Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Цэгцтэй мэдлэг олгох шилдэг 8 баримтат цуврал | Tegshee's Movie Corner


Кино үзэнгээ мэдлэгээ тэлээд авна гэдэг догь биз. Гэхдээ мэдээж уран сайханы кино биш шүү дээ. Энэ удаад уншигчиддаа баримтат цувралаар дамжуулан шинжлэх ухаан, байгаль экологи, ан амьтан, урлагийн боловсорлоо нэмэгдүүлэх, энэ чиглэлээр цэгцтэй мэдлэг олж авах боломжийг санал болгож байна. Энэхүү зорилгоор телевизийн түүхэнд хамгийн их амжилт олсон 8 онцлох баримтат цувралыг танилцуулж байна. Ингэхдээ шинжлэх ухаан, байгаль, хүн, урлаг гэсэн чиглэл бүрээс тэгш багтаахыг эрмэлзсэн билээ.


1. Сансар: Огторгуйн цаг хугацаан дахь Одиссей (2014)

Уг бүтээл нэрт одон орон судлаач, астрофизикч Карл Саганы 1980 онд толилуулж байсан “Сансар огторгуй: Хувь хүний аялал”(Cosmos: Personal Voyage)баримтат цувралын шинэчилсэн хувилбар юм. Тухайн үед Карл Саганы баримтат цувралыг сансар огторгуй, шинжлэх ухааны ойлголтыг олон түмэнд хүртээмжтэй болгоход үсрэнгүй дэвшил авчирсан гэж онцгойлон үнэлдэг байсан бол өдгөө хэдийн сонгодогт тооцогдох болжээ. 1990 он хүртэл сайхь цувралыг 60 оронд 400 сая орчим хүн үзсэн гэдэг тооцоо бий. Бидний танилцуулж буй 2014 оны шинэчлэн найруулсан хувилбар нь өмнөхийн адил 13 ангитай бөгөөд ам ангайлгаж, нүд баясгам бодит график дүрслэл, найруулгаараа онцгойрох бөгөөд сансар огторгуйн талаар санаанд оромгүй сонирхолтой баримт, ойлголтуудыг дэлгэж, үзэгчийн энэ чиглэлийн мэдлэгийг гүнзгий тэлж чадах “супер” бүтээл юм. Магадгүй та Стэнли Кубрикийн “2001:Сансрын Одиссей”эсвэл Кристофер Ноланы “Интерстеллар”-т дуртай бол энэхүү баримтат цуврал танд таалагдана.

2.“Байгаль дэлхий” (2006)

Байгалийн зүй тогтоц, байгалийн үзэгдэл, бүтцийн талаарх танин мэдэхүйн цэгцтэй ойлголт өгөх шилдэг бүтээлүүдийн нэг. Тус бүр нь 50 минут үргэлжлэх 11 ангит сайхь цувралыг бүтээхийн тулд 5 жилийн хугацаа зарцуулсан бөгөөдBBC-ийн түүхэнд хамгийн өндөр төсвөөр бүтсэн баримтат цувралд тооцогддог. Уг цуврал анх 2006 оны 5 сард Их БританидBBC-ийн нэгдүгээр сувгаар гарснаас хойш 1 жилийн дараа гэхэд нийт 130 оронд гарсан гэсэн судалгаа бий. Дэлхий нийтээр шимтэн үзсэн байгаль, экологийн чиглэлийн хамгийн алдартай танин мэдэхүйн цуврал гэвэл энэ биз. Та уг цувралаас хойд, өмнөд туйл, уул нурууд, цэнгэг ус, агуй, мөсөн тогтоц, их тал, ширэнгэн ой, тэнгис далай, ой моддын экологийн орчин нөхцөл,  ан амьтдын тухай дэргэдээс нь ажиж байгаагаас өөрцгүй ойрын, үзэсгэлэнт зураглалуудыг бахдан тольдож, байгаль эхийн гайхамшигуудыг танин мэдэж болно.

 3. “Амьдрал” (2009)

BBC-ийн ан амьтдын тухай хамгийн алдартай цуврал бүтээл. Чарльз Дарвины “амьд биетийн оршихуйн төлөөх тэмцэл” гэх ойлголт дээр тулгуурлан, хөхтөн амьтдаас эхлээд шавьж хүртэлх түгээмэл төрөл зүйлийн амьд биетийн амьд үлдэх зөн, механизм, зан үйл, тэмцэл, экологийн орчныг үзүүлсэн  10 ангит уг цувралыг бүтээхэд 4 жилийн хугацаа зарцуулжээ. Амьтдын ертөнц хичнээн сонин содныг тэр ертөнц рүү өнгийхгүй л бол бид хэзээ ч төсөөлөхгүй. Хүн хэдий цэвэр байгалийн, төрөлх зөн, мэдрэмжийн гэхээс илүүтэй нийгмийн тогтолцоо, оюун ухааны амьтан боловч биологийн шинжээ бүрэн үгүйсгэж дийлэхгүй, тиймдээ ч амьтдын ертөнц рүү өнгийх нь хүн өөрийгөө биологийн шинжийн хувьд танин мэдэх эхлэл ч байж болох юм. Үгүй байлаа ч амьтдын ертөнц гэдэг хичнээн гайхамшигтайг та энэ цувралаас мэдэрч болно.

4.Хүний бие(1998)

Анагаах ухааны доктор Роберт Винстон шинжлэх ухааны зөвлөхөөр ажилласанBBC-ийн “Хүний бие” хэмээх 7 бүлэгт баримтат цуврал гараад хэдий 12 жилийн нүүрийг үзсэн ч өдгөө хүртэл нэр хүнд, ач холбогдлоо алдаагүй юм. Уг цувралд төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд хүний биед явагддаг бүхий л биологийн хувьсал, үйл явц, учир шалтгаан зэргийг уран сайханы өгүүлэмж ашиглан, энгийн нүдээр ажиглах боломжгүй түмэн зүйлийн биологийн үйл явцыг өндөр хүчин чадалтай, электрон болон соронзон бичил микроскопоор нарийвчлан үзүүлсэнээрээ онцлог юм. Хүн төрөлхтний өлгий гэр гэвэл гарцаагүй байгаль эх, харин хүн гэгч амьд организмын оршин тогтнох гэр гэвэл яалт ч үгүй бидний бие махбодь билээ. Тиймээс өөрсдийн бие организмыг судлах нь хэнд ч сонирхолтой байх болов уу.

5. “Та өөрийгөө хэн гэж бодож байна?”(2010)

“Та өөрийгөө хэн гэж бодож байна?” гэх уг бүтээл 4 жилийн турш үргэлжлэн хийгдэж буй, олон нийтийн сонирхлыг хамгийн их татсан удам зүй судлалын нүсэр баримтат цувралуудын нэг юм. Уг цувралыг 2004 ондBBC-ээс гаргасан ижил нэрт цуврлаас сэдэвлэн бүтээжээ. 2010 оны 3 сарын 5-нд анх АНУ-ийнNBCсувгаар олон нийтийн хүртээл болж байсан уг цуврал өдгөө нийт 5 бүлэг, 36 анги гараад буй билээ. Уг удмаа ихэд эрхэмлэн үздэг, “цэвэр монгол цус” гэх ойлголт хүчтэй яригддаг бидний хувьд уг цуврал танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байж болох юм.

6.Иргэншил: Кеннет Кларкын хувийн үнэлэмж(1968)

“Иргэншил” бол дундад зууны үеэс өдийг хүртэлх Өрнийн урлаг, гүн ухаан, уран барилгын түүхийг өгүүлсэн, телевизийн цуврал кино юм. Их Британийн BBС-ээс эрхлэн гаргасан уг цуврал Их Британийн телевизийн урлагийн түүхэн дэх анхны өнгөт кино цувралуудын нэг байв. Цувралын эхний анги 1968 онд дэлгэцнээ гарч байлаа. Мөнхүү цувралыг олноо алдартай урлагийн түүхч Кеннет Кларк санаачлан, өөрөө найруулан хөтөлжээ. “Иргэншил” цуврал тухайн үедээ маш их амжилт олж олон нийтийн урлагийн боловсролд чухал хувь нэмэр оруулсан бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Гэвч дундад зуунаас өмнөх хүн төрлөхтний урлаг, гүн ухаан, урлан бүтээхүйн түүхийг алгассан төдийгүй хүн төрлөхтөний нөгөө жигүүр болсон Дорно дахины оюун сэтгэлгээний түүхийг онхи орхичихоод “Иргэншил”-ийн түүхийг өгүүлж яахин болох билээ хэмээн ихэд шүүмжлүүлсэн тал бий. Кеннет Кларк ч нэрний алдааг хүлээн зөвшөөрч боломж тохиовол алдаа мадгаа залруулах бодол тээж явжээ. Харин BBC агентлаг мөнхүү цувралыг 2014 оноос эхлэн шинээр бүтээх болсоноо саяхан нийтэд зарласан байна. Чингэхдээ нэрний “алдаа”-г ч бас залруулна гэдгээ амлажээ. 

7.    Кино урлагийн түүх: Одиссей (2011)

Ирландын кино шүүмжлэгч Марк Каусинс 2004 онд хэвлүүлсэн “Кино урлагийн түүх” номноосоо сэдэвлэн кино урлагийн түүхэн замналыг харуулсан, нийт 900 минутын урттай, 15 анги бүхий цуврал бүтээсэн нь “Кино урлагийн түүх: Одиссей” баримтат бүтээл юм. 2011 оны 9 дүгээр сараас эхлэн Их Британийн “Дөрөвдүгээр суваг” телевизээр үзэгчдэд хүрсэн уг бүтээлийг кино урлагийн ертөнцөд тухайн ондоо гарсан хамгийн онцлох үйл явдалд тооцоод зогсохгүй кино урлагийн түүхийн хамгийн ончтой “бичлэг”, киночдод илгээсэн хамгийн уншууртай хайрын захидал хэмээн нэрийдэж байлаа. Кино урлаг үүссэн түүхээс эхлээд Холливуд мөрөөдлөөр үргэлжилж, Дэлхийн кино урлагийн алтан үеэр дамжин дуу, дүрсний хувьсгал, дэлхийн дайнуудын дараа үеийн кино урлагийн хөгжил, кино урлагт сексийн сэдэв, мелодрам хүчтэй түрэн орж ирсэн үе, Европын шинэ давалгаа, шинэ найруулагчид-шинэ хэлбэрүүд үзэгчдэд юу санал болгосныг үзүүлэхийн ялдамд кино урлагийн өнөөгийн болон ирээдүйн төлвийг өгүүлээд төгсдөг эл цувралыг арван таван завсарлагатай, кино урлагийн курс хичээл ч гэж нэрлэх нь бий.

8. Суут бүтээл төрөх агшин  (2001-2010)

BBC-ийн сайхь цуврал нийт 9 жилийн хугацаанд үргэлжлэн бүтээгдсэн урлагийн түүхийн хамгийн нүсэр баримтат бүтээлүүдийн нэг юм. Тус бүр 50 минут үргэлжлэх нийт 22 цуврал ангиар үзэгч хүн төрөлхтний урлагийн түүхэн дэх 22 шидээвэр бүтээл хэрхэн бүтсэнийг нарийн баримт, гүнзгий задлан шинжлэл, тухайн уран бүтээлчийн сонирхолтой намтарын хамт хүлээн авч урлагийн боловсролоо нэмэгдүүлэх боломжтой. Микеланжелогийн “Давид” баримал, Эдвард Мункийн “Хашхираан”, Огюст Родений “Үнсэлт”, Ван Гогийн “Наранцэцэг”, Пабло Пикассогийн “Авиньоны хүүхнүүд”, Густав Климтын “Үнсэлт” зэрэг хэн бүхний сайн мэдэх боловч мэдэхгүй суут бүтээлүүдийн нарийн нууцад нэвтрэхийг хүсвэл энэ цуврал танд туслана.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
10 цагийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
10 цагийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
9 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.