Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

The New York Times | Хоакин Феникс - "Joker" киноны зохиолыг зөвхөн түүнд зориулж бичсэн


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд гэхчлэн сонирхолтой, өгөөжтэй бичвэрүүдийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ.

Зуны саруудад түр завсарласны эцэст бид "The New York Times Licensing Group"-ийн тусгай эрхтэйгээр дэлхийн шилдэг нийтлэлүүдийг үргэлжлүүлэн хүргэхээр боллоо. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.


Dave Itzkoff / The New York Times

Дандаа л ганцаардмал эр, алуурчны дүр бүтээдэг байсан жүжигчин яагаад гэнэтхэн блокбастер кинонд тоглох болов? Энэ ярилцлагыг дүрийнх нь судалгаа гэж тодорхойлж болох юм. 

Анх Хоакин Феникстэй хийх ярилцлага хаашаа эргэх бол гэж таамаглах аргагүй, бүр ер нь ярилцлага хийх боломжтой эсэх нь ч тодорхойгүй байлаа. Гэтэл тэр одоо миний өөдөөс хараад суучихсан, өөрийн олзыг сарвууныхаа завсар эргэлдүүлэх муур аятай ширтэн сууна.

Түүнд миний тавих асуулт бол яагаад тэр кино жүжигчнийхээ ер бусын карьерын явцад “The Joker” гэх комик номоос сэдэвлэсэн гэмт хэрэгтний дүрд тоглох болсон, эсвэл маш ихийг шаардах энэ дүрд яаж бэлдсэн тухай биш. Цаг нь ирэхээр энэ сэдвүүд аяндаа гараад ирнэ гэдгийг мэдэж байсан хэрэг л дээ. 

Хэрэв тэр хүсэх л юм бол ямар ч дүрийн сэтгэлзүйг гаргаж чадах жүжигчин юм байна даа гэж түүнтэй ярилцан суухдаа бодсон. Алиалагчийн хувцас нөмөрсөн галзуу алуурчны тухай кино хийх гэж байгаа бол тэр хэмжээний аюулыг мэдрүүлж чадах залууг олох хэрэгтэй. Тэр Жонни Кэшээс авахуулаад Есүсийн дүрийг хүртэл бүтээж байсан. Ганцаардалдаа автсан хүмүүсийн дүрийг (“The Master”, “Her”, “Inherent Vice”), алуурчны дүрийг (“The Sisters Brothers”), бас ганцаардсан алуурчны дүрийг ч (“You Were Never Really Here”) бүтээж, хүмүүний мэдэрдэг хамгийн хүнд мэдрэмжүүдийн хамаг л гүнд бууж үзсэн хүн бол Хоакин.

Бүтээлч байдал нь цааш түүнийг хааш хөтлөх байсныг таамаглах аргагүй ч хүмүүс түүнийг ийм том франчайз кинонд тоглоно гэж бодоогүй л болов уу.

Гэтэл тэр “Joker” кинонд тоглох болоод, дүр, зохиолын утга санааг судалж уншаад, Бэтмэнийг ч судалчихлаа. Найруулагч Тодд Филлипсийн бүтээл, “Warner Bros”-оос аравдугаар сарын 4-нд нээх энэ кино уламжлалт комик номын бүтээлүүд шиг биш, бас жүжигчний хувьд ч өмнө нь бүтээж байгаагүй тэс өөр төрхийг харуулах томоохон сорилт ажээ.

Феникс болон түүний дэлгэцийн бүтээлдээ харуулдаг алтер эго яагаад ч юм өөр хоорондоо огт зөрчилдөхгүйгээр энэ бие дотор зэрэгцэн оршино. Тэрээр бусад хүнтэй ярилцах үедээ хэзээ ч үл тоомсорлосон байдал гаргахгүй юм. Асууж тодруулсан болгоныг маш нухацтайгаар хүлээн авч,  хариулт өгөхийг хүсээгүй ганц нэг асуултыг эс тооцвол бүгдэд нь чин сэтгэлээсээ хариулж байлаа.

Цаг гаруйн хугацаанд тэр маш хөнгөн зөөлөн, тогтуун, нухацтай байдлаас хөндий хүйтэн, ойлгомжгүй байдалд хувьсах мэтээр сэтгэлийнхээ янз бүрийн хөдлөлийг үзүүлж, би ч аль асуулт минь түүний ямар талыг гаргаж ирэх бол гэж бодох сөхөөгүй суулаа. 

Феникс хийж буй ажлаасаа аюул, эрсдэл мэдрэх дуртай аж. “Joker”-ийн дүрийг бүтээх болсон шалтгаан нь ч энэ байсан хэмээн онцлон ярилаа.

“Би яг юу харуулах гээд байгаагаа хэлж мэдэхгүй байсан. Энэ киног, энэ дүрийг ямар ангилалд оруулахаа мэдээгүй. "Миний дүр ийм тийм" гээд хэлчих ойлголт ер байгаагүй юм" хэмээн ярив. Тэгснээ “Би их айсан” гэж хэлэхэд нүүрэн дээр нь нөгөө зэвүүн инээмсэглэл нь хальт тодроод өнгөрлөө.

Өдгөө 44 настай Фениксийн үсэнд бор, зэс шаргал, саарал өнгө сүлэлдэх бөгөөд яг л “Gladiator” кинонд бүтээсэн аюултай удирдагч Коммодын дүр шигээ хачин аядуу өнгөөр ярина. (Байдал Коммодын хувьд яаж эргэдгийг бид бүгд мэднэ.)

Бас заримдаа сахилгагүйтчихнэ. “Joker”-ийн трейлер дээрээс харахад түүний бүжгийн хөдөлгөөнүүд ямар хурц, содон байсан тухай ярихад тэр магтаалыг минь өөрөөсөө холдуулж орхиод, “Би гудамжны уруу хөнгөхөн гүйж яваад л бэртчихэж мэдэх хүн. Тэгээд аягүй бол гэртээ хүргэгдэнэ шүү” гэсэн билээ.

Дараа нь би энэ киноны саналыг анх хүлээж авахад ямар сэтгэгдэл төрсөн талаар нь асуухад царай нь гэнэт хувьсаад "Юу ч санахгүй байна" гэхдээ тэр өөр хүн болчих шиг санагдсан юм. “Ёстой балай юм. Ийм л болохоор ярилцлага өгөх аймаар байдаг юм шдээ” гэж цөхрөнгөө барсан байдалтай хэлээд, зүгээр л сэтгэл хөдлөм сонсогдуулахын тулд тэр тухай түүх зохиож байсан тухайгаа ч нуулгүй хэлсэн билээ.

Кино зураг авалт эхлэхийн өмнө Жокерын дүрийг бүтээх ямар байгаа тухай асуухад тэр цаг нь ерөөс болоогүй мэт “Одоохондоо энэ тухай ярих утгагүй. Би ярихгүй ээ” гэж бувтнаад өнгөрөөв. (Гэхдээ удалгүй энэ тухай ярьсан л даа).

ОДОО ФЕНИКСИЙН ТУХАЙ ЯРИХАА ТҮР ХОЙШ ТАВЬЯ. Харин бүгдээрээ “Hangover” киног найруулснаараа алдартай Тодд Филлипс найруулагчийн тухай ярилцъя. 2016 онд “War Dogs” киноны нээлтийн үеэр Филлипс нэг мэдсэн Марвелын супер баатрын том зурагт хуудсыг ширтчихсэн зогсож байгаагаа анзаарчээ. Тэр үед яаж энэ кинонуудтай өрсөлдөх болж байна хэмээн гайхан бодож байж.

"Warner Bros" хэдхэн супер баатраараа олиг солиг амжилттай өдий хүрсэн. “Wonder Woman” жишээ нь болж байна, “Suicide Squad” бол ёстой үгүй. Гэвч Филлипс аль аль талдаа ашигтай гаргалгаа олсноо “Чи Марвелыг ялж чадахгүй. Энэ бол аварга тогтолцоо. Тэгэхээр тэдний хийж чадахгүйг хийцгээе” гэсэн юм.

Филлипс дүрүүдэд нь бусад кинонуудтай нь огтлолцуулахгүйгээр бие даасан кино хийж өгнө гэж DC-ийнхэнд амлажээ. “Яг л Шекспирийн Макбетыг өөр өнцгөөс гаргаж ирдэгтэй адил.”

Ийм ч болохоор найруулагч Жокерын дүрийг маш ихээр сонирхож, татагджээ. Тим Бертоны бүтээсэн “Batman” дээр гардаг Жак Никольсоны Жокер. Бас Кристофер Ноланы “The Dark Knight”-д гардаг Хит Лежерийн Жокер, бүгд л сэтгэлд маш тод үлдсэнийг та бүхэн мэдэх байх.

Тэр кинонуудыг дахин дахин үзээд хорон алиалагчийн түүхийг шинээр харуулах орон зай байна гэж анзаарчээ. Яг л “Taxi Driver”, “Death Wish”, “The King of Comedy” дээр гардаг шиг илүү дотогш өнгийсөн орчин цагт нийцсэн хүүрнэлүүд гэсэн үг.

“Joker”-ийн зохиолыг Филлипс, Скотт Силвер нар хамтран бичсэн бөгөөд хүйтэн хөндий Готам хотод ажилгүй, амьдралынхаа хүндхэн цаг үеийг туулж яваа Артур Флекийн дүрийг тойрно. Тус хотын иргэд түүнийг үл тоож, дайрч дээрэлхсээр, Артур яваандаа гэрээсээ ч цухуйх аргагүй тийм л харанхуй, хүчирхийллийн тойрогт орж, хамаг л асуудлын "хэрэгтэн" болох болно.

Тодд Филлипс "Та түүнийг үзээд эцэс хүртэл нь дэмжихийг хүснэ. Гэхдээ чадахгүй л байх" хэмээсэн нь үзэгчдэд төрөх сэтгэгдлийн илэрхийлэл болж мэдэх юм.  


Циркийнхээ алиалагчийг олох болох үед Феникс ч, Филлипс ч аль аль нь жүжигчнийг тус кинонд тийм амархан тоглохыг зөвшөөрнө гэж бодоогүй аж. Түүнд комик номоос сэдэвлэсэн кинонд дүр бүтээх сонирхол байгаагүй, лав ойрын таван жилийнх нь төлөвлөгөөнд тусаагүй байсан болов уу. Хүн болгон Жокер кинонд Леонардо Дикаприо тоглоно гэж ярьж байсан ч найруулагч зөвхөн Хоакин Феникст зориулан кино зохиолоо бичсэн ажээ. 3 сар гаруйн хугацаанд Филлипс жүжигчний гэрээр зочилж, дүрийн тухай асуусан асуулт болгонд нь хариулж, түүнийг кинондоо яаж ийгээд л багтаана гэж найдаж байж.

Хоакин “Би байнга л түүнийг над дээр ирээд, дүрдээ тохирох эсэхийг шалга гэдэг байсан. Шийдвэрээ гаргах хэцүү байсан ч тэр намайг "гоё юм хийцгээе, зоригтой үзье" гэж ятгасан” хэмээн дурсахад найруулагч залгуулан “Би түүний ‘За, би тоглоё гэж хэлэхийг бараг "үүрд" хүлээсэн ч өнөө хэр нь олж сонсоогүй л байна” гэсэн юм.  “За” гэх хариултын оронд өчнөөн асуултаар хариу барьдаг байв.

Киноны зураг авалтад бэлдэж байх хугацаанд тэд мөн л хэд хэдэн удаа санал зөрөлдсөн гэнэ. Найруулагч түүнийг жин сайн хая гэхэд өмнө нь өөр дүр бүтээхийн төлөө мөн л турж байсан Фениксэд энэ нь таалагдсангүй. “Ингэж амьдрах үнэхээр хэцүү. Би түүнд Жокер тийм туранхай байх хэрэггүй гэж хэлсэн ч Тодд ‘Байж болох хамгийн бага жинд нь аваачмаар байна’ гэсэн.” 

Эцэст нь дүрээ бүтээхийн тулд Феникс 24 кг хаяжээ. .

Феникс мэргэжлийн бүжгийн багштай хамтран хичээллэж, алдартай бүжгийн хөдөлгөөнүүдийг бичлэгээр дамжуулан судалж, бас номоос олж авсан санаагаа янз бүрээр туршиж байжээ. Ямар бичлэг эсвэл ном байсныг тэр надад огт хэлээгүй.

Жүжигчин өөрөө өөрийнхөө нүүрийг будаж сурч, кинонд оруулж болох өөрийн зохиосон онигоо, бодлуудаа дэвтэр дээрээ тэмдэглэж авдаг байжээ.


“Тэр Томас Уэйн ч юм уу комик дээр гардаг нэрсийг сонсох дургүй байсан. Хэрэв киног зүгээр л ‘Артур’ гэж нэрлэсэн бол түүнд амар байх байсан байх. Гэхдээ л кино бүтээх явцад тэр энэ бүхнийг ойлгож, бага багаар дассан байх” гэж найруулагч дараа нь дурссан билээ.

Комик ном гэдэг Фениксийн хувьд танихгүй ертөнц л гэсэн үг. Өсвөр насандаа тэр хэд хэдийг сонирхож авч байв. Яваандаа тэр Марвелын “Wolverine” DC-гийн “Pantheon” гэх мэт анти-баатруудыг сонирхож эхэлжээ. 2014 онд Марвел түүнийг “Doctor Strange”-д тоглуулахыг хүсэж байсан ч тэр хэлэлцээрийг цуцалж, Бенедикт Камбербэтч тус дүрийг бүтээх болсон. Фениксээс яагаад тэр саналаас татгалзсаныг асуухад “Тэд магадгүй… За мэдэхгүй юм даа” гэх ганцхан хариулт өгөөд л дуугүй болов.

ГУРВАН УДАА ОСКАРТ НЭР ДЭВШСЭН Финекс хүмүүсийн толгойг эргүүлэхдээ туйлын гаргууд. Тэр жүжиглэхээ больж, хип-хоп дуулахаар болсон гэж хэдэн сарын турш бэлдэж, бүх хүмүүсийг итгүүлж дөнгөсөн. Гэтэл тэр бүхэн нь сүүлд Кейси Аффлекийн 2010 онд хийсэн  “I’m Still Here” баримтат киноны материал болж таарсан.

Түүний энэ тогтворгүй, өвөрмөц байдал нь Феникс гэх хүнийг илэрхийлэх ч бас зарим кино найруулагчдыг түүнтэй ажиллахаас зайлсхийхэд хүргэж байлаа. Фениксийг дөрвөн удаа өөрийн кинондоо тоглуулж чадсан Жеймс Грэй түүнтэй анх 2000 онд “The Yards” дээр ажиллахдаа гайхалтай мундаг жүжигчин байж чадна гэдгийг нь мэдэж байжээ. “Тэр өөрийгөө бүрэн дүүрэн хянаж чаддаггүй. Тэр яг л дүрмээ мэддэггүй Формулагийн нисгэгч шиг байдаг. Гэхдээ ‘We Own the Night’, ‘Two Lovers’, ‘The Immigrant’ дээр хэдэн жилийн турш хамтарч ажиллах үедээ тэр бага багаар ойлгож, яваандаа ямар ч айдасгүй болж чадсан.

“Тэр ажилдаа бүрэн анхаарч, үнэхээр сайн гүйцэтгэж чаддаг жүжигчин. Хэрэв чи хангалттай бэлтгэлгүй байвал Феникс чамайг тийм байгааг чинь мэдэх болно. Бас тэр өөрийнхөө анзаарсныг чамд мэдрүүлнэ. Чи түүнтэй ажиллахын тулд гэрийн даалгавраа сайн хийх хэрэгтэй” гэж Грэй нэмж хэлсэн юм.

“Joker” киноны зураг авалтын үеэр Феникс хэд хэдэн удаа тэсвэр алджээ. “Киноны зураг авалт явагдаж байх үед тэр зүгээр л орхиод гараад явчихдаг байсан. Бусад хөөрхий жүжигчид өөрсдөөс нь л боллоо гэж боддог байсан ч үнэндээ тэднээс болоогүй байдаг. Харин Феникс өөрөөсөө болдог байсан юм. Тэр бусад жүжигчдээ, киноны хэсгийг нэг л сайн мэдэрч өгөхгүй байх үедээ тэгдэг юм. Дараа нь тэр урт амьсгал авч, ‘Жаахан алхацгаая, тэгээд эргэж ирээд бид үүнийг шууд л хийж дуусгах болно’ гэдэг байсан.”

Жүжигчин Роберт Де Ниро “Joker” кинонд Феникстэй хамт дүр бүтээх явцаа “Тэр бол үнэхээр мэргэжлийн. Тэр ямар байх ёстой яг л тийм байдлаар хийж буй зүйлдээ бүрэн ордог” гэж тайлбарласан.

Өмнө нь өөрөө ч гэсэн ганцаардмал хүмүүсийн дүрийг бүтээж байсны хувьд Де Ниро үзэгчид болон жүжигчид яагаад ийм дүрд татагддаг болохыг сайн ойлгодог гэжээ.
 
Нэг дүрийг тодруулан гаргасан "чухал" кинонууд зөвхөн поп соёлоос үүдэн гарсан энэ мэт дүрүүдээр л бүтээгддэг болчихвол яах вэ, энэ тохиолдолд харин ч кино урлагт муу нөлөөтэй байх биш үү гэж асуухад тэр илт эгдүүцэв. "Юу яриад байгааг чинь ойлгохгүй байна" гэсэн хариунаас нь энэ бүхэн илт мэдрэгдэж байлаа. 

Дараа нь асуултаа дахин арай тодорхой тавих үед тэр сая нэг тайвшрах шиг болж, “Тэр түүх үнэхээр утга учиртай байж болох эсэх нь уран бүтээлчээс шалтгаална. Хэрэв хамт яваа хүмүүс хоёр цаг үргэлжлэх киног тогтож сууж үзэхгүй бол яах вэ? Би өөрт зөв гэж бодсон зүйлээ л дагана шүү дээ. Тэр хүний сонирхол мөн үү, биш үү гэдэг хамаагүй”.  

Тэр яг л ийм өөрийнхөөрөө, хүссэнээ хийдэг хүн. Найруулагч Филлипс хүртэл, “Хэрэв Феникс Жимми Киммелийн шоунд очоод, хоёр минутын дараа гэхэд л гараад явчихвал би ‘Энэ чинь л манай залуу’ гэж хэлнэ. Тэр бол өөрийн хэмнэлийг л дагадаг хүн” гэж хэлсэн нь сайтар илэрхийлэх болно.

Феникс бол бусад хүмүүс шиг өөрийг нь тойрсон хэдэн арван туслахтай хүн биш. “Би тэр киноны жанр, хөрөнгө мөнгө эсвэл бусад зүйлд анхаарал хандуулдаггүй. Кино бүтээлчийн харах өнцөг өвөрмөц байна уу, тэд дуу хоолойгоо хүргэж, кино хийх чадвартай байна уу гэдэг чухал” гэж тэр дурдсан билээ.

“Хаа сайгүй постер нааж, түүн дээр нь өөрийгөө байгааг харах нь тийм ч хүсэх зүйл биш. Та замаар машинтайгаа явж байтал тэр постерыг олж харна. Дахиад л энэ царай юу? Хангалттай, үнэхээр залхмаар юм гэж бодогдоно.”

“Юу намайг ингэж их хөөргөж, хийх хүслийг минь бадрааж, хичээхэд хүргэж байна вэ гэдэг чухал. Хэрэв би зарим зүйл дээр өөрийгөө дайчилж, хичээхгүй байгаагаа мэдвэл уйдаж орхино. Магадгүй тэд ч бас надаас уйдна. Гэхдээ хэн нь эхлээд уйдах бол гэдгийг мэдэхгүй” гэснээр  ярилцлага өндөрлөсөн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
6
0
0
0
2
1

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.09.26 192.82.66.25

Sain ch zaluu saihan ch zaluu

0 Хариулах