Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

The New York Times | Хязгаарлагдмал төрийн эрин дууссан


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Росс Даутхэт 

Консерватив үзэл хөдөлгөөн болж хөгжсөн 1950-иад оноос хойш Америкийн баруунтнууд өөрсдийгөө Америкийн Нэгдсэн Улсын албан ёсны болон бичигдээгүй үндсэн хуулийг хамгаалж буй хэмээн ойлгож иржээ. Энэ бичигдээгүй үндсэн хууль нь үндэстний түүхэнд суурилж, улс төрийн системийн хариуцлагын тогтолцоогоор дэмжүүлж ирсэн соёлын болоод нийгмийн үндсэн хууль юм. 

Энэ үндсэн хуулийн дагуу Америк төрийн засаглалын гурван мөчиртэй боловч хүчний харилцаа нь шашин, хувийн хэвшил, гэр бүлийн зэрэг олон төвүүдтэй байна. Түүнчлэн үндэсний хамгийн ач холбогдол бүхий институциуд нь улс төрийнх бус харин төрийг хэм хэмжээнд нь барьсны ачаар хөгжин цэцэглэсэн, төрийн зүгээс үзүүлэх нөлөө, хүчинд автаагүй иргэний нийгмийнхэн  гэж консервативчууд үздэг. 

Тиймээс ч тэд “хязгаарлагдмал төр”-ийн давуу талыг сурталчлахдаа зөвхөн Герберт Гуверийн “эрх чөлөөт хүмүүн”-ийг хамгаалалгүй, төвлөрсөн төрийн атаархлаас хамгаалах шаардлагатай иргэний холбоо, шашны урсгал, буяны байгууллага, их сургууль, хувийн сургуулиуд зэргээс бүрдсэн коммунитарист* “нэгдэл”-ийг төсөөлдөг юм. Ингэхдээ бизнест төр зохицуулалт хийж, удирдлагаар  хангахын оронд дээрх коммунитарист системийнхээ голд Америкийн хувийн хэвшлийг шигтгэж өгснөөр бүтээмж, инноваци, нийтийн эрх ашгийг хамгаалах үзлийн тэнцвэртэй харилцааг хадгална хэмээн итгэдэг. 

Трампын эринд консервативчуудын өмнө тулгараад буй оюун санааны эргэлзээг дүгнэвэл “Өдгөө баруунтнуудын хамгаалахаар тэмцэж буй Америкийн бичигдээгүй үндсэн хууль оршин буй эсэхийг ойлгохоор эрмэлзэж байгааг” харж болно. Хэрэв мөнөөх үндсэн хууль амьгүй эсвэл үүргээ гүйцэтгэж чадахгүй байвал консервативчуудын хүсэмжит Америк нийгмийг бүтээхэд “хязгаарлагдмал төр”-ийн уриа, төлөвлөлт сэлт хамааралгүй болж буй эсэх нь сонирхол татна. 

2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр Доналд Трамп сүүлийн баримтлалыг  өрсөлдөгчдийнхөө эсрэг далдуур явуулга болгож, харин Америк мөрөөдлийн хамгаалагчид хэмээн өөрсдийгоо тодорхойлсон консервативчуудын хувьд бизнесийн салбарын өрсөлдөгчийнх нь дайсагнасан, хуйвалдааны онолоор зэвсэглэсэн өнгө аяс олон ярвигтай асуудлыг бий болгосон байна. 

Америк эрч хүчээр дүүрэн иргэний нийгэм болж хөгжих олон жижиг бүрдэл бүхий үндэстэн хэвээр байна уу? Америк цар хүрээгээ улам бүр тэлэх шашны урсгалууд, хүчтэй сүм хийд бүхий шашинлаг улс хэвээр байна уу? Америкийн бизнесмэнүүд олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалагч, төрийн зохицуулалт үгүй болоход шударгаар өрсөлдөхөд бэлэн, эх оронч үзэлтэй,  шашинд бат суурилсан улс төрийн хөдөлгөөний холбоотон мөн үү? 

Консерватив тоймчид, нийгэм судлаачид, сэхээтнүүд сүүлийн хэдэн жил эдгээр асуултын хариу сөрөг байх боломжтойг хүлээн зөвшөөрч ирлээ. Энэ нь Америкийн эвлэлдэн нэгдсэн, иргэний болон шашинлаг амьдралын хэв маяг уналтад орж улмаар задарч байгаа, Америкийн хувийн хэвшил зөвхөн татварыг бууруулж, үйлдвэрчний эвлэлүүдийг сул байлгахын тулд л консерватив уриа лоозон дор нэгддэг. Угтаа эх оронч үзэл, хичээл зүтгэл үеэ өнгөрөөж, хөдөлмөрч, шашинлаг, консерватив хүрээллийн ажилчин гэр бүлүүд “үгүй болсон” гэсэн санаа. 

Аливаа коммунитарист сэргэн мандалт заавал орон нутгийн санаачлага дор явж, төр зөвхөн туслан гүйцэтгэх үүрэгтэй, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй байх зарчмаар оролцох ёстой хэмээдэг

Чарльз Мюррейгийн “Цагаан арьст Америк: Нүүрлээд буй хагарал”, Ювал Левиний “Бүгд найрамдах улсын хагарал”  зэрэг сүүлийн арван жилд гарсан шилдэг консерватив номуудын ихэнх нь Токвилийн “гэр бүл-сүм хийд-хамт олон” гэсэн Америкийн уламжлалт консерватив тайлбараас зөрж, шинэ Америк бий болж байгааг дүрслэн үзүүлжээ. Тим Карнигийн “Зөрчилдөн буй Америк: Зарим нь хөгжин цэцэглэхэд яагаад бусад нь сүйрдэг вэ?” ном бол дурдаж болох хамгийн шинэ жишээ. Америкийн дунд хэсгийн коммунитаризмын сүйрлийн нөхцөлд Трамп хэрхэн сонгогдсоныг социологи болон газар дээрээс нь хийсэн сурвалжлагтай хослуулан үнэмшилтэйгээр тайлбарласан байна. 

Карнигийн номтой адил бүтээлүүд гэр бүл, хамт олны задралд даяарчлал, худалдаа, аж үйлдвэржилтийн уналт зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүдийн үзүүлсэн нөлөөг хүлээн зөвшөөрөх боловч либералууд, социализмын шинэ түүчээлэгч нараас ялгаатай нь (Трампаас ч үүгээрээ ялгарна) энэхүү соёлын задрал нь ихэвчлэн эдийн засгийн бодлогоос үүдэлгүй, уг нөхцөл байдлыг төрийн бодлого хөтөлбөрүүдээр засаж залруулах боломжгүй хэмээн үздэг. Эсрэгээрээ тэд төрийн оролцоо нь хамт олонч сэтгэлгээг бэхжүүлэхийн оронд орлох үүрэг гүйцэтгэдэг. Аливаа коммунитарист сэргэн мандалт заавал орон нутгийн санаачлага дор явж, төр зөвхөн туслан гүйцэтгэх үүрэгтэй, нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй байх зарчмаар оролцох ёстой хэмээдэг. 

Сүүлийн хэдэн эринд консерватив үзлийн үндсэн ойлголтын үргэлжлэл болсон энэ баримтлал оршсоор л байна. Гэсэн ч баруунтнуудын дунд намын шинжтэй хагарал нэмэгдэж,  төрийн үүргийг чухалчлагч консервативчуудын бүлэг Токвилийн мөрөөдөл хэрэв мөхөж байгаа бол “хязгаарлагдмал төр” байх шаардлага ч бас хэрэггүй гэсэн санаа цухалзуулах болов. 

Сарын өмнө улс төрийн тоймч Такер Карлсоны монологийг тойрсон дуулиан, либертаричуудын зүгээс шүүмжлэлд өртөж Бүгд Найрамдахчуудыг Америк маягийн амьдралыг төрийн бодлогоор дамжуулан гэр бүл, тэр дундаа орлогын ганц эх үүсвэртэй өрхүүдэд ээлтэй болгохыг шаардсан явдлаас ч бид дээрхтэй ижил баримтлалыг олж харна. Энэхүү жишээ Карнигийн ном, өнөө цагийн нэгэн чухал бүтээл Орен Кассийн “Хөдөлмөрчний өнгөрсөн болоод ирээдүй” хоорондын ялгааг харуулна. Хэдийгээр зохиолчид тодорхой сэдэв дээр үзэл бодол нэгддэг ч Карни “бидний өнөөгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлуудыг ерөнхийлөгч эсвэл засгийн газрын аль нь ч шийдэх атугай зөөлрүүлэх боломжгүй” гэж дүгнэж байгаа бол Касс ухаалаг бодлогоор Америкийн иргэдийн амьжиргаанд томоохон өөрчлөлт хийх боломжтой гэж үзэж байна. 

“Хязгаарлагдмал төрийн эрин дууссан” хэмээх консервативчуудын хагарлын хамгийн том, тод жишээг бид “First Thin”, “American Affairs” зэрэг консерватив сэтгүүлд нийтлэгдсэн Дэн Маккартигийн “Шинэ консерватив хөтөлбөр”, Гладдэн Паппины “Төрөөс нам руу” эссээнээс харж болно. Эдгээр эсээнд төрийг дайсан эсвэл аюул занал хэмээн үзэхээсээ илүүтэй аливаа үйл явцыг бүрэлдүүлэгч, тэнцвэржүүлэгч гэж үзэх консерватизмын төсөөлөл юм гэжээ. Жишээ нь, Доналд Трамп эдийн засгийн үндсэрхэг үзлийг хэрхэн төгөлдөршүүлж, илүү үр дүнтэй болгож болох талаар Маккарти, 

“Эдийн засгийн үндсэрхэг үзэл тарифын тухай асуудал огт биш. Өөрөө хэлбэл, асуудал нь “эдийн засгийн” гэхээсээ илүү “үндсэрхэг” шинж чанартай. Улс орны өнцөг булан, ажил мэргэжил бүрийн дуу хоолойг тусган, тухайн нутаг бүрийн хэрэгцээг хангаснаар нийтэд үйлчлэх, улмаар нэгдэх тухай юм. Хуучин цагт фермерүүд болон хотуудад төвлөрсөн хөрөнгө, ажиллах хүчний эрх ашгийг тэнцүүлэх нь тулгамдсан асуудал байсан. Одоо бол аж үйлдвэрийн эриний дараах нийгмийн ангийн эрх ашгийг тусгах, эдийн засгийн бүтээмжтэй хэсгийг ихэнхдээ зохион байгуулагч, бичиг хэргийн ажилтнуудаас бүрдсэн хийсвэр эдийн засгаас хамгаалан бэхжүүлэх хэрэгтэй болсон. Энэ бүхэн нь доллараар хэмжигдэх хөгжил гэхээсээ иргэд болоод тэдний гэр бүлүүдэд хөгжиж дэвжих боломж олгосон эрүүл орчныг бий болгох эдийн засгийн тухай юм”.

Трампын эрин дуусахад консервативчууд зөвхөн онолын амбицаараа ч бус улс төрийн шаардлагынхаа дагуу төр, эрх мэдэл төвтэй консерватизмд татагдах магадлалтай

Паппин ч үүнтэй ижил дүгнэлт гаргажээ. Улс төрийн эвслүүд, тэр дундаа баруунтнууд орчин цагийн “анти-либерал”, “пост-либерал” гэж болох популист, социалистуудаас ирж буй дайралтад зохицох ёстой хэмээжээ. 

“Консерватив / прогрессивчууд юу хийх ёстой вэ?” гэж асуухын ач холбогдол бүхий дараах сэдвээр эргэцүүлэх нь үр дүнтэй; “Манай үндэстний улс төрийн ангийн ёс суртахуунтай байдлыг хэрхэн хангах вэ?”, “Эдийн засгийн харилцаа, технологийн хөгжлийг хэрхэн нийгмийн сайн сайханд чиглүүлж, стратегийн давуу тал болгох вэ?”, “Эрх мэдэл буюу төрийг бид иргэдийн нийтлэг эрх ашгийг хангахад ашиглахын тулд бид юу хийж болох вэ?”

Эдгээр асуултын хариулт нь Паппины үзэж байгаагаар консервативчуудыг улиг болсон “төрийг үгүйсгэсэн өрөвдөлтэй, хуучнаа санагалзсан, бүтээлч бус шаардлагууд”-аасаа ангижирч, улс төрийн барууны чиг баримжаанд нийцсэн зорилтуудыг биелүүлэхэд “төрийн удирдан зохион байгуулах” чанарыг ашиглахад хүргэж болзошгүй юм. 

Дээрх эсээнүүдийг уншсан либерал уншигчид бол барууны үзэлтэй төрийн соёлыг өөрчилж, нийгмийн анги хоорондын зөрчлийг арилгахад ашиглах нь XX зууны эхэн үеийн фашизмтай төстэй хэмээх биз ээ. Тэднээс арай энэрэнгүй уншигч бол консерватив хөдөлгөөн Муссолини хоёрын хооронд төрд ээлтэй консерватив улс төр хийх орон зай хангалттай байгааг дурдаж, Маккарти, Паппин хоёрын төсөөллийг Америкийн Хамилтоны уламжлал, XXI  зууны Францын Голлизмын хослол хэмээн тайлбарлаж болно. 

Гярхай уншигч бол харин Бүгд Найрамдах нам эрх мэдэлд хүрсэн учраас жам ёсны дагуу  үйл ажиллагааныхаа онолын суурийг бэлдэж байна хэмээх биз ээ. Учир нь, Бүгд Найрамдах намаас сонгогдсон сүүлийн хоёр ерөнхийлөгч “хүчирхэг төрийн консервативчууд” байсан боловч зорилтоо үйл хэрэг болгох тодорхой нэгэн төлөвлөгөө, эрмэлзэл, ухамсар дутсан билээ. 

Төрийн үр бүтээмжтэй байдлын талаарх миний үзэл бодол нь надад дээрх зорилтууд амжилттай хэрэгжих эсэх эргэлзээ төрүүлэхэд хангалттай боловч Трампын эрин дуусахад консервативчууд зөвхөн онолын амбицаараа ч бус улс төрийн шаардлагынхаа дагуу төр, эрх мэдэл төвтэй консерватизмд татагдах магадлалтай. 

Төрийн бус институциудыг төрөөс хамгаалж байсан барууны чиг баримжаатай консерватив үзэл тэднийг өөрсдийнх нь консерватив үнэт зүйлүүдэд нааштай хандана гэсэн таамаглалд суурилж байжээ. Гэсэн ч иргэний нийгэм сүүлийн хэдэн арван жилд уналтад орж, үйл ажиллагаа нь идэвхтэй хэвээр үлдсэн хүчний төвүүд нь зүүний чиг баримжаатай болж хувирлаа. 

Саяхныг хүртэл их сургуулиуд, Холливуд, томоохон сангууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл зэрэг либерал институци одоогийнх шиг улс төрийн зүүний чиг баримжаанд нэгэн жигд, тогтвортой тулгуурлаж байсангүй. Берни Сандерсаас эмээсэн Америкийн корпорациуд Бүгд Найрамдах намд хандив өргөхдөө уриалгахан байх боловч томоохон компаниуд соёлын асуудлуудаар зах зээлийн шинэ үеийнхэнд чиглэсэн прогрессив үзэлтэй суртал ухуулга, лобби ашиглаж байна. Шашны тухайд гэвэл Ромын папын удирдлага дор Католик шашин зүүний чиг баримжаанд шилжихийг эрмэлзэн, соёлд үзүүлэх нөлөө багатай протестант, евангелийн урсгалыг дан ганц “хамгаалагч”-аар үлдээж байна. 

Гэсэн ч консервативчууд Цагаан ордон, Конгресс хоёрын аль алинд нь эрх мэдэлд очих боломжтой хэвээр буй. Энэ нь тэдний хяналтаа тогтоох боломжтой хүчний төв нь үнэн хэрэгтээ өөрсдийнх нь хязгаарлахаар эрмэлздэг төрийн удирдлага болохыг илтгэнэ. 

Хэрэв бид хүмүүсийг эрх мэдэлд тэмүүлдэг, боломжтой үед уг тэмүүллээ зохистойгоор зөвтгөх шалтгаан зохиож хүссэндээ хүрдэг хэмээн үзвэл “хүчирхэг төрийн консервативчууд”-д төрийн талаарх баруунтнуудын үзэл бодлыг өөрчлөхийн тулд тийм ч хүчтэй үзэл хандлага шаардагдахгүй л болов уу. Үүний оронд төрийн эрх мэдлийг хязгаарлах зорилготой консерватизм Трампизмыг илүү тодорхой замын зураг, ухаалаг боловсон хүчнээр хангах оролдлогод зайгаа тавьж өгнө. Энэ нь улс төрийн идеологид гардаг өөрчлөлтүүдийн нэгэн адил үзэл бодол нь өөрчлөгдөж буй хүмүүст өөр сонголтгүй үед л үүсэх нөхцөл юм. 

c.2019 New York Times News Service

Орчуулсан Б.Мөнхнаран

* Коммунитаризм- Нийгэм, улс төрийн философи. 1970-аад онд либертари үзлийн шүүмжээс үүдэн гарч, 1990-ээд онд Америкт зонхилох болсон олон тооны тайлбар, урсгал бүхий хөдөлгөөн. Америкийн нөхцөлд энэ нь “сommunity” буюу ихэнхдээ газар орны, нийтлэг дурсамж, түүх, үзэл бодлын (шашны) зэрэг шалтгаанаар ижилсэл үүсгэн нэгдсэн үнэт зүйл бүхий нийгмийн бүлэг, хамт олны эрх ашгийг хамгаалах бодлогыг улс төрийн цөм болгосноор нийгмийн сайн сайхныг түүчээлнэ хэмээх үзэл.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.