Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

The New York Times | Хэн биднийг хянаж байна вэ гэх айдас

Зургийг Ariel Davis, Jessia Ma / The New York Times


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Farhad Manjoo / The New York Times

“Хувийн нууцлал” гэх ойлголтод бид бүгд л автаж, түүнийгээ хамгаалахаар эрмэлздэг. Жишээ нь, Equifax компаниас таны зээлийн түүхийг алдагдах, Reddit вэб хуудсанд таны хувийн чанартай завхай зурвасууд тавигдах эсвэл таны сэтгэл зүйчийн ажил хакеруудын халдлагад өртөх гэх мэтээр бидний хувийн нууцлал халдлагад өртөж, ямар нэгэн байдлаар буруу ашиглагдахад бид бухимддаг. 

Гэвч хувийн нууцлал өнөөдөр, ялангуяа хувь хүмүүсийн хувьд агшин зуур, өчүүхэн шагнал урамшууллын төлөөсөнд худалдахад бэлэн зүйл болжээ. Автомашин хожихын тулд гэрийн хаягаа оруулна уу, газрын самрын тосны хямдралд хамрагдахын тулд худалдан авалтын түүхээ хуваалцана уу, фэйсбүүк хэрэглэхийн тулд өөрийнхөө амьдралаа тооч гэх мэтээр. 

Энэ зөрчилтэй мэт сонсогдох ч үнэн хэрэгтээ хүлцэнгүй байдлын шинж. Хүмүүс хувийн нууцлалаа хадгалахыг хүсэж, компаниуд уг шаардлагыг биелүүлж байгаа мэт боловч уг “наймаа”-ны нөхцлүүдийн талаар хэн ч үнэн мөнөөр нь ярихгүй эсвэл ил тод байдлыг хангахгүй байна. Ямарваа нэгэн зүйл буруугаар эргэхэд бид агшны төдийд уурсах ч удалгүй тайвширч, энгийн байдалд ордог. Нууцхан бодолдоо бид цахим орчинд хэн ч хувийн нууцлалгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байж ч магад. 

Одоо харин хувийн нууцлалын талаар мэдэн будилахаа зогсоох цаг болжээ. 

Ирэх арван жил бидний хувийн амьдралын хамгийн эрхэм нандин мэдээллээс асар их хамааралтай технологиудын хөгжлийн он жилүүд байх болно. Би хийсвэр оюун ухаан, өмсөж зүйж болдог мэдрэгч төхөөрөмжүүд, генийн инженерчлэл, нисдэг дронууд, хаа сайгүй байрлах бичил камеруудын талаар ярьж байна. Үүн дээр технологийн салбарт давамгайлж буй цөөн тооны хүчирхэг компаниуд бидний цахим мэдээллийг цуглуулагч төв олон хувирч буй үзэгдэл нэмэгдэнэ. Эдгээр баримт биднийг мөхөл рүү ойртож буйг илтгээд зогсохгүй, удахгүй хэдхэн компани бидний үйл хөдлөлийн талаар бүхий л мэдээллийг цуглуулах болно.

Миний нэрлэж заншсанаар “Ухаалаг төхөөрөмжийн хар дарсан зүүд” хэмээх тоглоом тоглоё. Тоглоомын дүрэм дараах байдлаар өрнөнө. Шинээр гарсан цахим барааг аваад уг технологийг буруугаар ашиглаж болох бүхий л боломжийн талаар төсөөл. Тэгээд одоо үйлчилж буй хууль тогтоомжууд, сонгосон улс төрчид тань энэхүү төсөөллөөс чинь үүсэх аймшигт нөхцөл байдалтай тэмцэхэд бэлэн эсэхийг өөрөөсөө асууна уу. Танд анхааруулж хэлэхэд уг тоглоом их удалгүй айдас төрүүлж эхлэнэ. 

Гэр доторх хяналтын камеруудыг авч үзье. Тэр дундаа хэдэн жилийн өмнө хэрэглээнд нэвтэрч ихэд түгсэн хаалганы хонхонд байрлах камеруудын тухай төсөөлье. Хүн танай хаалганы хонхыг дарахад та тэдний царайг харж ярилцаж болох их амар хялбар зүйл. Өнөөдөр зах зээлд дэх хамгийн түгээмэл хоёр бүтээгдэхүүнд болох Ring, Nest-ийг "Амазон", "Гүүгл" зэрэг технологийн гигантууд эзэмжиж байна. 

Үнэ өртгийн хувьд эдгээр камер төсөр, 80-аад оны кинонд гарах үнэт эдлэлийн дэлгүүрийн интеркомын шинэчилсэн хувилбар мэт санагдаж болно. Гэвч та сөрөг үр дагаврын талаар бодоод үзвэл хонхны камерууд нийгмийн, ёс зүйн, эдийн засгийн болоод улс төрийн олон асуултыг дагуулж байна. 

Юун түрүүнд энэ камерууд клаудад холбогдож, хөдөлгөөн мэдрэх чадвартайг санах хэрэгтэй. Энэ нь тус камерыг суурилуулснаар танай үүдэнд ирсэн хүн бүрийг зургийг авч, алс хол орших үл таних серверт илгээж байна гэсэн үг. Таны гэрийнхээ үүдэнд хэн дуртай хүнийхээ зургийг авч болох ч таны хувийн өмч нь өөр хэн нэгний ажлын байр байж болохыг мартаж болохгүй. Жишээ нь, түгээлтийн ажилтнууд таны үүдэнд өдөр бүр ирэх шаардлагатай байж болно. Та тэднээс ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр хүргэгчгийн царай, тухайн зураг авсан газрын байршил, цагийн хамтаар өөр нэг интернет компанид илгээж байгаа хэрэг. 

Энэ байж болох зүйл үү? 

Зургийг Ariel Davis, Jessia Ma / The New York Times

Таныг энэ тухай эргэцүүлж байх зуур үүсэж болох бусад асуудлыг дурдъя. Танай үүдэнд ирсэн хүн бүрийн зургийг нэг бүрчлэн харах нь зовлонтой ч үүнийг таны өмнөөс хийх програм хангамж аль хэдийн гарчээ. Нүүр царай таних технологиор дамжуулан таны хонх хэн нь найрсаг, хэн нь эерэг бус хандлагатай байгааг сурч болно. Таныг ажлын томилолтоор явсан үед хань тань гэртээ ирэх бүрд мэдээлэл илгээж тус хүргэж мэднэ. Эсрэгээр хүчирхийлэгч таны гэргийн гэртээ ирэх бүрд мэдээлэл авч байх ч боломжтой. Өдгөө энэ мэтийн “ухаалаг” төхөөрөмжүүд ахуйн орчинд үйлдэх хүчирхийллийн гол зэвсэг болоод байна. 

Харин одоо хонхны тань камер танихгүй хүн харвал яах талаар бодоод үз. "Амазон" компанийн эзэмшлийн "Ring" старт-ап компани өнгөрсөн жил авахаар өргөдөл бүрдүүлсэн зохиогчийн эрхийн бичиг баримтдаа  айдас төрүүлэм хэдэн санаа дэвшүүлжээ. Тус компани буулгасан зургийг нийлүүлэх хэд хэдэн аргачлалыг тайлбарлажээ. Уг мэдээлэл хадгалагдаж, улмаар айл хөршүүд хоорондоо хуваалцаж, хууль хяналтын байгууллага, цагаачлалын алба эсвэл хөршүүдийн өөрсдийнх нь үүсгэсэн “сэжигтэй этгээдүүд”-ийн жагсаалтад шалгуулах боломжтой. . 

Энэ төсөөлөл холын мэт санагдах ч үүнийг бодит болгох хэрэгслийн ихэнх нь бидний хэрэглээ болжээ. "Ring" компани хэдийнэ хөршүүд хоорондоо “сэжигтэй” этгээдүүдийн зургийн солилцох нийтийн сүлжээг санал болгож байна. Хөршүүдийн сүлжээ нь хүнийг арьс өнгөөр ялгаварлах үндсэн хөрс болохыг,  нүүр царайг таних програм нь хүйс, арьс өнгөөр ялгаварлах буруу хандлага агуулсан байхыг анхаарах ёстой. Түүнчлэн тус компани цагдаагийн албанд хөршийн нийгмийн сүлжээнд нэвтрэх арга замуудыг санал болгожээ. The Intercept сайтын мэдээлснээр цагдаагийн алба тухайн сүлжээнд үлдээсэн сэтгэгдлүүдийг харж, улмаар видео бичлэгийг хүртэл шаардах эрхтэй аж. 

Бид олон нийтэд нээлттэй эсвэл хязгаарлагдмал хүрээнд ашиглах “сэжигтэй” этгээдүүдийн зураг хөрөг бүхий мэдээллийн сантай байхыг хүсэж байна гэж үү? 

Ariel Davis, Jessia Ma / The New York Times

Асуудал үүгээр дуусахгүй. Хонхны камер нийлүүлэгч компаниуд таны бичлэгийг нууцаар үздэггүй гэдэг. Гэхдээ тэд гэрийн ухаалаг төхөөрөмжөөс олж авсан таныг гэртээ байх боломжтой болон боломжгүй цагийн мэдээллийг ашиглан хувь хүний талаар төсөөлөл бий болгож, илүү тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесийн санаа боловсруулж, танд санал болгохыг үгүйсгэхгүй. Энэ нь зөвхөн хонхны камер үйлдвэрлэгчдээр зогсохгүй. Өнгөрсөн жил Америкийн Нэгдсэн Улсын Конгресс интернетийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд хувийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхийг хориглосон хуулийг үгүй болгож, үүний үр дүнд компаниуд ухаалаг хонх болон хонхны камераас мэдээлэл цуглуулах,  цааш худалдах боломжтой болжээ. 

Энэ үйл явц дунд хяналтаа алдаж буй эдийн засаг, нийгэм, улс төрийн эрх мэдлийн талаар бодогтун. Авсаархан, амьдралыг хялбарчлах төхөөрөмжүүдийг сохроор худалдан авснаараа бид Америк айл бүрийн хаалгаар "шагайх" бололцоо олгож байна. Энэ хувийн хэвшилд байх мэдээлэл мөн гэж үү? 

Ирээдүйд, бидний хувийн нууцлалын талаарх шийдвэр сайн дурынх биш болохыг ч үгүйсгэхгүй. Амь насны даатгалын үйлчилгээ үзүүлэгч нэг компани үйлчлүүлэгчдээ байршил дамжуулагч зүүж явахыг шаардаж байна. Орон сууцны даатгалын компаниас танд гэртээ камер суурилуулбал хямдарна гэвэл яах вэ? Уг камерууд та бидний  ухаалаг төхөөрөмжид дуртайгаас биш ашигтай наймаанд үгүй гэж хэлж чаддаггүйгээс болоод түгвэл яах вэ?  

Харин одоо ижил тоглоомыг бусад технологийн хөгжлийн жишээн дээр тоглож үзье. Дронууд, хүний генетикийн судалгааны сан, өөрөө жолоодогч машин...гэх мэт

Цахим ирээдүй рүү ойртох тусам хувийн нууцлалдаа хэр хайхрамжгүй хандаж байгаа талаар дүн шинжилгээ хийхэд бид нэг л гашуун үнэнтэй тулгарна. Бид үнэн хэрэгтээ БНХАУ-ын бий болгож буй тоталитар дэглэмээс дутахааргүй хяналт, тандалтын улсыг бий болгож байна. Цорын ганц ялгаа нь харин Хятадууд төрөөр дамжуулан хийж буй зүйлсийг бид ямар эрхэм зүйлээрээ хохирч буйг ойшоох зохицуулалт байхгүй орчинд корпорациуд, өргөн хэрэглээний бүтээгдэхүүнээр дамжуулан хийж байна.  

c.2019 The New York Times

Орчуулсан Б.Мөнхнаран 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
1
1
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.