Хайх зүйлээ бичнэ үү

25 мин

Ц.Оюунгэрэл: С.Оюун, Б.Булган хоёр С.Зоригийн хөшөөнд хамт очих албагүй

Энэ цагийн бидний хэний маань ч амьдралд тохиогоогүй маш гайхамшигтай зүйлсийг хэлэх өдөр Б.Булганд ирэх байх аа.


УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, "Жорлонгоо өөрчилье" төслийн санаачлагч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. 

-Өглөө сэрэхэд л таагүй, хирдхийм мэдээллүүд угтдаг, айдас гэдэг зүйл нийгэмд тодорхойгүй түгшүүр зарлаж байх шиг. Та хүний эрхийн төлөө тэмцэгчийн хувьд сүүлийн үед гаарч байгаа хүчирхийллийн гэмт хэргүүдийг юутай холбон үздэг вэ. Эсвэл далд байсан зүйл цахим сүлжээ бий болсноор ил гарч, одоогийн хүмүүсийн өдөр бүр үзэн ядах шалтгаан нэмэгдчихэв үү? 

-Жигшүүрт хэргүүд өмнө нь ч үйлдэгддэг байсан. Цахим сүлжээ байгаагүй үед мэдээлэл нь одоогийнх шиг тэгтлээ олон хүнд хүрдэггүй байсан тал бий. 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа бидний хэдэн нөхөд Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг батлуулж, энэ дагуу Тахарын алба байгуулагдаж байв даа. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс Тахарын албанд амьд мэнд зугтаж очдог, эрсдэлтэй өдрүүдэд толгой хорогдон аюулгүй орчинд орогнодог байтал 2016 онд шинэ Засгийн газар байгуулагдаж энэ газрыг татан буулгаснаар хэргийн хохирогч, гэрчүүд эрхээ хамгаалуулж чадахаа больсон юм. Хүчирхийлэл үйлдсэн хүний дэргэд үргэлжлүүлэн амьдарч байхдаа гарт нь амь насаа алдах тохиолдол илүү олон болж байна шүү дээ. Миний хувьд сүүлийн үеийн гэмт хэргүүдийн мэдээллийг уншиж байхад надад нэг л юм бодогдоод байгаа нь юу вэ гэвэл, хүчирхийллийн золиос болж амь насаа алдахаасаа өмнө оргож босоод ч гэсэн зугтаад очих газар нь байсан шүү дээ... гэж. Гэтэл хүмүүс одоо хүчирхийллийн эсрэг нийгмийн дуу хоолойгоор түрээ барин цаазын ялыг сэргээх гаргалгааг би буруу гэж боддог. Хүчирхийлэлд өртөөд байгаа хэсгээ хамгаалах нь хавьгүй чухал байтал хүчирхийлэгчийг цаазаар авахыг чухалчилж, энэ санаачилгыг дэвэргэж байгаад сэтгэл зовниж байна. Хүчирхийлэгч эрхээ хасуулан шоронд эдлэх ялтай, бүх насаар нь хорих шийтгэл ч бий. Цаазыг сэргээнэ гэдэг хүчирхийлэлтэй тэмцэх зөв арга биш.

-Таныг эмэгтэй хүн байж, хүний эрх гэж олон жил ярьсан, явсан байтлаа охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа бусармаг үйлдлийг цаазаас гэтэлгэх гэлээ хэмээн ойлгохгүй хүмүүс гарах байх?

-Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэг хатуу шийтгэлтэй байх ёстой гэдэгтэй хэн ч маргахгүй. Бүр ой тойнд багтамгүй муухай хэрэг. Гэхдээ цаазын ялыг сэргээснээр гарах үр дагаварт л миний санаа зовоод байгаа юм. Хэрэв хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн хүн өөрийгөө өмгөөлөх чадваргүй байгаад, олон нийтийн уур бухимдлын эсрэг үнэн мөнөө баримтаар гаргаад тавьчих боломжгүйгээсээ хороогдвол яах билээ. Хэсэг хугацааны дараа хэрэг задарч, түүнийг цагаатгах баримт гарч ирэхэд нас барсан хүнийг яах гэж. Канад улс гэхэд л яг хүчингийн хэргээс болж цаазыг халсан байдаг. Тэнд хүчингийн нэг хэрэгтэнг цаазаар авснаас 20 жилийн дараа шинжлэх ухааны нэгэн нээлт гарсан нь эсийн шинжилгээ байж. Гэтэл тэрхүү цаазаар авахуулсан хүний эс хэрэг үйлдээгүйг нь нас барснаас нь 20 жилийн хойно бат нотолсон байдаг. Төр бол ямагт цэвэр шүүдэг, алдаагүй ялладаг институц биш учраас баараггүйн үүднээс ямар ч ялтныг амьд байлгах ёстой. 

-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг яргалж байгаа бичлэг Төрийн ордонд дэлгэгдсэнээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг удахгүй суллах улс төрийн нөхцөл бүрдэж байх шиг. Та одоогоос гурван жилийн өмнө С.Зориг агсаны гэргий Б.Булганыг Төв аймагт хоригдож байхад анх залхаан цээрлүүлж байгаа талаар олон нийтэд дэлгэж байсан. “С.Зоригийн” гэх энэ хэргийн тухайд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн одоо баримталж буй байр суурь Танд хэр үнэмшилтэй санагдаж байна вэ? 

-Маш бодитой санагдаж байна. Анх Б.Булган юуны учир Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэрчлэх эрхээ хасуулав гэдэг нь л өөрөө том асуултын тэмдэг байсан. Амьд, цорын ганц гэрч Б.Булган шүү дээ. Тэр хүнийг шүүх хуралд оруулах гэхээр “Эд нар алаагүй” гээд хэлчих гээд, худал жүжиг төгсчих гээд байсан юм болов уу. Мөрдөн байцаалтынхаа шатнаас “но”-той болсон учраас гэрчгүй, дээр нь хохирогч, өмгөөлөгч үг хэлэх эрхгүй, маш үнэмшилгүй шүүх хурал. Хүчилж дэглэсэн энэ жүжгийг би хүний эрхийн наад захын хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйл явц боллоо гэдгийг тухайн үед ч шүүмжилж байсан. Хөдөлшгүй нотлох баримт байгаагүй учраас тэр олон хүний эрхийг зөрчихөөс аргагүйд хүрсэн гэж би боддог. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутгасан баримтыг шүүх эргэж хянаад, хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудыг нь үлдээгээд, хууль бусаар авагдсаныг хэргээс нь хасах ёстой. Тэгж байж л шүүх шийдвэрээ өөрчлөх, эсэхээ тогтооно.  

Б.Булган ээдрээтэй хэргийн, эр нөхрийнхөө үхлийн гэрч байсаар дуусаж байгаа нь манай үеийнхний гуниг шүү дээ.

-С.Зоригийг хэн хөнөөв, хэргийг хэн захиалав гэдэг асуулт ингээд 21 дэх жилдээ мухардаж байна. Өнгөрсөн хугацаанд талийгаачийн эхнэр Б.Булганд эргэлзэх сэтгэлзүй нийгэмд нэлээд газар авч амжлаа. Та бол С.Зориг агсаны амьд сэрүүндээ хэн байсныг ойроос гадарлах, мөн Б.Булганыг хоригдож байх зовлон зүдгүүртэй үед нь уулзаж ярилцаж, дэргэд нь байж чадсан хүн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба амьд мэнд цор ганц гэрч гэх энэ холбоос дахь Б.Булган гэдэг оршихуйн тухайд ямар бодол санаа Танд байдаг вэ. Ер нь Б.Булган ямаршуу хүн юм, хүн амины хэрэг нүдэн дээр нь болж эр нөхрөө алдсанаас хойших өнгөрсөн 21 жилийн хүнд хэцүүг яажшуухан туулж, юу санаж, юунд итгэж амьдардаг хүн бол оо. Энгийн эмэгтэйн сэтгэлзүй төдийгөөс өдий хүртэлх тээшийг дийлэмгүй төсөөлөгддөг?

-С.Зориг, Б.Булган хоёрыг номд үнэнхүү шимтдэг чанар нь, уншсанаа хоёр биедээ хуваалцаж, тэгээд тэр ертөнцдөө уусаж чаддаг нь нийлүүлсэн юм билээ. Аймшигт хэрэг явдлаас хойш Б.Булган гэж хачирхалтай амьдралтай, ойлгомжгүй нэгэн эмэгтэй бий болсон. Тэр ном уншиж л өнгөрсөн он жилүүдийг барж, тэсэж тэсвэрлэх учир шалтгааныг олж шүү дээ. Өөр газар орчинд аялж, янз бүрийн түүхтэй өөр хүмүүстэй танилцах боломж номд л байдаг. 2016 онд намайг Б.Булгантай уулзахаар очиход зөвшөөрөл өгөхгүй гээд, би үүдэнд нь суулт зарлаж байж нэг юм дотогш ороход тэр надад нэг л гомдол мэдүүлсэн. Юу гээч. “Намайг ном уншихыг хориглочихсон. Сэтгэл тайван баймаар байна. Би уншмаар байна. Тэд хураагаад авсан” гэж хэлсэн. Үнэхээр уншдаг хүн л шоронд ийм юм ярина шүү дээ. С.Зориг асар их уншдаг. Энэ нь түүний амьдралын хэв маяг байсан. Үүнээс би С.Зориг, Б.Булган хоёрыг сэтгэлийн амраг байж гэж боддог юм. Би Б.Булганыг оюунлаг чанар, мэдлэг боловсрол, дэлхий ертөнцөд өрнөж буй юмс үзэгдэл бүрийг сониучирхагч эрч хүчээ нийгэмдээ зориулж, бусдад зарцуулж чадаагүйд маш их харамсдаг. Б.Булган ээдрээтэй хэргийн, эр нөхрийнхөө үхлийн гэрч байсаар дуусаж байгаа нь манай үеийнхний гуниг шүү дээ. Тагнуулын ерөнхий газар Б.Булганы олон нийтэд өөрийгөө илэрхийлэх эрхийг анхнаас нь хорьчихсон учраас энэ хүн юу бодож санаж яваагаа 21 жилийн турш илэрхийлж чадаагүй. Тэр дуугүй байгаад байгаа нь өөрийнх нь буруу биш. Төр түүний эрхийг хассан. Хамгийн эмгэнэлтэй, аймшигтай шоглоомтой нь нөхрийнхөө авчирсан хүний эрхүүдээс хүн бүрийн наад захын эрх болох үг хэлэх эрхийг эдлэх эрхгүй нэгэн болж хувирсан даа. Түүнд ядаж шүүх хуралд оролцоод сэжигтнүүдийн талаар үгээ хэлэх эрхийг нь хүртэл олгоогүй. Гэхдээ би хэзээ нэгэн цагт Б.Булганд үгээ хэлэх өдөр ирнэ гэдэгт итгэдэг. Энэ цагийн бидний хэний маань ч амьдралд тохиогоогүй маш гайхамшигтай зүйлсийг тэр хэлэх байх аа.

-С.Зориг үрэгдсэнээс хойш жил өнгөрөх тусам Б.Булган талийгаачийн гэр бүлийнхнээс холдож, тэмдэглэлт өдрүүдэд хөшөөнийх нь дэргэд хамтдаа зогсохоо больсон байна. Тэд цагтаа нэг гэр бүл байсан хүмүүс. Яагаад харилцаагаа тасалсныг нь ойлгох алба хүмүүст байхгүй л дээ. Гэхдээ..

-Тэр гэр бүлийг шүүх, хоорондын харилцааг нь задлан шинжлэх эрх бидний хэнд ч байхгүй. Нэгэн гэр бүл хэтэрхий их зүйлийг үзэж туулж байна шүү дээ. С.Оюун, Б.Булган хоёр хөшөөнд нь заавал хамт очих албагүй. Харин яаж энэ гэр бүл ийм хүнд нөхцөлд, ийм олон жил тэсэж байдаг юм бол. 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн эргэн тойронд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн нэр хүчтэй яригдаж байна. Та улс төрд орохдоо л Ц.Элбэгдоржийн туслахаас ажлаа эхэлснээс авахуулаад олон жилийн турш хамтрагчид явсан. С.Зориг амь үрэгдсэний дараахан Ц.Элбэгдоржийн хэлэх үгийг Та компьютерт шивэхдээ асгартал уйлж байсан гэж Ерөнхийлөгч асан саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан шүү дээ. Тэр үеийн улс төр дэх гол дүрүүд болох С.Зориг, Ц.Элбэгдорж хоёрын хоорондын ялгарал юу байсан нь С.Зоригийг нэхэн санахыг хүсдэг одоогийн уншигчдад сонин байх болов уу?

-Ц.Элбэгдорж бол маш сайн бичдэг улстөрч. Өдрийн тэмдэглэл бичнэ. Илтгэл, хэлэх үгээ өөрөө бичнэ. Гараас нь маш их зүйл гардаг манлайлагч гэж би боддог. С.Зориг гишүүн хүмүүсийг эвлэрүүлэх, зуучлах, зөвшилцөхөд нарийн түвэгтэй асуудлуудыг талуудад ойлгуулах чадвартай улстөрч байсныг мэдэх юм. Ялангуяа асуудлыг шинжлэх ухааны үүднээс томъёолох авьяасаараа С.Зориг бусад улстөрчдөөс толгой дээгүүр байсан. С.Зоригийг багшилж байхад хичээлд нь суух завшаан надад тохиолдож байгаагүй боловч манай нэг найз түүний шавь байсныхаа хувьд багшаа шүтэн биширдэг байлаа. Оюутнууд С.Зоригийн заадаг хичээлд маш сонирхолтой кино үзэж байгаа юм шиг таатай суудаг байсан гэдэг. Эл хоёр улстөрч хувь чанарын хувьд яалт ч үгүй өөр хүмүүс. 

-С.Зориг үрэгдсэн гэдгийг Ц.Элбэгдоржтой хамт хамгийн түрүүнд сонссон байж болох хүмүүсийн нэг нь Та шүү дээ. Тэр өдөр, түүнээс хойшихыг товчхон дурсахгүй юу?

-Хагас сайн өдөр шүү дээ. Би тэр мэдээг сонсох үедээ юу хийж байснаа ч санаж байна. Хогоо шүүрдчихсэн зогсож байтал ажлаас утасдаад юу болсныг дуулгасан. Гүйгээд ирсэн, бөөн уй гашуу. Бүгд уйлчихсан. Тэр мэдээг сонсоод уйлаагүй хүн Монголд үгүй байх. Энэ хэргийг мөрдөн шалгах үйл явц яаралтай эхэлж байгаа юм байна гэсэн ойлголт хүн бүхэнд төрж байлаа. Тэр үед Ц.Элбэгдорж цагдаагийнханд бүх хүчээ тавьж шуурхай ажиллахыг өөрийн зүгээс даалгасан. Үнэн олдоно гэх итгэл найдвар надад бусдын л адил байсан учраас цагдаагийнхан юу хийж байна гэх мэт нарийн ширийнийг мэдэх ч гээгүй. Бүр хожим шүү дээ, 2015 онд С.Зоригийн хэргийг шалгах үйл явц нэг л буруудаад, хүний эрх зөрчигдөөд байгаа юм биш үү гэсэн эргэлзээ төрөөд байгаагаа УИХ-ын гишүүнийхээ хувьд ч, хамтран зүтгэж явсныхаа хувьд ч өрөөнд нь ороод Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өөрт нь хэлмээр санагддаг байсан. Тэгээд Ерөнхийлөгчийн суудаг өрөөний үүднээс хэд буцсаны дараа нэг удаа боломж гараад орж хэлсэн дээ. 2016 онд Б.Булгантай уулзуулахгүй бол явахгүй гээд хорихын шалан дээр суусны дараагаас надад Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй ярилцах боломж бүр ч олдоогүй. Харин Хууль, хүний эрхийн зөвлөхөд нь байр сууриа хэд хэдэн удаа хэлж байсаан. Тэр бүрт дамжуулж байсан, эсэхийг мэдэхгүй юм.

-Таныг анх Төрийн ордонд ажиллаж эхэлсэн 90-ээд оны дунд үе бол ардчиллын “хараацай” гэж нэрлэгдсэн одоогийн томчууд идэр залуухнаараа, улс төр, нийгмийн шилжилт дөнгөж эхэлж байх нэн сонирхолтой цаг. Бас Таны ажил, амьдрал ч Улаанбаатарт шинээр эхэлж байж. Би Таныг маш тод санаж байна. Өндөр зэгзгэр нуруутай, сайхан үстэй, яралзтал инээж явдаг нүд алдам залуухан сайхан бүсгүй эмэгтэй хүнийхээ хувьд олон нүд, олон сонголтын өмнө зогсож байгаагаа хэрхэн мэдэрч байв?

-Монгол Улсад анх удаа шинэ улс төрийн хүчин сонгуульд ялж, биднийг чиглэсэн гадаад, дотоодын сонирхол, хүлээлт дээд цэгт тулсан, тэр болгон нь намын даргын хариуцлага, нуруун дээрх ачаа, миний хувьд намын дарга Ц.Элбэгдоржийн туслахаар ажилласан үе л дээ. Эмэгтэй хүн гэдгээ мартсан он жилүүд байсан юм. Миний эргэн тойронд ажиллаж байсан хүмүүс, эрчүүд, ялангуяа дарга маань намайг эмэгтэй хүн гэхээсээ бичгийн машин, компьютер, утас л гэж хардаг, тийм ч байхыг шаарддаг байсан. Ц.Элбэгдоржтой харилцдаг бүх хүний утасны дугаар миний цээжинд, бичиг хэрэг, орчуулга, ажлын төлөвлөгөө, харилцаа холбоо гээд бүх зүйлийг нь би ганцаараа хариуцдаг байв. Бүгдэд хурдан хариулах, юуг ч гээлгүй тогтоож авах, гадаад харилцааны шугамаар ирсэн албан захидлыг шуурхай орчуулах, хариу илгээх гээд бүгдийг яг цагт нь амжуулах шаардлагатай байлаа. Ард түмнээс намын даргад хаягласан захидал, хүсэлт маш их ирнэ, ширээ минь бичиг цаасанд булаатай дарагдана. Нэг улирлын захидал харилцааны тайлан гаргахад УИХ-ын хамгийн олон буюу 45 гишүүнтэй Эдийн засгийн байнгын хороонд ирсэн захидал 300 ширхэг байхад ганцхан Ц.Элбэгдоржид 550 захидал, бичиг тоологдож байсан. Энэ бол зөвхөн УИХ-ын шугамаар ирсэн л тайлан. Гэтэл нам, Ардчилсан холбооны шугамаар ирж байгаа захидал гэхэд үүнээс гурав дахин олон байх жишээний. Тэгэхээр тэр үед би эмэгтэй хүн гэхээсээ зүгээр л өвддөггүй, гомдоллодоггүй, эвдэрдэггүй маш сайн ажлын машин байх ёстой болсон юм. Өдөрт миний гараас 30 гаруй бичиг төлөвлөгддөг байсан даа. Энэ ачаалал дунд ажиллах хугацаанд харин би маш олон зүйлийг олж мэдсэн. Ард түмэн, ард түмэн л гэдэг, гэтэл ард түмэн гэж хэн юм, тэдний хүсэл сонирхол юу байдаг юм, ард түмний хүсэл сонирхолд нийцсэн улс төрийн хүчин юу хийх ёстой юм гэх мэтээр улс төрийн школыг би тэнд байхдаа ойлгосон. Ц.Элбэгдорж дарга миний өнөөдрийн хэн байхад нөлөөлсөн гэж ойлгодог хүмүүс бий. Зарим талаараа тийм. Ц.Элбэгдорж надад “Чи ийм улстөрч болоорой” гэж заагаагүй ч гэсэн дэргэд нь ажиллаж байх үед түүнд ирж байсан ачааллыг туслахынх нь хувьд би мэдэрч, хуваалцаж, шйидэлцэж байсан учраас асуудлыг яаж шийдвэл хүнд тустай байдаг, ямар зарчим барьвал олон хүнд гай болдог гээд улс төрийн шийдлүүдийн ялгааг харсан. Тэгэхэд өнөөгийн улстөрчийн төлөвшлийн маань суурь тавигдсан гэдэг бол үнэн.        

-Та улс төрд 30 жил явахдаа нүдэн дээр чинь найз нөхөд, тэдний итгэл үнэмшил хувьсан өөрчлөгдөхийг харахад уран зохиол бичдэг хүний хувьд энэ нь гарцаагүй шүүрээд авмаар сэдэв, адармаатай гоё дүрүүд мэт санагддаг уу?

-Мэдээж. 

-Та нэн сонирхолтой улс төрийн баримтат тууж бичих үү?

-Хүсдэггүй ээ.

-Таны таньж мэдсэнээр улс төр гэж юу юм бэ?

-Сайн улстөрч тухайн улс орныг алхам урагшлуулдаг юм байна. Барилгачид давхар давхраар нь өндөрсгөсөөр барилгаа босгодог шиг. Улстөрч хүний хөдөлмөр юу вэ гэвэл, ард түмний амьдрал түүний үед нэг алхмаар сайжрахад оршдог. 

-Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд ямар үеэс нь гажуудал эхэлсэн болоод бидний өнөөгийн амьдрал бусад улс орны урагш хөгжиж дэвжсэн 30 жилтэй харьцуулахад сайнгүй байгаа хэрэг вэ?

-Улс төрийн үйл ажиллагаа гэдэг яг л зиг заг шиг юм билээ. Нэг хэсэг нь алхам урагшлуулах механизм оруулж ирдэг. Нөгөө хэсэг гарч ирээд хүчингүй болгодог. Хүчингүй болгохдоо механизмаа тэр чигээр нь биш, сул талуудыг нь хүчингүй болгоод засаж залруулах гэж үзнэ. Тэгж байтал ашиг сонирхол орж ирнэ. Ухарна. Улс орны эрх ашиг, тодорхой бүлгийн ашиг сонирхол гэдэг хоёр зүйл байнга өрсөлдөж явдаг. Та бид хоёрыг ярилцаад сууж байх яг энэ үед Захиргааны ерөнхий хууль дахь амжилтыг ухраах маш том ашиг сонирхлыг УИХ хэлэлцэж байна шүү дээ. Иргэд захиргааны шийдвэрийг шүүхэд заргалдах эрхтэй. Гэтэл одоо уг хуулийн хэрэгжих хамрах хүрээнээс уул уурхайг хасахаар хэлэлцэж байна. Засгийн газар ашигт малтмалын асуудлаар буруу шийдвэр гаргавал иргэд түүнийг нь шүүхэд өгөх эрхгүй болох нь. Энэ бол маш том ухралт. Хэрэв үүгээрээ батлагдвал иргэд дараагийн сонгуулиар өөрсдийнх нь уул усаа хамгаалах эрхийг хуульд буцаах улстөрчийн төлөө л саналаа өгнө. Ингээд л ухрах, давших хөдөлгөөн ээлжилдэг. Ямар улс илүү хурдан хөгжөөд байна гэхээр хувийн ашиг сонирхолд автдаггүй улстөрчидтэй нь урагшлаад, явцуу сонрхол давамгайлсан хүмүүсийг сонгодог газарт ухрах алхмууд давтагдаад хөгжил удаашрах жишээтэй. Ер нь улс төр бол молекул шиг мөнхийн хөдөлгөөнд оршдог. Монгол орон хөгжихгүй юм байна гэж бодож болохгүй. Тиймээс би эх орноосоо явахгүй. Эндээ л тэмцэж амьдарна.

-АН сөрөг хүчин байхдаа илүүтэй нийгэмд нөлөөлж, дүр төрхөө сайжруулж ирсэн түүхтэй. Энэ удаа АН нэг л бүтэлгүй харагдаж байна. Олон нийт ерөөс улс төрийн хүчинд итгэхээ больсонтой холбож ойлгох уу, эсвэл танай намын байж байгаа царайнд байна уу?

-Асуудал нь манай намд байгаа. Түүнээс биш олон нийтийн буруу гэж байхгүй. Нам сайн ажиллаж байж нийтийн дэмжлэгийг хүлээдэг. Үүний тулд манай АН зарчмаа тууштай барьж байж олны сэтгэлийг хураана. Заримдаа л зарчимтай, заримдаа зарчимгүй байвал улс төрийн нам дахь нийтийн дэмжлэг сарничихдаг шүү дээ.

-С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд танай намын дотоод амьдралыг ойлгохын тулд онцлон харж болох лидерүүд байна. Та эдгээрийн хэнийг нь дэмжиж байгаа вэ?

-Хэн нэгнийг нь онцлон дэмжих бодол алга. 2020 оны сонгуульд нам маань институцийн хувьд нэгдмэл байж, төрд альтернатив хувилбарын бодлого санал болгох ёстой. Намын албан ёсны лидер С.Эрдэнэ намаа эмхэлж нэгтгэх үүрэг хүлээж байна. Тиймээс түүнд сайн ажиллах, нягт нямбай байх шаардлага тулгарч байна.      

Үнэхээр нэг юм үзэж, нүд тайлсан, эрх чөлөөт ардчилсан оронд өсөж өндийсөн шинэ үеийн дүр төрхийг харж байгаадаа би маш их бахархдаг.

-Тантай уулзчихаад хүүгийн тань тухай ярихгүй өнгөрвөл залуу уншигчид гонсойж магадгүй. Үеийнхэн дундаа хүү тань комедиан, бас телевизийн нэртэй шоуны хөтлөгч гэдгээрээ алдаршиж, Таныг “Идэрээгийн ээж” гэж танилцуулах цаг үе ирж байх шиг?

-(инээгээд) Үе үеэрээ байдаг юм хойно. Миний үеийнхэн намайг Оюунгэрэл гэдгээр маань таньдаг бол залуусын хувьд би зүгээр л “Идэрээгийн ээж” байхдаа нэг их дургүйцэхгүй ээ.  

-Цаг үе, үйл явдал, за мэдээж хүмүүсийг тайзан дээрээс шоглоно гэдэг тухайн өгүүлэгчээс өндөр боловсрол, торгон мэдрэмжийг шаарддаг. Донж маягийн тунг нь яв цав, өө сэвгүй тааруулж чадахгүй бол хүн инээхгүй, харин ч эвгүйцээд таагүй үлддэг учраас комеди-артыг жирийн нэг маазралтаас өндөр дээд урлаг гэж ойлгодог л доо. Идэрээ энэ салбарт амжилт олсон залуусын нэг боллоо. Танд бас ийм авьяас байхгүй биз. Идэрээгийн хошигнол хэдийнээс, хаанаас эхэлсэн бэ?

-Загнах, хэрэлдэх, зодолдохоосоо илүү хошигнолоор ойлголцдогоороо хөвсгөлийнхөн Монголдоо алдартай шүү дээ. Манай нутгийнхны тэр хошигнодог, шооч зан аав, ээжээс миний гэр бүлд ирэлгүй хаачих вэ. Миний хөгшин ээж аав, аав ээж, ах дүү маань намайг буруу юм хийвэл харин ч нэг сайн ёжилно доо. Би 30 настай Улаанбаатарт анх хэрүүлийн үг хэрэглэж ганц удаа ч үзээгүй хүн ирж байсан гээд бодохгүй юу. Загнуулахын оронд шоолуулж, ёжлуулж байсан хүн чинь хараал хэлсэн хүний үгийн хариуд юу гэхээ мэддэггүй. Тиймээс би хүүхдүүдээ ч тэгж л өсгөсөн. Ер нь зөвхөн ээж, хүүхдийн хооронд гэлтгүй эр, эм хоёр ч хошигнолгүй бол хэрүүлтэй айл болчих талтай. Хүнийг, харилцааг засаж залруулах, эерүүлэх хамгийн сайн арга бол хошигнол. Идэрээ хошигнолоор засагдаж хүмүүжсэн болохоороо нийгэмд болж байгаа үйл явдлыг гэрээсээ олж авсан нүдээр харж, бусдад дамжуулахыг хичээсэн нь л тэр тайзан дээр гарахад нь нөлөөлсөн байх. Гэхдээ хошигнолоор хүмүүжсэн гээд ийм гэр бүлийн гишүүн болгон танхим дүүрэн олон хүнийг нирхийтэл инээлгэж чадахгүй шүү дээ. Би жишээ нь уриалах, ятгах, бусдыг зааж сургах чиглэлийн яриа хөөрөөтэй юү л гэхээс биш хүн инээлгэх чадвар байхгүй. Идэрээ маань аавынхаа алиа занг хуулчихсан юм. Хэдийгээр аав нь залуу зандан насандаа мөнх бусыг үзүүлсэн ч хаа явсан газраа хүн инээлгэж явдаг тэр дүр төрхийг нь хүү минь өвччихөөд байгаад нь ээж хүнийхээ хувьд баярлаж бахархдаг. Бас нийгмээ гярхай олж харах мэдрэмжтэй байгаад нь би хүүгээ үнэлээд байгаа юм.

-Хавар шуурга тавих тоолонд л танай хүүгийн нүд соошлд трэнд болох юм. Та онийчихсон яваа зургийг нь хараад инээдэг үү, эсвэл хайр хүрч өрөвддөг үү?

-Яг аавынх нь нүд л дээ. Би хүүдээ хэлдэг юм. Онигор нүдтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхалтаас ангижруулж, өөртөө итгэлтэй байхад миний хүү их буян болж байна даа гэж (инээв). Хүн болгон давхраатай алаг нүдтэй байх албагүй. Зарим нэг төгс биш зүйлийг олон нийтэд ил болгосноор өөрөөр харж эхлэх тал бий. Жишээлбэл, намайг  “Ногоон нүдэн лам”-аа хэвлүүлсний дараа ногоон нүдтэй хүмүүс баярласнаа илэрхийлж байсан. Миний ногоон нүдэн сайхан лам ногоон нүдтэй хүмүүсийн рейтинг өсөхөд нөлөөлсөн байна шүү дээ.

-Аав нь байсан бол их бахархах байсан даа?

-Яриангүй. Би ч бас тэгж боддог. Аав нь сайхан зурдаг, шаггүй барилдчихдаг, нисэгч, нутагтаа бол Бат-Эрдэнэ гэж тэр сайхан залуутай хэн гэрлэх вэ гэдэг өрсөлдөөн ширүүн байсан. Тэгэхээр би чинь бас залуудаа өрсөлдөх чадвартай бүсгүй байж гэж өөрийгөө их тоогоод байгаа шүү дээ (хошигнов).  

-Сая Украины Ерөнхийлөгчийн сонгуульд комеди жүжигчин В.Зеленский ялсан тухай мэдээ цацагддаг өдөр манай сайт Монголын комедиануудад ч тийм боломж байгаа тухай хөгжилтэй хошин контент бэлтгэн нийтэлсэн юм. Тэгэхэд залуучууд маш хөнгөн, гоё маазарч хүлээж авсан. Хэдэн жилийн өмнөх үеийн залууст хэрэв ийм мэдээлэл санал болгосон бол нэлээд хүндээр хүлээн авч, сөрөг хандлага үзүүлэх байсан гэж харж байлаа.

-Орчин цагийн залуус өмнөх үеийнхээс илүү нээлттэй болж, аливаад харьцангуй уужуу хандлагатай болж өөрчлөгдсөнийг би маш олон зүйл дээр анзаардаг. Залуу үед ийм байгаагийнх нь төлөө талархан баярламаар санагддаг шүү. Энэ бол Монголын хувьд том амжилт. Хамтрах, багаар ажиллах соёлыг бидний хүүхдүүдийн үе манай үеийнхнээс хамаагүй илүү төлөвшүүлж чадсан. Өчүүхэн жижиг эрх чөлөөтэй орчинд оргил булаалдан бие бие дээрээ гишгэлэн өндийдөг үе өнгөрч байна. Залуус амжилтыг оргил гэж харахгүй, харин олуулаа хамтдаа ахих шат гэж ойлгож байна. Үнэхээр нэг юм үзэж, нүд тайлсан, эрх чөлөөт ардчилсан оронд өсөж өндийсөн шинэ үеийн дүр төрхийг харж байгаадаа би маш их бахархдаг. 

-Танай хүүхдүүд улс төр сонирхдог уу?

-Тэд улс төрийн тухайд өөрсдийн гэсэн үзэл бодолтой ч лав л над шиг нам мам гээд явж байхыг нь мэдэхгүй юм. Харин охин маань багаасаа Улаан загалмайн идэвхтэн гишүүнээр ажилладаг болохоор олон нийтийн ажлын асар их туршлагатай. Надад энэ талаараа их нөлөөлнө өө. Биднийг цусаа өг, бусдад тусал, аюул ослын эрсдэлд бэлэн бай гэнэ. Хүү бол старт-ап бизнесийн чиглэл, комеди урлагаас гадна, англи хэл заах хөдөлгөөнд нийгмийн идэвхтэй юм шиг байна.

-Та улс төр, нийгмийн зүтгэлтнийхээ хувьд залууст лекц уншдаг шүү дээ. Танд аз жаргалын тухай, хайр дурлалын тухай өөрийн туршлагаас, таньж мэдсэн хүмүүсээс, үзэж өнгөрүүлсэн нийгмийн хөгжлөөс олж боловсруулсан лекц байдаг уу?

-Нэг хэсэг манай гэрт оюутнууд их суудаг байлаа. Тэр үед зөвхөн хоёр хүүхдэдээ ч биш, тэдгээр дүү нартаа хайр дурлалын тухай зөндөө ярьсан. Амьдралд хэлбэр загвар гэж байдаггүй юм аа, хэрэв дурлал учрах юм бол өөртөө элдэв янзын хаалт, хашилт тавилгүй сэтгэлээ нээгээд сайхан дурла л гэж их хэлсэн хүн шүү дээ, би чинь. Би харин залууст амжилтын тухай лекц уншихдаа хэрэв би 25 настай байсан бол яах байсан, энэ насанд эргэж очвол өөрийн хийж амжаагүй юуг шинээр хийх байснаа залуустай хуваалцдаг. Би сүүлийн найман жилийн турш “Зориг сан”-гаас залууст зориулан хэрэгжүүлдэг манлайллын хөтөлбөрүүдэд оролцож байна. Хамгийн сүүлд “Жорлонгоо өөрчилье” лекцээ уншсан. 

Идэрээ бид хоёрыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэр бүлд удахыг хүсээгүй учраас хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн тэмцэл байсан.

-Эр эмийн, гэр бүлийн харилцаанд эмэгтэй нь эрэгтэйгээсээ илүү өндөр хариуцлагатай, алсыг харж оролцохгүй бол саллаа гэхэд хүүхэдтэйгээ үлддэг тохиолдол нь олонтаа учраас ачаа илүү үүрдэг тал ажиглагддаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Гэрлэлт бүтэлгүйтэхэд... Би өөрөө салж үзсэн хүн л дээ. Би энэ талаар урьд өмнө нь олон нийтэд огт ярьж байгаагүй. Одоо бол 20 гаруй жил өнгөрсөн байна. Бяцхан Идэрээгээ дагуулаад гэрлэж байлаа. Бид охинтой болсон. Охиныхоо ааваас би өөрийнхөө саналаар салаад, хоёр жаахан хүүхэдтэйгээ амьдралаа тэгээс эхэлсэн. Охины аавыг огт оролцуулахгүйгээр. Тэр хүнээс би юу ч аваагүй, аягыг нь хүртэл өгөөд явуулсан. Энэ бол сайхан үлгэр дууриалал биш. Хуулийн дагуу бид хариуцлагыг тэгш хүлээх ёстой байсан ч би өөрөө л тэгэхийг хүсээгүй, эрс татгалзсан. Миний хувьд энэ нь Идэрээ бид хоёрыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй гэр бүлд удахыг хүсээгүй учраас хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн тэмцэл байснаас биш хүн болгонд таарах жишээ огт биш юм шүү. Эцэг эх гэрлэлтээ цуцлуулахад хүүхдийн өмнө хуулийн дагуу ижил үүрэг хүлээх учиртай. Энэ нь илүү шударга бөгөөд зөв гаргалгаа байдаг. Ийм шийдэлд хүрсэн ээжүүд хавьгүй ухаантай, уужуу сэтгэлтэй, хүүхдийнхээ төлөө өөрийн хор шар, бардам занг ялж чадсан хүмүүс юм. Зүгээр л миний хувьд тийм байж чадаагүй, бачуухан шийдсэн. Ингээд миний охин, хүү хоёр нэг эцэгтэй юм шиг, ээж нь нэг л хадамтай юм шиг ойлгож, өвөө эмээгээ хайрлан хүндэлж өссөн. Охиноо гэрлэж хүүхэдтэй болоход үнэнийг хэлсэн. Тэр хүн бол чиний эцэг шүү, ах дүү хамаатан садан чинь ийм хүмүүс байна гэж. Уулзах, эсэхээ өөрөө шийд, ээж нь бол уулзахгүй гэсэн. 

-Таны хор шар өөрт чинь тун ч хэрэг болсон тохиолдол бий юү?

-Нэг мэдсэн чинь англи хэлтэй болчихсон, Стэнфордод сурч ч байх шиг. Нэг мэдэхэд зохиолч болчихсон ч явах шиг. Хор шар гэхээсээ өөрийгөө нээхийг хичээж, дайчилсных юм болов уу даа.

-Тэгээд Та одоогийн нөхөр Жефтэйгээ учирсан..?

-Тийм ээ. Бид хоёр гэрлээд 10 гаруй жил болчихлоо. Манай Жеф Америкт нутагтаа жил бүр очиж хүүхдүүдтэйгээ уулздаг. Бид очоод сар болов уу, үгүй юү “Харих уу даа” гээд унана. Ийм америк ховор байх аа гэж санадаг. УИХ-ын 2016 оны сонгуульд ялагдчихаад хоёулаа гурван жил Америкт амьдрахыг би санал болгосон юм. Мань эр зөвшөөрсөн. Гэтэл миний “Жорлонгоо өөрчилье” төслийн ажил бидэнд тийм боломж өгөхгүй, өнгөрсөн жилийн хугацаанд харин ч бүр өргөжчихлөө. Одоо миний ажилд утааны сэдэв нэмэгдээд, явахтай манатай болсон. Жорлонгоо өөрчлөх, дараа нь утаа гээд ойрын таван жил маш завгүй төлөвлөгөө надад бий. 

-Эмэгтэй хүнд хүсэж болох хамгийн сайхан ерөөл гэж төрсөн гэртээ аав, ээжээрээ хайрлуулж байсан шигээ эр нөхөртөө хайрлагдаж амьдрахыг л хэлдэг болов уу. Ингээд бодохоор Таныг эрх дураар байлгадаг Жефийн дэргэд Та хамгийн жаргалтай амьдарч байна уу?

-Аз жаргалын хэмжүүрийг хамгийн, хамгийн биш гэж ангилж үнэлмээргүй байгаа ч би маш жаргалтай эмэгтэй. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.22
1984. Хамбан хөшиггүй таашаах эрх чөлөө
3
2024.03.12
Будапештын тэмдэглэл
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
28
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (10)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бахархаж байна 2019.05.13 121.75.100.53

Манлайлагч эмэгтэй юм аа. Хүн ийм л байх хэрэгтэй. Зоригтой, дайчин, нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж бүтээдэг. ❤️

0 Хариулах


Зочин 2019.05.12 182.160.37.44

Монголын анхны эмэгтэй ерөнхийлөгч болоорой, Оюунгэрэлээ.

0 Хариулах


Zochin 2019.05.12 139.5.218.54

Bulgan awgain ug heleh erhiig haasan shuuh hurald orolzuulaagui geh met ulug bolson yum humuus ih yarihiin, tegsen bsan ch unheer nuhruu nuden deeree aluulchad bj shuuhiin gadaa ch yumuu hewlel medeelleer uuriin bair suuria ilerhiilj boldguinmuu, tag duugai baliar yawaal bhin, aluurchid yagad bas bulganiig ni alaagui gedeg ih sonin, ene awgai neg huntei niilj alah zahialga ugsun bgaa tiim bolool ilrehgui bn, bulganii hamtran zahialagch batuul eswel elbegdorj, hamag nuuzaa awsandaa chireed uheh chawganz bndaa aimshigiin

1 Хариулах


Зочин 2019.05.14 64.119.24.32

Зоригийн аллагын захиалагч Нямка сайд гэдгээ еерийн vйлдлvvдээрээ баталчихсан даа!!!

0 Хариулах


Зочин 2019.05.12 203.91.115.38

Үнэхээр энгийн мөртлөө сайхан ярилцлага байна...Оюунгэрэл гуай шиг улстөрчид олон болоосой..Жорлон.утаа бол нийгмийн хамгийн анхаарууштай зүйл.Улстөрч хүний олж харах хамгийн гол өнцөг...

0 Хариулах


Zochin 2019.05.11 112.255.139.40

20onii songulia gej... zailuul ene zorig gej hun hichneen huniig hooltoi bolgoj bn daa..

0 Хариулах


Гэрэл 2019.05.11 64.119.26.167

Сонирхолтой яриа байлаа даа.

0 Хариулах


Уншигч 2019.05.11 66.181.161.122

Үнэхээр гайхалтай мундаг, бахархмаар эмэгтэй. Илэн далангүй сайхан ярилцлага болжээ. Таны номууд, амьдралын түүх олон залууст үлгэр болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Одоо ч хамгийн чухал асуудлуудыг барьж авчихаад шантралгүй зүтгэж байна. Ийм л хүмүүс эх орноо хөгжүүлнэ шүү дээ. Танд амжилт хүсье.

0 Хариулах


Зочин 2019.05.11 202.9.43.2

Huvi huniihee huvid mundag bj bnoo. Elbeged ntr-n muu nuuhaig mash sn medej bgaa, dund ni hutgaldaad l yavj bsan. Odoo buruu zoruug ni ch yalgaj chadahgui. 2000 ond 70.000$ karmaalaad amerikt surguulid surhaar yavj bsan gj yarij bsan hunshuu dee. Elbeg-n tuslah bsnii toloo, 2000 onii hanshaar, henii munguur ve, 70.000$ shuu? Uls-n ajil ntr gj 20 garan jil yavsniih jorlon-n asuudlaa l ayataihan heregjuulj chadval bolloo. Ternees mundag uls turch ntr ni ch yu yum

0 Хариулах


Bd germanaas 2019.05.11 93.194.218.177

Uneheer uhaalag hudulmurch emegtei bn. Gantsaaraa 2 huuhdee usguud Ene zergiin amjilttai yavna gdg bargain emegtei hunii davah davaa bish shuu

0 Хариулах


Ко 2019.05.10 202.126.89.59

Ямар сайхан ярилцлага вэ ❤️

0 Хариулах