Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

The New York Times | Үзэн ядсан үг хэллэг "үлдэх үү", эсвэл...


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонинтой хамтран ажиллаж байгааг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм.

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.
 


Cecilia Kang/ The New York Times 

ВАШИНГТОН - Марк Зукерберг Засгийн газар цахим орчин дахь үг хэллэгийг хянахад гар бие оролцох ёстой хэмээн өнгөрсөн сард Вашингтон Постод зориулж бичсэн интернэт контентын үзэн ядсан үг хэллэгийг зохицуулах тухай нийтлэлдээ дурдсан нь Вашингтоны Бүгд Найрамдахчуудын уур цухлыг хүргэж орхив.

Нийтлэл хэвлэгдсэнээс хэдхэн цагийн дараа тус компанийн гол тоглогчид консервативуудад хандан Зукербергийн үгийг тоох хэрэггүй гэсэн өөр утгатай мэдэгдлийг хийж эхэлсэн юм.

Компанийн удирдлагууд гэнэтийн имэйл, дуудлагаар дамжуулан, зарим нь бүр нөлөө бүхий консервативуудын цугладаг долоо хоног бүрийн өглөөний цайны уулзалтын үеэр өөрийн биеэр очиж, бодлого тодорхойлогчид, томоохон группийн төлөөлөл, тинк танкуудад нийтлэлийн залруулгыг хийжээ. Нийтлэлийн гол зорилго нь АНУ дахь үг хэлэх эрхэд нэмэлт хязгаарлалт тавих бус харин гаднын бодлого тодорхойлогчид руу хандсан төдийгүй, компанийн зүгээс АНУ-д зориулсан өөр шийдлүүд байгаа гэсэн байна.

Фэйсбүүк компанийн нэгэн ажилчин консерватив группууд руу илгээсэн имэйлдээ “Интернэтэд зориулсан дүрэм журмыг шинэчилснээр интернэтийн хамгийн том давуу талуудын нэг болох хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх, энтрепренеруудад шинэ юмс зохион бүтээх эрх чөлөө олгодог онцлогыг хадгалж чадна гэдэгт Марк итгэдэг” хэмээн бичжээ. Залруулга хийх явцад оролцож, имэйлийг "The New York Times"-тай хуваалцаж нэрээ нууцлахыг хүссэн хоёр хүн компанийн зүгээс хийсэн арга хэмжээг бидэнтэй хуваалцсан юм.

Цахим дахь хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах утгатай үг хэллэгийг хянах тал дээр АНУ ганцаараа гэдэг нь Зукербергийн уриалга, компанийн хариу үйлдлээр тодорхой харагдсан.

Британи, Герман, Австрали, Шинэ Зеланд, Энэтхэг орнууд технологи даган дэлгэрч буй контентод хатуу хяналт тавьж, зохицуулалт хийх хууль баталж, зарим нь батлахаар хэлэлцэж байгаа билээ. Гэвч эдгээр орнууд АНУ-ын Анхдугаар нэмэлт өөрчлөлттэй адил үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хамгаалалттай тулгарах шаардлагагүй билээ.

Энэ тохиолдолд фэйсбүүктэй адил технологийн салбарын бизнесүүд ярвигтай улс төрийн асуудалд хүссэн хүсээгүй оролцохоос гадна асуудлын хоёр талд хоёуланд нь зогсох шаардлагатай болдог.

Улс төрийн бүлэглэлүүдээс, ялангуяа Ардчилсан намынхнаас, зарим тохиолдолд Бүгд найрамдахчуудаас ч технологийн компаниудад ихээхэн дарамт ирж, улс төрийн хүрээнийхэн цахим дахь үзэн ядалтын үг хэллэгүүд бодитой хүчирхийлэл, үймээн самуун руу хөтлөх вий гэхээс болгоомжилж байна. Гэвч Ерөнхийлөгч Доналд Трамп тэргүүтэй цөөнгүй Бүгд найрамдахчууд фэйсбүүк, гүүгл зэрэг технологийн компаниуд аль хэдийн хангалттай хязгаарлалтуудыг хийчихсэн тул нэмэлт хяналт, хязгаарлалт тавибал нөхцөл байдал бүр дордоно гэж үзэж байгаа. Хоёр нам саяхан энэ сэдвээр Конгрессын сонсгол хийсэн билээ.

“Америкийн хууль болоод шүүгчид энэ асуудлаар нэг байр суурьтай байгаа. Гэвч дэлхий дахины соёл болон нийгмийн хандлага эсрэг талд байна. Нэг талд Америкийн Үндсэн хуулийн хамгаалагчид, нөгөө талд дэлхийн өнцөг булан бүрд буй хэрэглэгчид, улс орнуудаас ирэх шаардлага хоёр хоорондоо зөрчилдөж байна” хэмээн Филадельф дэх Үндсэн хуулийн цэцийн ерөнхийлөгч Жеффри Росен хэлсэн юм.

Харин АНУ дахь фэйсбүүкийн ахлах Кэвин Мартины хэлснээр цахим дахь төрөл бүрийн үг хэллэг бүрд өөр шийдлүүд хэрэгтэйг онцолсон билээ.

“Марк болон фэйсбүүк компани нь Анхдугаар нэмэлт өөрчлөлтийн ач холбогдлыг ойлгож, идэвхтэй дэмждэг” хэмээн Мартин хэлжээ. Тэрбээр Вашингтон Пост, Британийн "The Independent" болон бусад хэвлэлүүдээр нийтлэгдсэн Маркийн үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэлийн агуулга бага зэрэг алдагдсан,  гол асуудал нь олон улс руу чиглэсэн байсан хэмээн хэлсэн байна.

Хувийн бизнесийн хувьд технологийн компаниуд сайт дээр нь юу байхыг дур мэдэн шийдэх эрхтэй. Яг л сонин ямар нийтлэлийг хэвлэн нийтлэхээ өөрсдөө шийддэгтэй адил.

Зарим цахим сайтууд дүрэм зөрчсөн контентуудыг устгах ажлыг хэдийнэ хийгээд эхэлчихсэн. Тухайлбал, фэйсбүүк, гүүгл компаниуд үзэн ядах үг хэллэг, худал мэдээллүүдийг хянадаг хэдэн мянган контент хянагчийг компанидаа ажиллуулдаг. Зарим нь хиймэл оюун ухаан ашиглан тухайн байгууллагын дотоод журмыг зөрчсөн контентуудыг таньж илрүүлдэг болоод байна.

Гэвч дээр дурдсан шийдлүүд хангалттай биш болохыг Шинэ Зеландад болсон ислам сүмийн халдлагатай адил сүүлийн үед болсон аймшигт хэргүүд баталж байна. Түүнчлэн олон нийтээс цахимд илүү их зохицуулалт шаардлагатай хэмээн үзэж байгаа. Шинэ Зеландад болсон харгис аллагыг үйлдсэн этгээд хэргийн газар шууд бичлэг хийж олон нийтэд цацсан нь 4000 удаагийн хандалт авсан билээ. Ийм олон хүн үзсэний дараа л фэйсбүүк компаниас тус контентыг устгасан нь олон асуудлыг араасаа дагууллаа. Тэр хугацаанд хүмүүс бичлэгийг хуулбарлаж 8Chan тэргүүтэй хэд хэдэн сайтууд дээр нийтэлж, бага зэрэг өөрчилж цахимд нийтэлсэн бичлэгүүдийг устгуулах гэж фэйсбүүк багагүй асуудалтай тулсан.

“Баруунтнууд болон зүүнтнүүд хяналтаас гарсан ямар нэг зүйл дээр анх удаагаа ингэж санал нийлж байна. Худал мэдээ, терроризмын агуулгатай контентууд болон сонгуулийн үеийн зохион байгуулалттай мэдээ зэргээс үүдэж сөрөг үр дагаврууд үүсдэг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлж байна” хэмээн Обамагийн Засгийн газрын үед технологийн салбарт ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Никол Вонг хэлэв.

Гэвч аюултай контент гэх ойлголтын тодорхойлолтыг нэгтгэнэ гэдэг санасан шиг амар зүйл биш. Мөн энэ асуудлаар Америкийн хууль санаачлагчид ч олигтой зүйл хийсэнгүй.

Зукерберг өнөөх нийтлэлдээ аюултай контентуудад хяналт тавих хэд хэдэн санаа дэвшүүлсэн билээ. Мөн тус компани контентын аюултай эсэхийг үнэлж, тэдгээрийг устгах шаардлагатай үгүйг шийдэх фэйсбүүкээс гадуурх хүмүүсээр багийг бүрдүүлж байгаагаа дурдлаа. Түүнчлэн Засгийн газраас аюултай үг хэллэг гэх ойлголтод юуг хамруулах тал дээр тусламж үзүүлэх шаардлагатай гэсэн юм.

“Хяналт тавихын тулд юуны өмнө юуг нийтлэх нь хориотой болохыг тогтоож, түүнд зориулсан системийг бүтээхийг компаниудаас шаардах хэрэгтэй” хэмээн бичжээ.

Теле харилцаа холбоо, өргөн зурвас, телевизийн салбарыг хариуцан ажилладаг Үндэсний харилцаа холбооны зохицуулах хорооны Бүгд найрамдах намын төлөөлөгч Брендан Карр энэ талаар твиттерт байр сууриа илэрхийлж, энэ зохицуулалт Анхдугаар нэмэлт өөрчлөлтийг шууд зөрчсөн үйлдэл болно гэв.

“Тэд хариуцлагаас бултахыг хичээж байна. Марк яг үнэндээ Засгийн газрыг л үг хэллэгт хяналт тавиасай гэж хүсээд байна” хэмээн ноён Карр сүүлд өгсөн нэг ярилцлагадаа хэлсэн билээ.

Мөн Трамп 2020 компанит ажлын зохицуулагч Брад Парскал твиттертээ “Маркийн шаардаад байгаа хяналт бүр түүний компанид, улс төрийн холбоотнууд төдийгүй өөрт нь ашигтай байх болно” гэж бичсэн байна.

Зарим хүний эрхийн байгууллагууд ч энэ асуудлаар байр сууриа илэрхийлээд байгаа. “Бүх нийтийг хамарсан тогтмол стандарт гэж үгүй өнөө цагт орчин үеийн олон тэрбум хэрэглэгчдийн бодол, итгэл үнэмшил дээр тулгуурлан ‘аюултай контент’ гэдгийг тодорхойлох үнэхээр хэцүү” хэмээн цахим орчинд нээлттэй, чөлөөт үг хэлэх эрхийг дэмжигч ашгийн бус байгууллага болох "Электрон хил хязгаар" сангийн Коринн МакШерри, Генни Гебарт нар бичжээ. Тэд “Марк Зукерберг интернэтийг төлөөлөхгүй” нэртэй нийтлэл бичсэн юм.

Аюултай үг хэллэгт хяналт тавих уриалгыг одоогийн байдлаар фэйсбүүкээс өөр компани гаргаагүй байна. Гүүгл, амазон, твиттер, аппли компаниуд Маркийн нийтлэлд байр сууриа илэрхийлээгүй нь цахим дахь үг хэлэх эрх чөлөөг идэвхтэй дэмжигчид хэвээр байгааг харуулна. 

Засгийн газрын зүгээс цахим контентуудад хяналт тавих сонирхол тун бага байгаа төдийгүй зарим хууль тогтоогчид өөрсдийн бодлогод хяналт тавьж чадахгүй байгаа интернэт компаниудад арга хэмжээ авна гэдэг анхааруулгыг удаа дараа өгч байгаа билээ. Ийм арга хэмжээ авахын тулд Засгийн газар интернэт компаниуд хэрэглэгчдийнхээ нийтэлсэн контентуудад хариуцлага хүлээхгүй гэх дархлааг нь баталгаажуулсан, 1996 онд батлагдсан эрх зүйн хамгаалалтыг өөрчлөх шаардлагатай болно.

Сүүлийн 30 жилийн турш тус хуулийн Харилцаа холбооны ёс зүйн журмын 230 дахь бүлэг нь технологийн компаниудын барьдаг гол хууль эрх зүйн хамгаалалт байсаар ирсэн билээ. Гэвч энэхүү хамгаалалт өнөөгийн нөхцөл байдалд тохирох эсэхийг хууль тогтоогчид хэлэлцэж эхлээд байна. Олон нийтийн сүлжээ болон бусад вебсайтууд бэлгийн мөлжлөгийн сурталчилгааг мэдсэн хэрнээ устгахгүй байх тохиолдолд хариуцлага хүлээх хуулийг Конгресс өнгөрсөн жил баталсан нь дээр дурдсан технологийн компаниудын хууль эрх зүйн хамгаалалтыг бууруулсан хамгийн анхны тохиолдол болсон билээ.

Ингэснээр сайтууд ямар нэг хуулийн дарамт шахалтгүйгээр контентуудад зохицуулалт хийх эрх чөлөөг олгодог болсон тухай хуулийн 230 дахь бүлгийг бичсэн сенатор Рон Виден хэлэв

Гэхдээ тус хууль нь технологийн акулуудыг хамгаалах зориулалттай хууль биш гэдгийг ч Виден онцолсон юм. Сенатор Жой Манчин мансууруулах бодисын худалдааны тухай нийтэлсэн сайтуудад хуулийн 230 дахь бүлэг үйлчилдэггүй болох зохицуулалтыг ч цаашид шаардахаа илэрхийлсэн байна. 

“Энэ сайтууд өөрсдөө асуудлаа шийдэж чадахгүй бол би хуулийн 230 дахь бүлэг рүү чиглэхээс өөр аргагүйд хүрнэ. Энэ тухай аль хэдийнэ хэлэлцээд эхэлчихсэн” хэмээн Манчин хэлэв. 

Вашингтонд өрнөж буй эдгээр асуудал нь том, жижиг технологийн компаниуд төдийгүй хөрөнгө оруулагчдын санааг зовоосоор байгаа. Нэмэлт хязгаарлалтуудыг хийж эхэлбэл хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах хүчин чадалтай, олон зуун ажилтантай фэйсбүүк, гүүглтэй адилгүй жижиг старт-апуудын нөхцөл байдал хүнд болно хэмээн зарим талууд анхааруулж байна. 

Мэдиум гэх цахим нийтлэлийн сайтын хуулийн бодлогын ахлах Алекс Ферст энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр олон нийт технологийн компаниудад уурлах нь ойлгож болохоор асуудал хэмээн үг хэллэгийн “санамсаргүй аюул” сэдвээр болсон арга хэмжээний үеэр дурдсан билээ. Гэхдээ цахим талбарууд дээр үг хэлэх эрхийн хууль, эрхзүйд нэмэлт хязгаарлалт тавих нь олон сөрөг талтайг ч анхааруулсан юм. Тэрбээр “Компаниуд хэт болгоомжилсноос болж контентуудыг хэтрүүлэн устгах магадлалтай” гэв. 

Орчуулсан Г.Ариунзул 

c.2019 New York Times News Service

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
16 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.