Хайх зүйлээ бичнэ үү

Залуус, хүүхдүүд энэ номоос өвөө эмээгийнхээ ярианаас л сонсож байсан зүйлсээ харах боломжтой.

Японы гэрэл зурагчин Сүгияама Тэрүзо нь анх 1983 онд Монголд ирж байжээ. Тэрбээр Монголын түүх, соёлын талаар хэд хэдэн зургийн цомог, ном хэвлүүлсэн юм. Түүнчлэн Сүгияма Тэрүзо 2007 онд Алтан гадас одон,  2017 онд МУСТА цол тэмдгээр тус тус шагнуулсан байна. Өнгөрсөн лхагва гарагт тэрбээр "Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомгийнхоо нээлтийг хийсэн юм. Тус цомгийн тухай болон гэрэл зургийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Саяхан нээлтийг нь хийсэн “Улаанбаатар-1983” гэрэл зургийн цомгийн талаар яриагаа эхэлье.

-"Улаанбаатар-1983" гэрэл зургийн цомогт социалист нийгэм, түүнээс ардчилалд шилжсэн 1992 он болон орчин үеийн нийслэл хотын 200 гаруй зураг багтсан. Гэрэл зураг хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог. Өмнөх зургуудаа одоогийнхтой харьцуулан цомогтоо оруулснаараа онцлог болсон. Эдгээр зураг тухайн үедээ жирийн л гэрэл зураг байсан. Харин 30 гаруй жилийн дараа харахад маш их зүйл өгүүлж байна. Залуус, хүүхдүүд энэ номоос өвөө эмээгийнхээ ярианаас л сонсож байсан зүйлсээ харах боломжтой. Нэг ёсондоо түүхийн мэдлэг ч олж болно гэсэн үг.

-Монголын түүх, соёлд татагдахад юу нөлөөлсөн бэ?

-Гэрэл зурагчний хувьд дэлхийн орнуудаар аялахдаа олон зураг дарсан. Зорьж, төлөвлөж зураг авсан улс нь ганцхан Монгол. Анх удаа Монголд ирэхэд нийгмийн байдал, Улаанбаатар хотын бүтэц их сонирхолтой санагдсан. Уулнаас буга бууж ирээд хотын төвд идээшилж, тог тасрахад троллейбуснууд тэр чигээрээ зам дээр эгнээд зогсчихдог байж билээ. Ирэх бүрт илт харагддаг өөрчлөлтүүдийг өөрийн эрхгүй камертаа буулгамаар санагдсан. Үүнээс гадна музейд л байдаг түүх, соёлын үнэт зүйлсийн зургийг авна гэдэг нэр төрийн хэрэг. Бас их сонирхолтой.

-Та анх гэрэл зураг хэрхэн дарж эхэлсэн түүхээсээ хуваалцаач?

-Би хамгийн анх Японд сонингийн газарт сурвалжлагчаар ороод зураг авах болсон. Тухайн үед 22 настай, өмнө нь камер барьж ч үзээгүй байж байгаад л шууд зураг авч эхэлсэн дээ. 1983 онд Монгол Улсад аялах, сонины зураг авах зорилгоор ирэхдээ анхны зургаа авч байсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа ирж, Монголын соёл, аж амьдралын талаар нэлээд хэдэн гэрэл зургийн цомог болон ном хэвлүүлсэн.

-Олон жил зураг дарж явахад сэтгэлд тань үлдсэн онцгой дурсамж юу вэ?

-Хөдөөний малчин айлуудын элгэмсэг, зочломтгой зан сэтгэлд их хүрсэн. Огт танихгүй хүнийг гэртээ урьж, дайлж цайлж байсан нь үнэхээр гайхмаар бас сайхан санагдсан. Социализмын хаалттай нийгэмд нууцаар зураг авах гэх мэт хэцүү зүйлс байсан л даа. Одоо бодоход тэр үе их дурсамжтай байдаг юм. Өөр хаана ч тийм зүйл тохиолдохгүй шүү дээ.

ЗурагТайлбар




-Ямар гэрэл зургийг хамгийн сайн гэх вэ?

-Гэрэл зурагчны хувьд хэлэхэд зургийг сайн, муу гэж ангилах нь амаргүй. Нэг талаас чанаргүй, зохиомж муутай байж болох ч өгүүлэмж нь сайн байх зургууд ч бий. Миний хувьд сайн зураг авахын тулд бодит байдлыг зургандаа тусгахыг хичээдэг. Ямар нэгэн өрнөлийг хүчтэй, хүчгүй гэж ялгахаас илүү “сүүдрийн бичээч” гэдэг шиг тухайн зүйлийг үнэнээр нь хүргэх чухал гэж боддог. Зураг авч, авахуулж байгаа хүмүүс хэт их хичээх нь бодит байдлаас холдож, хачирлахад хүргэдэг шүү.

-Та зураг авахдаа юуг чухалчилдаг вэ, зураг авахад төрдөг мэдрэмжээсээ хуваалцана уу?

-Зураг авах нь яг л уран зураг зурах эсвэл кино зохиол бичихтэй адил санагддаг. Зураг авахын өмнө өгүүлэх зүйлээ их сайн бодож төлөвлөдөг. Энэ нь хуурамчаар үйл явдал зохионо гэсэн үг биш. Зургаа дарахын өмнө энэ өрнөлийг яаж авбал бүхлээрээ дуранд буух вэ гэдгийг тооцоолохыг хэлж байгаа юм. Жижиг хэсэг бүр нь утга агуулгатай байхаар бодож зургаа авдаг. Хүмүүс тухайн үеийнхний төрх, нийслэл хотын аж байдлыг харж одоо үетэй харьцуулан хойшдоо юуг анхаарах талаар бодоосой гэж хүсэж байна.  

-Таныг анх Монголд ирж байсан үеийг одоогийн үетэй харьцуулахад хэр их ялгаатай санагдаж байна вэ?

-Социализмын үед хүссэн бүхэн зураг дардаггүй байсан. Гудамжинд алхаж явахдаа зураг дарж байгаагаа мэдэгдэхгүйн тулд дурангаа дээш нь болголгүйгээр зургаа авч байсан удаатай. Уулнаас машин замын зураг авах гэхэд машин огт ирэхгүй хэсэг хүлээж, нэг автобус ирэхэд нь зураг дардаг тийм л нийгэм байлаа. Одоо бол Улаанбаатар хот маш их өөрчлөгдсөн. Хөгжил дэвшилтэй, өндөр барилгууд баригдсан ч тэртээ 1983 оны Улаанбаатар, одооны нийслэлийн аль нь хүн амьдрахад таатай байх талаар бодууштай санагддаг. Зах зээлийн нийгмээ дагаад хүмүүсийн хандлага, зан араншин ч бас өөрчлөгдсөн болов уу гэж боддог.

-Цаашдаа Монголд хийхээр төлөвлөж байгаа ажил бий юу?

-Монголын соёлын өвийн талаар ном гаргахаар бэлтгэж байгаа. Одоо 75 настай учраас тийм ч их зүйл төлөвлөж чадахгүй л байна даа (инээв).

-Та гэрэл зураг авах сонирхолтой залуучуудад зөвлөгөө өгөөч?

-Цаг хугацаа маш хүчтэй. Хэдхэн жилийн дотор л аливаа зүйл орвонгоороо өөрчлөгдөх тохиолдол бий. Гэрэл зураг түүх бас баталгаа болдог. Тийм учраас одоогийн байгаа мөчийг хадгалж үлдэх нь их чухал. Хэрвээ миний дээхэн үед авсан зурган дээр буусан нийгмийн байдал одоогийнхтой яг адил байсан бол миний зураг тийм ч онц санагдахгүй. Харин өнгөрснийг одоотой харьцуулж дэвшил, дутагдлыг дүгнэж цэгнэхэд гэрэл зураг тусладаг. Энэ бол гэрэл зургийн үнэ цэнэ. Тийм учраас зурагчин хүн заавал утга санаа хайж эрэлхийлэхийн оронд өөрийн дотоод хүслээ сонсож хүссэнээ л хийх хэрэгтэй.

Ярилцсан: М.Тэргэл


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
12
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2020.01.17 124.158.126.6

Гоё ярилцлага болжээ. Сүгияамагийн гэрэл зураг дахь 1983 оны Улаанбаатар хот өдрөөс өдөрт биднээс алсарсаар байна, харамсалтай. Яагаад харамсаж байгаа вэ гэхээр Сүгияамагийн хэлснээр тэр үед Улаанбаатар хот хүнд зориулсан хот байсан.

1 Хариулах


Зочин 2020.01.17 45.56.198.48

как фотограф не очень. Мне так кажеться извини меня

1 Хариулах