Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | 'Gen Z' үеийнхэн дэлхийг аврах уу?


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 

Бид зуны саруудад түр хугацаагаар завсарласны дараа "The New York Times Licensing Group"-тэй дахин хамтран ажиллаж, уншигчдадаа хүргэж байсан дэлхийн шилдэг нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээр боллоо. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 


David Brooks / The New York Times

Дэвид Брукс 2003 оноос хойш "The New York Times" сонинд тоймчоор ажиллаж байна. Мөн тэрбээр "The Road to Character", “The Second Mountain” номын зохиогч билээ. 

Сэтгэл гутрал, сэтгэцийн гаралтай өвчлөл нэмэгдэж тодорхойлоход бэрх оюун санааны хямрал газар авсаар байна. Өнгөрсөн оны сүүлээр "Pew" хүрээлэнгээс гаргасан нэгэн судалгаа анхаарал татсан юм. Тэд хүмүүсээс амьдралд нь утга учир бэлэглэдэг зүйлсийг нэрлэхийг хүсчээ. Гайхмаар олон хүн хувийн амьдралаа тун цөхөрсөн байдалтай дүрсэлсэн байв. 

"Амьдралыг минь утга учиртай, аз жаргалтай, сэтгэл хангалуун болгодог зүйлсийг би олж харахаа больсон. Тэдгээр зүйлс хэдийнэ алга болсон. Яг одоо би амьдралаа утга учиртай байлгах хөшүүргийг олохоор хичээж байна."

"Гуниг, гутралдаа живж биш, өөрийнхөө хэн болохыг мэдэрч амьдарсан бол хэчнээн сайхан байх вэ? Би энэ мэдрэмжээсээ болж үнэ цэнэтэй амьдрал ямар байдгийг хэзээ ч олж мэдэхгүй байх."

"Архи, мансууруулах бодис бол тэвчихэд бэрх оршихуйн дундах гэгээ юм."

“Би амьдралдаа тийм ч сэтгэл хангалуун биш байна. Учир нь гэртээ хүүхдээ хардаг ээж. Миний амьдрал эцэс төгсгөлгүй нэг хэвийн бас эмх замбараагүй." 

Америкчуудын нэг хэсэг нь эдийн засгийн шатаар уруудаж байгааг Pew хүрээлэнгийн судалгаанаас харж болно. Тэд эдийн засаг, нийгэм төдийгүй оюун санааны хувьд ч гачигдалд ороод байна. Судалгаанд оролцсон боловсрол багатай хүмүүс амьдралд нь утга учир авчирдаг зүйлсийн тоонд нөхөрлөл, сонирхол хобби, сурах боломж, эрүүл мэнд гэх мэт зүйлсийг нэрлэх нь бага байжээ. 

Судалгаанд оролцсон боловсрол багатай хүмүүс амьдралд нь утга учир авчирдаг зүйлсийн тоонд нөхөрлөл, сонирхол хобби, сурах боломж, эрүүл мэнд гэх мэт зүйлсийг нэрлэх нь бага байжээ.

Харин тэд утга учиртай амьдралын эх сурвалжийг ихэнхдээ гэр бүлтэйгээ холбон тайлбарлаж байв. Бараг 70 орчим хувь нь гэр бүл тэдний амьдралыг утга учиртай болгодог гэж хариулжээ. Үүний араас карьер, орлого, оюун санааны амар амгалан байдал, нийцэл зохицол бичигджээ. Харин судалгаанд оролцогчдын ердөө 11 хувь нь суралцах, долоон хувь нь бусдад туслах нь утга учиртай амьдралын нэг хэсэг гэж үзсэн байна. 

Хэрэв та философичдоос "Хүмүүс хэрхэн утга учиртай амьдралыг бүтээдэг вэ" гэж асуувал хувийн ашиг сонирхлоос ангид зүйлд өөрийгөө зориулсан цагт гэж хариулах нь олонтаа. Уильям Жеймс утга учир нь ариун зорилгын төлөөх цуцашгүй тэмцлээc харагдана хэмээсэн бол Сюзан Вольф чухал үйлд өөрийгөө бүрэн дүүрэн зориулснаар утга учрыг мэдэрнэ гэжээ. 

Гэвч орчин цагт "утга учир" хэмээх ойлголтын тухай ойлголт ч өөрчлөгдсөн мэт санагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүс уг ойлголтыг тодорхойлохдоо ёс суртахуунтай холбох эсвэл нийгэм, эх орон, бурхны төлөө зүтгэх тухай огтоос дурдаагүй юм. Үүний оронд бусдаар хайрлуулж байна гэдгээ мэдэрч, өөртөө сэтгэл хангалуун байсан мөчүүдээ амьдралын утга учир гэж үзсэн байх юм. Судалгаанд оролцогчдын нэг нь “Охиныхоо гөлөг нь болон тоглож байхдаа хорвоо дэлхийд болж буй болохгүй, бүтэхгүй бүхнийг мартахад амархан байдаг" гэж ярьжээ. 

Судалгаанд хамрагдсан хүмүүс утга учир хэмээх ойлголтыг тодорхойлохдоо ёс суртахуунтай холбох эсвэл нийгэм, эх орон, бурхны төлөө зүтгэх тухай огтоос дурдаагүй юм. Үүний оронд бусдаар хайрлуулж байна гэдгээ мэдэрч, өөртөө сэтгэл хангалуун байсан мөчүүдээ амьдралын утга учир гэж үзжээ.

Эндээс үзвэл хүмүүс амьдралаа тодорхой нэг ажил, мэргэжлийн хүрээнд эмхлэгддэг зүйл гэж бодохоо хэдийнэ больж. Мэргэжил, сонирхол бол тэдний хувьд хүрээлэн буй орчиндоо сайн сайхныг бүтээх олон арга замын ердөө нэг нь болж хувирчээ. 

Нөгөөтэйгүүр юм бүхэнд хувь хүний онцлог, орчин үеийн технологийн тусгал үзэгдэх болов. Ёс суртахуунт амьдралын илэрхийлэл болсон эрх чөлөөний төлөөх тэмцэл, ядуурлыг эцэс болгох зорилго өнөө үед тийм ч чухал байхаа больж. Учир нь хүмүүс илүү том, илүү аймшигтай нийгэмтэй нүүр тулж байна. Зүрх сэтгэлгүй, харгис ертөнцөөс өөрийн гэсэн бяцхан диваажинг олж авах нь бидний хийж чадах цор ганц зүйл болжээ. Судалгаанд оролцсон өөр нэг хүн өчүүхэн жижиг зүйлсээс утга учрыг мэдэрдэг гэв. Тэрбээр "Нүднээ үл анзаарагдам жижиг өт, хорхой, ургамал гэх мэт оршихуй таатай сэтгэгдэл төрүүлдэг. Надад эсвэл хорвоо ертөнцөд огтоос хүртээлгүй тэдгээр жижиг зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх нь сайхан санагддаг" гэсэн юм. 

Би "The Second Mountain" номынхоо дөрвөн сарын аяллыг дөнгөж дуусгаад байна. Аян замдаа мянга мянган хүнтэй уулзаж ярилцсан бөгөөд "Pew" хүрээлэнгийн судалгаанд дүрслэгдсэн итгэл найдвараа алдсан Америкийг олж харсан минь гарцаагүй. Гэхдээ юу юунаас илүү анзаарсан хамгийн том зүйл бол үе хооронд үүссэн том ангал байв. Миний насны хүмүүс залуу үеийнхнийг эрх дарх ихтэйн дээр сэтгэл зүйн хувьд эмзэг мэдрэмтгий гэж гоочилдог. Гэсэн ч чухам энэ л үеийнхэн ёс суртахууны төлөөх асар их тэмүүллээр шатаж, бүүмэрс, Gen X үеийнхний дунд хэвшмэл болсон ёс суртахууныг гагц хувийн зорилгод ашиглах гэсэн үйлдлийн эсрэг тэмцэж байна. Энэ мэт явдлыг залуу үеийнхэн огтоос тэвчиж чадахгүй.

Эргүүдийн дагуух өндөр зэрэглэлийн коллежуудад "Wokeness" хэмээх шашны шинэчлэлийн хөдөлгөөн газар авч буй. Тэд нүгэл (эрх ямба)-ийн тухай өөрсдийн гэсэн ойлголт, Шулмын ан (цахимаар шившиглэх)-гийн тусдаа хувилбартай. Тус хөдөлгөөнд нэгдсэн хүмүүс үйл хэрэг, ёс суртахууны дуудлагыг ухамсарладаг агаад хууль ёсны дагуу үйлдэгдсэн хэдий ч үнэн хэрэгтээ шударга бус явдлуудад уурлан хилэгнэдэг.

Биднийг ярилцах явцад тэдний хэн нь ч хаанаас ирсэн, ямар гарал угсаа, арьс өнгөтэй вэ гэдгээрээ өөрийнхөө хэн болохыг тодорхойлсонгүй. Харин ажиллаж буй төслөөрөө өөрсдийнхөө хэн болохыг илэрхийлж байв.

Саяхан би Безосын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан АНУ, Африкийн ахлах ангийн сурагчидтай уулзсан юм. Биднийг ярилцах явцад тэдний хэн нь ч хаанаас ирсэн, ямар гарал угсаа, арьс өнгөтэй вэ гэдгээрээ өөрийнхөө хэн болохыг тодорхойлсонгүй. Харин ажиллаж буй төслөөрөө (цэвэр ус, Америкийн уугуул иргэдэд туслах гэх мэт) өөрсдийнхөө хэн болохыг илэрхийлж байв. Бусад ахлах ангийн сурагчид ч үздэг драма, дуртай спортоороо биш улс төрийн байр суурь, мэргэжил сонирхлоороо өөрсдийгөө тодорхойлох хандлагатай байна. 

Үүнээс гадна коллежийн оюутнууд "Pew" хүрээлэнгийн судалгаанд огтоос дурдагдаагүй өөртэйгээ ажиллах, өөрийгөө танин мэдэх гэхчлэн ёс суртахууны асуудлаар хэлэлцэх туйлын дуртайг анзаарсан юм. "Амьдрал бол илүү сайн хүн болж төлөвших тухай асуудал, одоо таны хэн байгаа чинь хангалтгүй, та зөв үйлдлээр дамжуулж өөрийгөө өөрчлөх ёстой" гэсэн итгэл үнэмшил олон арван жилийн өмнө замхарч одсон ч одоо уг ойлголт дахин сэргэсэн мэт санагдаж байна. 

Тийм ч таатай санагдахгүй байж мэдэх л юм. Гэхдээ бидэнд бүүмэрс үеийнхний идэвхгүй байдал, ёс суртахууныг хувийн зорилгод ашиглах гэсэн үйлдлийн эсрэг тэмцэгчид байгаа нь азтай хэрэг. Магадгүй итгэл үнэмшилдээ туйлаас үнэнч залуучууд бидний үеийнхэнд аутодафе (тэрс үзэлтнүүдийг амьдаар нь галд шатааж цаазаар авдаг эрүү шүүлт. орч) шийтгэл оноож ч мэднэ. 

Гэлээ ч ганцаардмал, итгэл найдвараа алдсан гэх нэр зүүсэн нийгэмд амьдрахаас хавьгүй дээр сонголт билээ. 

c.2019 New York Times News Service

холбоотой мэдээ
1
2019.10.09
The New York Times | Инстаграмын хүүхэлдэйнүүдийн нууцлаг ертөнц
2
2019.10.09
The New York Times | Кинонд Нью-Йорк л гэрэлтдэг
3
2019.10.04
The New York Times | Хонконгийн тэмцлийн ард орших ялгамжит чанарын хямрал
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
4
1
0
0
0
1