Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Цуурхал таамаглахад ч бэрх үр дагаварт хүргэж болохыг баталсан алдартнуудын 4 түүх


Нэг л өглөө босоод иртэл таны зургийг хэн нэгэн худал тайлбартайгаар сошиал сүлжээнд тараасан байвал яах вэ? Та ямар алхам хийх вэ? 

Технологийн эрин зуун бидэнд хязгааргүй олон давуу тал олгохын зэрэгцээ асар том хариуцлагыг үүрүүлж байна. Өнөөдөр ухаалаг утастай хэн ч мэдээлэл түгээж, бичлэг хийж, зураг авдаг болсон. Гэвч бодлогогүй алхам хийж батлагдаагүй мэдээлэл, эх сурвалжгүй цуурхал тарааснаас үүдэж таамаглахад ч бэрх үр дагаварт хүрэх эрсдэлтэй. 

2015 онд Европын хэд хэдэн хэвлэлүүд Вийрендер Жуббал гэх Канадын иргэнийг зургийг тавьж Парисын террорист халдлагыг үйлдсэн сэжигтэн хэмээн мэдээлжээ. Уг мэдээлэл сошиал сүлжээгээр хурдтай тархаж, зарим пэйжүүд түүний зургийг хошигнол болгон ашиглаж эхэлсэн байна. Үнэн хэрэгтээ тэрээр халдлагатай ямар ч холбоогүй, гэм буруугүй байсан бөгөөд худал цуурхалаас болж нэр төр нь сэвтээд зогсохгүй, сэтгэл санааны хохирол амсжээ. 

Өнөө цагт худал цуурхал түгээх гол орчин нь сошиал сүлжээ болсон гэж үзэхэд буруудахгүй. Бичлэг, зураг, хүмүүсийн бичсэн сэтгэгдлээс эхлээд ‘meme’ контент оруулдаг пэйжүүд, шар мэдээний блог, хуурамч мэдээ тараадаг агентлаг тэр бүү хэл санаандгүй ашигласан хаштаг хүртэл хэн нэгний нэр хүндийг унагаж, ажил, амьдралыг нь сүйтгэх магадлалтай. 

Нью-Йорк Таймс сэтгүүлд дурдсанаар, ахлах албан тушаалтай эрчүүдийн 64 хувь нь, доод албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн 50 хувь нь хамт олны дунд буруу ойлголт, цуу яриа гарахаас эмээдэг тул эсрэг хүйстэнтэйгээ ганцаарчилсан уулзалт хийхээс зайлсхийдэг гэж хариулжээ.

Ажлын орчинд ч худал цуурхал хортой нөлөөтэй юм. Форбес сэтгүүлийн нийтлэлч Майк Маяттын “Компанийн соёлыг устгах хамгийн хурдан арга” нийтлэлд “Цуурхал, хов яриа нь ажилчдын дундах итгэлцлийг үгүй хийж, маргаан, үл ойлголцлыг үүсгэдэг бөгөөд энэ бол хоосон, гэм зэмгүй зүйл огт биш” гэжээ. Нью-Йорк Таймс сэтгүүлд дурдсанаар, ахлах албан тушаалтай эрчүүдийн 64 хувь нь, доод албан тушаал хашдаг эмэгтэйчүүдийн 50 хувь нь хамт олны дунд буруу ойлголт, цуу яриа гарахаас эмээдэг тул эсрэг хүйстэнтэйгээ ганцаарчилсан уулзалт хийхээс зайлсхийдэг гэж хариулжээ. 

Статистик мэдээллээс харахад хов жив, цуурхлын гол хохирогчид нь эмэгтэйчүүд байдаг бөгөөд цуурхалд өртсөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү сэтгэлзүйн дарамтад ордог байна. Түүнчлэн манлайлагч, нөлөө бүхий хүмүүсийн тухай олон нийтийн дунд гардаг шүүмжлэл хүйсээс шалтгаалж харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайлбал, эмэгтэй болон эрэгтэй улстөрчдийн талаар гарсан шүүмжлэлүүдэд анализ хийж үзэхэд эрэгтэй улстөрчийн үзэл баримтлал, бодлого, ур чадвар зэргийг хүмүүс түлхүү шүүмжилдэг бол эмэгтэй улстөрчдийг хувь хүн талаас нь сонжсон шүүмжлэл давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, тухайн эмэгтэйн хувийн амьдрал, үг яриа, үс засалт, өмссөн хувцас зэргийг шүүмжлэх цаашлаад энэ нь гүтгэлэг, цуурхал болж хувирах нь элбэг байдаг аж. 

Эмэгтэйчүүдийн өртсөн цуурхал хийгээд тэдгээр нь ямар үр дагаварт хүргэж болохыг дараах алдартай бүсгүйчүүдийн түүхээс харж болох юм. Энэ бол ердөө л бидэнд ил болсон түүхүүд. Гэвч бодит амьдрал дээр таны ойр дотны хүмүүс, танилууд элдэв цуурхалд өртөж, нийгмийн ялгаварлан гадуурхалд автсан байхыг үгүйсгэхгүй. 

Бионсег анхны хүүхдээ өөрөө тээж төрүүлээгүй гэх яриа гарч байв 

Алдарт дуучин Бионсе, реппер Жэй Зи нар анхны хүүхдээ өлгийдөж авахдаа Манхэттений төрөх эмнэлгийн дөрөвдүгээр давхарыг 1.3 сая доллараар түрээсэлж байжээ. Үүнтэй холбоотойгоор Бионсег огт жирэмслээгүй, тээгч эх хөлсөлсөн гэх яриа гарсан юм. Харин хос хоёр болон эмнэлгийн зүгээс үүнийг ор үндэсгүй цуурхал хэмээн баталж байсан билээ. 

Опраг лесби гэх мэдээлэлд тэрээр ингэж хариулжээ

2020 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээсэй хэмээн америкчуудын хүсэж буй нөлөө бүхий хүмүүсийн нэг бол Опра Винфри. Нэгэн цагт түүнийг ижил хүйстэн гэх яриа гарч байжээ. Харин Опра Барбара Волтерст ярилцлага өгөхдөө “Би ижил хүйстэн биш ээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр хүмүүс намайг худлаа ярьж байна гэж бодож буй нь намайг илүү бухимдуулж байна. Хэрэв би тийм л юм бол яагаад үүнийг нуух шаардлагатай гэж? Би тэгж амьдрах хүн биш” хэмээн тайлбарлаж уг цуурхалд цэг тавьж байв. 

Мэрилин Монрог Ерөнхийлөгч Жон Кеннедитэй хувийн харилцаатай гэх шуугиан

Бидний дурдах хамгийн гунигтай жишээ энэ байж мэдэх юм. Алдарт жүжигчин Мэрилин Монрог АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннидитэй хувийн харилцаатай гэх яриа Монрогийн карьер ид цэнэглэж байх үеэр гарч байсан. Ингэж ярих болсон гол шалтаг нь тэрээр Жон Кеннидигийн 45 насны төрсөн өдрөөр түүнд зориулж төрсөн өдрийн дуу дуулж өгснөөс үүдэлтэй. Өөрөөр тэднийг хувийн харилцаатай байсныг батлах ямар ч баримт байгаагүй юм. Нөгөөтэйгүүр Мэрилин Монрог олон нийт тухайн үед төдийгүй өнөөг хүртэл “секс бэлгэ тэмдэг” хэмээж, хормой нь дэрвэсэн зургийг үүний баталгаа мэтээр ашигладаг. Гэвч Мэрилин Монро өөрийнх нь талаар олон нийтийн дунд тогтсон буруу ойлголтыг залруулахын тулд амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүртэл томоохон хэвлэлүүдэд ярилцлага өгч байв. Гэвч энэ бүх яриа, цуурхал түүнийг ямар хувь тавилан руу хөтөлснийг бид бүгд мэдэх билээ. 

Охид миний амжилтад хүрэхийг мөрөөдөж, яг л миний багийнх шиг ширээн дээрээ гараад Монро болж жүжиглэж байвал би баярлана. Харин тэд “Мэрилин Монро шиг секс бэлгэ тэмдэг болно” гэж хүсвэл энэ надад шагнал биш, шийтгэлээс өөрцгүй.

Мэрилин Монро

“Life” сэтгүүлийн сурвалжлагч Ричард Мэримэн түүний сүүлчийн ярилцлагыг Мэрилин Монрог нас барснаас хэдхэн хоногийн дараа “Ганцаардмал бүсгүйн сүүлчийн яриа” нэртэйгээр хэвлүүлсэн. Уг ярилцлагадаа Монро “Яг үнэндээ би секс бэлгэ тэмдэг гэж юу болохыг, яагаад намайг ийн нэрийддэгийг ойлгодоггүй. Хэрэв би ямар нэг зүйлийн бэлгэ тэмдэг болохыг өөрөө хүсвэл тэр нь секс л биш шүү. Охид миний амжилтад хүрэхийг мөрөөдөж, яг л миний багийнх шиг ширээн дээрээ гараад Монро болж жүжиглэж байвал би баярлана. Харин тэд “Мэрилин Монро шиг секс бэлгэ тэмдэг болно” гэж хүсвэл энэ надад шагнал биш, шийтгэлээс өөрцгүй. Секс бэлгэ тэмдэг болоод сонин дээрх элдэв гүтгэлэг миний тухай тэдний бодлыг өөрчлөх вий гэж би үргэлж эмээдэг ч бас нуухыг хүсдэггүй байсан” хэмээн ярьсан байв. 

Сонгуульд үр дүнг өөрчлөхөд хүргэсэн дуулиант цуурхлууд

2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар сошиал орчинд тархаж байсан арван худал мэдээллийн зургаа нь сонгуультай холбоотой байсан бөгөөд тэдгээр нь олон сая хүнд хүрч, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж ажиглагчид тайлбарладаг. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан Хилари Клинтоны тухай итгэмээргүй худал цуурхлууд гарч байсан юм. Тухайлбал, Вашингтон хотын нэгэн ресторанд хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор наймаалж байсан бөгөөд Хиллари Клинтон үүнд оролцдог гэсэн яриа гарч, уг цуурхалд итгэсэн нэгэн залуу тус ресторанд орж гал нээсэн хэрэг хүртэл гарсан юм. Сонгуулийн дараа Хилари Клинтон "What Happened" номоо гаргасан бөгөөд тухайн үед хөшигний цаана юу өрнөсөн, бодит нөхцөл байдал ямар байсан тухай ний нуугүй бичиж, сонгуулийн үр дүн бодлогоор гэхээсээ нэг нэгийгээ харлуулах гэсэн шар мэдээ, ор үндэсгүй дуулиан шуугианаас шалтгаалсан гэдгийг тайлбарлажээ. 

Судалгаанаас үзэхэд худал цуурхал үнэн, бодит мэдээллээс 100 дахин хурдтай тархдаг аж.

Судалгаанаас үзэхэд худал цуурхал үнэн, бодит мэдээллээс 100 дахин хурдтай тархдаг аж. Судлаачид 2006-2017 оны хооронд твиттер сүлжээнд 3 тэрбум хүн хуваалцсан 126 мянган мэдээлэлд анализ хийж үзээд итгэмээргүй үр дүнг олж харжээ. Тодруулбал, үнэн мэдээлэлтэй харьцуулахад худал цуурхлыг RT хийх буюу бусад хуваалцах магадлал 70 хувиар илүү байдгийг баталсан байна. Түүнчлэн зарим худал мэдээлэл 100 мянга хүртэлх хүнд хүрч байхад бодитой, баримттай мэдээлэл ердөө 1000 хүнд л хүрдэг аж. 

Таны тухай эсвэл таны дотны хүний тухай худал цуурхал, хуурамч мэдээлэл цацагдвал ийм хурдтайгаар хүмүүсийн дунд тархана гээд төсөөлдөө. Таны тухай биш байлаа ч баримтгүй, худал мэдээллээс болж өөр хэн нэгэн нэр төр, сэтгэлзүй, санхүүгээрээ хохирох нь хэчнээн харамсмаар болохыг дээрх жишээ, баримтууд харуулж байна. Тиймээс бусдын тухай батлагдаагүй мэдээлэл, цуурхалд нухацтай, ул суурьтай хандахын зэрэгцээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 3-р сарын 8-ны өдрийг тохиолдуулан Юнител Группээс зарласан “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө #Цуурхлыг_зогсооё" уриалгад ЭНД дарж нэгдээрэй.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
1
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.