Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

The New York Times | Хятад хэрхэн биднийг нэгдэхэд хүргэв


Өнгөрсөн сард Бээжинд шинэ 5G Huawei-н нээлт болов. Фрэд Дуфор/Agence France-Presse — Getty Images


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Дэвид Брүүкс 

Гаднын аюулт “дайсан”-тай тулмагц америкчууд сая нэгдэнэ гэж би үргэлж боддог юм. Таамаглаж байсанчлан биднийг нэгтгэх өнөө “дайсан” нь Хятад болж таарав. АНУ төдийгүй дэлхий тэр чигтээ Хятадын эдийн засаг, технологи, бодлогын нөлөөнд автах аюулд ороод буй нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. 

Зурагтаар өдөр бүр урсах улс төрийн улигт мэдээллүүдийн хүчээр америкчууд одоо нэгдэж эхэлж байна. Хятадын эдийн засгийн бодлогын талаарх Майк Пэнс, Элизабет Уоррен хоёрын байр суурь гайхмаар адилхан дуулдана. Хятад дахь хүний эрхийн зөрчлийн тухай Нэнси Пелоси болоод бүгд найрамдахчууд нэг дуугаар хоолой хоршино гэж хэн саналаа. Хятадад хэрхэн хариу үзүүлэх тухайд либерал, консерватив үзэлтнүүд итгэмээргүй адилхан ярих боллоо.  

Сүүлийн хэдэн арванд Хятадын нөлөө саараасаа илүү сайн байсан. Мэдээж, Бээжин худалдааны гэрээг зөрчиж, бүсийн хурцадмал байдлыг өдөөсөн нь үнэн. Гэхдээ Хятадын эдийн засгийн тэсрэлт нь бидний өргөн хэрэглээний зардлыг бууруулж, олон бизнес цэцэглэхэд хувь нэмэр үзүүлснийг мартаж болохгүй. 

Одоо харин зарим тодорхой зүйлс өөрчлөгджээ. Нэгд, Хятадын дэглэм чөлөөт болох нь уу гэтэл улам дээрэнгүй, дарангуй болж ирэв. 

Хоёрт, Хятад эдийн засгийн бодлогын чигээ өөрчилж, бидэн рүү илтэд довтлохоор шийдсэн тодорхой боллоо. “Хятадад үйлдвэрлэв, 2025” бодлого нь роботик, сансар, биотехнологи зэрэг өндөр технологийн салбаруудад нөлөөгөө тогтоох зорилготой. Флорида мужийн сенатч, Сенатын Жижиг дунд бизнесийн байнгын хорооны дарга Марко Рубиогийн гаргасан саяхны тайлангаас үзэхэд Хятадын хиймэл оюун ухааны салбар өнгөрсөн жил 67 хувиар өсөж, Америк өрсөлдөгчдөөсөө илүү их оюуны өмч эзэмших болжээ. Улмаар Хятад АНУ-аас 30 дахин их зардлаар квантын тооцоололд хөрөнгө оруулж байна. Миний дотно анд Томас Фрийдмэний анзаарснаар дрон үйлдвэрлэлээр дэлхийд 1, 3 дугаарт эрэмбэлэгдэх компаниуд Хятадынх болсны дээр  царай, дуу хоолой таних технологиор биднийг хэдийнэ хол хаяжээ.  

Хятадын түрэмгийлэл зөвхөн эдийн засгаар хэмжигдэхгүй, ёс суртахуун, оюун ухааных болох нь

Хэрэв тэд өрсөлдөж байсан бол асуудалгүй. Хэргийн гол нь тэд хулгайлж байгаад байна. АНУ-аас БНХАУ-д сууж асан Элчин сайд Жон Хантсмэн, тэтгэвэртээ гарсан Дэннис Блэйр нараар ахлуулсан комиссын 2017 онд хийсэн тооцооллоор Хятадын оюуны өмчийн хулгайн АНУ-ын эдийн засагт үзүүлсэн хохирол 225-600 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэдэг нь ил болсон. Заримыг нь хакердаж авсан бол нөгөө хэсэг нь икс тайлантай компаниудаар дамжуулан технологийн фирмүүдийг худалдан авч, технологийг нь хулгайлах замаар үйлдэгдсэн. Зарим нь бол цэвэр тагнуул, дээрмийн замаар болсон. Заримдаа тэд Америкийн компаниудыг технологи солилцох нэрийдлээр зах зээлдээ оруулаад, зорилгодоо хүрмэгц илт шахсаар гаргадаг. Энэ бол өрсөлдөөн биш. Энэ бол байр суурийг нь орлох санаархал. 

Гуравт, Бээжин шинэ технологийн эдийн засгийн төвүүдийг хяналтдаа оруулахаар чармайж байгаа. Хэрэв Хятад 5G технологийн стандартыг тогтоож, хиймэл оюун ухаан, квантын тооцооллоор тэргүүлж эхэлбэл та бидний амьдралд нөлөө тусгалаа илтэд үзүүлж, тоглоомын дүрмийг гартаа авлаа гэсэн үг. 

Дөрөвт, Хятадын түрэмгийлэл зөвхөн эдийн засгаар хэмжигдэхгүй, ёс суртахуун, оюун ухааных болох нь. 

Энэ бол хоёр том нөлөөллийн тэмцэл. Гэвч дэлхий Хятадын нөлөөг хавьгүй дээр гэж бодоод эхэлж.  Урьд нь бид Хятад арчдилсан улс болно хэмээн найдаж байсан. Буруу. Бид дэглэм нь ардчилагдана гэж бодсон. Буруу. Хятад хүмүүс дэглэмийнхээ өөдөөс босож, ардчилсан дэлхийн ертөнцийн нэг хэсэг болохын төлөө тэмцэнэ гэж бодсон. Буруу. 

Хятадуудын засгийн бодлогодоо итгэх итгэл америкчуудаас хавь илүү. 2008 оны судалгаагаар хятадуудын 78 хувь нь Засгийн газар нь иргэдийнхээ төлөө ажиллаж байгаад итгэдэг нь харагдсан. Энэ үзүүлэлт Японд 33, БНСУ-д 21 хувь байсан. Хятадын нийгэм Америкаас илүү итгэл болоод нийгмийн капиталтай байна. Үүгээрээ тэд Голландын дараа дэлхийд хоёрдугаарт орж буй. 

Хэрэв Хятад бидний эсрэгцэл, “тэд” юм бол “бид” чухам яг хэн юм бэ?

Бид системээ орвонгоор нь өөрчилж, илүү дээр болгохгүй бол “Тэд юу санал болгоно, түүнийг нь дагая” гэх хүмүүсийн тоо олон болох нь. 

Асуудлын гол нь: Бид ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? “Хятадад үйлдвэрлэв 2025 ба Америкийн аж үйлдвэрлэлийн салбарын ирээдүй” хэмээх Рубиогийн тайланд дараах зэвүүн өгүүлбэр бий. “Энэ тайлангийн гол дүгнэлт гэвэл АНУ зах зээлийн зохицуулалт хийх шийдвэрээс зугатах, бултах аргагүй нь”. Чөлөөт зах зээлийг дэмжигч бүгд найрамдахчууд түлхүүр салбаруудаа хөгжүүлэхийн тулд төрөөс хатуу зохицуулалт хийхийг байдаг чадлаараа эсэргүүцдэг байсан үе бий. Гэтэл Хятадыг дагаад хаа сайгүй хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөж эхлэв. Рубиогийн тайлан нэг бол чөлөөт, үгүй бол хаалттай гэсэн хуваагдлын цаана гарч сэтгэж, энэ байдлаас гарах шинэ арга зам эрэлхийлэх оролдлого юм. 

Энэ бүхний нөлөөнд хамгийн их өөрчлөгдөх нь магад Америкийн үндэсний ижилсэл (American identity) биз. “The Atlantic” сэтгүүлийн Рэйхан Саламын асуусанчлан, Хэрэв Хятад бидний эсрэгцэл, “тэд” юм бол “бид” чухам яг хэн юм бэ? 

Хэрэв Хятад олон улсын либерал дэг журмын бодит занал юм бол бидэнд системээ сайжруулах замаар өрсөлдөөнтэй нүүр тулж, хүндээ хөрөнгө оруулж, институц, нийгмийн байгууллаа шинэчилж, улс төрийн системээ дахин амьдруулах чадал бийсэн болов уу? 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
3 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
22 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
0
4
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.