Хайх зүйлээ бичнэ үү

Томи, Жери хоёртой “Алтан Хаан” галерейд уулзахаар тогтов. Ярилцлагаа товлосон өдөр “Хоолойг нь хэрхэн ялгаж ярилцлагаа буулгах билээ” гэхчлэн элдвийг бодсоор ирэхэд уран баримал, зосон бүтээлүүдийн өвөрмөц үнэр сулхан үнэртэж, нам гүм ноёлсон орчин угтав. Төд удалгүй шоунаас харж байсан шиг ‘өөгүй’ модель охид биш харин ч өөрийн гэсэн бүхнээ тодотгосон энгийн нүүр будалт, донжтой хувцаслалттай зочид маань орж ирлээ. Төсөөлж байсан шиг ялгамгүй ижил төрхтэй биш юм гэж бодсоор яриагаа эхлүүлсэн юм. 

“Mongolia’s Next Top Model” шоуны бүтээлч, мэдрэмжтэй оролцогчид гэдгээр үзэгчдэд танигдсан Б.Цэцэгмаа (Жери), Б.Цэцэгсайхан (Томи) хоёр зургаан охинтой өнөр айлын бага охид аж. Миний бие тэднийг анх загвар өмсөгч гэдэг өнцгөөс харж байсан ч ярилцах явцад аав, ээж, эгч шигээ хувцас урлахыг, урлагтай ойр байхыг эрмэлзсээр ирсэн нь тод анзаарагдсан билээ. 

Амьдралын хэв маяг, сонирхлоороо алив нэг хэв маягт баригдах бус тэдгээрийг чадамгай хослуулж басхүү үеийнхэндээ яг тийм хосолмол, олон талт ‘бүтээл, бүтээгдэхүүн’ хүргэхийг зорьж буй миллениалуудтай хийсэн товч хүүрэлдээнийг хүлээн авна уу. 

- Бага насны дурсамжаас яриагаа эхэлье гэж бодлоо. Багадаа ямархуу хүүхдүүд байсан бэ?

Томи: Эрэгтэй хүүхдээс дутахааргүй сахилгагүй, хөлбөмбөг их тоглодог, хөвгүүдтэй зодолддог охид байсан (инээв).

Жери: Бид эцэг эхээс зургуулаа л даа. Зургаан охинтой айлын бага охид нь. Биднийг төрөхөд аав хүү гарах нь гэж бодоод баярлаж байтал хоёр ихэр охин төрсөн гэж ярьдаг юм. Тийм болоод ч тэр үү багаасаа морь сайн унадаг, гадаа их тоглодог, эршүүд хүүхдүүд байсан. 

Томи: Бид зургаагийн насны зөрүү бага учраас хоорондоо маш дотно, тэрсхэн өссөн. 

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

- Олон охидтой айл юм байна. Та хоёрыг Орост олон жил амьдарсан гэж сонссон? 

Т: Бид хоёрыг нэг настай байхад аавын ажлын шаардлагаар гэр бүлээрээ Москва хот руу нүүсэн. Тэнд зөвхөн оросууд биш олон улсын хүмүүс амьдардаг байсан болохоор олон орны хүүхдүүдтэй найзалдаг байлаа. Биднийг зургадугаар ангиа төгсдөг зун Монголдоо буцан ирж, аав маань Эрдэнэт үйлдвэрт ажиллахаар болсноор манай гэр бүл тэнд суурьшсан.

Ж: Эрдэнэтэд ирээд арван жилээ төгсөх хүртлээ хөлбөмбөгөө тоглосон. Хөвгүүдтэй хамт аймгийн аваргын тэмцээнд хүртэл орж байлаа. Нэг инээдтэй зүйл ярихад, анх ирээд бид хоёр монголоор сайн ярьж чаддаггүй байсан учраас дэлгүүр орохдоо ичсэндээ дандаа оросоор ярьдаг байсан юм. Дараа нь монгол хүүхдүүдтэй найзалж, тоглодог болсноор буцаад төрөлх хэл маань сайжирсан. 

Том болохын хэрээр бид хоёрын сонирхол ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Залуусын тал дээр ч гэсэн шал өөр мэдрэмжтэй

- Би та хоёрыг ялгахгүй байх гэж эмээж байлаа. Гэтэл нүүр тулж уулзсан чинь арай ч усны дусал шиг биш юмаа (инээв). Харин зан чанар, сонирхлын хувьд хэр ялгаатай вэ? 

Т: Хамт өссөн болохоор сонирхол ер нь төстэй. Ааш зангийн хувьд хоёр тэс өөр ертөнцтэй. Жери намайг бодвол бодсоноо шулуухан хэлчихдэг. Би тэр тал дээр арай зөөлөн ханддаг. 

Ж: Би өөрийгөө логик сэтгэлгээ арай илүү болов уу гэж боддог. Би ихэвчлэн бизнесийн тооцоог хийдэг бол Томи зурах, бүжиглэх гэх мэт урлагийн талын мэдрэмж сайтай. Бид өмнө нь “Гоёл” наадамд оролцох гээд эгчтэйгээ гурвуулаа нэг нэг коллекци хийж байсан юм. Тэрийг харахад л огт өөр мэдрэмжтэй, гурван өөр ертөнц гэдэг нь харагдаж байсан. 

Т: Гэхдээ том болохын хэрээр сонирхол ч гэсэн өөрчлөгдөж байгаа. Залуусын тал дээр ч гэсэн шал өөр мэдрэмжтэй (инээв). 

- Сонирхолтой юм. Би Томиг л илүү шулуухан зантай болов уу гэж бодож байлаа. Тэгвэл ямархуу эрчүүд таалагддаг вэ? 

Т: Голдуу урлагийн салбарын залуустай л үерхэж байсан юм байна. Одоогоор ганц бие. 

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

Ж: Миний хувьд найз залуу гэхээсээ хүнд сайн найз нь байж чаддаг, харизмтай эрчүүд таалагддаг. Хараад байхад Томи “bad boy”-д татагддаг, би номын эрчүүдэд дурладаг шиг санагдсан (инээв). 

Т: Жеригийн найз залуу их урт үстэй залуу бий (инээв).

- Сая та хоёр “Гоёл” наадамд оролцож байсан гэлээ. Багаасаа загварын салбарт ажиллана гэж боддог байсан уу эсвэл гэр бүлийнхэн нөлөөлөв үү? 

Ж: Аав маань 1970-аад онд трапец өмд, гутал гэх мэт бүсгүйчүүдийн гангарааг оёдог байсан юм билээ. Харин ээж маань оёдлын технологич мэргэжилтэй. Хоёр дахь эгч дизайнер мэргэжилтэй учраас энэ салбар уруу ороход нөлөөлсөн байх. Б.Ундраа эгч маань “Гоёл” наадмаас Гран-при шагнал хүртэж байсан загвар зохион бүтээгч хүн. 

Т: Нэг үе сэтгэлзүйч болъё гэж боддог байсан ч яваандаа урлаг илүү ойрхон санагдсан учраас энэ салбарыг сонгосон. 

Ж: Тэрнээс гадна аав моринд дуртай хүн болохоор биднийг багаас морь унуулж сургаад, малын эмч болгоё гэж бодож байсан юм шиг байна лээ (инээв). Гэхдээ морь уналгүй их олон жил болсон байна. 

Гурван жилийн өмнөөс  больж Mods-ийг хувцасны брэнд хэвээр нь үлдээн, эвэнт, влог, сэтгүүл зэргийг нэгтгэж, HYB концепцитой болгоё гэж шийдээд ажиллаж эхэлсэн.

- Уншигчид та хоёрыг загвар зохион бүтээгдэг гэдгийг шоуны үеэр дуулсан ч нарийн зүйлийг сайн мэдэхгүй болов уу. Одоо тэр чиглэлээрээ ажиллаж байгаа юу?

Т: Бид хоёр 2013 онд Play Time наадамд анх очиж байсан юм. Ийм гоё чөлөөтэй урлагийн хүмүүс байдаг юм байна гэдгийг тэндээс л олж харсан. Тэгээд Б.Ундраа эгч, гэр бүлийн найз эгчтэйгээ нийлээд дөрвүүлээ урлагийн сэтгүүл гаргая гэж шийдээд сэтгүүлээ We Are Mods, хувцасны брэндээ WRM гэж нэрлэж байлаа. Ер нь уран бүтээлчдийн амьдралын хэв маягийг хүмүүст таниулъя гэсэн зорилготой байсан. Тухайн үед маш олон төсөл зэрэг эхлүүлчихсэн байснаа гурван жилийн өмнөөс  больж Mods-ийг хувцасны брэнд хэвээр нь үлдээн, эвэнт, влог, сэтгүүл зэргийг нэгтгэж, HYB концепцитой болгоё гэж шийдээд ажиллаж эхэлсэн. 

Ж: Өмнө нь залуус сонирхлоороо хуваагддаг байсан бол одоо сонирхол, хобби, стиль, амьдралын хэв маягийн хувьд нэг зүйлд баригдалгүй, харьцангуй чөлөөтэй “Hybrid” гэж хэлж болохоор болсон учраас бид HYB концепци гэж нэрлэж байгаа юм. Одоогоор HYB дэлгүүрээ ажиллуулж, влогоо хийж байна. Бусад төлөвлөгөөт ажлууд энэ оноос хэрэгжээд эхлэх байх. Mods брэндийн эхлэлийг сайн тавьж чадаагүй ч цаашдаа илүү үнэ цэнэтэй брэнд болгон хөгжүүлэх зорилго бий. 

- Та хоёр энэ жилийн “Mongolia's next top model” шоуг чимж, үзэгчдийн анхаарлыг татсан татсан оролцогчид байсан. Яагаад энэ шоунд оролцохоор шийдсэн бэ? 

Т: Анх Боловсрол суваг телевизээс санал тавихад бид хоёр бага зэрэг эргэлзсэн ч сонирхолтой нэвтрүүлэгт орж үзээд туршлага хуримтлуулъя бас хийж буй ажлаа хүмүүст таниулъя гэж бодоод орохоор шийдсэн. 

Ж: Бид хоёр ер нь зожигдуу талдаа хүмүүс. Тийм болохоор шоунд оролцож өөрийгөө нээе гэсэн хүсэл бас байсан л даа. 

- Та хоёрын хувьд MNTM шоуны үеэр тулгарч байсан бэрхшээл, хамгийн сайхан дурсамжуудаасаа хуваалцаач? 

Т: Өвөрмонголд зураг авалт хийх үеэр очсон элсэн цөл дэх зочид буудал хамгийн сайхан санагдсан. Мөн хүнээс илүү амьтанд хайртай гэж шоуны үеэр зөндөө хэлж байсан даа (инээв). Тийм болохоор тэмээтэй зураг авалт гоё байсан. Бэрхшээлтэй зүйл бараг байгаагүй дээ. Бид хоёрын ажлын ачаалалтай харьцуулбал амралт шиг л байсан. 

Ж: Боксын зааланд хийсэн зураг авалт хамгийн дурсамжтай байсан. Өмнө нь фэйсбүүкээр хараад тэр зааланд зураг авах юмсан гэж хүсэж байсан. Нөгөөтэйгүүр бид хоёр загварын салбарт ажилладаг ч яг модель болно гэсэн зорилго тавиагүй, хөгжилтэй, дурсамжтай байя гэдэг үүднээс хандсан учраас сорилтуудыг хүндээр хүлээж аваагүй. Тиймээс бэрхшээл гэж хэлэхээр зүйл байгаагүй ээ. 

- Шоунаас хасагдах мөчид ямар мэдрэмж төрсөн бэ? Үзэгчид мэдрэмжтэй, хүчтэй өрсөлдөгчид хэрнээ эрт хасагдчихлаа гэж ярьж байсан? 

Т: Дизайнерын тэмцээнд оролцож байсан бол харамсах байсан болов уу. MNTM шоуны хувьд дараагийн шатанд ямар сорил байгаа бол гэж сонирхож байснаас хасагдсандаа харамсаагүй. Бид насны хувьд ч бусад оролцогчдоос эгч, бие галбирын хувьд ч Анужингийн хоёр гуя миний нэг гуятай тэнцэх байх (инээв). Үүнийг анхнаасаа мэдэж байсан болохоор хүндээр хүлээж аваагүй. 

Ж: “Хасагдсан ч яахав. Монголдоо ч очоод л хасагдах юмсан” гээд охидтойгоо ярьж байсан. Тэгвэл би яг Өвөрмонголд болсон сорилын үеэр хасагдаж таарсан (инээв). Гэхдээ өгснөөсөө олж авсан зүйл нь их байсан болохоор гуниглах шалтгаан байгаагүй.  

Зарим хүмүүс илүү  маяг гэж боддог байх. Гэтэл бид хоёр Орост 11 жил амьдрахдаа сурагчийн хувийн хэрэг, эмнэлгийн картнаас эхлээд бүх зүйл дээр энэ нэрээрээ бичигдэж ирсэн

- Та хоёрыг хүмүүс Томи, Жери гэдэг нэрээр нь илүү таньдаг юм байна лээ. Яаж яваад ийм нэртэй болов? 

Т: Гэрийнхэн бид хоёрыг Том, Жижиг гэж дууддаг байсан нь яваандаа Томи, Жери болчихсон. Зарим хүмүүс илүү  маяг гэж боддог байх. Гэтэл бид хоёр Орост 11 жил амьдрахдаа сурагчийн хувийн хэрэг, эмнэлгийн картнаас эхлээд бүх зүйл дээр энэ нэрээрээ бичигдэж ирсэн. 

- Амьдралдаа гаргаж байсан хамгийн зоригтой шийдвэр юу байсан бэ? 

Т: Загварын салбар үнэндээ тийм их ашигтай байж чаддаггүй. Бид ч хөрөнгө оруулалт авч байгаагүй, бүгдийг өөрсдөө л зохицуулдаг байсан. Гэтэл 2016 онд ажил маань уналтад орж, бизнесээ зогсоох тухай хүртэл ярьж байсан. Олон сар бодсоны эцэст бид гурав дахин зээл авч, ажлаа үргэлжлүүлэхээр шийдсэн. Үүний цаана гэр бүлийнхэн маань маш их дэмжлэг үзүүлсэн, одоо ч дэмждэг. Бид хоёрын амьдралдаа гаргасан байсан хамгийн зоригтой алхмуудын нэг нь энэ болов уу гэж боддог. 

Томи: Өөрийгөө “Studio 54”-ийн тухай гардаг киноны гол дүрээр төсөөлдөг

БЛИЦ АСУУЛТ: ТОМИ

  1. 2018 онд амьдралд чинь тохиолдсон хамгийн сайхан зүйл юу вэ? Удаан бодож, мөрөөдөж байсан “HYB”-гээ эхлүүлж, дэлгүүрээ нээсэн нь хамгийн том алхам бас хамгийн сайхан мөч байсан. 

  2. Ямар төрлийн кинонд дуртай вэ, хэрэв өөрийгөө дуртай киноныхоо гол дүрээр төсөөл гэвэл хэнийг сонгох вэ?  “CSI: Las Vegas”, “Criminal Minds” зэрэг криминал төрлийн цувралуудад дуртай, багаасаа үздэг байсан. Мөн “Perfume: The Story of a Murderer” зэрэг үйл явдал нь дээр үед өрнөдөг кинонуудад дуртай. Өөрийгөө “Studio 54”-ийн тухай гардаг киноны гол дүрээр төсөөлдөг. 

  3. Хэзээ хамгийн бүтээлч байдаг вэ? Оройн цагаар хамгийн гоё санаанууд орж ирдэг учраас энэ үеэр зураг зурах, гараараа юм урлаж өнгөрөөдөг. 

  4. Ойрын өдрүүдэд ямар зүйл дээр төвлөрч ажиллаж байна? Дэлгүүрээ нээснээс хойш зав муутай байгаа учраас олон зүйл зэрэг амжуулахыг хичээж байна. WRM брэнд дээр хамтлаг, DJ болон бусад уран бүтээлчидтэй хамтран албан ёсны мерчиндайз гаргаж байгаа. Үүний зэрэгцээ дэлгүүрийн дотоод засал чимэглэл, бараа бүтээгдэхүүн гээд нэмэлт ажлууд хийж байна.

  5. Хэзээ хамгийн сүүлд үхтлээ инээсэн бэ?  Сайн санахгүй байна   

  6. Сонсох дуртай амьд хөгжмийн хамтлаг? Ohhh сонсох дуртай амьд хөгжмийн хамтлаг зөндөө бий. Монгол хамтлагуудаас Nisvanis, The Lemons, The Colors, Mohanik, Futuroma хамтлагуудын дууг сонсох дуртай. Гадаадаас  MGMT хамтлагийн дууг олон жилийн өмнөөс сонсож ирсэн. 

  7. Өөрийнхөө амьдралыг дууны нэрээр нэрлэ гэвэл? Их хэцүү асуулт байна. Fazerdaze-ийн “Lucky Girl” байж магадгүй юм.    

  8. Стиль, хэв маягаа бүрдүүлэхдээ хэнээс эсвэл юунаас урам зориг авдаг вэ? Ихэвчлэн Инстаграмаас гоё гоё лүүк бүрдүүлсэн хүмүүсийн зургийг харж урам зориг авдаг. Хааяа зурагтаар 80,90-ээд оны кино гарах үед сонирхолтой стилийн санаа орж ирдэг. Гэхдээ миний хувьд 60,70-аад оны уур амьсгалыг харуулсан хувцаслалт хамгийн их таалагддаг. 

  9. Эрэгтэй хүнийг түрүүлж болзоонд урьж байсан уу? Хэзээ ч урьж байгаагүй   

  10. Арван жилд байхдаа ямар хичээлдээ хамгийн муу байсан бэ? Юм цээжлэх дургүй болоод ч тэр үү Геометр, Химийн хичээлдээ тааруу байсан.  

  11. Өнөөг хүртэл сайн хийж сураагүй нэг зүйлээ нэрлэ гэвэл? Орой эрт унтаж, өглөө эрт сэрэх зуршлыг одоо хүртэл өөртөө бий болгоогүй л байна. 

  12. Туршиж үзэхийг хамгийн их хүсдэг нэг зүйл? Гитар эсвэл бөмбөр тоглож сурахыг хүсдэг. 

  13. Нэг дор дээд тал нь хэдэн шил пиво ууж чадах вэ? Гадуур бүжиглэхээр гарахдаа хамгийн дээд тал нь 4 шил пиво л ууж чадах байх. 

  14. Дуртай амттан чинь юу вэ? Амттанд ер нь их дуртай. Гашуун амттай бас карамельтэй чихрэнд дуртай. Мэдээж шоколад идэх дуртай. Хамгийн дуртай амттан гэвэл Raffaello юм байна. 

  15. Хоолны дэглэм барьдаг уу? Дэглэм барьдаггүй, дуртай зүйлээ л иддэг дээ. 

  16. Хамгийн сүүлд уншсан ном? Ном нэг их уншдаггүй. Сургуульд байхад даалгаврын хүрээнд өгсөн номнуудыг л уншдаг байсан. Харин “Perfume: The Story of a Murderer” кинонд их дуртай болохоор номыг нь зорьж уншиж байсан. Хааяа ном уншихыг хүсдэг ч ажлын хэмнэлээс болоод боломж гардаггүй. 

  17. Таны уурыг юу хамгийн их хүргэдэг вэ? Би тайван, нэг их уурлаад байдаггүй хүн. Гэхдээ хүмүүс соёлгүй, бүдүүлэг зан гаргахад их уур хүрдэг.   

  18. Таны амьдралын хамгийн чухал гурван зүйл юу вэ? Гэр бүл, ажил, хөгжим 

  19. Ирэх 5 жилд тавьж буй хамгийн том зорилго? Ажилтай л холбогдох байх. Хийж байгаа зүйлсээ амжилтад хүргэхийг хүсэж байна. Дэлгүүр болон HYB төслөө тэлж, WRM брэндийн ажлын хүрээнд сүүлийн хэдэн жил бодож байгаа Загварын шоугаа зохион байгуулахыг зорьж байна. 

  20. 10 жилийн өмнөх өөртөө өгөх зөвлөгөө? Өөртөө илүү итгэлтэй байж, чөлөөт цагаараа ном уншиж, англи хэлээ сайжруул гэж хэлэх байхдаа.   

Жери: “Одооны” эрчүүдийг илүү зоригтой, санаачлагатай байгаасай гэж хүсдэг

БЛИЦ АСУУЛТ: ЖЕРИ

  1. 2018 онд амьдралд чинь тохиолдсон хамгийн сайхан зүйл юу вэ? MNTM шоунд оролцож шинэ хүмүүстэй танилцаж, насан туршид мартагдашгүй дурсамж бүтээсэндээ баяртай байгаа. 

  2. Ямар төрлийн кинонд дуртай вэ, хэрэв өөрийгөө дуртай киноныхоо гол дүрээр төсөөл гэвэл хэнийг сонгох вэ?  Хүнийг хүмүүжүүлж, сургамж үлдээдэг кинонд дуртай. Хааяа толгойгоо амраахын тулд триллер кино үздэг. Хүн бүр л кино үзэх бүртээ өөрийгөө гол дүрийн оронд тавьж “Би байсан бол яах бол” гэж боддог байх. Миний хамгийн дуртай кино “Perfume: The Story of a Murderer”.   

  3. Хэзээ хамгийн бүтээлч байдаг вэ? Шөнө дунд л толгой хамгийн сайн ажилладаг. Үе үе толгойд зогсолтгүй шинэ санаа орж ирээд үүр цайтал унтаж чадахгүй хөрвөөх үе ч бий. 

  4. Ойрын өдрүүдэд ямар зүйл дээр төвлөрч ажиллаж байна? Ойрд “Trash Shop” дэлгүүрийн ажиллуулахын зэрэгцээ бичиг цаас, төлбөр тооцоо, зураг авалт, ээмэг зүүлтний загвар гаргах гээд ажил ихтэй, байнга завгүй гүйж байна даа. 

  5. Хэзээ хамгийн сүүлд үхтлээ инээсэн бэ? Би ер нь их “инээмтгий” хүн юм шиг байгаа юм. Хамгийн сүүлд ээжтэйгээ инээдтэй юм ярьж зөндөө инээсэн нь санаанд орж ирж байна. Манай ээж их шогч, хошин шогийн мэдрэмжтэй хүн байдаг. 

  6. Сонсох дуртай амьд хөгжмийн хамтлаг? Хөгжим миний амьдралын салшгүй хэсэг. Нэрлэвэл маш урт жагсаалт гарах байх. Тухайн өдөр сэтгэл санаа ямар байгаагаас шалтгаалж дуугаа сонгодог. Гадаадаас “The Chemical Brothers”, Tame Impala, Arcade Fire”, “The Drums”, “Depeche Mode”, “MGMT”, ”Bood Orange” гэх мэт, Монголоос Nisvanis, The Lemons, The Colors, Mohanik, Futuroma хамтлагийн дууг сонсох дуртай. 

  7. Өөрийнхөө амьдралыг дууны нэрээр нэрлэ гэвэл? King Krule-ийн “Easy Easy” дууг нэрлэмээр байна. Дууны нэрийг кавичкинд хийсэн учраас шууд утгаар нь хүлээж авахгүй байх гэж найдъя.   

  8. Стиль, хэв маягаа бүрдүүлэхдээ хэнээс эсвэл юунаас урам зориг авдаг вэ? Сэтгэл санааны байдалдаа тохируулж хувцасладаг. 

  9. Эрэгтэй хүнийг түрүүлж болзоонд урьж байсан уу? Нэг л удаа түрүүлж ам нээж эрэгтэй хүнтэй танилцаж байсан. Хүмүүс харилцан бие биенээ хүндэлж байвал хэн нь түрүүлж санаачилга гаргах нь чухал биш гэж боддог. Амьдрал богинохон. Тиймээс хэн хэнийгээ хүлээж, их зан гаргах нь хайран шүү дээ. Гэхдээ “одооны” эрчүүдийг илүү зоригтой, санаачлагатай байгаасай гэж хүсдэг. 

  10. Арван жилд байхдаа ямар хичээлдээ хамгийн муу байсан бэ? Химийн хичээл дээр юу хийгээд байгаагаа ойлгодоггүй байсан. Азаар математиктай сайн байсан болохоор химийн хичээл дээр мэдрэмжээрээ явж байгаад сайн дүнтэй төгссөн дөө.   

  11. Өнөөг хүртэл сайн хийж сураагүй нэг зүйлээ нэрлэ гэвэл? Өөрийгөө хамгийн түрүүнд тавьж сураагүй л гэж хэлэх байхдаа. Хүний өмнөөс санаа зовж, тэр хүний тав тухтай, аятай таатай байдлыг харсаар байгаад өөрөө хохирох үе байдаг. 

  12. Туршиж үзэхийг хамгийн их хүсдэг нэг зүйл? Bungee jumping буюу өндрөөс үсэрч үзэхийг хүсдэг. Шинээр төрсөн юм шиг л мэдрэмж төрөх байхдаа гэж боддог. Даанч зүрх муутай болохоор хүслийн жагсаалтдаа л үлдэх байх даа. 

  13. Нэг дор дээд тал нь хэдэн шил пиво ууж чадах вэ? Бас л сэтгэл санааны байдлаас шалтгаална. Догдолсон, сэтгэл санаа өндөр байгаа үед нэг шил пиво уугаад ч тасарч магадгүй. Харин настр муутай байвал 10 шил пиво уугаад ч тоохгүй болов уу. Гэхдээ хөгжим, уур амьсгал, эргэн тойрны хүмүүс гоё байвал согтууруулах ундаа хэрэглэх шаардлагагүй гэж боддог. 

  14. Дуртай амттан чинь юу вэ? Амттанд их дуртай. Дэлгүүрүүдэд байдаг гашуун амттай тоглоомон савтай чихэр, хэд хоног идээд дуусдаггүй нүдтэй ‘monster’ чихэр, пуужин хэлбэртэй гелин чихэр гэх мэт хэ хэ. 

  15. Хоолны дэглэм барьдаг уу? Хоолны дэглэм барихыг хүсдэг ч шөнө 3,4 цагийн үед дуртай юмаа идээд сууж байх нь энүүхэнд.   

  16. Хамгийн сүүлд уншсан ном? Багаасаа л ном унших дургүй байсан. Юм уншихаар тархинд олон янзын төсөөлөл буугаад байдаг болохоор өмнө уншсанаа санахгүй нэг өгүүлбэрээ дахин дахин уншаад байдаг.   

  17. Таны уурыг юу хамгийн их хүргэдэг вэ? Хүмүүс бүдүүлэг, соёлгүй зан гаргахад дургүй.   

  18. Таны амьдралын хамгийн чухал гурван зүйл юу вэ? Гэр бүл, хөгжим, урлаг 

  19. Ирэх 5 жилд тавьж буй хамгийн том зорилго? Ажилтай холбоотой зорилго л бодогдож байна. Дотроо төсөөлчихсөн байгаагаа л бодитоор биелүүлэхийг хүсэж байна. 

  20. 10 жилийн өмнөх өөртөө өгөх зөвлөгөө? Юу ч захихгүй байхаа. Туулж ирсэн алдаа, оноо минь өнөөдрийн “би”-г бүтээсэн учраас үүнийг өөрчлөхийг хүсэхгүй байна. 

Гэрэл зургийг Б.Долгорсүрэн


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
0
58
0
0
0
2
2

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

uhaantai ohiduud bnaa ajliin amjilt husey 2019.03.15 202.126.89.193

uhaantai ohiduud bnaa mongoliin ohiduud bugd iim bodol husel wrmelzeltei bval mongol hogjinoo ajliin amjilt

0 Хариулах


Зочин 2019.03.14 64.119.26.47

Хөөрхөн юмаа. Үнэн сэтгэлээсээ сайхан ярилцжээ. Хөдөлмөрч, дайчин, ухаалаг ихэр охидуудад амжилт, аз жаргалыг хүсье

0 Хариулах


Зочин 2019.03.13 103.229.122.223

Jerrygiin naiz zaluu colors iin duuchin ymu

1 Хариулах


Зочин 2019.03.14 93.135.179.2

Bishe

0 Хариулах


Зочин 2019.03.14 182.160.2.136

tgeed hen yin :P

0