Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

The New York Times | Зөвхөн сүм бус түүх, бэлгэ тэмдэг, гоо зүй, итгэл хамт шатлаа


Ub.life сайт болон "Гэрэг" сэтгүүлийг эрхлэн гаргагч “Анлимитед медиа групп” нь АНУ-ын "The New York Times" сонины Монгол дахь албан ёсны хамтрагч болж буйг уншигчдадаа дуулгахад таатай байна. Хамтын ажиллагааны хүрээнд манай Ub.life сайт дөрөвдүгээр сарын турш өдөр бүр "The New York Times"-ийн асуудал хөндсөн өгүүлэл, авторын булангууд болон чөлөөт нийтлэлүүд зэрэг сонирхолтой, өгөөжтэй мэдээллийг албан ёсны эрхтэйгээр хүргэх юм. 

Мөн бид "Гэрэг" сэтгүүлийн тавдугаар сарын дугаарыг "The New York Times"-тай хамтран гаргахаар ажиллаж байгааг дуулгая. Цаашид бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уншигч та бүхний оюуны цангааг тайлах сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүргэхийн төлөө ажиллах болно.  


Майкл Киммелмэн 

Сена мөрний домогт баруун, зүүн эргийн дундах Де Ла Сите арал дээр дундад зууны үеийн ихэр цамхаг оршоон сүндэрлэх Дарь эхийн сүм Парисын зүрхэн тушаа өмнөх мянганы дурсгал болон оршиж ирэв. Харин одоо, Франц бүхэлдээ “шатаж” байна. 

Дарь эхийн сүмийн гал Францын "бүдэрсэн" Ерөнхийлөгч Эммануэль Макрон шар хантаазтануудын шаардлагад хариу өгөх өдөртэй давхцав. Нийгмийн халамжийн бодлого алдагдсаныг эсэргүүцэн тэмцэл өдөөсөн ард түмэн нь сар гаруй үргэлжлэх эмх замбараагүй байдлыг даван гарах гэж амар заяа үзсэнгүй. Хувьсан өөрчлөгдөж буй “франц” хэмээх цогц ойлголт, сайн сайхан болоосой гэсэн иргэдийн итгэл, сэтгэлийг Дарь эхийн сүмтэй  зүйрлэн үзвэл одоо тэр нь шатсан сүмийн үнс нурамтай агаар нэгэн болов. Уг гамшгийн бэлгэдлийг анзаарахгүй байхын аргагүй байв. 

Энэ удаагийн галын сүйрэл ойрхон тохиосон бусад гамшигтай ч бас адилгүй. 

Лондоны Гренфелл цамхагт гал гарч, хэдэн арван хүн гарч амжилгүй амь эрсэдсэн нь анхнаасаа хараа хяналт сул байсныг, гамшгийн хэмжээнд хүрсэн нийгмийн тэгш бус байдалтай хотын жинхэнэ дүр зургийг илчилсэн. Италийн Генуяд гүүр нурж, бас л хэдэн хүний амь авч одсон нь хариуцлагагүй өмч хувьчлалын булхайг ил болгосон. Бразилын Байгалийн түүхийн музейд гал гарч, Өмнөд Америкийн хэдэн үеийн түүхэн дурсгал, үнэт олдворууд, дэлхий нийтийн нүдэн дээр юу ч үгүй үнсэн товрого болсон нь Засгийн газрын зүгээс хэзээ ч онцгой анхаарал тавиагүйгээс болсон байдаг. 

Харин хэний ч амь сүйдээгүй Дарь эхийн сүмийн эл сүйрэл дээрх тохиолдлуудаас юугаараа өөр гэж? Сэтгэл эмтрүүлсэн харамсал нь адилхан боловч гоо зүй, үнэт зүйл, бэлгэ тэмдэгтэй илүү хамаатах буюу. 

XII зууны үед баригдсан, жилдээ 13 сая жуулчин зочилдог эл сүм Парисын хамгийн их хүн татдаг газрын нэг. Эйффэлийн цамхаг орчин үеийн Парисыг төлөөлдөг бол Дарь эхийн сүм Парисын түүхэн “сүнс”-ийг өөртөө шингээсэн бэлгэ тэмдэг билээ. 

Дайн дажин, үймээн самууны үеийн шархтай Дарь эхийн сүмийн төрх хэдэнтээ дахин зурагдаж байв. Готик маягийн уран барилгыг нь тухайн үед хоцрогдсон хэмээгээд XIV Луй хаан сүмийн загварыг өөрчилж, өөрийн үзэмжээр илүү сонгодог болгон өөрчилсөн. Хувьсгалын үед босогчид сүм рүү нэвтэрч, хамгийг нь тонон дээрэмдээд, Шинэ Гэрээн дээр гардаг эш үзүүлэгчдийн хөшөө баримлыг Францын хаадынх хэмээн андуурахдаа толгойг нь тасдаж байсан удаатай. Тэд мөн цогчин дуганы хонхнуудыг их бууны сум болгон хайлуулж, сүмийг хувьсгалын шашингүй үзэлд тохируулан өөрчилж "Оюун ухааны сүм" хэмээн нэрийдэж байв. 

Виктор Хюгогийн “Дарь эхийн сүмийн бөгтөр” ном хэвлэгдэн гарч, хүмүүс Дарь эхийн сүмийг өөр өөрсдийнхөөрөө төсөөлж ахуйд  барилга нь эвдэрхий нуранги шахуу болсон байлаа. Тэрээр сүмийг олон нийтийн доог тохууны бай болсонд харуусаж "чулуугаар сийлсэн найрал хөгжим" агаад "бурхны бүтээл мэт хүчирхэг, элбэг тансаг" хэмээн тайлбарлаж байсан удаатай. 

Түүний номын суу алдар Дарь эхийн сүмийг Франц ижилслийн (identity) бэлгэ тэмдэг болоход нөлөөлж, улмаар XIX зуунд архитектор Эжен Виолле-ле-Дюк сэргээн засварлахад гол хөшүүрэг болсон байдаг. Виолле сүмийн Готик хэв маягийг сэргээхийг хичээн, эх уран барилгын түүхийг амилуулах, дахин төсөөлөх нүсэр төслийг гардахдаа сүмийн нүүрэн талын хөрөг баримлуудыг шинээр урлаж, өнгөт шигтгэмэл цонхнуудыг буцаан авчирч, уран тансаг олон нэмэлт оруулсны дотор өчигдөрхөн бүрмөсөн шатсан сүмийн оройн хийц ч багтаж буй.   

Сүмийн орой нуран унахад түүхэн цаг үеүд түүнтэй хамт сарнин одох шиг болов. 

Олон удаа “дахин төрсөн” Дарь эхийн сүм “Францын түүхийн бүхий л чухаг үйл явдлын хэдэн зууны турш бэлтгэгдэн, давтагдах гол тайз нь болж ирсэн” хэмээн түүхч Роберт Дарнтон бичсэн байдаг. Дарь эхийн сүмийн хамба яг энэ л газраас дайнд одож буй Франц цэрэг эрсийн тугийг адислаж, хайрт хань ижил, ар гэрийнхэн нь нулимсаа дуслуулж байсансан. Мөн энэ л газар, Отель Де Виль-ийн өмнөх талбайд өнгөрсөн даваа гарагт Парисчууд дахин нулимс дуслуулан зогсов. 

Тэртээх 1871 онд Парисын коммуны гишүүд хувьсгалын гал бөхөж байх үед дайсны гарт оруулахгүйн тулд "Отель Де Виль" зочид буудлыг Делакруа, Энгр нарын уран зурагтай хамт шатаасан байдаг. Парисчууд өчигдөр Дарь эхийн сүмийн галыг үүдэн дээрээс нь харж зогссон  "Отель Де Виль" зочид буудал ч сэргээн засварласан хувилбар болой. 

Сүмийг сэргээн засах ажил ид явагдаж байсан сан. Харин одоо гаргульяанууд (сүмийн ханан дахь ургаа баримлууд) нуран унаж, хашлагууд сүйдэж, тулгуурууд нүүгэлтсэн хар юмс болжээ. Сүмийн оройн шатаж, сүйдсэн сэтэрхийнээс ус урсана. Засварын ажлын үеэр гал алдаж, ийм зүйл болчихсон нь юутай гашуун парадокс вэ дээ…

Ерөнхийлөгч Макрон шар хантаазтнуудад зориулсан илгээлтийнхээ оронд Дарь эхийн сүмийг дахин барихаа францчуудад амласан. Гэвч тэрээр өөрийн реформуудаа хэрэгжүүлэхийг хүссэн хэвээр байна. Франц шинэ эринд өөрсдийгөө хэрхэн тодорхойлж, цааш явахаа олоогүй л яваа. Шар хантаазтнуудын бослого нь тоо томшгүй даваа, зүтгүүрийг туулж гарцаагүй дахин мандаж байсан энэхүү үндэстний түүхийн хувьслын замд хожмоо зүгээр нэг цаг тооны цэг болон үлдэх нь дамжиггүй. 

Түүхч Кеннет Кларк Францын телевизийн “Civilization” хэмээх цувралынхаа үеэр Дарь эхийн сүмийн чанх урд зогсоод “Соёл иргэншил гэж юу юм бэ? Мэдэхгүй юм даа. Хийсвэр зүйлийг тодорхойлох арга хараахан алга. Гэхдээ соёл иргэншлийг харах ахул би энэ шүү дээ гэж ялгаж чадна” гэж байв. 

Тэгээд тэр сүм рүү эргэн хараад “Яг би одоо түүнийг харж байна” гэсэн. 

Хэзээ нэгэн цагт 2019 оны эл галын дурсамж Дарь эхийн сүмийн уртаас урт түүхэнд уусан шингэнэ. Сүйрлийг нөхөн сэргээхэд багагүй цаг хугацаа ч орно. 

Гэхдээ агуу сүм өөрөө өөрийгөө сэргээнэ шүү дээ. 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
2
2023.05.30
"The Little Mermaid" кино болон анимейшнээс харж болох 10 сонирхолтой ялгаа
3
2022.12.22
“Turning Points-2023” сэтгүүлээс заавал унших 10 МОНГОЛ НИЙТЛЭЛ
санал болгох
1
22 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
1
0
0
0