Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Ардчилал хэрхэн мөхдөг вэ?


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 

Бид зуны саруудад түр хугацаагаар завсарласны дараа "The New York Times Licensing Group"-тэй дахин хамтран ажиллаж, уншигчдадаа хүргэж байсан дэлхийн шилдэг нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээр боллоо. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


Paul Krugman | The New York Times

Өмнө нь Ерөнхийлөгчийн ордон руу нүргэлсэн танкууд чиглэж, ардчилал гэнэтхэн л нуран унадаг байсансан. Харин 21-р зуунд энэ үйл явц алгуурхан өрнөдөг болов. 

Авторитаризм дэлхийн өнцөг булан бүрт тархаж байгаа ч ихэнхдээ чимээгүй, үл анзаарагдам үргэлжилдэг тул яг энэ өдөр ардчилал үгүй боллоо гэж хэлэхэд хэцүү. Гэвч та нэг л өглөө босоод ардчилал үгүй болсныг ухаарах болно.  

Улс төрийн судлаач Стивен Левитски, Даниэль Зиблатт нар 2018 онд гаргасан “Ардчилал хэрхэн мөхдөг вэ” номондоо энэ үйл явц улс орнуудад хэрхэн ‘дэглэгддэг’ тухай өгүүлжээ. Орос дахь Владимир Путины засаглалаас эхлээд Туркийн Рэжэп Тайип Эрдоган, Унгарын Виктор Орбан хүртэл жишээнүүдийг дурджээ. Эдгээр улсуудад ардчиллын бүтэц, бүрэлдэхүүн аажим аажмаар нурж, ард иргэдэд үйлчлэх учиртай төрийн институциуд эрх баригч намын хэрэгсэл болж, улмаар сөрөг хүчнийхнийг шийтгэх, айлган сүрдүүлэх зэвсэг болсон. Тэд нэрэн дээрээ ардчилсан боловч нидэр дээрээ нэг намын дарангуйлалд автаад байна. 

Нэг талаар инээдтэй ч нөгөө талаар нэгдсэн улсын Ерөнхийлөгч бодит байдалтай нүүр тулж чадахгүй байгаа нь аймшигтай.

Өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлууд ч Америкт энэ үйл явц өрнөж буйг харууллаа. 

Дональд Трамп Алабама муж Дориан хар салхинд өртөх эрсдэлтэй байна гэж мэдээлэхдээ цаг агаарын урьдчилсан тооцоог буруу хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс мэлзэв. Энэ нь нэг талаар инээдтэй ч нөгөө талаар нэгдсэн улсын Ерөнхийлөгч бодит байдалтай нүүр тулж чадахгүй байгаа нь аймшигтай. Харин баасан гарагт АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргаа Трампын мэдэгдлийг дэмжиж, Алабама муж хар салхинд өртөх магадлалтай байсан гэж мэдэгдэхэд энэ бүхэн инээдэм манатай болж хувирав. 

Яагаад энэ тийм аймшигтай гэж? Мэргэжлийн бөгөөд улс төрөөс хараат байдлыг чанд мөрдөх ёстой АНУ-ын Үндэсний далай, агаар мандлын захиргааны удирдлагууд хүртэл Трампад бялдуучилж, эрх мэдлээ хэтрүүлээд зогсохгүй худал хэлэхэд бэлэн байгааг харуулж байна. Ердөө л Ерөнхийлөгчийг нүүрээ хийх газаргүй болохоос хамгаалах гэж. 

Бодоод үз л дээ. Цаг агаарыг урьдчилан таамаглах ёстой хүмүүс хүртэл Эрхэм удирдагчаа өмгөөлж байгаа нь манай тогтолцоо бүхэлдээ авлигад автсаныг харуулах шиг боллоо. 

Энэ нь намайг бүр ч чухал сэдэв рүү хөтөлсөн юм. Хууль зүйн яам автомашин үйлдвэрлэгчдийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагаа явуулахаар зорьж буйгийнх нь төлөө мөрдөн байцаах шийдвэрийг гаргасан. Цаашилбал, Трампын засаг захиргаа байгаль орчны зохицуулалтын эсрэг тэмцдэг ‘жихадууд’ шиг Обамагийн үед гаргасан шатахууны зарцуулалтын үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх журмыг буцаан татах хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

Магадгүй та автомашины салбарынхан байгаль орчныг үргэлжлүүлэн бохирдуулах энэ уриалгыг таатай хүлээж авна гэж бодож байгаа байх. Үнэндээ, автомашин үйлдвэрлэгчид шатахууны зарцуулалтын стандарт ирээдүйд өснө гэсэн таамаглалд тулгуурлаж хэдийн бизнес төлөвлөгөөгөө гаргачихсан. 

Тиймээс тэд төлөвлөгөөгөө бүхэлд нь эсвэл тодорхой хэсгийг нь ч болов нураалгахыг хүсэхгүй нь лавтай. Учир нь бодитоор нүүрлээд буй цаг уурын өөрчлөлт нь эцэстээ дээрх журмыг дахин сэргээхэд хүрнэ гэдгийг үйлдвэрлэгчид ухамсарлаж байгаа билээ. Тиймээс тэд Трампын дахин зохицуулалтын эсрэг байр суурьтай байгаа бөгөөд энэ нь “урт хугацааны мөрдөн байцаах үйл ажиллагаа цаашлаад тогтворгүй байдалд” хүргэнэ хэмээн анхааруулж байгаа юм. 

Хэд хэдэн компани эсэргүүцлээ илэрхийлээд зогсохгүй дараагийн алхмаа хэрэгжүүлж байна. Тэд нэгдсэн улсын засаг захиргаанд хандсан томоохон сануулгадаа, холбооны Засгийн газар энэ шаардлагыг цуцалсан ч тэд Обамагийн гаргасан журамтай бараг адил хязгаарлалтыг дагаж мөрдөхөөр Калифорни мужийн захиргаатай тохиролцсон хэмээжээ. 

Байгаль орчны зохицуулалтын стандартыг дагаж мөрдөх нь компаниуд хоорондоо үгсэн тохиролцож үнэ хөөргөхтэй бараг л адил гэмт хэрэгт тооцогдох нь байна.

Гэтэл Хууль зүйн яам эдгээр компаниудад монополийн эсрэг арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа тухай Уолл Стрит мэдээлж эхэллээ. Байгаль орчны зохицуулалтын стандартыг дагаж мөрдөх нь компаниуд хоорондоо үгсэн тохиролцож үнэ хөөргөхтэй бараг л адил гэмт хэрэгт тооцогдох нь байна. 

Энэ санаачилга өмнө нь монополийн эсрэг бодлого боловсруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн төр захиргааны байгууллагаас гарсан байлаа ч сэтгэл зовоож байна. Хэрэв өнөөг хүртэл монопольчлолд огтоос анхаарлаа хандуулж байгаагүй хүмүүсээс ийм санаачилга гарсан бол энэ нь гарцаагүй монополийн эсрэг арга хэмжээг өөрийн айлган сүрдүүлэх хэрэгсэл болгох гэсэн оролдлого юм. Үүгээр зогсохгүй Хууль зүйн яам тэр чигтээ авлигад автсаныг гэрчлэх нотолгоо болж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд зорих ёстой агентлаг гурав хүрэхгүй жилийн дотор Трампын өрсөлдөгчдийг залхаан цээрлүүлэх зорилготой байгууллага болж хувирлаа. 

Тэгвэл дараагийнх нь хэн бэ? Хоёр жишээ дурдъя. Трамп эрх мэдлээ Амазон, түүнийг үүсгэн байгуулагч Жефф Безосыг шийтгэх зорилгоор ашиглаж эхэлсэн нь илэрхий. Безосын эзэмшдэг Вашингтон Пост сониныг Ерөнхийлөгч бараг л дайснаа гэж үздэг. Эхлээд тэр шуудан холбооны багц тээвэрлэлтийн үнийг нэмэгдүүлэх санал тавьсан ба энэ нь мэдээж Амазоны хүргэлтийн зардалд сөргөөр нөлөөлөх юм. Үүний дараа Пентагон Амазоны ялалт байгуулах магадлал өндөр байгаа үүлэн тооцооллын томоохон төслийн шалгаруулалтын явцыг дахин шалгаж байна гэдгээ гэнэтхэн мэдэгдэв. 

Тохиолдол бүрийг дотоодын шүүмжлэгчдээ номхруулах гэсэн Засгийн газрын оролдлого гэж батлах хэцүү л дээ. Гэхдээ бид хэнтэй тоглоод байгаа билээ? Мэдээж тэдэнтэй шүү дээ. 

Гол нь биднийг хэрхэн авторитаризм руу хөтөлж байгааг анзаарах хэрэгтэй. Орчин үеийн дарангуйлагчид шүүмжлэгчдээ хороодоггүй (Хэдийгээр Трамп харгис хүчинд найддаг улс төрийн дэглэмийг магтан сайшаадаг байлаа ч). Харин тэд өөрт нь үнэнч бус гэж үзсэн хэний ч амьдралыг засгийн газрын механизм дахь эрх мэдлээрээ дамжуулан машид төвөгтэй болгож орхидог, бүр эсэргүүцэл үзүүлж чадахгүй болтол нь.  

Бидний ярьж байгаачлан энэ бүхэн яг одоо болж байна. Хэрэв та Америкийн ардчиллын ирээдүйд санаа зовнидоггүй бол анхаарахгүй ч байсан болно. 

c.2019 The New York Times Company

холбоотой мэдээ
1
2019.10.09
The New York Times | Инстаграмын хүүхэлдэйнүүдийн нууцлаг ертөнц
2
2019.10.09
The New York Times | Кинонд Нью-Йорк л гэрэлтдэг
3
2019.10.04
The New York Times | Хонконгийн тэмцлийн ард орших ялгамжит чанарын хямрал
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0