Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Нууц мэдээлэл дэлгэх бохир трендийн цаана

Зургийг Адам Майда (Adam Maida/The New York Times)


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Scott Shane / The New York Times 

Рожер Стоун оросуудтай хамтран нууц мэдээлэл хулгайлсан тухайгаа худал мэдүүлсэн өдөр Бостоны нэгэн эмэгтэйгээр удирдуулсан ил тод байдлын төлөөх ширүүн тэмцэгчид Оросын дотоодоос их хэмжээний нууц мэдээлэл сөргүүлэн цацсан. 

Үүнийг ерийн тохиолдол гэж үзэх аргагүй, харин энэ цагийн тренд гэвэл зохиолтой. Бид сайн, муу үр дагаварын алинд ч хүргэж мэдэх “нууц мэдээлэл тараадаг” эрин цаг үед амьдарч байна.  

Сайн тал нь угаас тодорхой: Бид хүчирхэг, эрх мэдэлтэй хувь хүмүүс болон байгууллагуудын нууцалж ирсэн мэдээллийг ил гаргах, нийтээрээ мэдэх боломжтой болов. 

Гэвч сөрөг тал нь илүү ярвигтай: Нууц мэдээлэл задруулахдаа ихэвчлэн хакердахын эсрэг хуулийг зөрчдөг бөгөөд хүмүүсийн нууцад нэвтрэхээс аргагүй болдог. Онцын шалтгаангүй, хүндэтгэн үзэх боломжгүй “нууц мэдээлэл”-ийг задлавал, ухвал, хулгайлвал яах вэ? Тэдгээр нь маш хүчирхэг, тааварлахын аргагүй, басхүү шударга бус зэвсэг болж хувирна. 

Улмаар нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, нийгэмлэг, бүр цаашлаад бүхэл бүтэн улсын хувь заяагаар тогловол яах вэ? 

Жишээ нь:  “WikiLeaks”-ээр удирдуулсан оросын хакерууд АНУ-ын тэтгэвэртээ гарсан улс төрийн зүтгэлтэн Р.Стоуны тусламжтайгаар Ардчилсан намын имэйл, бичиг баримтуудыг хакердаж, үр дүнд нь гаднынхан АНУ-ын Ерөнхийлөгчөөр хэн сонгогдоход томоохон нөлөө үзүүлсэн байж болзошгүй болоод байна. Оросуудын нууц мэдээллийн сан зөвхөн Америк, Украйнаар тогтохгүй бөгөөд тэд нууц мэдээллүүдийг ихэвчлэн хакердан олж авдаг нь шинэ мэдээ биш. 

Арга технологи нь зөвхөн цаасаар “хов” зөөдөг үетэй харьцуулахад төсөөлшгүй хөгжсөн бөгөөд бид олны анхаарал татсан цөөн хэдэн тохиолдолд л анхаарал хандуулж байгаа болохоос биш дэлхий нийтээрээ “нууц мэдээлэл” хакердах цахим дайнд ороод байна. 

Өмнөд Африкт, “Gupta Leaks” нь Гуптагийн гэр бүлийн бизнесийн эзэнт гүрэн Засгийн газрыг хэрхэн хахуулдаж, өөрсдөдөө ашигтай шийдвэг гаргуулдаг байсныг гэрчлэх имэйлүүдийг ил болгов. Харин Унгарт “Football Leaks”-ийн гол хүн гэдгээ хүлээн зөвшөөрсөн португаль эрийг саяхан баривчилсан нь олон улсын хөлбөмбөгийн шударга бус санхүүгийн хэлцлүүлтэй холбогдов. Сингапурт нэгэн америк эр эмч найз залуутайгаа нийлэн ДОХ-ын халдвартай 14,000 хүний нэрийг нууцаар задруулсан хэргээр шалгагдаж буй. 

Сүүлийн жилүүдэд нууц мэдээлэл олж авах нь шинжлэх ухаан болтлоо хөгжөөд байна. Нэг терабайт датаг (100 сая хуудас эсвэл 1000 цагийн видео) ердөө эрхий хуруу шиг хэмжээний флашинд багтааж, түлхүүр, бохьтойгоо хамт халааслаад явж болохоор боллоо. 

Ижил технологи ашиглан мэдээллийг хакердахуйц болгож чадаж байгаа нь тухайн мэдээллийг агуулж буй хүмүүс л мэдэх дархан эрхийг үнэгүйдүүлэх болов. “Мэдээллийн хулгайч” гэх нэр томъёо хүртэл гарч, компаниуд хэрэглэгчдийнхээ мэдээллийг нууцлах нь маш чухал ажил болж хувирлаа. Нөгөөтэйгээр “мэдээлэл хулгайлагчид” нийгэм, нийтэд тустай гэхээсээ илүү хувь хүмүүсийг хорлох, ичээх, цээрлүүлэх зорилгоор ч ажиллах нь ихэслээ. 

Гэхдээ энэ дундаас хамгийн их нөлөөтэй нь улстөрийн зорилго, оролцоотойгоор хулгайлагдаж буй нууц мэдээллүүд юм. 2010 онд Челси Маннинг “WikiLeaks”-т дамжуулсан дипломат сувгийн нууц мэдээллэл нь дипломатуудын нууц ертөнцийг ил болгосон. 2013 онд Эдвард Снөүдэний сэтгүүлчдэд дэлгэсэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн мэдээлэл эхлээд Цагаан ордон, дараа нь Конгресс америкчуудыг хянаж шалгахдаа шинэ лимит тогтооход нөлөөлсөн. 2015 онд Германы сонины ил болгосон “Panama Papers” дата нь дэлхий нийтээр татвараас зайлсхийх, мөнгө угаахтай холбоотой мөрдлөг, шалгалт хийхэд хүргэсэн.   

Хэдийгээр бүхий л дидломатууд, татварын байцаагч нар дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөгүй ч дээр дурдсан нүсэр тохиолдлуудын хувьд нууц мэдээлэл ил болсноор олон хүн хожсон. Гэвч өнөө үеийн нууц задруулалтууд цөм дайн ба энх, засгийн газруудын булхай, санхүүгийн тэгш байдалтай холбоотой юу гэвэл үгүй. 

Хойд Солонгосын удирдагчийн талаарх инээдмийн кино (“The Interview”)  гаргах болсонтой холбоотойгоор “Sony Pictures” компанийн бизнесийн нууц, ажилтнуудын хувийн мэдээллийг ил болгосныг юу гэх вэ? AshleyMadison.com (цахим болзооны сайт)-ын хэрэглэгчдийн нэрс, мэдээллийг ил болгосноор гэр бүлээс гадуурх харилцааг зохицуулж чадсан гэж үү? 

Цаашлаад Рожер Стоуны худал мэдүүлсэн хэмээгдэж буй АНУ-ын Ардчилсан намын үндэсний хорооны 20,000 имэйл, Хиллари Клинтоны сонгуулийн кампанит ажлын менежер Жон Подестагийн илгээсэн болон хүлээн авсан 20,000 имэйлийн асуудлыг яах вэ? АНУ-ын сонгуулийн өрсөлдөөн ид явж байхад орос хакерууд хутгалдаж, улмаар сонгуулийн үр дүнд ч нөлөөлсөн байж болзошгүй байгаа нь “нууц мэдээлэл задруулах” үйлдлийг олон талаас авч үзэх шаардлагатайг илтгэж байна. 

Угтаа, хэдийгээр гэмт хэргийн шинжтэйгээр олж авсан, задруулсан байлаа ч, нууц мэдээлэл задруулалт нь худал мэдээлэл тарааж буй үйл явц биш юм. Тэр имэйлүүдийн утга үнэн байсан. Нууцыг задруулсан имэйлүүд Хатагтай Клинтон хувийн компаниудад хэлсэн үгээ нийтэд дэлгээгүйдээ харамсах шалтгаан болж, тэр нь олон нийтийн дунд байж болох хамгийн муугаар яригдаж буй. Ардчилсан намын нөлөө бүхий хүний хэт хувийн, зарим талаар “заваан” үгс нийтэд ил болно гэдэг ямар сайхан байх вэ дээ. 

Харин Д.Трамп болон түүнийг дэмжигчид, тэр дундаа хуучин анд Рожер Стоуны хувьд Клинтоны нууц имэйлүүд сонгуулийн хожил болсон бөгөөд, Клинтоны жинхэнэ дүр төрхийг илчилсэн баатрууд болцгоосон билээ. 

Гэхдээ хамгийн гол нь нууц материалууд болоод түүнийг хэн задалж байна вэ гэдгийг тусд нь үзэх боломжгүй. Жишээ нь, Оросын хакерууд Х.Клинтоны имэйлүүдийг дэлгэхийн оронд Д.Трампийн татварын булхай, нууц амрагууддаа шилжүүлсэн төлбөрийг ил болгож болох л байсан шүү дээ. Хэрэв тэгсэн бол сонгуулийн дүн огт өөрөөр эргэх байсныг Д.Трампийг үхэн хатан дэмждэг хүмүүс ч мэдэж байгаа. 

Нөгөө талаас нь авч үзвэл хэрэв тэрхүү имэйлүүдийг оросууд биш, хэн нэг уурласан америк хүн дэлгэсэн байвал америкчууд өөрсдөө юу гэж үзэх байсан бол? Хэдийгээр муухай ч гэсэн дэлгэсэн нь тун зөв болсон юм гэцгээх байсан биз. Энэ талаас нь бодож үзэх зайлшгүй шаардлага гарч байна. 

Нууц мэдээлэл олж авч, түүнийг дэлгэх бохир технологи Америкт дэлгэрэх нь цаг хугацааны л асуудал. Кампанит ажлын хуучин техникүүд цаашид ийм л замаар явна гэдгийг захын оюутан мэдэж байгаа. Яг л Рожер Стоун “Стоуны дүрэм” номондоо бичсэн шиг… 

“Ялахын тулд бүхнийг хийнэ”! 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
6 цагийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
2
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
3
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Nergui 2019.04.25 131.181.158.148

Hund hursen heregtei medeelel baina. Ghde Mongold niitlel bichdeg humuus yagaad iim barimttai, urnultei, shineleg baidlaar setgesen medeelel beldej boldoggun boloo?

0 Хариулах