Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Тэтгэлгээр сурч байгаа оюутнуудын бусдадаа өгөх ЧУХАЛ зөвлөгөө

Тэтгэлгээр сурдаг оюутнууд туршлагаасаа хуваалцлаа.


Тэтгэлгээр сурах гэсэн ч судалгаа хийх учраа олохгүй, мэдээлэл дутмаг, хаанаас ямар тэтгэлэг авах боломжтойг мэдэхгүй байна уу? Турк, Хятад, Австри, Унгар улсад засгийн газрын тэтгэлгээр сурдаг оюутнуудын зөвлөгөөг хүргэж байна. 

Турк улсын “Sakarya” их сургуулийн Бизнесийн удирдлагын ангийн 1-р дамжааны оюутан Д. Дашням

Би “Цэцээ гүн” менежментийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр бакалаврын түвшинд суралцаж байх хугацаандаа Турк улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг судалж, материалаа явуулж байсан. Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зөвхөн www.turkiyeburslari.gov.tr цахим хуудсаар хийдэг. Мөн энэ сайтаасаа бүрдүүлэх материал, шалгуур гээд бүх мэдээллээ авах боломжтой.

Тэтгэлэг нь үндсэн хоёр шатаар оюутнуудаа шалгаруулж авдаг. Эхний шатандаа тэнцвэл хоёр дахь шат буюу ярилцлагадаа ордог. Харин энэ жилээс ярилцлагаас гадна нэмээд Математик болон IQ-ийн шалгалт өгдөг болсон байна лээ. Мөн эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх ба тухайн оюутны урлаг, спортын болон нийгмийн амжилтыг харгалзан үздэг. Тэтгэлэг авсны дараа илүү анхаарах хэрэгтэй. Учир нь тэтгэлэг авч ирээд энд муу сурснаас болоод тэтгэлгээ алдах тохиолдол маш их байдаг.   

Турк улсын засгийн газрын тэтгэлгээр Туркийн 55 хотын 105 их сургуульд суралцах боломжтой. Энэ жилээс эхлээд Турк улсын засгийн газрын тэтгэлэг нь бакалавр, магистр, докторын материалаа нэгэн зэрэг хүлээн авдаг болсон. Тус тэтгэлэгт өнгөрсөн жил дэлхийн 167 улсаас 14700 гаруй гадаад оюутан бүртгүүлсэн. Тэтгэлэгт тэнцсэнээр та өөрийн хүссэн аль ч сургуульдаа 100 хувь үнэгүй сурах боломж нээгддэг. Үүнд дотуур байр, турк хэлний бэлтгэл, ирэх, буцах онгоцны тийзний үнэ, эрүүл мэндийн даатгал болон нэг сарын халаасны мөнгө хүртэл багтдаг. 

  • Бакалаврын түвшний оюутанд – 700 турк лир
  • Магистрын түвшний оюутанд -  950 турк лир
  • Докторантурын түвшний оюутанд – 1400 турк лир тус тус сар бүр олгодог.

 БНХАУ-ын Харбин хотын Технологийн их сургуулийн төгсөгч О.Учрал

Хятад хэл сурах сонирхолтой байсан болохоор урд сурдаг найзуудаасаа мэдээлэл их авдаг байсан. Тэгээд монголчууд багатай хятад хэлийг хамгийн сайн сурч болох хотыг судалж байгаад хамгийн цэвэр аялагатай гэгддэг Харбин хотын Технологийн их сургуулийг сонгон материалаа бүрдүүлээд өгч байсан. Тэтгэлэг нь 9-12 сарын хооронд зарлагддаг, сургуулийн https://www.chinesescholarshipcouncil.com сайт руу ороод бүх мэдээллийг нь авч болно. 

Сургуулийн сайт руу ороод тэтгэлгийн материал үзэж байхдаа хүүхдүүд буруу ойлголт их авдаг. Сайн судалж сургуулийнхаа мэйлээр ч болтугай лавлаж байх хэрэгтэй. Мөн тэтгэлгийн анкет бөглөж байхдаа өөрсдөө мэргэжлээ буруу сонгосноос болж дургүй ангидаа их ордог. Тэгэхээр түрүүлээд суралцмаар байгаа мэргэжлээ сайн судлаад анкетаа бөглөөрэй гэж зөвлөмөөр байна.

Хятад улсад монголчууд тэтгэлгээр сурах маш хэцүү болсон. Монгол оюутнууд хичээж сурдаггүй, хэлэндээ муу гэсэн шалтгаанаар багш нар жаахан гадуурхах хандлагатай байдаг. Тэгэхээр анхнаасаа хэлээ маш сайн бэлдээд тэтгэлэгт оноотой болох хэрэгтэй. Тэр нь чамайг батлах маш чухал баримт болдог.

Мөн Хятад улсад засгийн газрын тэтгэлгээр сурахад олон давуу талууд бий. Жишээ нь, сурч байх хугацаандаа мөнгө хуримтлуулах бүрэн боломжтой байдаг. Би л гэхэд сурч байх хугацаандаа цуглуулсан мөнгөөрөө хэд хэдэн Азийн орноор аялаад ирсэн. Бас гадны оронд сурахын давуу тал гэвэл биеэ дааж сурна, хүнд биш өөртөө найдаж сурна, олон хүмүүс дунд орж олон сайхан туршлага хуримтлуулна, хэлний мэдлэг дээшилнэ, 1-2 хэлийг сайн сурах боломжтой. 

Австри улсын Вена хотын Технологийн их сургуулийн оюутан Б.Булган

Би ар гэртээ сургалтын төлбөрийн дарамт үүсгэхгүйн тулд арван жилд байхын л тэтгэлгийн талаар их судалдаг байсан. Төгсөөд Хаан банкны тэтгэлэгт хамрагдаж их сургуульд орж байсан. Мэдээж тухайн үед нийгмийн идэвхи, дүн гээд их олон зүйлийг харж байж тэтгэлэг олгосон. Оюутан болсноосоо хойш Голомт банк, Энержи Ресурс, Хаан банк, сургуулийн захирлын, Ерөнхийлөгчийн гээд их олон тэтгэлэгт хамрагдаж чадсан. Надад бусдын боддог шиг мундаг ар тал байхгүй л дээ. Аль болох л өөрөө хичээдэг. Австри улсад очоод хоёр жил хэлний бэлтгэлд сууж байгаад төлбөрийн асуудал хүндрэлтэй болж эхэлсэн. Тэгээд нэг хүнээс засгийн газрын тэтгэлгээр сурдаг гэдгийг сонсоод Боловсролын яамны https://mecss.gov.mn/ сайтаас мэдээлэл авсан. Материалаа бэлдэж өгөөд эхний шатанд тэнцсэн. Монголд биш Австри улсаас тэтгэлгийн ярилцлагад орж байгаа болохоор 5 минутын ярилцах боломж олдож, тэнцэж чадсан. 

Хүмүүс дүн юу юм бэ гол нь чадвар л гээд байдаг. Гэхдээ яг үнэндээ амьдрал дээр бол дүн маш чухал. Чи хэчнээн чадвартай байгаад ч дүн чинь муу бол ямар нэгэн тэтгэлэг авч чадахгүй шүү дээ. Тэтгэлгийн гол шалгуур нь дүн гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Мөн дүнгээс гадна нөлөөлөх зүйл бол нийгмийн идэвхи. Миний хувьд эрдэм шинжилгээний ажилд их оролцдог байсан болохоор тэтгэлэг авахад их тус болсон. Одоо бол оюутнуудад хийж болох сайн дурын ажил маш их болчихсон. Бас нэг анхаарах зүйл бол хувийн сахилга бат. Ямар ч бичиг баримт бэлдсэн маш цэгцтэй байх хэрэгтэй. Цагаа барих нь хүртэл таныг таниулах шалгууруудын нэг болдог.

Надаас илүү мундаг олон оюутан байгаа гээд шантарч болохгүй. Та онцгой, цор ганц гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Өөрийнхөө онцлог шинж чанараа заавал харуулах хэрэгтэй. За би ч дээ, чадахгүй биз гээд хойш сууснаараа хүн маш их зүйлийг алддаг. Юу ч байсан оролдоод үзэх хэрэгтэй. 

Мөн гадаадад сурснаар  их олон давуу талууд бий болно. Европд сурахаар хамгийн гоё нь Европын холбооны улсууд руу чөлөөтэй зорчих эрхтэй болдог. Миний сурч байгаа хот дэлхийн хамгийн тайван таатай хотоор 9 жил дараалан шалгарсан. Энд үзэж хараад, сурах зүйл маш их. Би Монголд байхдаа өөрийгөө их л мундаг хүн сураад л, ажиллаад өөрийгөө болгоод биеэ даачихсандаа гэж боддог байсан. Гэхдээ үгүй юм байна лээ. Энд ирээд л яг биеэ даах гэдэг юу болохыг мэдэж, сурч байна. Хамгийн гол нь гадны оронд сурахаар сэтгэлгээ их задараг юм шүү.

Унгар улсын Будапеашт хотын Ёөтвөш Лоранд /Eötvös Loránd Tudományegyetem/ Их сургуулийн  Байгалийн ухааны магистрын ангийн оюутан Б.Нарангуа

Тэтгэлгийн тухай мэдээлэл авах хамгийн гол суваг бол цахим орчин. Маш сайн ашиглах хэрэгтэй. Би Унгарын засгийн газрын тэтгэлгийн мэдээллийг энэ сайтаас олж анх мэдсэн. Материал бүрдүүлж илгээх, оролцох хэсэг бүгд зөвхөн цахим хэлбэрээр Монгол Улстай хамааралгүйгээр явагддаг. Мөн энэ тэтгэлэгт бас хамгийн том шалгууруудын нэг болох Motivation letter хэсэг байгаа. Бусад зүйлс нь CV, хэлний оноогоо баталсан сертификат, эрүүл мэндийн үзлэгийн хуудас, дипломын хуулбар гэх мэтчилэн зүйлс байдаг. 

Жил бүрийн 2-3 сарын хооронд Унгарын тэтгэлэг зарлагддаг. Материал бүрдүүлэлтээ эртхэн эхлэх нь сандрахгүй байхад тус болдог, материалаа бүрдүүлж дуусчихаад Motivation letter дээрээ түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй. Би тийм сайн бичиж чадахгүй ч тэтгэлэгт тэнцэхийн тулд 4 хэсгээс бүрдсэн захиа бичвэл оновчтой болов уу гэж бодож байна. 

1. Өөрийгөө  танилцуулсан, зан чанараа илүү сонирхолтойгоор бичих 

2. Эзэмшсэн боловсрол, сурч байх хугацаандаа амжилт гаргасан эсэх болон ажилласан туршлагын талаар бичих хэрэгтэй. Жишээлбэл, миний хувьд software engineering болон forest engineering чиглэлээр бакалавраа төгссөний дараа IT–ийн салбарыг байгаль орчин луу хэрхэн холбох талаар бодож байгаад GIS(Газар зүйн мэдээллийн систем )-ийн салбарт  хүч үзэж ажиллаж эхэлсэн тухай бичсэн. Ер нь бол  2 мэргэжлээ хоёуланг нь ашиглаж чадсан гэдэг талаас нь харуулахыг хичээсэн.   

3. Өөрийн чөлөөт цагаар хийдэг зүйлс болон сайн дурын ажилд оролцдог мөн нийгмийн идэвхтэй гэдгээ харуулж бичих. Энэ хэсэгт энэ үйл ажиллагаанууд өөрийн чинь сонгосон мэргэжлийн дагуу байвал илүү тохиромжтой. Байгаль орчны чиглэлээр сурч, ажиллахыг хүсэж байгаа бол мод тарих, мод бут айл өрхөд бэлэглэх, голын орчим дахь хог хаягдлыг цэвэрлэх болон байгальд ээлтэй зүйлсийг хийж турших гэх мэтчилэн зүйлс байж болно. 

4. Ямар мэргэжлээр сурч,  энэ тэтгэлгийг авснаар эх орондоо юу хийж чадах ирээдүйн зорилгоо бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол маш чухал. Тухайн сургууль болон сонгосон мэргэжлийнхээ танилцуулга сургалтын хөтөлбөрийг нь олж уншсан байх хэрэгтэй. Ингэснээр та энэ мэргэжлийг яагаад сонгож байгаагаа бичихэд илүү хялбар болно. Мэдээж эх орондоо ирээд хийх зүйлс энгийн ойлгомжтой, үр дүнгээ богино хугацаанд өгөхөөр байвал зүгээр. Эдгээр зүйлсдээ анхаарчихвал та ерөнхийдөө тэнцэнэ л гэсэн үг. 

Тэтгэлгийн хамгийн гол давуу тал бол та англи хэлний  IELTS, TOEFL-ийн өндөр оноотой байх шаардлагагүй. Монгол залуучуудын гол бэрхшээл нь хэлний оноо байдаг юм шиг санагддаг. Заавал IELTS-ийн 6.5 болон түүнээс дээш оноотой байж тэтгэлэг авдаг гэсэн зөрүүтэй ойлголттой байдаг. Дараагийн гол давуу чанар нь Унгар улсын нийт их дээд сургуулиудаас 2-ыг сонгох  боломжтой. Нэгдүгээрт, сонгосон сургуульдаа тэнцээгүй бол 2 дугаарт сонгосон сургууль гэх мэтчилэн оролцдог. Сүүлчийн давуу тал нь Монгол Улстай Унгар улсын засгийн газрын гэрээгээр нийт сонгогдох оюутны тоо 200 байгаа юм. Энэ тоо хэр удаан үргэлжлэх, эсэхийг сайн мэдэхгүй байна гэхдээ тэнцэх магадлал хамгийн өндөртэй тэтгэлгүүдийн нэг байсаар л байгаа.

Хамгийн  том хүндрэл бол Motivation Letter бичих явц болов уу гэж бодож байна. Ихэнх хүүхдүүд өөрийгөө яагаад энэ тэтгэлгийг авах ёстой гэдгээ оновчтой тайлбарлаж чадаагүйгээс болж тэнцэхгүй тохиолдол байдаг. Бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд байгаа зүйлсээ орчуулганд өгч, бүрдүүлэхэд л хангалттай. Дараагийн хүндрэл бол ярилцлагын үйл явц байдаг. Эхний шатанд тэнцсэн залуучууд сургууль тус бүрийнхээ хариуцсан тэнхимийн удирдагчтайгаа ярилцлаганд ордог. Залуучууд их сандардаг, би ч бас анх их сандарч байсан. Ярилцлага эхэндээ 20 минут үргэлжилнэ гэж заасан байсан боловч миний ярилцлага 40 минут болсон. Хамгийн гол нь чөлөөтэй, яг өмнө нь таньдаг байсан хүнтэйгээ ярьж байгаа мэт ярилцах нь гадаад хүмүүст ойлголцоход их хялбар бас сайхан сэтгэгдэл үлдээдэг. 

Эцэст нь хэлэхэд, гадаадад сурснаар та  хэлний чадвараа бүх төрлөөр /бичих, ярих, сонсох/ жигд хөгжүүлэх боломжтой болно. Мөн  харилцааны чадвар маш сайн хөгждөг, ичиж санаа зовохоо больдог. Аялж өөрийгөө таньж мэдэж, шинэ зүйлс сурч, маш олон боломж байдгийг ухаарна. Тийм учраас миний хувьд гадаадад сурах нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна. 

                                                                                                                            Бэлтгэсэн: Ш. Нандин- Эрдэнэ

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
1
9
0
0
1
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.