Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

The New York Times | Байгалийн аймшигт гамшиг ердийн л үзэгдэл боллоо


Paul Krugman / The New York Times

Улаан галд хуйхлагдаж буй Австралийн зургуудыг харахад зүрх шимширмээр. Цусан улаан өнгөт тэнгэрийн дор галан хөшиг татаж, ард иргэд тамын үүдэнд буй мэт далайн эрэгт бөөгнөрөн зогсоно. Түймрийн хүчин үнэнхүү сүрдмээр, түүний хүчээр үүссэн галт шуурга бүр ачааны машиныг ч хөмөрчихөж байна. 

Гэвч үнэндээ Австралийн “галт зун” бол ар араасаа нүүрлэж буй байгалийн гамшигт үзэгдлийн нэг л хэсэг. Ойрхи Дорнодыг живүүлсэн үер, 50 хэм давж халсан Энэтхэгийн жишээ, өнгөрсөн зун Европыг дайрсан ер бусын халуун.  

Энэ бүгд уур амьсгалын өөрчлөлттэй шууд холбоотой. 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гэхээсээ илүү “шууд холбоотой” гэдгийг анзаараасай гэж хүсэж байна. Энэ бол олон жилийн турш хүмүүсийг төөрөгдүүлэн түгшээж ирсэн зүйл. Цаг уурын үзэгдэл бүхэн янз бүрийн шалтгаанаас болж буй. Гэвч байгалийн гамшигт үзэгдлийн учир шалтгааныг мэдээлэхдээ хэвлэлүүд “уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой” гэж хэлж түвддэггүй байсан. 

Харин сүүлийн хэдэн жил цаг уур судлаачид учир шалтгааныг тайлбарлахдаа уур амьсгалын өөрчлөлттэй хамааруулах болов. Тэд “Тохиолдоод өнгөрсөн хэт халалтын шалтгаан нь цаг уурын өөрчлөлт байсан гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ хэт халалт давтамжтайгаар тохиолдох магадлал өндөр буй бол энэ нь дэлхийн дулаарлаас үүдэж буй эсэхэд эргэлзэж болно. Хариулт нь олон хэдий ч “Уур амьсгалын өөрчлөлт хэт халуун, хэт хүйтэн гээд цаг агаарын эрс өөрчлөлтийг үүсгэж, түүнээс улбаатай байгалийн гамшигтай бид цаашид олонтоо нүүр тулах нь эргэлзээгүй.  

Цаг агаарын өөрийн гэсэн эмх замбараагүй чанар уур амьсгалын өөрчлөлтийн эхлэлийг илүү хор уршигтай болгож байна. Ойрын жишээ авбал, Флорида муж яваандаа бүхлээрээ усанд автана, гэхдээ ийм зүйл тохиолдохоос бүр өмнө далайн усны түвшин нэмэгдсээр гамшигт хар шуурга ерийн тохиол болж хувирна. Энэтхэг тэр чигээрээ хүн амьдрах боломжгүй газар нутаг болно, гэвч тэр хязгаарт хүртлээ халуун, ган гачиг тоолохын эцэсгүй олон хүнийг үхэлд хүргэх болно. 

Нэг ёсондоо уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө хязгаартаа хүртэл барагдашгүй их зовлонг бид үзнээ л гэсэн үг. Цаг уурын сүйрэл ердийн зүйл болно. Тэр сүйрэл яг одоо бидний нүдэн дээр эхлээд байна.

Хамгийн чухал асуулт гэвэл, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор үүсч буй байгалийн гамшгийг зогсоох боломж ер нь бий юү? 

Зарим нэг нааштай зүйлс байгаа. Жишээ нь, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг агаарын тухай ярихдаа уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг илүүтэй хөнддөг болж. Хэдхэн жилийн өмнө гэхэд уур амьсгалын өөрчлөлт гэж ярихаас зугтаж, зөвхөн хэт дулаарал, үер, ган гачигийн тухай л мэдээлдэг байв. Миний ажигласнаар сурвалжлагчид болон редакторууд тэр “хориг”-оо хэдийнэ давжээ. Бас нэг зүйл бол, олон нийт уур амьсгалын өөрчлөлтөд урьд өмнөхөөс илүү анхаарал хандуулах болсон. 

Харин муу мэдээ гэвэл, АНУ-д уур амьсгалын өөрчлөлтийг эсрэг арга хэмжээ авах санаачилга зөвхөн Ардчилсан намынхнаас гарч байхад, Бүгд найрамдахчууд нийтээрээ үл тоож, огт хөдлөх янзгүй. 

Консерватив улстөрчдийн хүрээлэн буй орчны эсрэг хэт туйлшрал улам бүр эрчимжиж, хүлээн зөвшөөрөх боломжгүй туйлд хүрч байна. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн сэдвийг бүхэлд нь худал хуурмаг гэж итгээд, бусдыг ч үүндээ итгүүлэх гэж оролдож буй. Бүгд Найрамдах намынхан болоод Ерөнхийлөгч Доналд Трамп шинжлэх ухааны өстөн болчихоод байна. Эрдэмтэн судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн тухай худал хуурмагийг зохиож, тэдний эсрэг нууцаар тэмцэж байгаа аятай. 

Харамсалтай нь энэ зөвхөн Америкийн асуудал биш. Улаан галд шатаж буй Австралийн Засгийн газар хүртэл нүүрсний хэрэглээгээ хумихгүй гэдгээ дахин баталж, хүрээлэн буй орчинд хөнөөлтэй бизнесүүдийг гэмт хэрэг гэж үзэхгүй, бойкот тавихгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн билээ. 

Энэ бүхний хамгийн хоржоонтой нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахаас өөр аргагүй цаг үед хүрээлэн буй орчны төлөөх үзлийн эсрэг хандлага улам бүр эрчимжиж байгаа нь харамсалтай. 

Нэг талаараа, уур амьсгалын өөрчлөлтын аюул нь ирээдүйд болох үйл явдал, таамаглал биш боллоо. Бид яг одоо аюулыг нь хүртэж, нүдээр харж байгаа. Энэ гэхдээ угтаж буй их хөнөөлийн ердөө эхлэл нь гэдгийг мартаж болохгүй. 

Нөгөө талаар, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломж урьд урьдаас илүү хялбар болсон, эдийн засгийн утгаараа ч тэр. Гэвч бид хөдлөхгүй, хичээхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. 

2020 оны сонгуулийн кампанит ажилд хүрээлэн буй орчны бодлого гол ярианы сэдэв болох уу? Ардчилсан намынхан үүнийг гол сэдэв болгохоос халширч байгаа нь илт. Яагаад гэдгийг нь гэхдээ ойлгож болмоор. “Обамакэйр”-ийг эсэргүүцэж, татан буулгахын төлөө Бүгд Найрамдах намаас гаргаж буй шийдэмгий оролдлогуудтай харьцуулж харвал барууны үзэлтнүүдийн гаргаж ирдэг хүрээлэн буй орчны бодлого дэндүү хийсвэр, бүтэшгүй харагдаж ирсэн. Тиймээс сонгуулийн кампанит ажилд нь оноо нэмэхээсээ нэрмээс болдог. 

Харин энэ удаа намын бодлого гэхгүйгээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшгийн давтамж, нөлөө улстөрийн бодлогод хүссэн хүсээгүй нөлөөлөх нь гарцаагүй болж ирлээ. Би кампанит ажлын мэргэжилтэн биш ч кампанит ажлууд саяхны гал усны гамшгуудын зургийг ашигласан сурталчилгаа явуулж, Д.Трамп болон түүний нөхөд үүнээс ч том гамшиг бий болгоход бүхий л чадахаараа зүтгэж буйг харуулах нь тодорхой. 

Үнэн гэвэл, Трампын хүрээлэн буй орчны бодлого зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийд нийтэд маш хохиролтой. Сонгогчид үүнийг, бас уур амьсгалын өөрчлөлт бодитоор нүүрлэж буйг хүлээн зөвшөөрөх ёстой! 

c.2020 The New York Times Company

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
10
0
0
1