Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Фэйсбүүк хаягаа устгаснаас хойш надад юу өөрчлөгдөв?


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Бриан Чен 

Өнгөрсөн сард “Facebook”, “Instagram” хэдэн цаг ажиллагаагүй болсноор хүмүүс амьдралд нь нийгмийн сүлжээ үгүйсэн бол хэрхэх байсны "амтыг" хэсэгхэн ч болтугай мэдэрсэн. Би энэ тухай танд бүр тодорхой өгүүлж чадна. Таван сарын өмнө би “Facebook”-ээ устгасан, түүнээс хойш юу тохиолдсоноо ярьж өгье. 

Нийгмийн сүлжээний үндсэн зорилго нь хүмүүсийг хооронд нь аль болох ойрхон байлгах гэж тайлбарладаг. Тэгтэл өнгөрсан аравдугаар сараас фэйсбүүкгүйгээр амьдарч эхэлснээсээ хойш хэдийгээр танил, дотно хүмүүсийнхээ амьдралын үйл явдал, сэтгэгдлийг минут тутам харахаа больсон ч холбоо тасарсан, тэднээс хол хөндий болсон мэдрэмж төрсөнгүй. 

Найз нөхөд маань и-мэйл, мессеж ашиглан надтай холбогдсон хэвээр. Гэрийнхэн маань ч адил. Яг л хуучнаараа. 

Гэхдээ сонирхолтой хэдэн өөрчлөлт өөрт ажиглагдсан. Ялангуяа цахим заруудай холбоотой. “Facebook” хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг цуглуулж, тун тохирсон зар харагдуулдаг нь нэгэнт ил болсон. Нийгмийн сүлжээний хаягуудаа хааж, хувийн мэдээллээ өдөр бүр дэлгэхээ больсноос хойш хачин жигтэй сурталчилгаа, поп-апууд (инстаграм дээр) харагдах болов. Тэдний дунд эмэгтэйчүүдийн үс хусах бүтээгдэхүүн, гоёлын цүнх, усны хувцас ч харагдана. Инстаграм намайг эмэгтэй гэж бодоод эхэлж байгаа юм. 

Фэйсбүүкээс яг намайг онилсон сурталчилгааг нь хараад хоол, хувцас, бусад хэрэгтэй хэрэггүй зүйлс онлайнаар худалдан авдаг маань аажмаар болилоо. Сүүлийн таван сард онлайн худалдан авалтад зарцуулсан мөнгө маань 43 хувиар буурсан.

Нийгмийн сүлжээнээс үүссэн “шинэ айдас”, юмнаас хоцорсон юм шиг мэдрэмж (FOMO - fear of missing out) төрж байв уу, надад? Энэ бол хүмүүс “Facebook”-ээ хааж, устгаж чаддаггүй хамгийн том шалтгаануудын нэг. Үүнээс болоод найз нөхдийнхөө уулзалт, үдэшлэгт уригдахгүй байвал яана, фэйсбүүкээр явдаг эвентүүд рүү хэн явж байгааг мэдэхгүй бол яана? 

Үнэн хэрэгтээ, “Facebook”-ээ хаасны дараа надад юмнаас хоцроод байгаа юм шиг мэдрэмж ер төрөөгүй. Зорилтот сурталчилгаа л харагдахаа больсноос бусдаар бүх юм ОК. 

Найзуудаа төдийлэн санасангүй

Фэйсбүүк хэрэглээд 14 жил болохдоо 500 найз л бүртгэсэн байдаг. Тэдний ихэнх нь дунд сургуулийн нэг ангийнхан, хэнтэй ч одоо дотно биш хүмүүс. Харин бодит амьдрал дээр надад бүхнээ ярьдаг 20 найз бий. Фэйсбүүкээ устгаснаас хойш нэг их зүйл болсонгүй. Найзууд маань iMessage, и-мэйлээр харьцаад л байна. Оройн хоол хамт идэж, кино үзэхээр бол үзээд л…Фэйсбүүкийн мессенжерээр өдөржин чалчдаг байсан найзтайгаа одоо мэйлээр харьцаж байгаа. Утас, мессежээр холбогдох нь багассан ч гэлээ биеэр уулзахдаа ямархан дотно байдаг нь урьдын адил.  

Фэйсбүүкээс өөр юуг огт санаагүй гээч? Ер нь улстөрийн хэрэгтэй хэрэггүй сэтгэгдэл, үзэл бодол, онлайн тоглоом, ойрын үед болох арга хэмжээ, цаг үеийн мэдээ тийм хэрэгтэй биш юм билээ. Зарим сонирхолтой, хөгжилтэй постууд гоё л доо, бусад нь бол огт хэрэггүй. 

Харин оронд нь би ном их уншдаг болж байна. Фэйсбүүкээр минут тутам юм уншсаар байгаад унших дадал маань тогтсон болохоор ч тэр байх.

Зар сурталчилгааныхан надад бууж өгсөн

Брэндүүд фэйсбүүк дэх хувийн мэдээллийн тусламжтайгаар таашаал, сонирхлыг маань танддаг. Улмаар түүнд нь тохирсон сурталчилгаа зөвхөн надад харуулдаг. Зөвхөн фэйсбүүк гэлтгүй, бусад сайтаас харсан зүйлс, хайлтын дата маань ч үүнд хамаатай. Гутлын брэндийн сайт орчихоод, удалгүй фэйсбүүктээ ормогц тэдний эсвэл өөр гутлын брэндийн сурталчилгаа харагдаж эхэлдэг дээ. 

Фэйсбүүкээ хаахдаа би тэрхүү сурталчилгаануудыг харахгүй байх сан гэж үнэхээр хүссэн. Улмаар хаягаа устгахаас гадна, компьютер болон гар утсандаа “web cookies” болон бусад байдлаар датаг минь нууцаар ашиглах бүхий л оролдлогыг хорьсон. Одоо би ямар ч сайт руу орсон сурталчилгаа харагдахаа больсон. 

Хэрвээ фэйсбүүкт бүртгэлгүй бол тэд таны мэдээллийг дамжуулж, хүлээж авч чадахгүй. Таны хэн гэдгийг, эрэгтэй, эмэгтэй болохыг ч ялгаж чадахгүй учраас сурталчилгаа илгээхгүй гэсэн үг. Сурталчилгааныхан фэйсбүүкээс өөрөөр намайг “тагнах, тандах” боломжтой ч гэсэн зардал их орох учраас бууж өгөхөөс аргагүй. “Фэйсбүүкээр хувийн мэдээлэл, хандлага амархан харагддаг. Харин үгүй бол тэд таныг мөшгихдөө их мөнгө зарцуулна” хэмээн “Modern Impact” сурталчилгааны фирмийн захирал Майкл Прием ярьсан. 

Мөнгө зарцуулалт багассан, бүр маш ихээр 

Хүмүүс өөрт нь огт хамааралгүй сурталчилгаа хараад дургүйлхдэг гэж Фэйсбүүк зорилтот сурталчилгаагаа өмөөрдөг. Би харин ингэж бодохгүй байна. Надад хамааралгүй сурталчилгаа нь намайг мөнгөө үрэхгүй байхад “тусладаг” юм. 

Жилийн өмнө би “Taylor Stitch” хэмээх эрэгтэйчүүдийн хувцасны дэлгүүрийн цахим хаягаар оров.  Нэг хүрэм таалагдаад, авахаа шахаад больсон. Гэтэл яг тэр хүрэмний зураг фэйсбүүк, инстаграм, бусад цахим хуудсаар орох бүрд харагдаад байв. Тэгээд яасан гээч? Би худалдаж авсан. 

Фэйсбүүкээ устгаснаас хойш онлайнаар худалдаа хийхийн өмнө “Надад дахиад нэг цулгуй цамц, хайруулын таваг, коктэйл найруулагч хэрэгтэй гэж үү?” хэмээн асуудаг болсон. Хариулт ойлгомжтой, үгүй. Кредит карт маань надаар маш их бахархаж байгаад итгэлтэй байна.

Хувийн төсвөө хянадаг “Mint” апп утсандаа суулгаснаар хэдий хэрийн мөнгө хэмнэж буйгаа хянав. Өнгөрсөн аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд хувцас авахад 341, “Amazon”-оос бараа авахад 1100 ам.доллар зарцуулжээ. Энэ бол маш том өөрчлөлт. Учир нь, фэйсбүүкээ устгаагүй байхдаа буюу 2017 оны аравдугаар сараас гуравдугаар сарын хооронд хувцас авахад 1008, “Amazon”-оос бараа авахад 1542 ам.доллар үрсэн байсан. Аймаар байгаа биз? 

Инстаграм намайг эмэгтэй гэж бодож байгаа 

Хэдэн жилийн турш миний инстаграмаар эрэгтэй гутал, цүнх, видео тоглоомын сурталчилгаа харагдаж ирсэн. Харин одоо эмэгтэйчүүдийн үс хусах хэрэгсэл, ганган өндөр өсгийт урсана. Фэйсбүүк байхгүй бол Инстаграм намайг хэн болох, юунд дуртайг мэдэж чадахгүй. Тийм учраас надад тохирсон зар явуулж дөнгөхгүй. 

Би сүйт бүсгүйтэйгээ хамт нохойныхоо инстаграм хаягийг хөтлөдөг. Үүнээс болоод Инстаграм намайг эмэгтэй гэж бодсон байх (инстаграм хаяг нээхэд эрэгтэй, эмэгтэй гэж хүйс асуух сонголт байдаггүй). 

Ийм л байна даа. 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
17 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Уржигдар
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Уржигдар
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
9
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.04.11 202.21.124.133

Боловсрол + мэдээлэл нийгимйн сүлжээ = үр ашиг, хөгжил , боловсролгүй харанхуй + мэдээлэл нийгмийн сүлжээ = ухамсар сэтгэхүйн доройтол, уур хилэн, популизм, хямрал

0 Хариулах