Ширээн дээр | Пинза – Эрүүл түргэн хоол
Энэ долоо хоногт бид түргэн хоолонд дуртай боловч хэт их калоритай, байнга идэж чаддаггүй эсвэл глютен болон төрөл бүрийн амтлагчны харшилтай хүмүүст тохирсон хоолны цэстэй газрыг онцолж байна.
Байршил
Байгалийн түүхийн музейн зүүн талд
Уур амьсгал
Нээгдээд удаагүй байгаа учир бүх юм шинээрээ, цэвэрхэн, тод өнгөтэй. Бас нэг чимж байсан зүйл нь хананд өлгөсөн төрөл бүрийн гар урлалын бүтээлүүд болон таваг.
Ая, тух
Түргэн хоолны газрын хэмнэлдээ тохирсон тухлаг, мэдээж удаан сууж ярилцах орчин биш. Босоо сандал, өндөр ширээнүүд дээр захиалсан хоолоо идчихээд л гарахад зориулсан. Захиалсан хоол маань ч 10 минутын дотор бэлэн болсон байлаа.
Хөгжмийн сонголт
Үйлчилгээний газруудад байдаг л хөгжим энд бас дуугарна. YouTube дээрээс бүгд тухайн үеийн хит дууны playlist тавьчихдаг байх.
Онцлох хоол
Мэдээж пинза. Харахад пиццатай төстэй боловч "эрүүл" гэсэн. Үндсэн жор болох гурил нь глютенгүй бас зөвхөн оливын тос ашигладаг. Гэхдээ эрүүл гээд ч тэр үү topping /орц/ нь бага, пицца идэж дассан надад бага зэрэг хоосон, хөндий амттай санагдсан. Мөн, үйлчилгээний газруудад харагдаад байдаггүй амтат төмсний чипсийг эндээс захиалж болно. Энэ нь таалагдсан.
Магтах зүйл
Хоол нь хурдан бэлэн болдог. Хурдан ч шингэдэг хөнгөн хэлбэрийн хоолонд орохоор юм байна лээ. Бас хүүхдэд зориулсан суултуур бие засах өрөөнд байсан нь их таалагдсан шүү.
Муулах зүйл
Нэмэлтээр ямар нэгэн амтлагч орцонд нь оруулах боломжгүй. Жишээлбэл, халуун ногоотой хоолонд дуртай хүн тусад нь өөрөө амтална.
Хамгийн үнэтэй хоол
Холимог махан пинза – 10900₮
Хамгийн хямд хоол
Дессерт пинза – 6900₮
Зөөгчдийн “царай”
Тийм ч найрсаг санагдаагүй. Өөрөө өөртөө үйлчилдэг болохоор үүд хэсэгт кассныхаа хажууд л зогсож байдаг. Амтлагч, амны цаас зэрэг зүйлсээ өөрөө хайж олж авсан.
Instagram-д зураг хийхэд хэр үзэмжтэй вэ?
Үзэмжтэй. Дотоод засал хийгээгүй мэт тоосго, замаска, агааржуулалтын хоолойнууд нь ил харагдана. Нэмээд хурц улаан өнгийн оруулга, тасалгааны ургамлууд нь зурганд их гоё гарна.
Холбоосууд
Tamiraa guai 2019.04.05 93.133.37.179
Дотоод засал хийгээгүй мэт тоосго, замаска, агааржуулалтын хоолойнууд нь ил харагдана-----> interior designd industrial design gedimo
1 0 Хариулах