэхүүний хувьд энгийн хүнс шиг уураг агуулж байгаа хэрнээ давхар амин дэмүүд, фолийн хүчил, шим тэжээл, эслэгийг агуулдаг. Илчлэг нэмдэг өөх тос, нүүрс ус нь байхгүй гэсэн үг. Хербалайфын бүтээгдэхүүнийг дангаар нь хэрэглээд байлгүй жирийн хоол хүнстэйгээ хамтад нь хэрэглэдэг онцлогтой.

Сүүлийн үед болсон болоогүй хоолны дэглэм барьдаг хүмүүс цөөнгүй болжээ. Хоолны дэглэмийг хэрхэн баривал хүний эрүүл мэндэд тустай байдаг вэ. Зарим хоол, шим тэжээлийн мэргэжилтнүүд өлсөх муу гэх юм.

Жингээ багасгахын тулд хоолны дэглэм барихад би дургүй. Хоолны дэглэмийн оронд илчлэг багатай, тэнцвэржүүлсэн хооллолтын талаар ярих нь зөв. Яагаад гэвэл хоолны дэглэм богинохон хугацааны л үйл. Гэтэл хүний биеийн жингийн асуудал бол амьдралын турш яригдаж, анхаарах хэрэгтэй урт удаан хугацааны зүйл шүү дээ. Өлсөх муу. Мэдээж өвчнийг анагаах зорилгоор өлсгөх, хоол сойх эмчилгээг ашиглах тохиолдол бий. Гэхдээ жин хасахын тулд өлсөх хэрэггүй. Хүмүүс нэг, хоёр сарын хооллолтын тухай ярих биш амьдралынхаа турш хооллолтдоо анхаарч, түүний талаар ярих хэрэгтэй. Хамгийн гол нь хүн хоолноосоо таашаал авах хэрэгтэйгээ ч мартах учиргүй.  

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дааврын ялгаа (дотоод шүүрэл) юу вэ. Энэ ялгаатай холбоотойгоор идвэл зохилтой хүнс нь өөр байдаг уу?

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд шим тэжээлийн хэрэгцээнд л ялгаа байгаа. Эмэгтэйчүүд жирэмсэлдэг, төрдөг, хүүхдээ хөхөөрөө тэжээдэг болохоор төмөр, кальци, фолийн хүчил, к амин дэм хэрэгтэй. Учир нь үр хөврөлийг эрүүл хөгжүүлэхийн тулд кальци шаардлагатай. Мөн сарын тэмдэг ирдэг учраас цусаа нөхөхөд төмөр, цусны эргэлтийг хэвийн байлгахын тулд к амин дэм хэрэг болдог. Фолийн хүчил нь мэдрэлийн эсүүдэд тустай. Тиймээс эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалаад дээрх амин дэмүүд илүү хэрэгтэй байдаг. Харин эрчүүдэд уургийн хэрэглээ илүү өндөр. Булчингийн массаа хөгжүүлэхийн тулд мах, махан бүтээгдэхүүнийг илүү хэрэглэхэд тохиромжтой. Мөн эрчүүдэд цайрын хэрэглээ эмэгтэйчүүдээс илүү шаардлагатай байдаг нь тестостерон ялгардагтай холбоотой юм. Хооллолтын хувьд бие физиологиосоо шалтгаалж ялгаатай байгаа ч дээр дурдсан амин дэмүүд хэн хэнд нь хэрэгтэй. Хэмжээний хувьд л ялгаатай. Эрэгтэй, эмэгтэй даавар гэж тусдаа, ялгаатай байдаггүй. Зөвхөн ялгарч байгаа хэмжээ, харьцаагаараа л өөр.

Манай улсад нарийн ногоо, жимс жимсгэнийг ихэнхдээ импортоор оруулж ирдэг. “Шинэ, шүүслэг” гэх ойлголт бараг байхгүй. Гэтэл хүмүүс хүнсээр шим тэжээл, эрдсээ авах хэрэгтэй байдаг. Манайх шиг ийм нөхцөлтэй орнуудад ямар хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ хэрэглэвэл тохиромжтой вэ?

Оросод улирлаас хамаараад хүмүүс жимс, ногоогоо тариад идчихдэг. Хамгийн гол нь жимс бүрэн боловсорч байж хүнд шим тэжээлээ өгдөг юм. Жимс ногоог тариалсан газраас шууд аваад идэх, урт удаан хугацааны тээвэрлэлтийн дараа идэх хоёр мэдээж хэрэг өөр. Гэхдээ юу ч идэхгүй байснаас ингээд ч болтугай идэх нь дээр. Манай улсад хоолны институт гэж бий. Тэндээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амин дэмүүдийг бүтэн жилийн турш хэрэглэхийг зөвлөдөг юм. Гэтэл манайхан амин дэмээ хангалттай авч чадахгүй байгаа. Монголд ч энэ асуудал байгаа болов уу гэж бодож байна. Амин дэм, бичил элементүүдийг бүгдийг биедээ авахын тулд бид нар маш их буюу 4500 ккал илчлэгийг авч байж өвчнөөс урьдчилан сэргийлдэг юм байна. Тэгэхээр ийм хэмжээний хоол хүнсийг хүн идэж чадахгүй учраас өөрийн хэмжээгээр идээд үлдсэн авах ёстой амин дэмээ нөхөж авах хэрэгтэй. Шим тэжээл дутагдах нь муу байдагтай адил илүүдэх нь ч сөрөг нөлөөтэй байдаг.

Манайхны дунд “хийдэх”, ядрах, бие чилээрхэх зэрэг олон өвчинд шар тосоо хэрэглэдэг. Шар тосны ач тус их гэдэг юм билээ. Шар тосоо хоол хүнсэндээ түлхүү хэрэглэвэл ямар вэ?

Гахай, хонины өөх гэдгээс илүү сүү, сүүн бүтээгдэхүүнээс гаргаж авсан тос нь хамаагүй сайн. Үндэстнүүдийн онцлог энд харагдана л даа. Тухайлбал, эскимосчууд далайн амьтны өөх тосыг хэрэглэдэг. Гэсэн ч туранхай, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьдаг. Яагаад гэхээр тэд нар том хотод орж ирээгүй, энгийн нүүрс усыг хоолноосоо аваагүй болохоор өөрсдийн амьдралын хэв маяг, уламжлалаараа амьдарч байгаа учраас эрч хүчтэй амьдарч чадаж байгаа юм. Харин хотод орж ирээд, худалдааны бүтээгдэхүүн идэж, архи пиво хэрэглээд эхлэхээрээ л сөрөг шинж тэмдгүүдтэй тулгарч, биеийн жинд нь гэхэд л өөрчлөлт гардаг.

Монголчууд уламжлалт хооллолтынхоо хажуугаар эрүүл, зөв хооллолтыг баримтлахын тулд ямар шинэчлэлт, өөрчлөлт хийвэл тохиромжтой вэ?

Монголчууд уураг буюу махыг ихээр хэрэглэж байгаа. Уургаа авдаг хэмжээгээрээ авах нь зөв. Гэхдээ одооны хоол хүнсэнд орж байгаа гурилан бүтээгдэхүүн, элсэн чихэр, архи зэргийн хэрэглээг багасгах хэрэгтэй. Мөн загасны тосыг хүнсэндээ заавал хэрэглэвэл зүгээр. Хэт их давсалсан, халуун ууранд хэт болгосон загасны махны омега-3 байхгүй болдгийг анхаараарай. Түүнээс гадна ургамлын тосны омега-6, загасны тосны омега-3-ийн харьцаа 4/1 байхыг бодолцох хэрэгтэй. Зарим хүн зөв хооллодог, идэвхтэй хөдөлгөөн хийдэг болохоор амьдралын хэвшилдээ өөрчлөлт оруулах шаардлагагүй мэт байж болно. Гэхдээ бүхий л тохиолдолд ийм байдаггүй. Яагаад гэхээр хоол хүнснээсээ хангалттай хэмжээний шим тэжээл авч чадахгүй тохиолдол их. Тиймээс шим тэжээлээ нөхөж авахын тулд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэмж хэрэглэх нь тохиромжтой. Дэлхийн ихэнх орнууд нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж байж л хангалттай шим тэжээлээ авна гэдэгтэй санал нэгдсэн байдаг. Судалгаанаас харахад хөдөө аж ахуй эрхэлдэг хүмүүсийн стрессийн хэмжээг хотод амьдардаг хүмүүсийнхтэй харьцуулахад хамаагүй бага. Монголд сүүлийн жилүүдэд эрчимтэй хотжилт явагдаж байгаа болохоор тэр хэрээр хүмүүсийн стресс их байгаа болов уу гэж бодож байна. Стресс зөвхөн уур уцаараар илэрдэггүй. Биед стрессийн үйл явц үргэлжилж байвал нөлөөллөө үзүүлсээр байна гэсэн үг. Энэ нь эргээд хооллолтод сөргөөр нөлөөлдөг. Хүн стресстэй байх тусмаа нүүрс усыг илүү ихээр идэх хүсэлтэй болдог юм. Манай Москвад хүмүүс нь жилийн дөрвөн улиралд хотоос гарахыг эрмэлздэг. Амралтын өдрүүдээрээ дандаа лагерьт гарна. Зун болмогц бүгд зусландаа бүрэн гарч тэндээсээ ажилдаа явдаг юм. Учир нь хүн байгаль дэлхийтэйгээ ойр байх тусмаа уур уцаар, бухимдлаас хол байж чаддаг.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
1
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.