Хайх зүйлээ бичнэ үү

"LEAD Mongolia" хөтөлбөрийн "Ил тод байдлыг сайжруулах, авлигын эсрэг баг" нийгэмд хамгийн ихээр тулгамдаад буй авлигын асуудлыг сонгон авч тэр дундаа ирээдүй болсон сурагч хүүхдүүдтэй ажиллах "Сайн сургууль" төслийг санаачлан хэрэгжүүлээд байна. Тэд улсын хэмжээний 10-р ангийн нийт 36 600 сурагчийн 1.3 хувьд нь сургалт явуулж, авилгын эсрэг ойлголт, мэдлэгийг нь дээшлүүлэхээр ажиллажээ. Жижиг санаанаас эхэлсэн тэдний төсөл ийм хэмжээний үр дүнд хүрсэн бөгөөд энэ тайлангаа “Гэрэг” сэтгүүлийн хуудсаар дамжуулан уншигч танаа өргөн барьсан. Түүнчлэн сэтгүүлийг Улаанбаатар хот төдийгүй 21 аймгийн төвийн дунд сургуулиудад түгээх, сурагч хүүхдүүдийн авлигын эсрэг ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх ажлыг "Монгол шуудан" ХК дэмжихээр болсонд төслийн багийнхан талархлаа илэрхийллээ. 

"Гэрэг" сэтгүүлд өгсөн "The Wasabies" хамтлагийн ярилцлагыг хүргэж байна. 


“The Wasabies” хамтлаг “Оддын академи” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны өсвөр насны охидын хамтлаг. Шоуны анхны дугаар өндөрлөж, тэднийг шилдгээр зарласан мөчийг сайн санаж байна. Ялагч болоод жил хүрэхгүй хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд ямар их зүйл амжуулсныг харахаар гайхмаар.  Энэ удаад бид хамтлагийн ахлагч Э.Буяндулам, хамтлагийн гишүүн Э.Анужин нартай уран бүтээл, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцлаа.

-Шинэ цомгийн нээлт нь саяхан болсон. Тэр оройг хэрхэн өнгөрүүлцгээсэн бэ. Сэтгэл хөдлөл хэр их байв?

Анужин: Бидний хамгийн анхны цомог болохоор маш их баяртай байсан. Гэхдээ түүнийгээ дагаад асар их сандарсан. Дуу үзүүлбэрүүдээ хүмүүст аль болох хүргэхийг хичээсэн. Цомгийн шинэ дуугаа акустик хэлбэрээр анх удаа сонсогчдод хүргэсэн. Бүгд их сайхан хүлээж авсан. Тэр оройн уур амьсгал бүхэлдээ л сайхан байсан.

-Анх телевизийн шоунд оролцохоор ирж байсан охид одоо хэр өөрчлөгдсөн бэ?

Буяндулам: Жил гаруйн өмнө “Оддын академи” зохиогдож байлаа. Тэр үед өрсөлдөгч гэдэг утгаар хоорондоо харилцдаг байсан. Гэхдээ шоун дээр өрсөлдөгч юм чинь гээд учир зүггүй чичирдэг ч юм уу, атаа жөтөө гэх зүйл байгаагүй. Телевизийн хамт олон хүртэл биднийг “Та нар ямар эвтэй өрсөлддөг юм бэ. Энэ чинь шоу шүү дээ. Жаахан өрсөлдөөч ээ” гэдэг байсан. Одоо бол яг тавуулаа үлдээд, хамтлаг болж нэгдсэн цагаасаа хойш жил гаруй болчихсон, хамтлагийн нэг жилийн ой дээрээ анхны цомгоо өлгийдөж авсан гэх мэт олон зүйлийг бас хийж чадсан шиг санагдаж байна. Одоо бол яг гэр бүл гэдэг үүднээс л нэгнийхээ бүх зүйлийг дэмжиж явахыг хичээдэг.

-“Оддын академи”-д орсноос хойш ер нь эргэн тойрнынхон, ангийнхан нь хэрхэн хүлээж авдаг болсон бэ. Ямар нэгэн зүйл өөрчлөгдсөн юм шиг мэдрэгддэг үү?

Анужин: Танилын хүрээ илүү өргөссөн гэх юм уу даа. Явж байхад “Чи нөгөө шоунд орсон хүүхэд мөн байна, тийм үү?”, “The Wasabies хамтлагийн охин байна” гэх мэтээр энэ талаас минь илүү таньдаг болсон байна лээ. Яг өөр байдлаар харьцах ч юм уу, тийм зүйл бараг байхгүй дээ.

-Анх төсөөлж байсан уран бүтээлч хүний амьдрал яг одоо зах зухаас нь мэдрээд явж байгаа уран бүтээлч хүний амьдралд хэр их ялгаа байна?

Буяндулам: Анх шоунд орохоос өмнө би “Аймар” продакшнд харьяалагдаад, тэнд бүжиг дэглээч, бүжигчнээр ажиллаад явдаг байсан. Тэнд байхдаа буюу дөрөв орчим жил нэлээн олон уран бүтээлчтэй хамтарч ажилласан. Тэр хүмүүстэй адилхан үзүүлбэр дээр гарч байгаа ч ард нь бүжиг дэглээч, арын албаны хүн гэдэг утгаар бас явдаг байлаа. Харин одоо яг өөрөө хамтлагтай, тэгээд уран бүтээл хийгээд явж байгаа болохоор илүү их хариуцлага нэмэгдэнэ. Дээрээс нь хамтлагийн ахлагч болохоор охидоо чиглүүлэх, янз бүрийн зүйлийг хамт хийх зэргээр хариуцлага нэлээн нэмэгдсэн. Бас бүтээлч сэтгэлгээг надаас илүү их шаардаж байна гэж үзэж байгаа.

Анужин: Адилхан даа. Би уг нь сая яг нэг юм ярих гэж байсан чинь дундаасаа шууд алга болчихлоо. Яах уу?

-Илүү завгүй болсон байх, тийм үү?

Анужин: Тийм ээ, илүү завгүй болсон. Өмнө нь хичээлдээ яваад л, дараа нь хариад л ер нь яг гэр, сургууль гэсэн маршруттай явдаг байсан бол одоо гэр - сургууль - бэлтгэл гэдэг маршруттай болсон. Хамтлагийнхантайгаа байх хугацаа илүү ихэссэн. Бас бэлтгэлээ илүү шаргуу хийж, нэг нэгэнтэйгээ илүү ойр байх болсон.

-Та бүхний хувьд үлгэр жишээ болж байгаа хамтлаг дуучин гэвэл хэн байна?

Анужин: Бид шоунд орсон цагаасаа л хойш нэг хамтлагт маш их дуртай болсон. Тэр нь “Little Mix” гэдэг Их Британийн охидын хамтлаг. Бид үргэлж хамт тэдний дууг сонсдогоос гадна бүх дуунуудад нь дуртай. Тэд ч бас тэмцээнээс гарч ирсэн хамтлаг болохоор урам зориг их авдаг.

Буяндулам: Домог болсон олон хамтлаг байдаг шүү дээ. “Spice Girl” жишээ нь ганц бидний ч биш дэлхий даяар байгаа бүх охидын хамтлагийн хувьд домог байх гэж бодож байна. Тэдний тоглолтуудын бичлэгийг үзэхэд бүр дуунууд нь анх яаж гарч ирж байсан яг л тэр характераараа байгаа нь харагддаг. Бас К-поп уран бүтээлчдээс миний хувьд суралцах зүйл их байдаг. Тэр хүмүүс энтертайнментэд хэрхэн бэлтгэгдэж, олон жилийн шат дараалалтай гарч ирснийг анзаарах ёстой. Буяндулам гэдэг хүний хувьд бол 2NE1 хамтлагт дуртай. Хэдий тарчихсан ч гэсэн.

Анужин: Миний хувьд Солонгосын дуртай дуучин гэвэл Ailee. Тэр хүнээс үлгэр дуурайлал авдаг. Гаргаж буй характер, дууны өнгө аяс нь ч таалагддаг.

-Жишээ нь К-поп уран бүтээлчид бараг л хамтдаа амьдраад, өдөр шөнөгүй бэлтгэлээ хийгээд явдаг шүү дээ. Өөр улс орнуудын хувьд бол янз янз л байдаг. Танай хамтлагийн хувьд хэр их цагийг хамт өнгөрүүлж, өдрийн хэдэн цагийг бэлтгэлд зориулж байна вэ?

Буяндулам: Манай хамтлагийн онцлог нь мэдээж “Оддын академи” шоунд хоёр сар гаруй хугацаанд оролцож, хамтдаа байрлаад бэлтгэгдээд гарч ирсэн. Бусад хамтлагуудаас давуу тал нь бол энэ байх. К-поп уран бүтээлчдийн хувьд бол 4-5 жил гаруй бэлтгэгдэж гарч ирдэг. Тэднээс суралцах зүйл бидэнд их байгаа. Түүнийхээ дагуу илүү шахуу бэлтгэлтэй байхыг эрмэлздэг. Гэхдээ үүсч байгаа асуудал нь гэвэл Монголын нөхцөлд бүх зүйлсээ хаяад хамтдаа байрлах, бидний бүх зүйлсийн зардлыг даагаад явах хүн гэж байхгүй. Гэхдээ эхний ээлжинд бид бэлтгэлийн байртай болсон. Би их сургуулиа төгсчихсөн. Харин бусад охид маань хичээлдээ яваад, үлдсэн цагтаа хамтлагийнхаа ажлуудыг амжуулаад явж байгаа. Бидэнд гардаг бэлтгэлийн цаг гэвэл ихэвчлэн орой 21 цагаас хойш л байдаг. Олдож байгаа цаг нь л ер нь тэр. Ихэвчлэн 21 цагаас шөнийн 2, 3 цаг хүртэл бэлтгэлээ хийдэг.

-Хамтдаа байх хугацаанд юун дээр хамгийн их өсөлт, дэвшил ажиглагдаж байна? Бүжиг дэглээд, түүнийгээ бүгд яг нэг хүн шиг бүжиглэж сурах, тэгээд хажуугаар нь дуулах гэдэг үнэхээр хэцүү шүү дээ.

Анужин: Бид энэ бүх хугацаанд нэг нэгнээсээ суралцаад явсан ч гэсэн тавуулаа яг нэг хүн шиг зэрэг хөдөлнө гэдэг маш хэцүү. Гэхдээ хувь хувьдаа бүжгийн чадвараа өсгөж чадсан гэж боддог. Бас дуулалт дээр бид нэг нэгэндээ хаана алдаж байгааг, юуг засахаа хэлж өгдөг.

Буяндулам: Бид өөрсдийгөө хөгжүүлэх үүднээс хамтдаа фитнест явж байгаа.Хэлний сургалтад ч мөн явж байгаа. Бидний гол зорилго бол Ази тивд болон онлайн орчинд өөрсдийгөө болон Монголоо таниулах. Тэр зорилгодоо хүрэхийн тулд бидэнд Азийн ямар нэгэн хоёр дахь хэл байх ёстой. Тийм болохоор бүгд өөрсдийн сонирхлын дагуу гадаад хэл сураад явж байна. Одоо бол “Оддын академи” дээрх өөрсдийн үзүүлбэрээ үзэхээр бид инээлдээд л. Түүнийг хараад инээж байна гэдэг чинь ямар нэгэн зүйл суралцаад явж байгаа гэсэн үг байх. Бидэнд хөгжмийн эсвэл дууны багш гэж байхгүй. Өөрсдөө нэгнээсээ суралцаад л явж байгаа.

-Та нарын нас залуу, урд чинь маш том ирээдүй байна шүү дээ. Цааш хэчнээн хол явсан ч, хэдэн нас хүрсэн ч хамаагүй байнга өөртөө авч үлдэхийг хүсэж байгаа зан чанар, үнэт зүйл юу байна?

Анужин: Өөрийнхөөрөө байгаа энэ зангаа л аваад үлдмээр байна. Гэхдээ энэ талаар ерөөсөө бодож байгаагүй юм байна. Яг байгаагаараа байсан нь зүгээр л гэж боддог. К-поп хамтлагууд яг тэгдэг юм билээ. Хаанаас эхэлсэн цэгээ хэзээ ч мартаж болохгүй. Чи өмнө нь хэн байсан, хэн болсон гэдгээ санаж бусдыг хүндлэх хэрэгтэй. Од болсон ч гэсэн тийм муухай зан гаргаад, бие тоогоод явах хэрэггүй гэж ярьдаг юм билээ. Ер нь яг тийм соёл байдаг юм шиг байна лээ.

Буяндулам: Ямар ч амжилтад хүрч, яаж ч уруудаж дээшилсэн яг одоогийнхоо байгаагаар л баймаар байна. Хариуцлагатай байх хэрэгтэй, хүнлэг байх хэрэгтэй. Ер нь хүнлэг чигээрээ л дуусаасай гэж хүсэж байна.

-Уран бүтээлээ яг анх удаа бусдад сонсгоно гэдэг асар их дарамт байх, тийм үү. Хэр их сандарч, хүмүүсийн хандлага, магтаал шүүмжийг хэрхэн хүлээж авдаг вэ?

Буяндулам: 2018 оны дөрөвдүгээр сарын 5-нд “Girls Generation” дуугаараа бид дебют хийж байсан. Тэр үед бүх зүйл шинэ байсан. Анх удаа хамтлагийнхаа стиллистийг, бүжиг дэглээчийг хийгээд л, анх удаа тавуулаа дуун дээр орж ирээд л. Өмнө нь өөр өөрсдөө өрсөлддөг байсан бол нэг уран бүтээл дээр таван өнгө хоолой, дүр төрхийг хэрхэн шингээх вэ гэх мэтээр продюсертайгаа хамтран ажиллах, бусад зүйлсийг хийх зэргээр өчнөөн зүйл гарч ирсэн. Тэр болгон шинэлэг байсан. Дуугаа цацах үед мэдээж ямар сэтгэгдэл ирэх бол гэдгийг яалт ч үгүй боддог. Ер нь л эерэг болон сөрөг сэтгэгдэл 70/30 ч юм уу, 60/40 гэсэн харьцаатай байсан. Учир нь бидний анхны уран бүтээл маш өнгөлөг гарч ирсэн. “Girls Generation” буюу охидын үе гэдэг утгаараа ч бид шинэлэг зүйлийг харуулахыг зорьсон. Дутагдаж байсан зүйлийг гаргаж ирж чадсан байх гэж бодож байна. Сөрөг гэх юм бол “К-поп хамтлагуудыг дуурайсан байна” гэдэг ч юм уу, “Хэтэрхий өнгөлөг болохоор К-попыг дуурайсан юм шиг болсон байна” гэсэн сэтгэгдлүүд их байсан. Хүмүүсийн тэгж харж байгаа нь Монголд нэг өнгөлөг зүйл байх ёсгүй юм шиг сэтгэлгээтэй байх шиг санагдаж байсан. Тэгээд ч бид чинь бүгд адилхан Ази царайтай хүмүүс. Мэдээж адилхан өнгөлөг хувцас өмсөөд, нүүрээ будвал төстэй л харагдана. Харин эерэг гэвэл “Монголын урлагийн ертөнцөд шинэ охидын хамтлаг шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирлээ” гэх мэтээр өхөөрдөх ч юм уу, манай өсвөр насныхан “Сонсож эхлэх гоё хамтлагтай боллоо” гэх мэтээр гоёор хүлээж авсан.

Анужин: Хамгийн анхны дуу байсан болохоор ч тэр үү тухайн үед сөрөг сэтгэгдлүүд их хүнд орж ирж байсан. “Яана аа, ямар эвгүй юм бэ” гэх мэтээр дотроо бодож, эвгүй мэдрэмж төрдөг байсан бол дараа дараагийнхаа уран бүтээл дээр “За за хүмүүс ингээд ярьж л байдаг юм. Тэр болгоныг тэсээд, даваад гарах хэрэгтэй” гэж бодоод, сөрөг сэтгэгдлүүдийг тэр болгон тоохоо больчихдог юм байна лээ.

-Фэн клубтэй болсон шүү дээ. Цомгийн нээлтийн үеэр бас фэн клубийнх нь хүүхдүүд ирж уулзсан байсан. Ямар асуултыг та нараас хамгийн их асууж байв. Сэтгэгдэл ямар байсан  бэ?

Буяндулам: The Wasabies хамтлагийн сегмент, яг хүрэх ёстой үе нь бол “Z Generation”. Тэгээд ч биднийг манай үеийнхэн болон дүү нар илүү их сонсдог байх. Цомгийн нээлтэд ирсэн хүмүүсийн ихэнх нь яг л тэр үеийнхэн байсан. Бидний үеийнхэн ч юм уу, ах эгч нар маань “Та нар гоё шүү. Хамт зургаа авахуулъя” гэдэг ч юм уу, тийм хандлага  тэр болгон гаргадаггүй юм шиг санагдсан. Гаргасан ч гэсэн нээлттэй цөөн тооны хүмүүс л гаргадаг. Харин хүүхдүүд маш зоригтой, гэнэн цайлган. “Буяка эгч ээ, хайртай шүү. Анука эгч ээ, хайртай шүү” гээд микрофон авч байгаад маш зоригтой хэлж байгаа нь маш гоё байсан.

Анужин: Урмын үгийг бидэнд харамгүй өгсөн. Бас асуулт асуух болоход үнэхээр хөөрхөн асуултууд тавьж байсан. Ер нь нэг тиймэрхүү дээ. Гоё юм ярих гэхээр мартчихаад байх юм. Ядаж байхад та заримыг нь ярьчих юм аа.

-Гадаадын гоё гоё уран бүтээлийг сонсож байгаад “Үүн шиг галзуу бүтээл хийнэ дээ” гэж зорьсон, “харж явдаг” дуу гэвэл юу байна?

Анужин: Хамгийн сүүлд BLACKPINK хамтлагийн “Kill This Love” гээд дуу гарсан. Үнэхээр гоё дуу байна лээ. Олон гоё дуунууд сонсдог болохоор тэр болгоноос суралцах хэрэгтэй зүйлсээ тогтоож аваад, урам зориг авдаг.

Буяндулам: “Харж явдаг” төрлийн дуунууд олон байдаг. Гэхдээ тэглээ гээд “The Wasabies” хамтлаг яг өөрсдөө дуугаа хийж чадахгүй, продюсертой хамтарч ажиллаж байгаа болохоор продюсерынхаа өгсөн дууг дуулна. BLACKPINK хамтлагийн дуунууд бол гарцаагүй шинэлэг санагддаг. Сүүлд гарсан “Kill This Love” цомог нь хүртэл сегментээ өөрчилсөн, өнгө төрх, дуучдынхаа дуулах чадварыг хүртэл эвдэх гэж оролдсон байсан. Бид нар хэдий тийм зүйл хийхийг хүслээ ч гэсэн одоохондоо хийж чадахгүй. Бид нар Монголд амьдарч байгаа шүү дээ. Солонгос шиг тийм их хөрөнгө гаргаж чадахгүй. Нэг клип нь гэхэд л хэдэн зуун мянган доллараар босдог билээ. Клип дээрээ зүүж байгаа нэг нүдний шил нь л гэхэд 400 мянган доллар ч гэдэг юм уу. Бид тэр хэмжээнд хүрэх хаа ч байсан юм. Магадгүй хүрэх ч юм уу, үгүй юу сайн мэдэхгүй л байна. (инээв) Мэдээж урлагт авьяас хэрэгтэй боловч санхүүжилт байхгүй бол цааш явна гэдэг хэцүү. Тэр хамтлагийг дэмжээд, цааш өргөөд явах спонсор гол үүргийг гүйцэтгэдэг юм шиг санагддаг. Солонгост бол YG энтертайнментын хамтлагууд үнэхээр мундаг байдаг. Tедди гэдэг үнэхээр лаг продюсер байдаг. Насаараа л бараг YG-д ажиллаж байгаа. Их мундаг санагддаг шүү.

-"Шарк Танк" нэвтрүүлэгт орох санааг хэн гаргасан бэ. Хүмүүсийн хувьд их сонирхолтой санагдсанаас гадна өөрсдийгөө дэмжих их зөв үйлдэл болсон юм шиг санагдсан.

Анужин: Бид тэр шоунд орсон өсвөр насны анхны оролцогчид байсан. Хоорондоо ярилцаад, продюсертайгаа зөвлөлдөж байгаад оролцохоор шийдэж байлаа. Мэдээж өмнө нь дуулж байсан ч гэсэн яг таван шарк өөдөөс хараад суучихсан, тэгээд зүрх салганаад, санхүүжилт авах болов уу яах бол гээд зөндөө сандарсан. Гэхдээ амжилттайгаар 100 сая төгрөгийн санхүүжилт авсан.

Буяндулам: Шоу болох гэж байгаа гэдгийг дуулаад хамтлагаараа ярилцаж зөвлөлдөөд шийдсэн. Тэгээд ч эхний жилийн гэрээ дуусч байсан болохоор бидэнд спонсор хэрэгтэй гэж үзээд продюсертайгаа зөвлөлдсөн. Тус шоунд орсноор манай сегмент ч гэсэн илүү тэлсэн юм шиг санагдсан. Яг манай хүрээ “Z Generation” байсан бол цаашлаад тэдний аав ээж, ах эгч нар мэддэг болсон. Түүнээс гадна эерэг болон сөрөг сэтгэгдлүүд байсан. “Ийм жаахан охид урлагаас анх удаа төлөөлөөд орлоо. Хүсэл мөрөөдлийнхөө араас явж байна” гэсэн эерэг сэтгэгдлүүд байсан. Сөрөг нь гэвэл “Ийм бизнесийн санаа уралдуулдаг нэвтрүүлэг дээр жаахан хүүхдүүд яах гэж орж ирэв. Дуулдаг хүүхдүүд яагаад ороод ирэв” гэх мэтээр бичсэн байсан. Шоглосон байдлаар хүлээж авсан хүмүүс ч бас байсан.

-Уран бүтээлч болохын тулд өмнөх өөрөөсөө юуг гээх ёстой болсон бэ. Заавал гээх ёстой тийм зан чанар байсан уу?

Буяндулам: Надад гээх ёстой зүйл байсан юм шиг санагдахгүй байна. Тавдугаар ангиасаа л хойш би бүжиглэж эхэлсэн. Урлагийн амьдрал руу багаасаа ороод, янз бүрийн ааш зантай хүмүүстэй харилцаж эхэлсэн. Тэр болгоноос авахыг нь аваад явдаг байсан. Одоо ч гэсэн сурч мэдсэн зүйлээ ашиглаад, өөрийгөө улам хөгжүүлэхийг хичээж байгаа. Сурах зүйл их, хаях зүйл байгаагүй байх.

Анужин: Залхуу зангаа хаяна аа. Би чинь хамтлаг дундаа хамгийн удаан нь, бас жаахан залхуу нэг тиймэрхүү охин байхгүй юу. Мэдээж энэ хамтлагтайгаа ирээдүйд урт удаан, амжилттай цааш явъя гэж бодож байгаа бол муу зуршлуудаа хаясан нь дээр байх.

-Чөлөөт цаг зав хэр гарч байна?

Анужин: Хичээлдээ яваад, гэр бүлийнхэнтэйгээ байхаас бусдаар чөлөөт цаг гарвал бид хамтлагаараа л байхыг эрмэлздэг.

Буяндулам: Би сая 2018 оны нэгдүгээр сард их сургуулиа төгссөн. Тиймээс бүх анхаарлаа хамтлагийн ажилд зориулах боломжтой болсон. Манайхан бүгд хичээлтэй болохоор хамтлагийн ахлагч гэдэг утгаар бүх зүйлийг зохицуулах гээд явдаг. Чөлөөт цаг гарах юм бол дараагийн уран бүтээлд ямар загвар сонгох вэ, хэнд ямар үс зохих бол гэх мэтээр хамтлагийнхантайгаа холбоотой загварын судалгаа хийх, бүжиг дэглээгүй дуун дээрээ бүжиг дэглэх зэрэг зүйлс л хийдэг дээ. Бас зав гарвал найз залуутайгаа кино үзэх дуртай.

-Хамтлагийн охид маань хайрын захиа их авч байна уу?

Анужин: Би МҮИС-д сурдаг байхгүй юу. Нэг өдөр автобусны буудал дээр зогсож байсан чинь нэг хүүхэд ирээд “Манай найз өгч байна” гээд нэг жижигхэн хайрцагтай зүйл өгөөд гүйгээд явчихсан. Гайхаад задлаад үзсэн чинь миний хоёр утастайг мэдсэн юм шиг байгаа юм, яг тэр хоёр утсанд минь таарах кэйс дээр миний зургийг хэвлээд хийчихсэн байсан. Бас математикийн дэвтэр дээр “Би чамайг багаас чинь сонсдог байсан, үнэхээр их дэмждэг шүү. Амжилт хүсье” гээд урмын үг биччихсэн байсан.

Буяндулам: Манайханд ер нь захиа ирдэг байх аа. Би бол “Оддын академи” шоунд орохоосоо өмнө л үерхдэг байсан. Дөрвөн жил гаруй үерхэж байна. Манай найз залуу яг манай хамтлагийн менежер шиг бүх зүйлд туслаад явж байдаг. Одоо бол бүх зүйлд хамааралтай болчихсон.

-Олон охид нэг дор байхаар асуудал бас их гарах уу?

Анужин: Мэдээж асуудал гаралгүй яах вэ. Үл ойлголцох, сөргөлдөх үе гарна. Хоцорсоноос болоод цагаа яагаад барихгүй байгаа тухай зэмлэл бас их хүртэнэ. Иймэрхүү маргана гардаг ч гэсэн тэр болгоныг их зөвөөр шийддэг. Гэр бүл яг ямар байдаг билээ. Чиний болохгүй байгаа зүйл яг энэ шүү, үүнийгээ засаарай гээд зөвлөх маягаар хоорондоо харилцдаг.

-Яг охидын хамтлаг гээд явахад, нийгэмтэй харьцахад хүйсийн талаас ямар нэг асуудал гарч байсан тохиолдол бий юу?

Буяндулам: Урлагийн эмэгтэйчүүдийг өөрөөр хардаг хандлага их анзаарагдаад байдаг даа? Гэхдээ бидэнтэй бол хараахан тийм зүйл учраагүй л байна. Тиймэрхүү асуудал гардаг шүү гэж урлагийн ах эгч нар бидэнд зөвлөдөг. Гэхдээ түүнээс хол байхын төлөө “The Wasabies” хамтлаг “NO” гэсэн заагтай байхыг хичээн ажилладаг. Бид бол 100 хувь ажилдаа л анхаарлаа хандуулна. Ямар нэг хэл аманд орооцолдохгүй л гэж төвийг барьж явж байгаа даа.

-Хэвлэл мэдээллийнхэн шар мэдээг бас л сайхан бичнэ шүү дээ. Тэр болгонтой таарсан уу?

Буяндулам: Харьцангуй гайгүй ээ. Гишүүд маань өөрсдөө өсвөр наснынхан болохоор л тэр болгон халдахгүй байгаа байх гэж боддог. Түүнээс биш манай хэвлэлийнхэн чинь аймаар бичдэг шүү дээ.

-Зөвхөн урлагаар явна гэвэл их золиос шаардах байх. Та нар бас өөр мэргэжлээр ажиллана гэж боддог уу?

Анужин: Бид урлагаасаа гадна нэг нэг мэргэжилтэй байх ёстой гэж үзсэн болохоор тус бүрдээ суралцаад явж байгаа. Манай Мино гэхэд СУИС-ийн Драмын ангид сурдаг. Энхгэрэл маань Хүмүүнлэгийн Ухааны сургуульд Олон улсын худалдаагаар, би МҮИС-ийн Олон улсын харилцаагаар сурдаг. Манай Ангелина 10 жилийн сурагч.

-Хамтлагийн хувьд ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

Буяндулам: Бидний мөрөөдөл гэвэл Монголдоо бүрэн танигдаж, Азид гарах гэх мэт олон байгаа л даа. Хувь хүн болгон ч гэсэн тус бүрдээ мөрөөдөлтэй байх. Гэхдээ яг ойрын хоёр жилийн хугацаанд заавал хийхийг хүсэж байгаа том зүйл гэвэл Ази тивд болон онлайн орчинд Монгол улсыг таниулах. Монгол гэж улс байдаг, тэнд нь “The Wasabies” гэж галтай цогтой охидын хамтлаг байдаг шүү гэдгийг харуулахыг хүсэж байгаа. Бас ойрын хоёр жилдээ бид өөрсдийн нэг юм уу, хоёр цомгийг гаргах байх. Анхны бие даасан тоглолтоо бас хийх байх. Азид чиглэсэн үйл ажиллагаануудаа хийж эхлэх байх. Гэхдээ тэр болгон маань яг тодорхой болоогүй байгаа болохоор эхлүүлж чадахгүй л байна.

-Та нарын гарч үзэхийг хүсдэг тайз, авахыг хүсдэг шагнал юу вэ?

Анужин: Бид олон улсыг хамарсан хөгжмийн фестивалиудад явахыг хамгийн их хүсдэг.

Буяндулам: Шинэ хамтлаг гэдэг утгаараа ямар нэг фестивальд явбал өрсөлдөх боломж гарч ирэх байх гэж боддог. Мэдээж бид бүр алдартай хамтлагуудын дэргэд бол арай түүхий байгаа. Гэхдээ гүйцэж очихын төлөө хичээж байгаа. Авахыг хүсдэг шагнал гэвэл мэдээж олон. “MAMA”-д ороод бид шагнал авлаа гэвэл мэдээж гоё шүү дээ. “Coachella”-гийн тайзан дээр бид гарч байна гэвэл мэдээж үнэхээр сайхан. Бидний хувьд яг манай үеийнхэнд ямар хөг, хэмнэл, ямар сэдэв дутагдаад байна тэр болгоныг гаргахыг хичээж байгаа. Хүмүүс бидний дууг сонсоод ямар нэгэн зүйл боддог эсвэл дууг маань сонсоод жаргалтай байдаг байгаасай. Хүнд мессеж өгсөн, ямар нэгэн зүйл хүргэхийг зорьсон дуу дуулахыг л хичээдэг. Үүнийгээ илүү олон хүнд хүргэвэл сайхан.

-Продюсер Б.Наранзун та нарт ер нь ихэвчлэн ямар үг хэлдэг вэ?

Буяндулам: “Миний охид” л гээд байдаг шд.

Анужин: “Миний охид дуугаа сайн дуулаарай. Сайжирсан байна” гээд л.

Буяндулам: Наранзун ах манай заримынх нь эцэг эхтэй нэг үе байх. Нүдэнд нь бол бид яг охин шиг нь, хүүхэд шиг нь л харагддаг байх. “Би одоо ингээд таван охинтой болсон л гэсэн үг шүү дээ” гээд л. Эсвэл ийш тийшээ явахад “За би итгэмжилж яваа шүү дээ” гэж хэлдэг.

-Сонсоод сэтгэлээс ерөөсөө гараагүй хамгийн сайхан үг юу байсан бэ?

Анужин: “Та нарын бүжгийн, дууны түвшин маш сайн болсон. Гэхдээ илүү сайн бэлдээрэй. Та нар чадна аа” гэж цомгийн баярын үеэр бидэнд хэлсэн.

Буяндулам: Надад хамгийн их аз жаргал бэлэглэсэн мөч нь яг цомгийн баяр дээр байсан. Хүрэлцэн ирсэн дүү нар маань “Буяка эгч ээ хайртай шүү” гээд аймаар зоригтой хэлж байгаа нь надад хамгийн гоё байсан. Хамгийн сүүлд сонссон гоё үг бол энэ.

-Сүүлийн үед ямар алдаа гаргаад, түүнээсээ юу ухаарав?

Анужин: Миний хувьд бол гарцаагүй цаг. Жаахан асуудал үүсчихдэг болохоор хоцроод, түүндээ их гэмшдэг. Гэхдээ муу зуршлуудаа гээнэ ээ.

Буяндулам: Юун муу зуршил вэ? Нээх аймаар муу зуршилтай хүн шиг сонсогдоод байна.

Анужин: Би тиймэрхүү муу зуршилтай хүн биш шүү.

-Хамгийн сүүлд хамтлагаараа уйлсан мөч хэзээ тохиосон бэ?

Буяндулам: Урагшаа явахад уйлалдаад байл уу?

Анужин: Бид хэд Хятад руу явах үедээ нэгэн нэгэнтэйгээ яг тулсан яриа хийж байсан. Бүгдээрээ хамт байгаа нь сайхан, тавуулаа явж байгаа нь үнэхээр гоё байна гээд бөөнөөрөө чин сэтгэлийн үгээ хэлээд бүгдээрээ уйлж байсан. Хамт олны, хайрын гоё нулимс гаргасан.

-Яг өөрсдийн үеийнхэн эсвэл өөрсдийн дүү нарынхаа үеийнхэнд мөрөөдөл, зорилгын тухайд юу хэлэхийг хүсдэг вэ?

Анужин: Зөвхөн урлаг биш өөр салбар сонирхсон байлаа ч хүссэн зүйлдээ тууштай хичээж, ухрахгүй байгаарай. Хүмүүсийг зорилгынхоо төлөө заавал тэмцээсэй гэж хүсдэг. Тэр зүйлдээ маш шаргуу бэлдэж байж л амжилт олдог болохоор тэр замд муу ч юм тохиолдоно, сайн юм ч тохиолдоно. Тэр болгоныг даван туулаасай.

Буяндулам: Яг дуртай, юугаар ч солихгүй тийм зүйлээ барьж аваад түүндээ зүтгээсэй гэж хүсэж байна. Эцэг эхийнхээ дарамт шахалтад орохгүй, тэдэнтэйгээ ярилцаад, зөв ойлгуулж илэрхийлээд, яг өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийвэл л амжилтад хүрнэ гэж боддог.

-Шоунд оролцох нь та нарын хувьд бол маш том, хэцүү шийдвэр байсан нь гарцаагүй. Яаж тийм их зориг гаргасан бэ?

Буяндулам: Би бүжиглэдэг байсан болохоос биш ерөөсөө дуулдаггүй байсан. Тэр үед намайг ороод үзээч гэж байсан. “Би юу, би дуулна гэж үү” гээд тухайн үедээ их гайхаж байсан. Тэгтэл манай найз залуу надад “Чи дараа нь орчихдог байж дээ гэж харамсахын оронд одоо зүгээр ороод үзчих. Алдах зүйл байхгүй, өөрийгөө сориод үз” гэсэн. Тэгээд л зориглоод орсон доо. Тийм зориг гаргаснаараа алдаагүй л гэж бодож байна. Харин ч бүр цоо шинэ өөрчлөлтийг хийсэн. Анх удаа л би тайзан дээр микрофон бариад, хойноо бүжигчидтэй гарч үзсэн.

Анужин: Би багаасаа л дуулах дуртай байсан. Ээж, эмээ хоёр маань намайг “Дуулаад үз ээ миний хүү, анхны чинь тэмцээн” гээд анх бага ангидаа тэмцээнд ороход нөлөөлж байсан. Тэмцээн болгоны хойно ээж маань үргэлж намайг дэмжиж байдаг. Анх тэр тэмцээний тухай ээж хэлсэн. Олон мундаг хүүхдүүд байсан, өөрийгөө тэнцэх болов уу гээд их сандарч байсан. Гэхдээ л шилдэгт үлдэж чадсан.

-Өсвөр насны хүүхэд байхын хамгийн хэцүү нь юу вэ?

Анужин: Бид яг эцэг эхийнхээ хараанд байгаа шүү дээ. Тийм болохоор хамаагүй гарч болохгүй, ингэж болохгүй гэсэн хараан дор… Өө дахиад л мартчихлаа. За та ярьчих.

Буяндулам: Би яг өсвөр нас мөн юм уу? За өсвөр насанд байх үед бол манай гэрийнхэн намайг маш сайн дэмждэг, аав маань миний хувцсыг бариад л гүйдэг, тайзны ард хамт л явж байдаг байсан. Тиймээс би их азтай. Өсвөр насны хүүхдүүдийн ихэнх хэсэгт тохиолддог асуудал бол эцэг эхчүүд нь хүсэл зорилгыг нь сонирхож асуухгүй, ойлгохгүй байх үе. Энэ хүүхэд ингэж сурч байхад чи бас сайн дүнтэй гарах ёстой, чи ийм мэргэжил сонгох ёстой гэх мэтээр хүүхдийг бусад хүүхдүүдтэй маш их харьцуулдаг гэж би боддог. Хүүхдүүдэд хүнтэй харьцуулагдах нь үнэхээр хүнд тусдаг. Бас эцэг эхийнхээ хараанд байгаа болохоор хүссэн зүйлдээ очиж чадахгүй. “The Wasabies” хамтлагийн тоглолт боллоо гэхэд тэр хүүхэд өөрөө бие даасан санхүүгийн чадваргүй учраас явж чадахгүй, эцэг эхээсээ гуйна. Тэгээд гэр бүлийнхэн нь зөвшөөрөхгүй бол хүссэн зүйлдээ очиж чадахгүй гэх мэт асуудлууд л их тохиолддог.

-Үеийнхнээ давсан их зүйл хийж байгаад нь баяр хүргэе. Бас жаахан хүүхэд гэдэг утгаар нь харж, боддог олон томчуудад хандаж юу гэж хэлмээр байна?

Анужин, Буяндулам: Биднийг дэмжээрэй! (инээв)

Анужин: Манай хоёр дахь уран бүтээлийг маш олон хүн сонссон байсан. Гурван сая гаруй хандалт авсан. Үүнд үнэхээр их баярласан. Бас дараа дараагийн уран бүтээлүүдийг маань дэмжээсэй л гэж хүсэж байна.

Буяндулам: Бид бол өсвөр үеийнхэн. “Generation Z” бол Монголын ирээдүй. Бид 10, 20 жилийн дараа Монгол улсаа яг авч явах үеийнхэн гэж хэлж болно шүү дээ. Тийм болохоор энэ үеийнхнээ илүү дэмждэг, тэдэнтэй ярилцдаг, энэ үеийнхнээ сонсдог байгаасай гэж хүсдэг. “The Wasabies” хамтлаг Монголынхоо ирээдүйг сайхнаар мөрөөдөж, түүнийхээ араас явж байгаа өсвөр насны л охид. Хүүхэд болгонд, хүн болгонд яг ингээд тууштай явах, өөрсдийгөө дайчлах боломж байгаа. Бидний дээд үеийнхэн бол манай үндэс. Бид тэр болгоноос суралцаад бас илүү сайхан болгох гэж хичээж байгаа болохоор дэмжээрэй. Уран бүтээлийг маань ч бас сонсоорой. Гуравхан сая шүү дээ, бид. Байдаг чадлаараа дэмжээд өгвөл гоё шүү. Үйл ажиллагаануудад оролцоод, дуунуудыг маань сонсоорой.



Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 2019.08.12 197.210.29.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах


DR. PRADHAN 2019.08.12 197.210.29.118

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: [email protected] whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

0 Хариулах