UBLife Logo
The New York Times

The New York Times | 2019 онд зоривол зохих 52 газар орон

The New York Times | 2019 онд зоривол зохих 52 газар орон

Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм.Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.1. Пуэрто-Рико

АНУ-ын Пуэрто-Рико хот болоод Карибын арлуудыг Мариа хуй салхи дайран гамшиг тохиосноос жил хагас өнгөрч, тус үзэсгэлэнт газар эргэн сэргээд байна. Өдөр тутмын нислэг өмнөх хэвийн давтамжаасаа багассан хэдий ч усан онгоцтой аялалууд хэвийн гольдролдоо орж, зочид буудлууд ч үүд хаалгаа нээж эхлээд байна. Энэ жилийн хувьд тус улс руу жуулчдыг татах нэгэн том шалтгаан нэмэгдсэн нь Лин-Мануэль Мирандагийн гол дүрийг нь бүтээх “Хамилтон” мюзикл юм. Сан-Хуан дүүрэгт шинэ энтертайнмент цогцолбор жилийн төгсгөлд үүд хаалгаа нээхээр барилгын ажил үргэлжилж буйг ч дуулгах нь зүй. Тус кино театр 6,000 хүний суудалтай тоглолтын танхим, ресторан зэрэг олон үйлчилгээг багтаажээ. Мөн усан онгоцны шинэ маршрут ч бий болсон. Гол нь яагаад заавал энэ газар луу аялах ёстой гэж? Халуун орны диваажин гэгдэх энэ газар өнөө үед хамгийн эмзэг ариун газруудын нэгд тооцогдоод байна. Далайн усны түвшин нэмэгдэх болон цаг уурын огцом өөрчлөлт тохиох эрсдэл тус хотыг ирээдүйд хүлээж буй. Цаг уурын өөрчлөлт маш хүчтэйгээр мэдрэгдэж эхэлснээс гадна муу төлөвлөлт нь аюулыг улам ч дэвэргэж байна. Иймээс л жил бүрийн “Аялах ёстой 52 газар” жагсаалтыг тус хот тэргүүлж байна.-Мирея Наварро2. Хампи (Энэтхэг)

XVI дугаар зууны үед Вижаянагарын эзэнт гүрэн хүчирхэгжээд байх үед Хампи тухайн үеийн хамгийн том болоод баян хотуудын нэг байв. Карнатака хэсэгт орших маш сайн хадгалагдан үлдсэн 1,000 гаруй чулуун хөшөө, сүм дуган, ордон гэх мэт архитектурын гайхамшгууд энд бий. Тунгабадра голын эрэгт ойрхон, далайгаар хүрээлэгдсэн энэ газар луу Хайдарабад хотоос шууд нислэг явж эхэлжээ. Эсвэл Бангалор хотоос Баллари хот руу нисээд, 40 км орчим давхихад л тус хотод хүрнэ. Жуулчид шинэхэн засвар хийгдээд буй “Evolve Back Kamalapura” ордонд байрлаж болохоос гадна ирэх арванхоёрдугаар сараас нээгдэх 10 гаруй том асар майханд байрлах боломжтой болно. Байгальтай илүү ойр аялал хийхийг хүссэн хүмүүсийн хувьд археологийн соёлтой танилцах аялал, хаданд авирах, завиар зугаалах зэрэг олон сонирхолтой зүйл нээлттэй байна.-Нора Валш3. Санта Барбара

Кино одод, саятнуудыг татдаг олон ресортууд энэ хэсэгт байрлах бөгөөд өнөөдөр хоолны соёлыг хамгийн хүчтэй түгээгч газруудын нэг болоод байна. Bibi Ji гэх нэгэн маш өвөрмөц энэтхэг хоолны ресторан тэнд байдаг. “Uni Biryani”-г нь Ражат Паррын танд санал болгож буй дарсны жагсаалттай хамт амтлаад үзээрэй. Шилдэг тогооч Филлип Франклэндын ресторан, тэнгисийн эргийг тольдож болох Санта Барбарагийн уушийн газрууд, Өмнөд Ази хоолоор үйлчилдэг өвөрмөц ресторан гэх мэт олон сайхан газрууд тэнд бий. Мөн уг хотод дарс амталгааны өрөө 30 гаруй бий. “Frequency”, “Melville” дарс амталгааны газрууд нь орчин үеийн хэв загвар бүхий дотоод засалтай, хэзээд ч үдэшлэг болж болохоор цоглог хөгжмийн хураангуй, пянз тоглуулагч гээд дарсыг мэдрэхэд шаардлагатай бүх зүйлийг цогцлуулжээ.-Шэйла Марикар4. Панам

Панамын баруун эрэг хавиар, Койва эргээс холгүйхэн хоёр шинэ амралтын газар бий болж байна. Мөн Пленке эрэг дээр Каюуга амралт сувиллын төв нээгдэж, 400 акр газрыг хамарсан том цогцолборыг бий болгоод байгаа билээ. Долоон эрэг дээр хялбар хүрэх боломжтойгоос гадна завиар хөвж, халим харж, тус газрын өөрсдийнх нь ургуулдаг ногоо жимснээс идэх боломжтой. Сүүлийн үед байгальд ээлтэй аялал болон амралтын газрууд ихээхэн бий болж эхэллээ. Энэ газар ч хуванцар огт агуулаагүй орчинг бий болгож, тавилгуудаа унасан модоор хийдэг. Нэгдүгээр сараас Чирикигийн булан орчимд “Islas Secas Reserve & Lodge” нээгдэн, нарны эрчим хүчээр тог цахилгаанаа хангаж, хоолны үлдэгдлийг ашигтай байдлаар ашиглан, усыг дахин цэвэршүүлэх технологийг ашиглаж байна.-Элайнь Глусак5. Мюнхен (Герман)

Түүх соёл, урлагийн талаасаа Мюнхен хотыг давж гарах хэцүү. Тив дундаа л эндхийн театрууд хамгийн бүтээлч, амбицтай гэдэгт тооцогдохоос гадна “Münchner Kammerspiele”, “Residenztheater” гэсэн хоёр том компани энэ оны нэгээс тавдугаар сар хүртэл 30 гаруй шинэ тоглолт зохион байгуулж буй. Хотын музей үзмэрүүд ч нэг нэгнээсээ хэдхэн алхмын зайтай байрладаг. Гэхдээ Мюнхен явах хамгийн сэтгэл хөдөлгөм шалтгаан нь Баварын Опера. "New York Times"-ийн сонгодог хөгжмийн шүүмжлэгч “Кирилл Петренкогийн гайхамшиг” хэмээн тус дуурийн найруулагч Петренкогийн тухай бичсэн байдаг. Энэ зургаадугаар сарын 27-нд тэнд Штраусын “Salome” тоглогдох гэж байна.-Стюарт Эммрих6. Эйлат (Израиль)

Улаан тэнгисийн дагуу оршдог учраас хотын амралтын газрууд шүрэн эрэг, хэдэн зуун төрөл зүйлийн загас, усны амьтадтай ойр оршино. Гэрэлтдэг загас, аварга загас, сувдан загас гээд та далай тэнгисийн амьтдыг хангалттай харах боломжтой. Тэнд очихын тулд жуулчид нэг бол Тел-Авиваас ховорхон нисэх онгоцонд багтаж суух эсвэл Мегевийн цөлийн 5,000 миль газар машинтай давхих гэсэн хоёрхон сонголттой байлаа. Гэхдээ Рамон нисэх онгоцны буудлын ачаар энэ асуудал шийдэгдсэн гэж хэлж болно. Одоо Европын бараг хаанаас л бол хаанаас тийшээ нисэх боломжтой болж байгаа. Энэ жил Израильд “Eurovision 2019” дууны тэмцээн зохиогдож, энэ үеэр  "Six Senses Shaharut" гэх тансаг зэрэглэлийн шинэ зочид буудал нээлтээ хийнэ.-Дебра Камин7. Сэтоүчи арал (Япон)

Сэтоүчи орчим нь Сэто Инланд арал орчмын нэгэн хэсэг бөгөөд энэ жил “Setouchi Trienniale 2019” гэх асар том урлагийн наадам зохион байгуулж байна. Тус наадмын хүрээнд Тэшима, Хонжима гэх арлуудаар зочилж байгаль, урлаг хоёрыг хослуулан мэдрэх бүрэн боломжтой. Хирошимагийн энх тайвны дурсгалын музей бол Японд хамгийн олон хүн очдог газрын нэг. Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр буюу 8 жилийн дараа ахин нээгдэж, хүмүүст үзмэрүүдээ толилуулж эхлээд байна. Мөн байгалийн хамгийн үзэсгэлэнт газраар дугуйтай аялах зам харгуй, маршрутыг бий болгосноор дугуйчдын сонирхлыг ч татаад байгаа.-Адам Х.Грахам8. Ольборг (Дани)

Викингүүдийн уртаас урт усан завинууд нэгэнтээ Ольборгийн Лим-фьордын дэргэдүүр өнгөрч байжээ. Өдгөө харин энэ хот байгалийн үнэт өвөө хамгийн ухаалаг, артистик байдлаар хувиргаж чадсан газруудын нэгд тооцогдож байна. Ольборгийн эргээр хамгийн шинэлэг байшингууд баригдсан. Үүний нэгэн жишээ нь “Utzon” төв. Энэ барилгыг Сиднейн дуурийн театрыг барьсан Йорн Утзон барьж байв. Тэнд тавдугаар сарын дунд үеэс эхлэн Скандинавын орнуудын барилга байгууламжийн хэв загварыг үзүүлэх цуврал үзэсгэлэн гарна.- Аннелиз Соренсен9. Азорс (Португал)

АНУ-аас дөрвөн цаг нисээд хүрэх энэ газар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийг өөрийн гайхамшигт байгаль, тогтоцоороо дүүргэсэн гэж хэлж болно. Ногоон өнгөөр эрээлжлэх байгаль, одоо нуур болон тогтсон галт уулын тогоонууд, байгалийн халуун рашаан, арал дээр ургах хамгийн тансаг, сайхан амттай кофе гээд ийшээ очих шалтаг мундахгүй. Тэнд шинэ ресторан болон зочид буудлууд ихээр баригдсан.  “Lava Homes”, долоодугаар сард нээлтээ хийх “Grand Hotel Açores Atlântico” зэрэг зочид буудлуудыг нэрлэж болно.-Даниел Шэффлер10. Онтарио мөсөн агуй (Канад)

Энэ бол Канадад байрлах хамгийн өвөрмөц тогтоц бүхий газруудын нэг. Гэвч цаг уурын өөрчлөлтөөс болоод уг мөсөн агуй ирээдүйд ямар байдалтай болж үлдэх нь тун бүрхэг байна. Цас мөснөөс бүтсэн энэ агуй хэлбэр хэмжээ, өнгө байдлаараа өөр өөр төрхийг илтгэнэ. Хоёрдугаар сар бол энэ агуйд зочлох хамгийн тохиромжтой үе гэгддэг. Уг агуйд очихын тулд Канадын хурдны зам дагуу хамгийн өнгө үзэмж бүхий байгальтай хэсгээр давхидаг. Мөн энд цанаар гулгах, өвлийн спортоор хичээллэх хамгийн өргөн сонголтууд бий. Та бүхэн өвлийн улиралд энэ газрыг зориорой.-Иан Остен

Бусад улс орнуудыг уг "slideshare" дээрээс сонирхоно уу.

 Дизайн: Родриго Хонивелл, Адриана Рамик, Румсэе Тэйлор, Ами Виршуп болон Жош Виллиамс.Зураг: Паэдра Браун

Орчуулсан Б.Мөнхнаран 

c.2019 New York Times News Service

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.