Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Судалгаа: Ажилчдын эрүүл оршихуйд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хүчин зүйлд цэвэр агаар, байгалийн гэрэл багтжээ


Орчин цагт байгууллагууд оффисын уур амьсгал, бүтэц зохион байгуулалтад онцгой анхаарал хандуулах болсон. Учир нь ажлын орчин хүмүүсийн бүтээмж, эрүүл мэндэд чухал нөлөө үзүүлдэг болох нь олон арван судалгаагаар батлагдсан билээ. 

Тэгвэл эрүүл, тав тухтай ажлын орчин гэвэл таны толгойд хамгийн түрүүнд юу орж ирэх вэ? Олон хүн шинэхэн хоол хүнс, дасгал хийх өрөө, хурлын заал, сагсны талбай, буйдан, чимээгүй орчин, зай талбай гэх мэтчилэн хариулах болов уу. Тэгвэл хүний эрүүл оршихуйг дэмжсэн ажлын орчинг бүрдүүлэхэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйлс нь цэвэр агаар, байгалийн гэрэл гэнэ. 

Нью-Йорк хотод төвтэй Future Workplace судалгааны байгууллага ажлын орчин болон ажилчдын эрүүл мэндийн холбоо хамаарлыг тодорхойлох зорилготой судалгааг (Workplace Wellness Study) явуулжээ. 2019 оны дөрөвдүгээр сард хийгдсэн энэхүү судалгаанд орчин үеийн технологид холбогдсон, ухаалаг систем бүхий барилга, байгууламжид ажилладаг 1601 хүн хамрагдсан байна. 

Оффисын орчин нь хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж, оролцоонд нөлөөлдөг болохыг дээрх судалгааны үр дүнгээр баталжээ. 

Тодруулбал, судалгаанд хамрагдсан хүмүүсийн 67 хувь нь эрүүл амьдралын хэв маягийг дэмждэг орчин, нөхцөлд илүү үр бүтээлтэй ажилладаг хэмээн хариулжээ. Хэрэв ажлын орчин нь эрүүл бус хэв маягтай байвал өдөрт доод тал нь нэг цагийг алдах буюу үр бүтээлгүй ажиллана гэж 30 орчим хувь нь хариулсан байна. Түүнчлэн хүрээлэн буй орчны таагүй байдал нь тэдний ажлын бүтээмж, эрүүл оршихуйд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлдэг гэж судалгаанд хамрагдагсдын гуравны нэгээс илүү нь үзсэн байна. 

Ажлын байрны эрүүл оршихуй гэдэгт дараах гурван зүйлийг багтааж ойлгоно гэжээ. Үүнд: 

Бие бялдрын эрүүл мэнд: Ажлын орчинд эрүүл зан үйл, дасгал хөдөлгөөн, тав тухыг бүрдүүлэх

Хүрээлэн буй орчны эрүүл мэнд: Ажлын байранд агаар, гэрэл, температур, дуу чимээ зэргийг харгалзан үзэж, ая тухаар хангах 

Сэтгэл зүйн эрүүл мэнд: Стрессгүй ажлын орчинг бүрдүүлэхэд байгууллагын соёл, гадаад орчинтой (байгальтай) холбогдсон байдал зэрэг хэд хэдэн хүчин зүйл нөлөөлнө. 

Дээр дурдсан хүчин зүйлсээс цэвэр агаар эрүүл оршихуйд хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг болохыг судлаачид онцолсон байна. Тухайлбал, 

  • Агаарын чанар тааруу байдал нь тэднийг нойрмоглох, эрч хүчгүй болоход нөлөөлдөг гэж судалгаанд оролцогчдын 44 хувь нь 
  • Агаарын чанар тааруу байдал нь загатнах, нүд улайх, хоолой өвдөхөд хүрдэг гэж 28 хувь нь 
  • Ажлаас гарч явахад эдгээр шинж тэмдгүүд арилдаг гэж 37 хувь нь тус тус хариулжээ. 

Эрүүл оршихуйд эерэгээр нөлөөлдөг хоёр дахь хүчин зүйлд гэрэлтүүлэг багтсан байна. Байгууллага нь ажлын гүйцэтгэлд нийцсэн, тохиромжтой гэрэлтүүлгээр хангаж чаддаггүй гэж  судалгаанд хамрагдагсдын 60 орчим хувь нь үзжээ. Түүнчлэн байгалийн гэрэл, өдрийн гэрэл, гадаад орчны харагдах байдал зэрэг нь биеийн тамирын заал, гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй ажлын байрны бодлого зэргээс ч илүү чухал гэж хариулсан байна. 

Судалгааны гол гол үр дүнгүүд: 

  • Оффисын орчин дахь агаарын температур ажиллахад тааламжтай байж чаддаггүй гэж үзжээ. Тодруулбал, 30 хувь нь ажлын орчин нэг бол хэт халуун эсвэл хэт хүйтэн байдаг гэж хариулжээ. 
  • Ажлын орчны дуу чимээ нь анхаарал төвлөрөл алдагдаж, сатаарахад хүрдэг гэж 47 хувь нь хариулсан байна. Харин 22 хувь нь ажлын орчны дуу чимээ асуудал дагуулдаггүй гэжээ. 
  • Судалгаанд оролцогчдын 60 орчим хувь нь ажилчдынхаа эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг дэмждэг байгууллагыг сонгоно гэжээ. 

Эх сурвалж: Forbes

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.