Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Шүүгчтэй холбоотой "урт нэртэй" хуулийн талаарх ЗАЛУУСЫН үзэл бодол


Д.Амартүвшин – Комедиан 

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс шүүгч, прокуроруудад зөвлөмж гаргаж байна гэдэг нэрийдлээр шүүх засаглалыг гартаа оруулах гэсэн санаархалыг эсэргүүцэж байна. Энэ нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн үйлдэл. Дарангуйллын дэглэм эхлээд шүүх засаглалыг хяналтандаа оруулах замаар тогтдог. Залуус бид үүнтэй эвлэрч болохгүй. 

Өөрийнхөөрөө үзэл бодлоо илэрхийлж, аз жаргалаа эрэлхийлдэг энэ эрх чөлөөгөө хадгалж, сонгож авсан ардчиллынхаа замаар цаашид явъя л гэж бодож байвал үүнийг хүлцэн тэвчиж болохгүй гэж бодож байна. Өчигдөр энэ хуулийг хэлэлцэж байхад АНУ-ын Үндсэн хуулийг бичилцсэн Томас Жефферсоны 

“Эрх чөлөөний төлөөс бол байнгын сонор сэрэмжтэй байх явдал юм” 

гэсэн үг санаанд орж байлаа. Бид өчүүхэн л сонор сэрэмж алдвал дарангуйлагчид тэр цоорхойг ашиглаж өөрсдийн дэглэмийг тогтооно гэдгийг мартаж болохгүй.

Х.Номингэрэл – Хуульч, судлаач 

Жинхэнэ айдас, хүйдэс! Үндсэн хууль, хууль ёс, төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцэл, хүний эрх, шүүхийн хараат бус байдал, шударга ёс баяртай болно гэж үү? Дуугүй, хүлцэнгүй, арчаагүйтсээр байх уу? Аль аль талдаа шударга бусыг сандал, суудалтайгаа зууралдаж хов, живээс цааш гаргаж ярилгүй өнгөрөөсөөр дарангуйлагчийг ингэж солиорох замыг нь шулуутгачих шиг боллоо. Хууль, шүүхийн байгууллагад хорсож болно оо, гэхдээ засах арга нь лав энэ биш. Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг сайжруулах боломж бий, Ерөнхийлөгчийн тамгын газар ч өөрөө шүүхийн хариуцлагын тухай гээд хуульчдаар бэлдүүлж байсан төсөл байсан. Гэтэл биднийг телевизийнхээ өмнө жүжиг үзээд баясаж суухад цаагуур нэг, хоёр авлигачийг “нухах” биш төр эргүүлэх юм болж байна. 

Г.Баттогтох - "Степпе Паблишинг"-ийн захирал 

Буруу зөрүү шийдвэр гаргасан, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох нэрээр эхэлсэн энэ ажил эцэстээ засаглалаа нурааж, тусгаар тогтнолоороо тоглосон хэрэг болох вий дээ! “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гүйцэтгэх эрх мэдлийн салбарын уялдааг хангах зорилготой байгууллага. Тэд Үндсэн хуулиас давах эрх байхгүй санагдана. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зорилго, чиглэл ийм атал “зөвлөмж” гэдэг бичиг гаргаад шүүгч, прокурорыг халж сольдог байж болохгүй. Ийм санаачилга гаргаж буй нь 1930-аад онд байгуулагдаж, олон мянган хүний амиар “наадсан” Онцгой бүрэн эрхт комисс (ОБЭК)-ыг дахин сэргээх гэж буйтай агаар нэг сонсогдоно. Буруу зөрүү шийдвэр гаргасан, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцох нэрээр эхэлсэн энэ ажил эцэстээ засаглалаа нурааж, тусгаар тогтнолоороо тоглосон хэрэг болох вий дээ!

Д.Мөнх-Эрдэнэ – Хуульч 

Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн үйл ажиллагааны зарчмуудыг зөрчсөн, ноцтой үр дагавар бүхий хуулийн төсөл батлагдах нь ээ. Хүнийг эрүүдэн шүүсэн, хилсээр ял хүлээлгэсэн асуудал байгаа бол нэн яаралтай шалган тогтоож, тухайн албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох эрх зүйн орчин Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд бий. Гэтэл энэ асуудлаар далимдуулж шүүхийн бие даасан байдал, шүүгчдийн хараат бус байдлыг улам алдагдуулах, хэнээс ч хараат бус байх учиртай шүүгчдийг томилгоогоор нь дамжуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хэмээх 3 томоохон улс төрчдийн нөлөөнд оруулах хууль батлах гэж байгаа нь эмгэнэлтэй байна. 

Ийм жишиг ардчилсан, эрх зүйт төр бүхий дэлхийн ямар ч улсад байхгүй. НҮБ, Олон улсын хуульчдын холбоо болон бусад олон улсын байгууллагаас гаргасан шүүхийн бие даасан байдлыг хангах зөвлөмжүүдэд шүүгчдийн томилгоо, хариуцлагын асуудлыг улс төрчдөөс хараат бус арга, хэлбэрээр зохион байгуулахаар заасан байдаг. Манай улс төрчид өнгөрсөн хугацаанд шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр дорвитой ажил нэг ч хийсэнгүй. Харин хэн нь нөлөөндөө оруулах, өрсөлдөгчөө намнахад ашиглах талаар уралдаж ирлээ. 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан индексээр манай шүүх бие даасан байдлаараа дэлхийд 110 дугаар байранд орон сүүл мушгиж байгаа нь үүнийг нотолж байна. Үүнд алсын хараагүй, богино бодолтой улс төрийн намууд, улс төрчид гол буруутай. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж буй улс төрчдийн дур зоргоос иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах гол институци бол шүүх. Гэтэл энэ үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх боломж цаашид улам алдагдахаар байна. Шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг эрх зүйт төрийн зарчим, олон улсын сайн жишигт нийцүүлэн яаралтай хийх цаг нь болжээ.

О.Гэрэлээ -  Эрх зүйч

Ардчиллын суурь болсон хууль тогтоох, гүйцэтгэх шүүх эрх мэдлийн харилцан бие биенээ хянах хяналтыг алдагдуулах, шүүхийн хараат бус байдлыг үгүй хийх гэсэн Ерөнхийлөгчийн, Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн, Их Хурлын үйл ажиллагаа бол санаатайгаар Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад олон хуулийг зөрчиж байгаа хууль дээдлэх ёсны эсрэг үйлдэл юм. Ардчилсан тогтолцоог иргэд өөрсдөө сонгож байгуулсан бөгөөд явцад нь гарах бэрхшээлийг хамтдаа хэлэлцэж ардчилсан замаар шийдэж явах ёстой болохоос хэдэн албан тушаатны алдаа эсвэл хувийн ашиг, сонирхлоор сольж өөрчилдөг зүйл биш. Ардчиллыг, парламентат ёсыг сонгосон иргэдийн сонголт өөрчлөгдөхгүй, харин дарангуйллыг тогтоохыг санаархаж байгаа улс төрчидтэй тооцоо бодож, дахин сонгохгүй байж чадна. Ард түмэн шүүх, прокурорыг цэвэрлэхийг хүсч байгаа учраас хуулиудад өөрчлөлт оруулж байгаа гэж байна. Гэтэл би болон миний эргэн тойронд маш олон залуучууд энэ өөрчлөлтийг эрс эсэргүүцэж байгаа. Эрх чөлөө, хуульт ёс, үндсэн хуулиа хамгаалах нь ардчилсан улсын иргэний үүрэг гэж боддог.

Б.Болорсайхан - МУИС-ийн ХЗС-ийн суралцагч, эрх зүйч

Би долоон настай байхдаа “Эзнээ сольсон нь” гэдэг Жорж Орвелл гуайн номыг үзээд их айж байсан. Амьтдыг хүнээр төсөөлөөд... Нийгэм ямар аймаар өөрчлөгдөж болдог юм бэ гэж.

Өчигдөр хэлэлцсэн хуулийн төсөл маш буруу, айдас авчрах шийдвэр. Эргээд санавал охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлүүлэхээс хамгаалахын тулд гэмт этгээдийг цаазаар авах санал гаргаж, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэхийг үл тоож байгаагаа төрийн түшээд өмнө харуулсан. Тэд хүүхэд хамгаалах үр дүнтэй тогтолцоо, гэр бүлийн хүчирхийлэлтэй дорвитой тэмцэх талаас огт дуугараагүй. 

Харин 2019 оны 3-р сарын 26-ны өдөр бол 30 орчим жил тэмцэж босгосон одоогийн ардчилсан, эрх чөлөөт нийгэм, хууль дээдлэх ёс, эрх мэдлийн хянал тэнцлийг үнс мэт хийсгэсэн огноо гэж үхэхдээ ч санах хар дурсамжтай боллоо. Яагаад гэвэл Үндсэн хуулийн оршилд заасан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоохын тулд үндэсний аюулгүй байдал, эрх чөлөө, эв нэгдэл бүгд эн тэнцүү харгалзах зүйл. Авлига бол ялзрал, төрийн төдийгүй нийгмийн бүх салбарыг идээ бээрээр ороож, хүний эрх чөлөөг боомилдог ч гэсэн хуулийг дээдлэн ажиллах бус, гурван хүний шийдвэрээр шударга ёс тогтоно гэдэгт би итгэхгүй байна. 

Өмнө 2014 онд ЭБШ хууль, Прокурорын байгууллагын хуулийг өөрчилж, бас УИХ-ын 2014 оны 22 дугаар тогтоолоор Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүүдэн шүүх гэмт хэргийг тусгайлан шалгахгүй, цагдаа цагдаагаа, өөрөөр хэлбэл, нэг ажлын, ангийн, сургуулийн хүүхдүүд нэгнээ шалгах болсон. Эрүүдэн шүүж нотлох баримтыг шүүхэд явуулсан бол олон улсын гэрээ, зөвлөмжийн дагуу Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизмаа байгуулах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж, өчигдөр шуурхай хуралдсан туршлагаараа хөндлөнгийн хяналтын механизм байгуулах ёстой.

Б.Баясгалан - "Тагтаа" хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч 

Ардчилсан нийгэмд хүнийг эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэнэ гэдэг байж боломгүй шударга бус, хүнлэг бус, хууль бус зүйл. Хэрэв тийм зүйл гарсан бол хэрэг хүлээлгэх үйл ажиллагаанд оролцсон бүх шатны албан тушаалтантай хатуу хариуцлага тооцох учиртай. Шүүхийн алдаа завхралыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиа боловсронгуй болгох, шүүгчдэд тооцох хариуцлагын системийг дахин харж үзэх замаар засч болно. Харин сүү гашилсан байна гээд ваараа хага чулуудчихаж болохгүй. Энэ бол хоёр өөр зүйл. 

Энэ хуулийг зүтгүүлэгчдийн үгийг сонсоход Үндсэн хуулиар үсдчихсэн юм шиг, засаглал хуваах зарчмаар л занччихсан юм шиг зүйл яриад байна. Шүүх засаглалын эрх мэдлийг төрд, тэр тусмаа Ерөнхийлөгчид төвлөрүүлэх замаар асуудлаас гарна гэж ухуулж байна. Яг энэ шийдлээр явбал биднийг хилсдүүлэх, гүтгэх, эрүүдэх, айдсаар засаглахыг санаархагчдад улам л том боломж олгож, ёстой л чонын амнаас гараад барын ам руу орно. Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны амиараа төлсөн, амьдралаараа бүтээсэн үнэт зүйлийг өнөөдөр өөрийнх нь амь насны хэргийг балт болгон нурааж байгаа нь харамсалтай. Өнөөдөр УИХ-ын гишүүдэд тэр эрүүдэн шүүлтийн бичлэгийг үзүүлэх юм байна. Тэр жигшүүрт бичлэгийг үзээд айж цочоогүй юу, хүн чанарын машин чинь ажиллаагүй юу гэж сүрдүүлж байгаад зорилгодоо хүрэх биз ээ. Гэвч хэзээнээс манай төр засаг хууль ёсоор бус, айдсаар засаглах гэж оролддог болчихов, бид эргээд бодох хэрэгтэй.

Г.Улсболд - Newspress.mn сайтын Эрхлэгч 

Тагнуул, цагдаа, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийг шалгадаг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг 10 жилийн ойн дээр нь татан буулгасан. Захиргааны хэргийн шүүхийн 10 жилийн ой тохиосны дараа Засгийн газар болон түүний харьяаны байгууллагуудыг шүүхэд хянуулахгүй гэж зүтгэлээ. Шүүгчид рүү нь дайрлаа. Араас нь 10 жилийн ойгоо саяхан тэмдэглэсэн АТГ-ын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр сольдог болъё гэсэн хуулийн төслийг энэ байгууллагад яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа Ерөнхийлөгчид нэр дэвшээд сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн өргөн барилаа. Шүүгч, прокурор, АТГ-ын удирдлагыг санал болгодог, томилдог эрх мэдэлд яллагдагч сонгогдохоор юу болж байгааг харж байна, нэгт.

Хоёрт гэвэл, албан тушаалтан гэмт хэрэг хийвэл АТГ шалгаж, прокурор хянаж, шүүх шийтгэнэ. Шударга ёсыг тогтоодог энэ процессын хонгилыг “шударга бусынх” гэж улстөрчид л ярьж байна. Яагаад гэвэл ЖДҮ, 60 тэрбум, концесс, Эрдэнэтийн 49 хувь, төмөр замын, аж үйлдвэр, бондын хэргүүдийг энэ байгууллага шалгана. Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга гурван улстөрч буюу 2020 онд гудамжинд гарах ҮАБЗ-ийнхөн шүүгч, прокурор, АТГ-ыг үзэмжээрээ самраад байж болох юм уу. Х.Баттулгын өргөн барьсан хуулийн төслийг У.Хүрэлсүхийн намын 64 баталлаа гэхэд Г.Занданшатар алхаа гялс тогшино. Мэдээж өөрийнх нь санаачилсан хууль учраас Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавихгүй. Ингээд Цэцийн дээр Үндсэн хууль байдаг бол тэр босгыг давахгүй унах л байх. Эцсийн дүнд, хуулийнхны дунд хулгайч нар үүрэлсэн бол тэдний баримтыг хууль хяналтын байгууллагад өгч, шалгуул. Үүнийг дэмжиж байна. Харин хэсэг улстөрчийн үзэмжээр шударга ёсны манаачдыг шүүн таслахыг зөвшөөрч болохгүй.

Ер нь, Наадмаар, Цагаан сараар, Шинэ жилээр хууль бөөндөөд байна гэж Хууль тогтоомжийн тухай хуулийг гаргаж ирсэн биз дээ. Энэ хуулиар бол хууль санаачилсан хүн төслөө иргэдээр хэлэлцүүлж, мэргэжилтнүүдийн саналыг авсны дараа Засгийн газарт, цаашлаад УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх ёстой. Гэтэл яагаад Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ногоон гэрлээр УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад тооноор нь орж ирээд явна вэ. Энэ бүхэнд Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчдийн холбоо, Прокуроруудын холбоо байр сууриа илэрхийлэхгүй байгаа нь хачирхалтай. Ёстой нөгөө, айдас хүйдэс гэдэг энэ үү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
1
3
0
2
1
0
11