Хайх зүйлээ бичнэ үү

12 мин

The New York Times | Хонконгийн тэмцлийн ард орших ялгамжит чанарын хямрал


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болсон билээ. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг 2019 оны дөрөвдүгээр сараас албан ёсны эрхтэйгээр хүргэж эхэлсэн. Мөн тавдугаар сард "Гэрэг" сэтгүүл "The New York Times"-тай хамтран "Women Today" тусгай дугаарыг эрхлэн гаргасан билээ. 


Max Fisher | The New York Times

Алан Яаогийн өсөж өндийсөн 1990-2000-аад оны үед хонконгчуудын ялгамжит чанар (identity) хөгжил цэцэглэлт, эдийн засгийн хүчирхэгжилтээс улбаалж байв. Хүмүүс нь өөрсдийгөө нэг зэрэг Хонконг, Хятадын хийгээд дэлхийн иргэн гэж тооцох боломжтой байсан үе л дээ. 

Гэвч сүүлийн үед хонконгчууд илүү хаалттай, дотогшоо болж хувирсан гэж Хонконг дахь Хятадын их сургуулийн судлаач Алан Яао ярив. Өөрсдийгөө дэлхийн иргэн хэмээн тодорхойлдог нийгмийн хүрээллийнхний өмнө нь төдийлөн ашигладаггүй байсан далбаа, төрийн дуулал, үндэсний ялгамжит чанарын бэлгэ тэмдгүүд одоо бүр түгээмэл болжээ. 

Хүмүүс нь Хонгонкоороо бахархсаар ирсэн авч ойрд арай өөрөөр мэдрэх болжээ. Тэр нь айдас түгшүүр, гэхдээ Эх газрын удирдагчдаас гэхээс ч илүү, өөр угшилтай аж. 

Олон сарын турш үргэлжилж буй Хонконгийн тогтворгүй байдал нь ганц Бээжингийн нөлөөллөөс шалтгаалаагүй, хонконгчуудын ялгамжит чанарт гарсан эрс өөрчлөлтийн илэрхийлэл болохыг сүүлийн үеийн судалгаа, санал асуулгууд харуулж байна. 

Хүмүүс нь Хонгонкоороо бахархсаар ирсэн авч ойрд арай өөрөөр мэдрэх болжээ. Тэр нь айдас түгшүүр, гэхдээ Эх газрын удирдагчдаас гэхээс ч илүү, өөр угшилтай аж.

Эдийн засаг нь хямарч, цагаачдын тоо өссөөр байгаа нь хонгонкчуудын өөрсдийгөө үзэх үзэлд сорилт болж, ялгамжит чанар нь илүү хурц, тэмцлийн шинжтэй болж ирэв. Хонконг, бас Хятадын иргэн байх нь саяхныг хүртэл тэдэнд аятай байтал гэнэтхэн л эрс боогдуулсан мэт санагдах болжээ. Ингэснээр БНХАУ дахь Хонконгийн статусыг хамгаалах зорилготой “нэг улс, хоёр систем” бодлого нэгэн судлаачийн хэлсэнчлэн “нэг улс, хоёр үндэсний үзэл” болж хувираад бүс нутгийг тэр чигт нь дарьтай торх болгож орхив.  

Тиймээс Бээжингийн талын хууль тогтоогчид гэмт хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг Эх газарт хүлээлгэж өгөх тухай хуулийн төсөл өргөн барихад хонконгчууд өөрсдийнх нь эрхэд халдлаа гэж үзэхээр барахгүй аль хэдийн эмзэг цэг нь болчхоод байсан ялгамжит чанар руу нь дайрсан хэрэг болжээ. Үүний дараа гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн нь хонконгчуудын дунд үүссэн хуваагдлыг улам тэлэв. 

Хот нэгдмэл мэт харагдах ч үнэндээ гадныханд (Хонконгийн ялгамжит чанарт үл нийцэх хэн бүхэн) итгэх оршин суугчдын итгэл улам бүр алдарч, үндэс угсаа, нас, нийгмийн давхаргаараа илүү ялгарах болсныг судалгааны үр дүн харуулж байна. Оршин суугчид улс төрийн зөрүүтэй үзэл баримтлалаасаа болж шүүмжлэлд өртсөн гэр бүлүүдийн жишээг ч дурдаж байсан юм. Мөн жагсаалын үеэр мөргөлдөөн гарах нь улам нэмэгджээ. 

“Өөрсдийгөө тодорхойлж байсан ойлголтод маань халдах үед л асуудал үүссэн гэж” Яао ярив. Хотыг бүхэлд нь хамарсан тэмцэл өрнөхөөс өмнө үүссэн эдийн засаг, соёлын өөрчлөлтийг эргэж харвал “бүгд өөр хоорондоо холбоотой байсан” гэж тэрбээр нэмж ярив. 

Эмх замбараагүй байдал ба заналхийлэл 

Ихэнх тохиолдолд хүмүүс нийгэмд эзлэх байр сууриа алдаж эхлэхэд ялгамжит чанарын хямрал эхэлдэг. Зарим хүчин зүйл нийгмийн шатлалыг өөрчлөхөд хүргэдэг бөгөөд үр дүнд нь аль нэг давхарга давуу байдлаа алддаг байна. Ийнхүү нийгмийн байр сууриа алдсан гишүүд бүлгийн ялгамжит чанар дор нэгдэх нь юу юунаас илүү чухал гэж бодоход хүрдэг ч нөгөө талаар тэд эргэлзэж эхэлдэг байна. 

Хурдтай өсөн нэмэгдэж буй Хятадын эдийн засгаас их хэмжээний мөнгө орж ирэхтэй зэрэгцэн Хонконгод дээрх нөхцөл байдал үүсчээ. Хонконг Хятадын хувьд санхүүгийн үйлчилгээний төв, худалдааны гол шугам болов. Шинээр хөрөнгө чинээтэй болсон хятад иргэд Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн салбарт мөнгийг цутгах шиг болжээ. Энэ нь амьжиргааны зардлыг нэмэгдүүлж, орон сууцны үнэ хөөргөдөхөд нөлөөлөв. 

Ядуу иргэдэд орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх замаар нуруун дээрх ачааг нь хөнгөлж байв. Эх газраас ирсэн хятадуудад ажлын байраа алдаж эхэлсэн хөх захтан, үйлчилгээний салбарынхан ч мөн адил ийм дэмжлэг хүртэж байсан юм. Харин Хонконгийн уламжлалт зонхилох нийгмийн бүлэг болох боловсролтой, цагаан захтай мэргэжилтнүүд хүнд байдалд оржээ. Цалин, орлого нь нэмэгдэхээ больж, заримынх нь бүр буурсан байна. Тэдний олонх нь эцэг эх шигээ баян чинээлэг байхаа больжээ. “Товчхондоо, Хонконг мөрөөдөл биелэх боломжгүй болсон” гэж Яао ярив. 

Хонконгийн Политехникийн их сургуулийн нийгэм судлаач Стан Хок-Вуи Вонгийн хийсэн судалгаагаар дээрх нийгмийн давхарга улс төрийн үзэл баримтлалаа өөрчилсөн нь харагджээ. Вонгийн ярьж буйгаар тэд Эх газрын Хятад болон тэндээс шилжин ирж буй хүмүүст эргэлзэх нь нэмэгдсэн аж. Мөн тэд үндэсний ялгамжит чанараа өмнөхөөсөө илүү хадгалах болж, нэлээд хэсэг нь Эх газраас улс төрийн хувьд хараат бус, соёлын өвөрмөц байдлаа хадгалж үлдэхийг дэмждэг, шинээр үүсэн бүрэлдсэн Хонконгийн хөдөлгөөнд нэгджээ. Орон сууцаа түрээслүүлдэг өндөр орлоготой ажилчид орон нутгийн сөрөг хүчний намуудыг дэмжих хандлагатай болсон байна. Энэ мэт өөрчлөлтүүд нь өндөр барилгууд сүндэрлэн буй Хятадтай хил залгаа орших Тин Шуй Вай хотод тод ажиглагдана. 

“Эх газраас ирсэн хүмүүс орон сууц худалдаж авахын хэрээр байрны үнэ өссөөр байна. Тиймээс асуудал нэгдүгээрт, ажил, хоёрдугаарт, орон сууц, гуравдугаарт, амьжиргаа” гэв.

“Тэд Хонконгийг ирээдүйгүй болсон гэж боддог” гэж эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн 44 настай техникч Жэки Ма ярив. Эмч, менежер зэрэг сайн ажил хийдэг найзууд нь одоо амьдралаа арай ядан болгож байна гэж тэрбээр нэмж хэлсэн юм. Магийн хүү нь цацраг туяа эмчилгээний эмчээр суралцаж төгссөн боловч ажил хайсаар байгаа аж. 

“Эх газраас ирсэн хүмүүс орон сууц худалдаж авахын хэрээр байрны үнэ өссөөр байна. Тиймээс асуудал нэгдүгээрт, ажил, хоёрдугаарт, орон сууц, гуравдугаарт, амьжиргаа” гэв. 

Тоон үзүүлэлт бүр ч гайхширал төрүүлнэ. Хотын долоон оршин суугч тутмын нэгийг 1997 оноос хойш Эх газраас шилжиж ирсэн хятадууд бүрдүүлж байна. Түүнчлэн Хятадаас ирэх жуулчдын тоо жилд хоёр сая байснаа 40 сая болтлоо нэмэгджээ. Заримдаа үүнээс давах нь ч бий.  

Хотын долоон оршин суугч тутмын нэгийг 1997 оноос хойш Эх газраас шилжиж ирсэн хятадууд бүрдүүлж байна.

Хөршүүд маань улам л харь хүмүүс мэт санагдах болсон гэж Ма ярина. Цагаачилж ирсэн гэр бүлүүд ихэвчлэн мандарин хэлээр ярих бөгөөд кантон хэлтэй уугуул хүмүүстэй гэрлэх нь ховор гэнэ. Уугуул иргэдийн олонх нь цагаачдыг уламжлалт соёлд сөргөөр нөлөөлж байна гэж үздэг байна. 

Ингэж хүн ам зүйн өөрчлөлт болон эдийн засгийн хямрал давхацсанаар өөрийн бодолгүй, хуйлран дагагчдыг өдөөх эрсдэлтэй бөгөөд үр дүнд нь хүмүүс үндэсний ялгамжит чанараа дахин тодорхойлж, улс төрийн хүрээнд “бидний ба тэд” гэсэн баримжаатай болдог аж. 

Магийн үзэж буйгаар Хонконг эрх чөлөөгөө алдах нь тодорхой байсан гэнэ. “Засгийн газрын бодлого хэнд үйлчилж байна гэдгийг бодоод үзье. Ихэнх тохиолдолд шинээр цагаачилж ирсэн хүмүүст” гэж тэрбээр ярив. 

“Бидний сонголт хийх цаг” 

Хэдийгээр Хонконг нь тусгаар үндэстэн биш боловч зарим хонконгчууд үндсэрхэг үзэл гэж хэлж болохуйц зан чанаруудыг цухалзуулдаг. 

Хонконгийн Боловсролын их сургуулийн улс төр судлаач Брайн Фонгийн үзэж буйгаар 2009 оноос буюу Бээжингийн нутаг дэвсгэрээ буцаан нэгтгэх хүчин чармайлтын нэг хэсэг болох хятад ялгамжит чанарыг төлөвшүүлэх зорилготой кампанит ажлыг эхлүүлснээр энэ өөрчлөлт ажиглагдах болжээ. Нөгөөтэйгүүр уг кампанит ажил нь Хонконгийн хараат бус байдал болон нийгэм,эдийн засгийн хэв загвар алдагдахтай яг давхцаж, 2014 оны “Шүхэрт хувьсгал” шиг ардчиллыг дэмжсэн давлагааг өдөөжээ. Хонконгчуудын үүнийгээ үндэсний үзлийн ердөө л “зах зух” нь гэж баталдаг. Ингэж л “нэг улс, хоёр үндэсний үзэл” гэх тодорхойлолт гарсан гэж Фонг бичжээ. 

Өмнө нь амин чухал ач холбогдолтой байсан хятад ялгамжит чанар одоо хонконгчуудад аюул, заналхийлэл болж хувирав. Энэ нь БНХАУ-ын байгуулагдсаны ойн баярыг аравдугаар сард тэмдэглэсэн шиг суртал ухуулга, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахын хэрээр Эх газарт үндэсний үзэл хүчээ авч буйтай адил болой. 

“Та нэг нутаг дэвсгэр дотор хоёр өөр үндэсний үзлийг төлөөлж болохгүй шүү дээ. Тиймээс олон хүний хувьд сонголт хийх шаардлагатай цаг үе ирээд байна” гэж Яао хэлэв. 

Үндэсний ялгамжит чанарт нь халдсан хэмээн үзэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй хүмүүс дэлхий ертөнцийг бүлгийн доторх ба бүлгийн гадна гэж хоёр хуваадаг тухай судлаачид тайлбарлажээ.

Энэ жил Хонконгод өрнөж буй эсэргүүцлийн жагсаал хэрхэн нөхцөлдсөнийг нийгмийн сэтгэл судлаач Йнг-И Хонгийн сүүлд хийсэн судалгаанаас харж болно. Үндэсний ялгамжит чанарт нь халдсан хэмээн үзэж эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж буй хүмүүс дэлхий ертөнцийг бүлгийн доторх ба бүлгийн гадна гэж хоёр хуваадаг тухай судлаачид тайлбарлажээ. Харин Хонконгийн Засгийн газар гэмт хэргийн сэжигтнийг Хятадын талд шилжүүлэн шүүлгэх хуулийн төслийг өргөн барьснаар “бүлгийн гадна” харьяалагдах болов. 

Судлаач Хонг “Тиймээс хонконгчууд өөрсдийгөө угсаа гарал, соёлын хувьд Хятадаас ялгаатай гэж үзэхийн хэрээр Засгийн газартаа итгэл алдарч байна. Хүмүүс Засгийн газрыг хэдийн “тэд” гэсэн нүдээр харж эхэлсэн” гэв. 

“Бидний ажигласнаар хонконгчуудын ялгаварлах үзэл цагаан арьстнууд африк-америк гаралтай хүмүүсийг ялгаварладгаас ч хүчтэй байсан” гэв.

Цаашлаад энэ нөхцөл байдал нь тэднийг дотроо хонконгчууд ба Эх газраас ирсэн цагаачид гэж фракц болж хуваагдахад хүргэв. 

Хонг тэргүүтэй судлаачид судалгаанд оролцогчдын санамсаргүй хэлсэн хэлсэн үгсэд дүн шинжилгээ хийж, ухамсаргүйгээр ялгамж чанараа тодорхойлж буйг нь гаргаж ирэх замаар цагаачдад хандах хандлагыг нь шинжилжээ. “Бидний ажигласнаар хонконгчуудын ялгаварлах үзэл цагаан арьстнууд африк-америк гаралтай хүмүүсийг ялгаварладгаас ч хүчтэй байсан” гэв. 

Хятадтай хил залгаа Тин Шуй Вай хотод цагаачдыг Бээжингээс ирж буй бас нэг дарамт гэж хардаг тухай Магийн эхнэр, Санхүүгийн мэргэжилтэй Мито Вонг ярив. Тэр “Цагаачид аль хэдийн Хятадын Засгийн газрын тархи угаалтад автчихсан байгаа. Нөхцөл байдлыг өөр өнцгөөс нь харахыг хүсэхгүй л болов уу” гэв. Түүний үзэж буйгаар уугуул иргэд, цагаачдын аль аль нь орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах, сайн сургуульд орох өрсөлдөөнд түгжигдсэн ч зөвхөн уугуул оршин суугчид л Хонконг, түүний үнэт цэнийг ойлгоно гэжээ. 

“Цагаачид Хонконгийг амьдралаа дээшлүүлэх гишгүүр гэж л хардаг. Тэд мөнгө хийж аваад л Эх газар руугаа буцдаг.”

Ахимаг насны хүмүүс, жагсагчид л цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэж, Хонконгийн ялгамжит чанар луу халдаж, хуваагдлыг улам дэвэргэж байна гэсэн байр суурьтай байдаг аж.

Бид ба тэд 

Нийгэмд “тэд ба бид” гэсэн хандлага төлөвшиж эхлэхэд хамгийн түрүүнд гадныхан гэж үзэгддэг хүмүүс нь цагаачид бөгөөд хагарал нэмэгдэхийн хэрээр нийгэм туйлширч эхэлдэг байна. Судлаач Хонгийн үзэж буйгаар Хонконгийн Засгийн газар ч хуваагдахад ойрхон байгаа байгаа гэнэ. Учир нь одоогийн хямралын эсрэг Засгийн газрын авч буй арга хэмжээг цөөн иргэн дэмжиж байгаа аж. 

Харин ахимаг насны хүмүүс, жагсагчид л цагдаагийнхантай мөргөлдөөн үүсгэж, Хонконгийн ялгамжит чанар луу халдаж, хуваагдлыг улам дэвэргэж байна гэсэн байр суурьтай байдаг аж. 

Жагсаалд оролцож буй хүмүүс гэртээ ч бас иймэрхүү эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа юм. Хонконгийн төв талбайд болсон жагсаалын үеэр цагдаагийнхан тэмцэгчид рүү дайрахад, 20 настай оюутан Стефани Ченг огтхон ч айж сандралгүй байсан газраа үлджээ. Харин түүнээс гэр бүлийнх нь илгээсэн зурвасын тухай асуухад Ченг шийдэмгий байдлаа алдав. 

Ээж нь анх түүний тэмцлийг дэмжиж байсан ч цагдаа нартай мөргөлдөж, тэдний эсрэг тэмцэх үеэс эхлэн дургүйцэж болжээ. Жагсагчид машин шатааж буйг буруушаасан фэйсбүүк постын дор ээж, охин хоёр ширүүн маргаан өрнүүлсэн гэнэ. 

“Маш олон гэр бүл хуваагдаж байна. Оюутнуудын маань дунд ч ийм зүйл ажиглагдаж байна. Тэд, бүр хоорондоо ч ярихаа больсон” гэж Хонг ярив. 

Хонконгийн ялгамжит чанарын талаар өөр хоорондоо зөрүүтэй тайлбарууд гарч ирэхийн хэрээр энэ мэт хуваагдал нэмэгдсээр байгаа юм. 

“Улс төрийн ялгаатай үзэл баримтлалаасаа болж хүүхдүүдээ гэрээсээ хөөсөн олон эцэг эхчүүдийг би мэднэ. Эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэнээс болж тэр шүү дээ” хэмээн Мито Вонг нэмж ярьсан юм. 

Саяхан семестрийн амралт эхлэхэд Хонконг дахь Хятадын их сургууль гэртээ харихаас санаа нь зовж буй оюутнууддаа зориулж “дүрвэгсдийн” оройн зоогийг зохион байгуулжээ. 

Хонконгийн ялгамжит чанарын талаар өөр хоорондоо зөрүүтэй тайлбарууд гарч ирэхийн хэрээр энэ мэт хуваагдал нэмэгдсээр байгаа юм.

АНУ-ыг туйлдуулсан “партизан туйлшрал” гэх өвчинд Хонконг нэрвэгдсэн байж ч мэдэх юм. 

“Энэ бүхэн надад ч бас тохиолдож байна. Учир нь би шар, харин ээж маань хөх, бүр гүн хөх. Одоо бидэнд нийтлэг байр суурь, харилцан ойлголцол байхаа больсон” хэмээн Яао ярьсан бөгөөд эдгээр өнгөөр Хонконгийн гол улс төрийн фракцуудыг төлөөлүүлжээ. 

Энэ хагарал нь ялангуяа Хонконгод маш аюултай гэж Яао үзэж байгаа юм. Учир нь, хэзээ ч тусгаар улс байгаагүй Хонконг үүний уршгаар хүлээн зөвшөөрөгдсөн, суурь үндэсний ялгамжит чанартай болж чадахгүй байх магадлалтай гэнэ. 

“АНУ-д Америкийн ялгамжит чанар гэх ойлголт бол заяамал зүйл. Үүнийг асуух ч шаардлагагүй. Харин Хонконг тийм биш шүү дээ. Бид цаашид хонконгчууд гэж хэн болохыг тодорхойлох эрхгүй болоод байна. Энэ бол жинхэнэ асуудал.”

c.2019 The New York Times Company

холбоотой мэдээ
1
2019.10.09
The New York Times | Инстаграмын хүүхэлдэйнүүдийн нууцлаг ертөнц
2
2019.10.09
The New York Times | Кинонд Нью-Йорк л гэрэлтдэг
3
2019.10.01
“The New York Times”: Аз жаргалын эрэлд цөхрөгсдөд
санал болгох
1
3 өдрийн өмнө
Миллениалуудын 63 хувь нь аялахын тулд ажил хийдэг
2
3 өдрийн өмнө
Судалгаа: Хүүхэд төрсөн эхний жилд хосууд 2500-аас дээш удаа маргалддаг
3
3 өдрийн өмнө
Кино үзээд 1000 долларын цалин авах боломжтой ажлын байр зарлагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.