Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Айдсаар удирдахуй буюу "уйтгартай" улстөрчийн эрэлд


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм.

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


David Brooks/The New York Times 

Дахин нэг сүмийн халдлага. Дахиад л нийтээр цочролд оруулсан өдөр. Айдас хүйдсийн гинжин хэлхээ тасрахгүй янзтай. 

Айдас нийгэм даяар нэвчин шингэж, сэтгэл хөдлөлөөр сүлэгдэн хэрхэн биднийг “удирдаж” байгааг бүрэн дүүрэн ойлгомоор байна. Хэрэв түүхчид энэ цаг үеийг нэр үгээр тодорхойлох хэрэг гарвал “айдас” гэдэг үгийг сонгох нь гарцаагүй. 

Айдсын эрин 2001 оны есдүгээр сарын 11-нд эхэлсэн юм. Халдашгүй дархан гэж өөрсдийгөө боддог байсан бардам гүрэн тэгэхэд хэчнээн сул доройтойгоо нүүр тулсан билээ. Түүнээс хойш хэчнээн олон буун дуу хадаж, цусан далай урсгасныг тоочихын аргагүй. 

Айдсаар түрүү барьсан улстөрчид эрх мэдэлд хүрэх боллоо. Дональд Трамп “Америкийн хядаан” хэмээх тодорхойлолт гаргаж, цагаачдын гэмт хэргийн давалгаа гэх ор үндэсгүй аюулыг Цагаан ордонд чанга дуугаар тунхаглаж, зохиомол дайсантай байлдаж байна.  

Айдас бүр угаас, хүүхэд насны траума, эмзэг цэгээс ч ирж болно. Америк хүүхдүүдийн хагас нь бараан толбоор дүүрэн гэр бүл, хүнд хэцүү хүүхэд нас туулсан болохоор бүрэн дүүрэн аюулгүйг мэдэрч чаддаггүй. Харин нөгөө хагас нь хэтэрхий бөөцийлүүлж өссөн болохоор угтах сорилтуудад бэлэн биш, хэврэг нэгэн болж хувирдаг. Сэтгэл гутрал, түүнээс улбаатай эмгэг өссөөр. Коллежийн оюутнуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал аюулын харанга дэлдэх боллоо. 

Хэвлэл мэдээллийнхэн бид ч үүнд нөлөөлж буйг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хандалт, үзэлтийн тоогоо нэмэх гэсэн увайгүй өрсөлдөөн дунд гэмт хэргийн мэдээг хэн газар дээрээс нь, шуурхай хүргэнэ тэд “ялж” байна! Тиймээс бүх мэдээ “шуурхай” хэмээн нийтээр нь цочроон эхэлдэг болж. 

Айдсыг жолоодож, хяналтдаа авахгүй бол болохгүй нь. Айдас айдсаа дагуулдаг. Тийм болохоор бүгд бүслэлтэд байгаа юм шиг байх болов. Биднийг чөлөөлөх хүч хаана байна аа? 

Айдас хар хүчээрээ бүхнийг нөмрөн авдаг. Айдастай хүн сайхан мэдээ сонсоод нэмэргүй. Өчүүхэн жижиг зүйл ч том айдас дагуулах мэтээр дотроо ургуулна. Угтаа бид түүхэнд хамгийн удаан үргэлжилж буй эдийн засгийн өсөлтийн үед аж төрж, дундаж ангийн орлого хэдэнтээ нэмэгдсэн. Гэвч хэн ч үүнд талархах янзгүй. Мөдхөн бүх юм сүйрнэ, үгүй болно гэсэн хиймэл айдас тэдний жаргалаас хумсалж байна. 

Айдастай хүн бодит тоо хүлээж авдаггүй, ингэхвий гэсэн төсөөлөлдөө хөтлөгдөхийг л илүүд үзнэ. Нийт цагийнхаа 90 хувийг бид бодитоор болж, тулгарч буй бус болохын эцэсгүй хачин төсөөлөл айдсын талаар эргэцүүлж бардаг гэх.  

Айдас бүхнийг тодорхойгүй болгож орхино. Цагаачлалыг аваад үзэхэд, сайн муу олон үр дагавар байж болно. Гэвч айдастай хүмүүс цагаачлал, даяарчлал, Цахиурын хөндий, Уолл стрийт, автоматчлал зэргийн зөвхөн болзошгүй эрсдэлд л төвлөрч, ямар нэг далд, атгаг санаа агуулсан хүчин гэж итгэцгээнэ. Тэгээд утга учиргүйгээр эсэргүүцэж эхэлнэ. 

Айдас уур хилэнг өдөөнө. Уур хилэнгээр бадарсан айдас бүр ч аюултай. Уур хилэн бол айдсын төрүүлсэн “хүүхэд” хэмээн философич Марта Нуссбаум “The Monarchy of Fear” номдоо бичсэн байдаг. 

Айдастай хүн нийгмийн эсрэг болж, нийгмийн элдэв асуудалд өр нинжин хандахаас татгалзаж, уурсан, улайран дайрахыг л урьтал болгодог. 

Хүчирхэг удирдагч, харизм хайж бид ханалаа. Бүхий л сонгуульд “одоо л орвонгоор нь бүхнийг эргүүлье, энэ бол сүүлчийн боломж” гэж хий сүржигнэдэг улстөрчдөөс залхлаа. Зүгээр л урдахаа хийдэг, уйтгартай улстөрч хэрэгтэй байна.

“Айдас бол аминчхан чанар” гэж Марта Нуссбаум хэлсэн бөгөөд “Айдас тэднийг бусдыг сонсох ямар ч боломжгүй болгодог” хэмээж байв. Айдастай хүн асуудлыг нэгжээр хардаггүй, хувь хүний үйлдлээс болж нийтээр нь жигшихдээ амархан. Муслимчууд муухай. Цагаачид муухай. Бүгд найрамдахчууд муухай. Муухай, жигшмээрийн утга авцалдаагүй тохоолт нь явсаар баахан дайсан үүсгэж орхино, тэдэнд.  

Айдас үзэл суртлыг амилуулна. XX зуун бүгдийг хүчээр барихыг номлодог үзэл суртлуудын тулаанаар дүүрэн байв. Харин 10-аад жилийн өмнөөс бид дата гавлуудын үе рүү шилжин орж байх шиг санагддаг байлаа. Миний хичээлүүдэд суусан оюутнууд ертөнцийн үзэгдэл бүрийг тайлбарлахыг оролддог хоосон суртлуудад итгэхээ больсон байв. Бүх зүйлд үл итгэдэг тэд ердөө л баримт нотолгоог хүсдэг болсон юм.

Харин одоо томоохон үзэл суртал унтаад сэрэхийн дотор нуран унаж байна. Цагаан арьстнуудын үндсэрхэг үзэл, популизм, дарлалын үеийн судалгаа… Дарлагч, дарлуулагч гэж хоёр л туйлд хуваан ялгах, сайн тал, чөтгөрийн тал гэж ялгах нь хэцүү болж ирэв. 

Ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан улсуудаас ядаж нэг нь энэ их айдсыг нөлөө бүхий хүчин гэж үзээд, итгэл найдвараар бамбай хийн сөрөн зогсож, 86 жилийн тэртээ Франклин Рузвельтийн дүрээр гарч ирээсэй гэж хүсэж байна. 

Явсаар би засаглал, сайн гүйцэтгэл л айдсыг эдгээж чадна гэсэн бодолд хүрээд байна. Асуудлыг шийдэх бодит гаргалгаа бидэнд юу юунаас илүү хэрэгтэй болж ирэв. Хүчирхэг удирдагч, харизм хайж бид ханалаа. Бүхий л сонгуульд “одоо л орвонгоор нь бүхнийг эргүүлье, энэ бол сүүлчийн боломж” гэж хий сүржигнэдэг улстөрчдөөс залхлаа. Зүгээр л урдахаа хийдэг, уйтгартай улстөрч хэрэгтэй байна. Мэрилэндийн амбан захирагч Ларри Хоган шиг, Детройтын Хотын дарга Майк Дагген шиг… Сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлаад түм буман төлөвлөгөө бариад зогсож буй Элизабет Уоррены гаргасан санаануудтай санал нийлэх, үл нийлэх олон л юм бий. Гэхдээ бурханы авралаар, түүнд ядаж санал болгох бодит төлөвлөгөө байна. Ядаж л тэд одоо явж буй бодлогыг бодит хөрсөнд буулгаж, тодорхой төлөвлөгөө санал болгож байгаа шүүгээнээсээ “мангастай зохиол” гаргаж ирээд тэр хий хоосонтойгоо байлдана гэж шүлсээ үсчүүлэн уурсахгүй байгаад талархмаар. 

Унтаад босоод ирэхэд л шинэ айдас гараад ирж мэднэ. Тэгэхэд өглөө сэрээд, орноосоо босоод хийх ажилдаа шууд ордог уйтгартай улстөрч л бидэнд хэрэгтэй! 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.02.23
Шибатаяма ояката: Хакүхог дэвжээ удирдах чадваргүй гэж үзсэн
2
2024.02.25
Бүсгүйчүүдэд үзэн ядагддаг 9 төрлийн залуу
3
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
35 минутын өмнө
Нохойтой харьцах нь хүнийг тайвшруулж, төвлөрөхөд тусалдаг болохыг тогтоожээ
2
1 цагийн өмнө
Playlist: Оройн цагаар сонсоход тэс ондоо мэдрэмж төрүүлэх 12 дуу
3
21 цагийн өмнө
Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.