Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

The New York Times | Харь гарагийнхан дэлхий рүү дайрлаа гээд бодчихъё


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно. 

Фархад Манжу

Дэвид Уоллес-Уэллсийн “The Uninhabitable Earth” бол миний уншиж байсан хамгийн аймшигтай ном гэж би хэлж чадна. Цаг уурын өөрчлөлтийн тухай шинжлэх ухаанчаар хандсан ном боловч үнэндээ Хуучин Гэрээ шиг бүтээл гэхэд буруудахгүй. Уг номон дээр тун удалгүй манай гарагийг тэр чигт нь сүйрэлд хүргэж мэдэх дулаарал, өлсгөлөн, усны хомсдол, мөн өвчин эмгэг, агааргүйдэл зэрэг асуудлуудын тухай өгүүлэх ба улстөр хийгээд соёл иргэншлийн уналтад орох мөч туйлын ойрхон байгаа тухай маш нарийн бичсэн байдаг. 

Бас бодож сөхөөд байх зүйлгүйгээр тэрхүү сүйрлийг даван туулж, үхлээс зугтах ёстой хүмүүс нь та дангаар биш таны хүүхдүүд эсвэл ач зээ нар болж таарна гэдэг нь ч тодорхой. Цаг уурын дулаарлын нөлөөгөөр дэлхий дахины эдийн засгийн үр ашигт байдал 20 ба түүнээс дээш хувиар буурах өндөр магадлалтай байна хэмээн үзэж байгаа бөгөөд цаашлаад эдийн засгийн үр өгөөжтэй байдал бүр тэн хагас хүртлээ ч дордох боломжтой юм. Уг аюулыг дор хаяж нэг эсвэл бүр хоёр гурван ч удаа “Агуу их дарамт” хэмээн тайлбарлаваас зохистой. Үгүй бол хэн ч анхаарахгүй шүү дээ. Тэгээд ч үүнээс үүдэх тэрхүү дайн тулаан дөнгөж эхлээд л больчихгүй бөгөөд харин ч бүх төрлийн нөөцийг эзэмшихийн төлөөх дайн хүн төрөлхтний соёл иргэншлийг дараагийн цоо шинэ аймшигтай бүлэгт аваачиж мэдэх юм.

2017 онд "New York" сэтгүүлийн нийтлэлч Уоллес-Уэллсийн шуугиант нийтлэл цаг уурын зарим эрдэмтдийн дургүйцлийг хүргэж, ихээхэн шүүмжилсэн байдаг. Түүний нийтлэлд одоо цаг үед бодит аюул болон нүүрлээд буй цаг уурын онц ноцтой өөрчлөлтүүдийн талаар аймшигтай төсөөлөл, тохиолдож болох гамшигт аюулуудыг дурдсан байсан юм. Үүнд хар салхи, гал түймэр, үер, галт уулын дэлбэрэлт, хэт халалт, туйлын эргүүлэг гэх мэт аюулууд дурдагдаж байв.

Гэтэл түүний төсөөлж-болох-хамгийн-аймшигтай аюул бага багаар өөрийгөө илчлэн харуулсаар л. 

Дэлхий маань яг бидний нүдэн дээр байж болох бүхий л хүнд хэцүү сорилтуудтай нүүр тулсаар л. Саяхан хүртэл Уоллес-Уэллс надад "Цаг уурын аюулт үзэгдлүүд одоо бүгд "хамтран ажиллаж" эхлээд байна" гэж хэлсэн.

Мөн бид энэ гамшигт үзэгдлүүд цаашид ч үргэлжлэн тохиолдсоор байна гэдгийг ухаарах хэрэгтэй. Өөрт минь болон гэр бүлийнхэн, эргэн тойронд байгаа бүх хүмүүст нөлөөлж мэдэх хүнд хэцүү нөхцөл байдал тулгараад буйг дөнгөж л өөрөө ухаарахдаа би энэ номыг маш их айдас хүйдэс болон итгэл алдарсан туйлын мэдрэмж дунд уншиж дуусгасан юм. Номоо уншиж дуусгасны дараах сүүлийн хэдэн долоо хоногт миний гүүгл дээрх хайлт "Дэлхийн дулааралд хамгийн ихээр өртөж буй хотууд" болон "Гэнэтийн аюул осолд бэлдэх" гэх түлхүүр үгсээр дүүрсэн гэхэд болно.

Гэхдээ намайг хамгийн ихээр бухимдуулсан зүйл нь биднийг чиглэн ирж буй энэ сүйрэл ч дангаар биш, ирж буй сүйрлийг ойлгон ухамсарлаж чадахгүй байгаа манай улстөрийн тогтолцоо байсан юм. Өөрчлөлт гэдэг нь энэ төр засгаас нэхэх шинэ төлөвлөгөө биш, харин ч бүр цоо шинэ улстөрийн тогтолцоог нэхэх гэдгийг надад сануулах шиг болсон. Энэ бол зөвхөн дайны үеэр л хийгдэж байсан агуу өөрчлөлтүүдийн нэг юм шүү.

Гэвч цаг уурын өөрчлөлт дайн биш шүү дээ. Энэ асуудалд бидэнд өөрсдөөс маань өөр дайсан гэж байхгүй. Гэхдээ бид тус тусдаа байсан ч, бүлгээрээ байсан ч, юунаас ч болсон бай хамаагүй зөвхөн өөрсдийнхөө л төлөө тэмцдэг тийм л хүмүүс шүү дээ. 

Тэгэхээр энэ бодол намайг тайвшруулсан юм. 

Тэгээд би нэгэн орой одоо бол Калифорни мужийн хаанаас ч олж болох нойрны эмийг уугаад байж байтал толгойд гэнэтхэн нэг бодол орж ирээдхэв.

Харь гарагийнхан хэмээн жүжиглэх.

"Жүжиглэх" гэдэг нь өөрөө их хүчтэй үг боловч, бид одоо “хууран мэхлэлт”-ийн цаг үед амьдарч байна. Вакциныг өвчин үүсгэгч мэтээр хардаг хүмүүс; дэлхий бөөрөнхий биш харин ч хавтгай гэдэгт итгэдэг NBA-ийн тоглогчид; цагаачлалыг АНУ-ын орших эс оршихуйд заналхийлж буй зүйл хэмээн итгэн үнэмшиж, гадуурхах хүмүүс — өдөр болгон л бид асар их эндүүрэл болоод тэнэглэлийн гол шиг хүчтэй урсгалтай нүүр тулж байна. Бас бид ихэнх тохиолдолд дижитал гайхамшгийн оронд амьдарч буйнхаа өр төлөөсөнд эдгээр урсгалыг дурамжхан ч атугай хүлээж авахаас өөр аргагүй болдог. 

Худал хуурмаг зүйл мэдээ мэдээллийн орчинг тэргүүлж, толгойлж байхад яагаад үнэхээр хамгийн чухал мэдээлэл нь энэ зэрэгцээд ч болтугай очиж болдоггүй юм бэ?

Өнгөрсөн жил Харвардын алдарт астрофизикч Ави Лоэб “Дэлхийгээс гадна орших соёл иргэншил бүхий гарагаас дэлхий рүү ямар нэгэн зорилготойгоор илгээсэн байж болзошгүй бүрэн ажиллагаат машин” буюу “Oumuamua” гэх нэртэй одод хоорондын аялал хийх зориулалттай төхөөрөмж илрүүлсэн тухай судалгаагаа дэлгэсэн юм. Лоэбын санаа мэдээж түүний ном нэгт нөхдөөс нь тааруухан хариу авсан. 

Хэрэв үнэхээр догшин ширүүн, харгис хэрцгий ногоон өнгийн бяцхан хүмүүс үүнийг илгээсэн байвал яах вэ? Үнэхээр магадгүй тэдний удирдагч нь өөрсдийнх нь төлөвлөгөөг олж мэдээсэй гэж хүссэндээ тэр төхөөрөмжөө ил задгай илгээсэн бол яах вэ? Магадгүй дэлхийн хүмүүст твиттерээр ч юм уу мэдэгдэх хүсэлтэй байсан ч юм билүү.

Би мэдээж хошигнож байна л даа. Гэхдээ энэ төсөөлөлтэй холбоотой асар олон хөгжилтэй дүр зургууд толгойд бууж байна. Би зүгээр л Логан Полыг “YouTube” алдартан байхаа болиод, АНУ-ын сансрын хүчний командлагч болон өргөмжлөгдөж, харийнхантай тулалдахын тулд энх тайвны музейг шуудхан нүүрсний цахилгаан станц болгон хувиргах төлөвлөгөөгөөг ерөнхийлөгч Дональд Трампт танилцуулж байна гэж төсөөлж байна л даа. Ерөнхийлөгч индэр дээр байх бөгөөд түүнд ганц л асуулт байх юм: “Бид дэлхийг аврах шаардлагагүйгээр АНУ-г дангаар нь аврах боломжтой юу?”

Би зүгээр л ерөнхийлөгчийн тухай тэнэг тоглоом шоглоом хийх гэсэндээ ийм юм бичиж суугаагүй юм шүү. Дэлхийн дулааралд итгэдэг хүмүүсийн хувьд ч дэлхий рүү харь гарагийнхан дайрч байгаа мэтээр жүжиглэж буй уг үйл явдлууд тэр чигтээ сэтгэцээр наадсан тоглоом шиг санагдаж байгаа. Гэхдээ үүний нэг сайн тал байгаа нь энэ бүх утгагүй явдлууд иргэний нийгэм болоод манай гарагийг хамарсан томоохон асуудлуудын хамрах хүрээг тогтооход тус болж байгаа юм л даа. Бас болоогүй хэрхэн, ямар хурдаар, ямар үр дүнтэйгээр хариу үйлдэл хийх ёстой тийм нөхцөл байдалд ороод байгааг харуулж байна.

Биднийг хүлээж буй аймшигт үйл явдлуудын тухай ойлгохоосоо өмнө би цаг уурын өөрчлөлтийг маш чухал зүйл боловч “мартагдсан” гэх жагсаалтад оруулаад байснаа ухаарсан юм: “Хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, их сургуулийнхаа төлбөрийг төлөхөд нь туслах, цаг уурын өөрчлөлтийг засах” гэх жагсаалтад.

Ирээдүйд амсаж болзошгүй хохирол, аюулуудын хажууд одоогийн асуудлууд бол инээдтэй ч юм шиг болжээ. Цаг уурын өөрчлөлтийг хэвэнд нь оруулах, сөрөг үр дагавруудтай тэмцэж, түүнээс зайлсхийх нь тал дээр удирдлагуудаар батлагдсан бодлого, төлөвлөгөө гэх зүйл үнэндээ байхгүй болно. Харин ч оронд нь цаг уурын асуудал нь интернет, цөмийн зэвсэг зэргийн нэгэн адилаар манай улстөрийн нэгэн шинэ байнгын шинж чанар болох болно. Үүний үр дүнд нийгмийн бүхий л хэсгийг шинэчлэн босгох, дэвшилтэт хөтөлбөрүүдийн бүх давуу талуудыг ашиглах, амьдралаа өөрчлөхийн тулд маш их зарлага гарган, улстөрийн олон хэвшмэл ойлголтыг халах хэрэгтэй болж болзошгүй. Магадгүй бид энэ өөрчлөлтийг авчирснаар зарим хүмүүсийг улам хэцүү байдалд оруулж мэднэ. Гэвч энэ бүхэн цагаатгагдаж л таараа. Учир нь бид нөхцөл байдлыг ойлгож байгаа шүү дээ: бид аймшигтай хэрцгий харийнхантай тулалдаж байна.

Биднийг энэ хэвээр явсаар байтал асуудлууд улам л дордож дуусах нь. Саяхан л гэхэд ирээдүйд дэлхий хоёрхон градусаар дулаарна гэхэд л хэзээ ч төсөөлөгдөмгүй тийм гамшигт нөхцөлд байдал мэтээр төсөөлөгддөг байсан. Гэтэл өнөөдөр “25 Холокауст”-ын үхлийн аюул учруулах хэмжээний тийм л агаарын бохирдолд хүргэж мэдэх тэр 2 градус нь Уоллес-Уэллсийн тэмдэглэснээр бол “найдаж болох хамгийн бага тоо” болж хувираад байгаа юм.

НҮБ-ын нарийн тооцоогоор бол дэлхий дор хаяж 3 хэмээр дулаан болох зам руугаа ороод байгаа бол Трамп засаг барьж эхэлснээс хойш 4 хэм рүү ойртож эхэлсэн юм.

4 хэмээр л дулаарахад хүн төрөлхтний түүхэнд нөхөж барамгүй хохирол учрах болно. Хэдэн зуун сая хүн нас барах ба дэлхийн ихээхэн бүс нутгуудад хүн амьдрах аргагүй болж, хүн төрөлхтөн гэх агуу сүрэг гамшгийн бүсээс зугтах шаардлагатай болж, гамшгаас хохирол бага амсаж үлдсэн газруудад харин эдийн засгийн өсөлт гэх зүйл “хэвийн” байгаасай гэхээс илүүг хүсэж чадахгүй болно.

Энэ бол одоогийн нөхцөл байдал. Бидний аймшигт нөхцөл байдал. Гэсэн хэдий ч хүчирхэг байр суурин дээр байдаг хүмүүсийн хэн нь ч дэлхийн дулаарлын талаар шударга өнцгөөс хандан сэрэмжлүүлж, анхааруулахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд ''Шинэ ногоон хэлэлцээр'' гэх өндөр түвшний стратегийн баримт бичгийг Нью-Йоркоос гаралтай Алекандра Окасио-Кортез болон түүний хамтрагчид танилцуулсан боловч тус зорилтуудыг хэрхэн биелүүлэх талаар ямар ч тодорхой оновчтой санаа тэнд нь алга байв. Ардчилсан социалистууд ч дулааралд өртөөд буй гарагийг аврахад ямар их зүйл золиослогдох шаардлагатай болохыг хэлж чадахгүй байна.

“Ногоон хэлэлцээр” дээр ихээхэн шуугиж буй шүүмжлэгчид хүртэл ирээдүйд цаг уурын өөрчлөлтийн талаарх асуудалд хүмүүс анхаарлаа бага хандуулсан хэвээр байх тухай, нөгөө л нэг улстөрийн урхиндаа дахин орж, яаралтай арга хэмжээ авахын оронд энэ асуудлыг жижиг хэвээр нь үлдээсээр байгаа тухай шүүмжилж гарсан юм.

Энэ бүх үйл явдал ямар эмгэнэлтэй бас залхуутай байна гээч! Бидэнд яг одоо л өнөө баатарлаг, эр зоригтой үйл хэрэгтэй байна. Хэрэв харийнхан довтолсон бол бид илүү л тэмцэх байсандаа...

Бид айсуй дайнд л энэ бүх асуудлуудыг ойлгоно. Бид золиослол хийгээд тууштай байхын чухлыг хүссэн хүсээгүй мэдэрч таараа. Манай гараг болон манай хүн төрөлхтөнд чухам яг юу тохиолдоод байгааг бид бүр сүүлд анзаарч таарах нь. Энэ бол амьд үлдэхийн төлөөх дайн.

c.2019 New York Times News Service

Орчуулсан О.Анхзаяа 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
15 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.