Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

Том хүн болох гэж хичээсэн долоо хоног


“Том хүн болох, насанд хүрсэн хүн шиг амьдрах” гэдгийн тодорхойлолт хэн бүхэн л өөр өөр байх. Энэ удаад бид "Gumuda concept store"-ийн үүсгэн байгуулагч, "A Year To Remember" номын зохиогч Н.Хулангийн энэ сэдвийн талаарх үзэл бодлыг сонирхуулахаар бэлдлээ. 

Саяхан Youtube-р хэсэж яваад “How I Became An Adult” гэсэн видео үзлээ. Та нар бас сонирхвол энэ нэрэн дээр нь дараад шууд үзээрэй. Хэдийгээр хогийн савны реклам ч гэлээ надад юм юм бодогдуулж, нээрэн л том хүн болохын тулд өдийг хүртэл хийж ирснээсээ арай өөрийг хийж, арай дээр сонголтуудтай болох хэрэгтэй мэт санагдлаа. Учир нь би өөрийнхөө гаргаж байгаа шийдвэрүүдийг ээжийнхтэй харьцуулж үзэхэд шал өөр байдаг. Ээж “том хүн” учраас надаас хавьгүй дээр, ухаалаг, ашигтай, ирээдүйг харж тооцоолсон зөв үйлдлүүд хийдэг. Би харин “жоохон хүүхэд” үү гэхээр яг ч биш, “том хүн” болж амжсан уу гэхээр бас үгүй нэг тийм дундын хүн. Тэгэхээр миний нэг долоо хоногийн туршид хүүхдийн, хөнгөхөн шийдвэрүүдээ өөрчилж бага багаар “том хүн” болох гэж хичээсэн туршилтын үр дүнтэй танилцах уу?

9 сарын 30- Даваа гараг


Шинэхэн сорилын долоо хоногийн эхний өдөр. Насанд хүрсэн хүн шиг амьдрахын тухай бодох бүрт надад “эрүүл мэндээ анхаарах” гэж бодогдоод байх юм. Нээрэн л хүүхэд залуус эрүүл байх тал дээр анхаарал бага хандуулдаг, харин томчууд энэ асуудлын ач холбогдлыг илүүтэй чухалчилж авч үздэг тийм үү? Би өнөөдөр зориглоод ажлын хажуугийн фитнесс клубд бүртгүүлчихлээ. Надад бэлтгэлийн хувцас, хэрэглэл бий. Ямар дасгал хийвэл зохистой талаар бага сагахан ч гэлээ ойлголт бий. Гагцхүү гүйгээд очих фитнесс байхгүй байлаа. Бас нөгөө талаас нь бодоход би төлбөрөө төлөөд бүртгүүлчихвэл ядаж мөнгөө бодоод очих юм даа ч гэж бодлоо. Нэг сарын 150.000 төлсөн бөгөөд долоо хоногт гурван удаа буюу сард нийт 12 удаа очно гэж үзвэл нэг удаагийн дасгал хийлт маань 12.500 төгрөг болох юм. Зөвхөн биеэ гоё сайхан болгох, шинэ жилийн үдэшлэгийн биеэ бэлдэх гэхээсээ илүүтэйгээр эрүүл байх, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, хүчтэй болох, залуу сайхнаараа удаан байх гэсэн чин зорилготой байгаа. Надад амжилт хүсээрэй. /өө бас, фитнессийн хувцас солих өрөөнд тааралдвал мэндлэхгүй шүү хаха, нүцгэн
байдалтай хүнтэй юм ярих чинь эвгүй юм билээ/

10 сарын 1- Мягмар гараг


Өнөөдөр банк орлоо. Би төрөл зүйлсээр нь ангилсан банкны данс, олон тооны хадгаламжтай л даа. Гэхдээ тэр хадгаламжуудын маань аль нь ч автоматаар суутгал хийдэггүй. Тийм болохоор магадгүй миний хадгаламж их удаанаар нэмэгддэг байх. Өөрөө санах бүртээ хадгаламж руугаа мөнгө шилжүүлнэ, сард
тогтмол нэг хоёр өдөр сонгож хадгаламжаа зузаатгана гэсэн тактиктай байсан ч энэ удаад өөрчлөхөөр шийдлээ. Тиймээс банк орж цалингийн данснаас маань сар бүрийн 10 болон 25-ны өдрүүдэд 50.000 төгрөг суутгаж хадгаламжийн данс руу шилжүүлж байлгахаар тохирууллаа. Ийм төрлийн хадгаламж нь ихэвчлэн хугацаатай байхад тохиромжтой бөгөөд хэдэн сар мартсаны эцэст эргээд нэг харахад ямар гоё мэдрэмж төрүүлэх болоо? Би өдөр тутамдаа өөрийн мэдэлгүй 50.000 байтугай л зарлага гаргаж байгаа. Тиймээс
данснаас сард хоёрхон удаа суутгал авахад амьдралд айхтар их нөлөөлөхгүй байх гэж бодож байна.

10 сарын 2- Лхагва гараг

Би анх 15 настайдаа гар утастай болоод л Unitel-ийн дугаар авсан байдаг юм. Тухайн үеийн шинэ жилээр “88-аар эхэлсэн ид шидийн дугаараас өвлийн өвөө залгаж байна” гэсэн хошин шогийнхноор хийлгэсэн реклам нь гайхалтай үйлчилсэн дээ. Тэр мөчөөс хойш үнэнчээр 10 гаруй жил барьж байгаа “урьдчилсан
төлбөрт” дугаараа өнөөдөр “дараа төлбөрт” болгочихлоо. Аль эртний ингэж байхгүй яасан юм бол гэж бодогдож байгаа л даа, гэхдээ яагаад ч юм “дараа төлбөрт дугаар” гэхээр мөнгөтэй, цалин өндөртэй хүмүүс хэрэглэдэг гэсэн ойлголт надад байсаар иржээ. Азаар Unitel маань барьцаа төлбөр, бүртгэлийн хураамж гэх мэт төлбөрүүдийг үнэгүй болгочихсон байна. Зүгээр л очлоо, хүслээ хэллээ, боллоо. Урьд нь яагаад урьдчилсан төлбөрт нь хямдхан харин дараах төлбөрт нь үнэтэй гэж боддог байсан юм бол доо? Харьцуулаад бодоод үзэхэд урьдчилсан төлбөртийн үеэр байн байн нэгж авна, бас үргэлж л нэгжийн зээлтэй. Тэгээд нэг л мэдэхэд дата авчихсан, түүнийгээ үрээд дуусчихсан төлөвлөгөөгүй урсгал зардал
ихээр гаргадаг байсан байна. Бид хэчнээн ойрхон давтамжтай нэгж худалдан авч байгаагаа анзаардаггүй учраас бодоод байхад дараа төлбөртөөс хамаагүй их зардал гаргадаг байх нь. Одоо цаашид “нэгж дуусчихсан, дата дуусчихсан, хугацаа дуусчихсан” гэсэн санаа зовмоор үгсийг өгүүлбэртээ хэрэглэх шаардлагагүй болсон. Сүүлийн үед хүмүүс дараа төлбөрт рүү шилжих нь ихэссэн гэсэн судалгааг Харилцаа холбооны зохицуулах хороо гаргасан байдаг юм байна. Учир нь Unitel-ийн дараа төлбөрт
үйлчилгээний дагалдах эрхүүд нь бусад үүрэн телефоны газруудтай харьцуулахад маш ухаалаг багцтай, өндөр хэмнэлттэй тусаж байна лээ. Намайг харж байна уу, би аль хэдийн хэчнээн судалгаанд суурилдаг “том хүн” болсон байгааг?

10 сарын 3- Пүрэв гараг


Бодоод байсан чинь би нээх эрүүл хооллодог хүн биш юм. Бэлэн гоймон идэхээ болиод оронд нь хотдог л иддэг болчихож. Газтай ундаа уухаа болиод оронд нь өнгө оруулагч ихтэй липтон цай уудаг болж. Одоо боллоо, жинхнээсээ эрүүл хооллож эхэлцгээе. Өнгөн талын “эрүүл хооллолт” гэдэг ойлголт надад их байсан байна. Эрүүл хооллолт гэдэг бол зүгээр л тахианы цээж мах, брокколи идээд байхын нэр
биш. “Энэ бол эрүүл!” гээд шөнийн 11 цагт салад идээд байж болохгүй. “Түргэн хоол биш шүү дээ” гээд өдөр бүр гадуур ресторанд хооллоод байж болохгүй. “Гэрээсээ хоол авчирч идэж байна” гээд өчигдөр орой хийсэн тостой цуйвангаа хонуулаад маргааш нь идээд байж болохгүй. Тиймээс өнөөдөр эрүүл амьдралын хөтөлбөрийн дасгалжуулагчтайгаа дэлгүүр явж хүнс цуглууллаа. Өдрийн эрүүл хоолоо гэртээ бэлдэж ирээд идэж байя. Монгол хүн байна даа.

10 сарын 4- Баасан гараг


Би хувиараа бизнес эрхэлдэг учраас нийгмийн даатгал төлдөггүй. Гэтэл хэн бүхэн ирээдүйдээ, тэр дундаа тэтгэвэртээ санаа тавих учиртай. Яахав, мэдээж гэрэлтэй ирээдүйг төсөөлвөл бидэнд тэтгэвэрийн хэдэн төгрөг хэрэггүй болтол тийм баян сайхан амьдрал цогцлоох учиртай л даа. Гэхдээ л юмыг яаж мэдэх вэ, одоо 35-хан жилийн дараа тэтгэвэртээ суулаа, юу юугүй дөхчихөөд байна. Тиймээс би дүүргийнхээ нийгмийн даатгалын салбарт очиж сайн дурын даатгал төлөхөөр боллоо. Иргэний үнэмлэхээ барьж очоод цээж зураг авахуулаад л болоо юм байна. Би өмнө нь 3.5 жил нийгмийн даатгал төлсөн учраас данс маань бэлэн байна. Сайн дураараа төлж байгаа хүн хамгийн багадаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний
13.5 хувиар төлдөг гэнэ. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320.000 бөгөөд үүнээс 43.200-г төлөх нь байна. Сар бүр төлөхөөс гадна мэдээж нэг жилээр нь шууд төлчихөж болж байна лээ. Миний олж сонссоноор бол тэтгэвэр тогтооход сүүлийн гурван жилийн орлогоос хувь тооцож боддог учраас сайн дураараа төлж буй над шиг хүмүүс бол эхэндээ маш багаар төлж байгаад нилээн сүүлээр өндөр дүнгээр төлвөл зүгээр. Магадгүй сүүлийн 3 жилдээ хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нугалснаар ч юмуу? Тэгвэл тэтгэвэрээ өндрөөр тогтоолгож болох юм.

10 сарын 5- Бямба гараг


Амралтын өдрийг далимдуулан шүдний эмнэлэг орлоо. Хоёр шүд хорхойтчихоод яваад л байсан. Өвдөхийг нь хүлээж байгаа мэт удаан л явлаа. Нэгэнт цоорсон шүд буцаад эв эрүүл, бүтэн болохгүй нь тодорхой учраас эртхэн эмнэлэгт очоод хоёр ломбо тавиулчихлаа. Шүд эрүүл бол бие эрүүл. Шүдний эмнэлэг огт өвдөхөө больчихож. Би “Хэзээ өвчин намдаах тариагаа хийх бол, хэзээ өвдөх бол, ядаж хэзээ эвгүй байх болоо” гэж зөндөө хүлээлээ, юу ч болсонгүй. Нээрэн ингэж нэг шүдний эмчид үзүүлсэн тулдаа би хамгийн хойд талын араа шүдээ огт угааж чадахгүй байгаагаа бас өдөр бүр шүдний утас хэрэглэх хэрэгтэйг олж мэдсэн. Шүдний утас шүд хооронд зай үүсгэдэг гэж би буруу бодож явсан байна лээ. Бас өөрт тохиромжгүй шүдний сойз хэрэглэдэг байсан юм байна. Жаахан үнэтэй ч гэсэн шүднийхээ эрүүл мэндийн төлөө нэг цаг гаргаад эмнэлэг ороорой. Цаг гэснээс хэд хоногийн өмнө утасдаж цаг авахгүй бол шүдний эмнэлгүүд их ачаалалтай байдаг санагдсан.

10 сарын 6- Ням гараг


Өнөөдөр гоо сайхны барааны дэлгүүр орсон. Энэ туршилтын долоо хоног их таалагдаж байна шүү. Гэхдээ энэ удаад өмнөх шиг будаг шунх сонирхож авсангүй. Харин өөртөө нарны тос худалдаж авлаа. Би мэдээж нарны тос орон гаран түрхдэг л дээ. Гэхдээ ихэвчлэн мартдаг, будагны суурь болгоход их тохиромжгүй бүтэцтэй эд учраас дандаа хойш тавьдаг, бас хэзээ худалдаж авснаа ч санадаггүй болохоор хугацаа нь дууссан ч байж магадгүй. Өө бас, тэр тосны маань spf буюу "sun protection factor" нь дөнгөж 15 хувь. Тиймээс анх удаа хичээл зүтгэл гаргаад өөртөө өдөр тутам хэрэглэх өндөр 50 spf-тэй нарны тос авлаа. Нүүр будгийн суурь тосонд тохиромжтой, хурдан шингэдэг, цайрч харагддаггүй нарны тос зөндөө сонголттой байдаг юм байна. Би хөгширмөөргүй байгаа учраас энэ тосоо өдөр бүр түрхэх болноо. Эцэст нь дүгнэхэд энэ долоо хоногт урьд өмнө байгаагүй олон зөв шийдвэрүүд гаргалаа. Том хүн шиг сэтгэж, ирээдүйдээ санаа тавьж зөвхөн өнөөдрийн гоё сайхнаас гадна маргаашийн тав тух, эрүүл мэнд, тохиромжтой байдлын төлөө санаа тавьсан өдрүүд байлаа. Цаашид эрүүл биетэй байж, зөв хооллолттой болж, үргэлж дата-тай онлайн байж, залуухан цоглог байхын төлөө!

Баярлалаа, баяртай!

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.01.25
Алисагийн тэмдэглэл: Хэн нэгний танд зориулан илгээж байсан хамгийн гоё дуу юу вэ?
2
2024.01.10
Технологийн салбарт ажиллахад хамгийн таатай газраар Юнител групп шалгарлаа
3
2023.12.15
Миллениалуудын ажлын орчин | Ээлтэй, хүртээмжтэй МУИС
санал болгох
1
1 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
2 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
6 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
3
0
0
0
0
0