Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

The New York Times | “Game of Thrones”-ийн ЖИНХЭНЭ ОД-той танилц!


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Жереми Эгнер

“Game of Thrones”-ийн уран бүтээлчид цувралынхаа найм дахь буюу сүүлийн улирлын нээлтийн үзвэрийг хийхээр “Radio City Music Hall”-ыг дүүргэв. Хамтдаа бүтээсэн гайхамшигт дурсамж, цувралынхаа эхний ангийг үзэхийн өмнө тэд сэтгэлийн үгээ хэлцгээсэн бөгөөд Дэвид Бениофф, Д.Б.Уайсс нар танхимд цугласан хүмүүсийн төдийлэн мэдэхгүй нэгэнд онцгойлон талархал илэрхийлсэн юм. 

“Бернадетт Колфильдийн ачаар л бид энэ хүртэл хол явж чадлаа. Та бол хамгийн шилдэг продюсер” гэж Бениофф хэллээ. 

Ерөнхий продюсер Колфильдийн нэр “Game of Thrones”-ийн фенүүдийн дунд Бениофф, Уайсс эсвэл Эмилиа Кларке, Софи Турнер, Лена Хиди шиг танил, дотно биш. Харин эдгээр одын хувьд Колфильд “Game of Thrones”-ийн жинхэнэ од юм! 

“Тэр бол манай шоуны цохилох зүрх нь” гэж Кларке,  “Түүн шиг л эмэгтэй болохыг хүсдэг” гэж Турнер, “Жинхэнэ Луугийн эх” гэж Хиди хэллээ.  

“Манай шоунд тохиосон хамгийн гайхалтай зүйл” хэмээн Бениофф, Уайсс хоёр хэлж байна. Олныг шуугиулсан агуу цувралуудын зохиолчид нь хүртэл од болдог хэдий ч киноны төгсгөлд нэрс нь уртаас урт жагсдаг, яригддаггүй баатруудын ачаар шоу амь ордог билээ. “Game of Thrones”-ийн хувьд энэ бол гарцаагүй үнэн. 

Түүхэн дэх хамгийн нүсэр цувралын баялаг үйл явдлыг харуулахын тулд таван том баг ажиллаж, хэдэн тивд зураг авдаг. Тэдний хувьд энгийн сцен гэж бараг үгүй. Нарийн түвэгтэй тулаан, хүн галдан шатаах зэрэг зургийг авахын тулд кино багийнхан Хойд Ирландын агуй, хавцлуудад суурьшил үүсгэж, Испани, Хорватын зарим хотын гудамжийг тусгайлан хаажээ. 

Киноны тухай та ямар ч сэтгэгдэлтэй байж болно, гэхдээ “Game of Thrones” бол кино гүйцэтгэлийн гайхамшиг гэдэгтэй маргах аргагүй. Найман улирлын турш зөвхөн Хойд Ирландад л гэхэд 13000 туслах ажилласан гэдэг баримтыг энд шигтгэчихье. Энэ бүхний ард хэн байж, нүсэр гүйцэтгэлийн баздаг вэ гэж асуувал хариулт нь Бернадетт юм аа. 

“Хэрэв тэр байгаагүй бол нүсэр бүтэц маань хар аяндаа нуран унах байсан” гэж Бениофф, Уайсс хоёр итгэлтэй хэлж байсан. 

Одоо Жосс Ведоны “The Nevers” цуврал дээр ажиллаж буй Колфильдтэй Англид уулзаж байхад “Яриад байдаг шиг нь чухал хүн байсан ч болоосой” хэмээгээд “Гэхдээ үүний ард бүхэл бүтэн багийн зүрх сэтгэл, уйгагүй ажиллагаа бий” гэж даруухан ярьсан. Түүний хэлж буй бүхэл бүтэн баг гэдгийг дотор баруун, зүүн гар нь болох продюсер Крис Ньюмэн, продакшн дизайнер Дебора Райли тэргүүтэй хүмүүс багтана. Гэвч бүхний ард Колфильд зогсож, хэдэн хэдэн тивд нэгэн зэрэг өрнөж буй зураг авалтыг хянаж, цагийн гүйцэтгэл, төсөв зэргийг гардсан нь үнэн. 

Энгийн хүний ой тоонд багтахгүй энэ нүсэр ажил харин Колфильдын хувьд түүртэхээр хэцүү юм ер биш аж. “Миний ажил бол тэд юу л бичнэ, тэр бичлэг заавал хийгдэх ёстой” хэмээн тэр хэлэв. 

Колфильд Нью-Йоркт өсөж, Рочестерт ахлах сургуулиа төгсөөд тэндхийнхээ орон нутгийн театрт ажиллажээ. 1981 онд киноны туслахаар ажилласнаар эргэлт буцалтгүй энэ салбарт дурлаж, жилийн дараа гэхэд Лос Анжелэс рүү нүүсэн байлаа. Зэрэг зиндаа нь өгсөх үед тэр Стивен Бочко (“Brooklyn South”,“Philly”), Майкл Манн (“Robbery Homicide Division”) Ридлей болон Тони Скотт (“The Good Wife”) зэрэг Холливудын домогт продюсертай ажиллаж амжжээ. Улмаар “The X-Files” цувралын продюсераар ажиллаад, дараа нь HBO-ийн “Big Love”-ийн ард гарахад нэр хүнд нь хүлээн зөвшөөрөгдсөн юм. 

HBO-ийн хамтын ажиллагаа дуусмагц тэд Британид дундад зуунд үйл явдал нь өрнөх фантази төрлийн киноны зураг авалт хийж эхэлснээ Колфильдэд дуулгажээ. Энэ бол 2011 он. Ийнхүү тэр Марк Хаффамыг орлож, “Game of Thrones”-ийн хоёрдугаар улирлаас кино багт нэгдсэн. 

Эхэн үедээ “Game of Thrones” одоогийнх шиг ийм алдартай байгаагүй. Хоёрдугаар улирлын наймдугаар анги буюу Блэк Уотерийн тулаан болох хүртэл луунууд нь ч жижигхэн гүрвэл байсан билээ. Харин гуравдугаар улирал жинхэнэ бүүм болж, цоо шинэ, Тарт овгийн Бриеннэ баавгайтай тулалддаг шиг илүү хэрцгий элементүүд орж ирсэн. “Хүүшээ, би жинхэнэ баавгайтай зурганд орж байгаадаа итгэж өгөхгүй нь ээ” гэж Гвендолине хэлэхэд “Берниг ингэнэ гэж би ч бодоогүй” гээд Колфильд хөхөрч байлаа. 

Түүх баяжих тусам зардал тэр хэрээр тэлж, эхэн үед нэг ангийг хийхэд 5 сая ам.долларын төсөв гардаг байсан нь наймдугаар улирал болоход 15 сая ам.доллар болж өссөн. Өмнөх ангиа давах нь шоуны анхны зорилго биш байсан ч үйл явдал хөврөх тусам өөрөө баяжсаар өдгөө амьд гарахын төлөө овгууд нэгдэж үхэгсэдийн армитай тулалдах агуу тулааны өмнө ирээд байна. 

“Шинэ улирлаас шинэ улирлын хооронд шоуныхаа зүрх, гол цөмийг алдахгүйгээр өссөн дэвжсээр байх тэр бүтцийг Колфильд бий болгож чадсан” хэмээн Бенифф хэлээд “‘Game of Thrones’-ийг бүтээх хэдэн янзын хувилбар бий бөгөөд ихэнх нь яван явсаар нурж унах заяатай байв. Харин Колфильдынх хувилбар л тэгээгүй” гэв. Хэрэв Колфильд Бельфалдын студид байхгүй бол түүнийг төлөвлөгөөний хурал, шинэ найруулагчийн сонголт, шинэ зургийн газар, шинэ орон нутагт яваа гэсэн үг. “Миний хувьд “Хаан ширээний тоглоом” бус “Уулзалт хоорондын тоглоом” байсан даа” хэмээн дурсана. Гэхдээ тэр энэ бүх нарийн ширийн зүйлсийг гүйцэлдүүлэхдээ тун ажил хэрэгч, басхүү хайр татам байсан гэдгийг кино багийнхан хэлдэг. 

Учир нь, тэд үзэгчид төдийлэн мэдэхгүй олон саад, бэрхшээлийн ард гарсан. Тэр дундаас Колфильдэд одоо ч бодогдоод байдаг нь: Зургаадугаар улирал дээр Дрогон луу Мээрээн хотыг галддаг зураг авалтын үеэр үнэхээр гал алдаж, хэд хэдэн орлон тоглогч түлэгдэж байж. “Тэд “Өө, наадуул чинь зүгээр, дуртай юмаа хийж байхад ийм юм гаралгүй яахав” гэцгээж байсан. Би лав бүгдийг нь галзуу амьтад гэж боддог” гэсэн юм. 

Гэхдээ тэр “галзуу амьтад”-аа бүгдийг нь энэрэнгүйгээр халамжилж, хариуцаж иржээ. “Тэр бол кино багийн бүгдийнх нь ээж нь байсан” гэж жүжигчин Кларке баталж байлаа. 

Зураг авалтын талбайд Колфильд юу туулдгийг хэн ч мэдэхгүй. “Хоёр сарын турш тасралтгүй зураг авсан бид шөнийн 03.00 цагт яг одоо ажиллаж, хүн бүр тань руу дайрч, давшилж, ядаргаа болж байгааг мэдэж байна л даа. Гэхдээ би ирэх долоо хоногийн Дотраки овгийнхонтой хэсгийн текстийн талаар тантай ярьж болох уу?” гээд л манайхан ирнэ шүү дээ” гээд Кольфильд инээснээ “Тэд тэгээд тэр тухайгаа жинхнээсээ ярина шүү дээ” хэмээсэн. 

Олон дүрсгүй, ааш муутай хүүхдүүдтэй ээжүүд яадаг билээ, тэр бүхний ард Колфильд гарна. Энэ талаар Жэйми Ланнистерт тоглосон Николай Костер-Вальдау өөрийн нэг түүхээ хуваалцсан юм. “Тэгэхэд би үнэхээр стрессээ барьж дийлэлгүй, зургийн багийг тэр чигт нь хэрүүл, хараал болгосон байлаа. Тэгсэн Колфильд над дээр ирээд “Хүүе, чи минь зүгээр үү?” гэж хэлэх мөчид нь би гэнэт ухаан орж, юу гээчийн балай юм хутгачихсан байгаагаа ойлгож билээ” гээд “Жинхэнэ хөгийн новш шиг загнах байсныг минь нэг л асуултаар зогсоосон түүнд баярлаж явдаг” гэсэн юм. 

Гал мөсөөр дүүрсэн нүсэр, бадрангуй цувралыг үргэлжлүүлэхэд цаг агаарын байна уу, төсвийн байна уу, эсвэл цаг зохицуулалт, хэн нэг хувь хүнээс шалтгаалан саад учрах бүрд давж гардаг хамгийн том чадвар нь түүний хүний ойлгох, арга эвийг нь олох, сэтгэл хөдлөлд авталгүй шийдвэр гаргадаг нь гэлтэй. “Би хүний царайг хараад л яг юунаас болж, юу болохгүй байгааг мэддэг” гэж тэр өөрөө хэлж байсан. 

“Би янз бүрийн л багтай ажиллаж эхлээд, эцэст нь хэзээ ч салмааргүй болтлоо дотноссон байдаг” гэж Колфильд хэлээд “Сүүлийн улирлын зураг дуусч, бид мөр мөрөө хөөх үе ирээд байна. Гэхдээ манай багийнхныг ахиад 5 жил, 5 улирлын зураг ав гэвэл тэд дуртайяа зөвшөөрнө гэдгийг би мэдэж байна. Бид ийм л хамт олныг бүтээж чадсан юм” гэж билээ. 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
8 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
4
0
0
0
0
0