Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

The New York Times | Хэрхэн ‘дижитал нүүдэлчин’ болох вэ?


Зургийг: Lars Leetaru


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Кристин Вонг 

Бүтэн цагаар ажиллахын зэрэгцээ хорвоо ертөнцтэй танилцана гэхээр хэтэрхий ‘үнэмшилгүй’ сонсогдож байгаа биз? Гэхдээ зөв төлөвлөж, шаардлагатай тоног төхөөрөмж, дэмжлэг тусламжийг авч чадвал энэ нь боломжгүй зүйл биш юм. 

‘MBO Partners’ хөдөлмөрийн менежментйн компаниас гаргасан тайланд дурдсанаар АНУ-д 4.8 сая хүн холын зайнаас ажиллаж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө ‘дижитал нүүдэлчид’ хэмээн нэрийддэг болжээ. Учир нь эдгээр хүмүүс аялахын зэрэгцээ зөөврийн компьютер, ухаалаг гар утасны тусламжтайгаар холын зайнаас бүтэн цагийн ажлаа хийж буй хүмүүс юм. 

“Дэлхийн хаа нэгтээ түр оршин суух боломжтой байна гэдэг гайхалтай хэрэгтэй. Учир нь интернэт хаа сайгүй байгаа шүү дээ” гэж зөвлөхөөр ажилладаг Стефани Ли ярив. Тэрээр 2016 онд есөн сарын турш Азийн орнуудаар үүргэвчтэй аялал хийсэн бөгөөд Slack, Google Translate зэрэг аппликэйшнүүдийн тусламжтайгаар ажил, аяллаа зохицуулжээ. 

Гэхдээ та тасралтгүй аялах уу эсвэл аль нэг улсад үлдэхийг хүсэж байна уу гэдгээс үл хамааран ‘дижитал нүүдэлчин’ болоход ложистикийн зарим асуудал тулгарна. Та эд хөрөнгөө хаа нэг газар хадгалуулж, машинаа худалдаж болох ч дижитал нүүдэлчдийн эгнээнд нэгдэхээс өмнө дараах хэд хэдэн ажлыг амжуулах хэрэгтэй. 

Удирдлагатайгаа тохиролцоонд хүр

Хэдийгээр та өмнө нь холын зайнаас ажиллаж байгаагүй ч та ажлаа ийм байдлаар хийх боломжтой гэж үзэж байвал удирдлагуудтайгаа тохиролцоонд хүрэхийг зорих хэрэгтэй. Тушаал дэвшихийг хүсэж буйгаа илэрхийлдэгтэй адил өөрийн мэргэжлийн ур чадварыг харуулсан жишээ, тохиолдлын талаар удирдлагадаа дуулга. Дараа нь гэрээсээ ажиллах нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх боломжтой гэдгийг баримттайгаар тайлбарлаарай. Хэрэв та өөртөө эргэлзэж байвал долоо хоногт нэг удаа гэрээсээ ажиллах санал тавьж болно. “Ингэж ажиллах нь үр дүнтэй байвал аажмаар энэ тоог хоёр, гурав болгон нэмэгдүүлж, хэсэг хугацааны дараа бүрмөсөн холын зайнаас ажиллаж болно шүү дээ” гэж Ли нэмж ярьсан юм. 

Уулзалт төлөвлөхөд зориулсан Zoom, хамт олонтойгоо холбогдож, ажлын явцын талаар ярилцахад туслах Slack, хийх ажлуудаа менежмент хийхэд зориулагдсан Trello гэх мэт аппликэйшн тус болох нь гарцаагүй.

Холын зайнаас ажиллахад тохиромжтой ‘оффис’ бий болгохын тулд танд утасгүй интернэт, микрофонтой чихэвч, зөөврийн цэнэглэгч гэх мэт зүйлс хэрэг болно. Түүнчлэн уулзалт төлөвлөхөд зориулсан Zoom, хамт олонтойгоо холбогдож, ажлын явцын талаар ярилцахад туслах Slack, хийх ажлуудаа менежмент хийхэд зориулагдсан Trello гэх мэт аппликэйшн тус болох нь гарцаагүй. Эдгээрээс гадна ажлын хамтрагчид тань тантай холбоо тогтоох боломжтой цагаар ажиллахыг хичээх хэрэгтэй. 

Бичиг баримтаа бэлэн байлга

Та гадагшаа аялахаар төлөвлөж байгаа бол паспортын хүчинтэй хугацаа тань дуусаагүй байгаа эсэхийг нягтал. Ихэнх улсад гадаад паспортыг аяллын сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор хүчинтэй байхыг шаарддаг. Мөн виз авах шаардлага гарч мэдэх ч 90 хоногоос бага хугацаанд аялахаар бол ихэнх орнуудад виз мэдүүлэх шаардлагагүй байдаг. Харин гадаад улсад удаан хугацаагаар оршин суухаар төлөвлөж байгаа бол Төрийн Департаментийн вэб сайтад байршуулсан зааврын дагуу виз мэдүүлэхээс гадна тухайн улсын Элчин сайдын яаманд очих шаардлагатай. 

Хэрэв та тэжээвэр амьтнаа авч явахаар бодож байвал малын эмчээс вакцинжуулалт, тэжээмэл амьтны эрүүл мэндийн гэрчилгээг гаргуулж аваарай.

Хэрэв та тэжээвэр амьтнаа авч явахаар бодож байвал малын эмчээс вакцинжуулалт, тэжээмэл амьтны эрүүл мэндийн гэрчилгээг гаргуулж аваарай. Ихэнх улс тэжээвэр амьтныг оруулахдаа хатуу зарчим баримталдаг. Тэжээвэр амьтантайгаа аялахад зарим талаар тохиромжгүй бүр аюултай байхыг ч үгүйсгэхгүй. Иймээс малын эмчид хандаж амьтан тань нисэхэд, урт хугацаагаар замд явахад мөн шинэ орчинд зохицож амьдрах чадвартай эсэхийг нягтлуулахыг зөвлөж байна. 

Тогтмол хаягтай бол 

Дижитал нүүдэлчид шуудан, төлбөр тооцоогоо хүлээж авах, ажил олгогчийн бүртгэлд зориулсан тогтмол хаягтай байх шаардлагатай. Хэрэв та байраа худалдахаар шийдсэн бол эцэг эх, найз нөхдийнхөө хаягийг ашиглаж болох юм. Зарим хүмүүс Traveling Mailbox, Earth Class Mail зэрэг үйлчилгээний тусламжтайгаар хаяг үүсгэдэг бөгөөд тэдгээр нь тухайн хэрэглэгчид ирсэн шуудан, илгээмжийг байгаа газар руу дамжуулж илгээдэг. Түүнчлэн U.S.P.S.нь хэрэглэгчид ирсэн шууданг 30 хүртэлх хоног хадгалах үйлчилгээ үзүүлдэг. 

Тогтмол хаягтай болохоос гадна банкны данс, төлбөр тооцоогоо бүгдийг нь онлайнаар хийх боломжтой болгоорой. Цалин, урамшуулал зэргийг дансаар шилжүүлэхийг ажил олгогчоосоо хүсэх нь зүйтэй. Мөн гадаад улсад зорчиж явахдаа өөрийнхөө данснаас мөнгө авах, кредит картаа ашиглах, гадаад гуйвуулгын хураамж төлөлгүй шилжүүлэг хийх боломжтой эсэхийг үйлчлүүлдэг банкнаас асууж мэдээрэй. 

Очих газраа сонгож төсөв гарга 

Өөрт байгаа төсөв, боломжит хугацаан дээр үндэслэн хаашаа аялахаа шийдэх нь зүйтэй (Ингэхдээ Destigogo, Earth Awaits гэх мэт аппликэйшнүүдийг ашиглахыг зөвлөж байна). Нэгэнт хаашаа явахаа шийдсэн бол Airbnb, Hostelworld, Innclusive зэргийг ашиглан байрлах байраа олох шаардлага гарна. Эдгээр сайтаас жуулчдын бичсэн сэтгэгдлийг уншиж тухайн байр интернэтэд холбогдсон эсэх, сууж ажиллах газраас ойрхон байрлалд байдаг эсэх, гудамжны дуу чимээ хэр байдаг зэргийг мэдэж болно. 

Хаашаа явахаа шийдсэн бол Airbnb, Hostelworld, Innclusive зэргийг ашиглан байрлах байраа олоорой.

Дижитал нүүдэлчин болсноор долоо хоног бүр машиндаа бензин хийж, цахилгаан, нийтийн тээврийн төлбөр хийх шаардлагагүй болох ч жуулчны хувиар амьдарч буй газрынхаа нийтийн тээврээр зорчих, кофе шоп орох, хооллох гэх мэт шинэ зардлууд нэмэгдэхийг бодолцох хэрэгтэй. Хэрэв та машинаа үлдээхээр шийдсэн бол урт хугацаанд хадгалж үлдээх үйлчилгээ авах хэрэгтэй. Тухайлбал, хатагтай Лигийн автомашины даатгалд “хадгалах” гэсэн үйлчилгээ багтдаг бөгөөд тэр нь жилд нь 50 долларын хураамж авдаг аж. 

Даатгалд хамрагд 

Танд эрүүл мэндийн даатгал хэрэг болох нь гарцаагүй. “Дижитал нүүдэлчдийн хувьд хамгийн хялбар хувилбар нь Нэгдсэн улсын хаа нэгтээ бүртгэлтэй байж хаана ч очсон тухайн хаягаар бүртгүүлэх юм” гэж санхүүгийн зөвлөх Чад Рикси ярьжээ. “Ингэснээр эрүүл мэндийн даатгалдаа үргэлжлүүлэн хамрагдаж, гадаад улсад байхдаа ч зарим нэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломжтой байдаг” хэмээн тэрээр нэмж хэлжээ. Гадаадад байхдаа ямар ямар эрүүл мэндийн үйлчилгээ, тусламж авах боломжтойг судалж мэдэх хэрэгтэй. Амь насанд аюул занал учруулахуйц өвчин, осол гэмтэл зэргийг эрүүл мэндийн даатгалд хамруулдаг ч бусад тохиолдол нь харилцан адилгүй байдаг тул тухайлан мэдэж байхад гэмгүй. Аяллын эрүүл мэндийн даатгал хэдэн долоо хоногийн хугацаанд хүчинтэй байдаг ба даатгуулах өртөг нь харьцангуй бага. Иймээс олон улсад хүчинтэй эрүүл мэндийн даатгалд хамрагдах талаар одоогийн ажил олгогчтойгоо ярилцах тохиролцохоос гадна Aetna International, Cigna Global зэрэг гадаад улсад удаан хугацаагаар амьдарч буй хүмүүст зориулсан даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниудыг судлаарай. 

Ихэнх улсад 6 сараас доош хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд орлогоосоо татвар төлөх шаардлаггүй байдаг. Гэхдээ улс бүрт мөрдөгддөг дүрэм харилцан адилгүй гэдгийг санаарай.

Мэргэжлийн хүн хөлсөл

Мэдээж өөр өөр газар ажиллаж, амьдарч байгаа тохиолдолд татвартай холбоотой асуудал үүсэх нь дамжиггүй. Зарим компани ажилчдынхаа татварын ачаанаас үүрэлцдэг ч ихэнх тохиолдолд зайнаас ажиллагсад энэ асуудлыг өөрсдөө шийдвэрлэх хэрэгтэй болдог. 

Ихэнх улсад 6 сараас доош хугацаагаар амьдарч байгаа тохиолдолд орлогоосоо татвар төлөх шаардлаггүй байдаг. Гэхдээ улс бүрт мөрдөгддөг дүрэм харилцан адилгүй гэдгийг санаарай. “Нэгдсэн Улсад орлогын татвар төлөх асуудал нэлээд ярьвигтай. Гэхдээ гадаадад ажиллаж буй хүмүүсийн хувьд зарим нэг хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Иймд мэргэжлийн хүнээс тусламж авсан нь зүйтэй” гэж санхүүгийн зөвлөх Чад Рикси ярьсан юм. 

c.2019 New York Times News Service

Орчуулсан Б.Саруул 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
13 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.