Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Цуврал 1: IELTS-д бэлдэхийн өмнө юуг анхаарвал зохих вэ?



Бид өнгөрсөн долоо хоногт IELTS шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулан тус шалгалтанд өндөр оноо авсан монгол залуусын зөвлөгөөг хүргэсэн билээ. Уншигчдийн зүгээс дэлгэрэнгүй зөвлөгөө оруулахыг хүссэн маш олон санал, сэтгэгдэл ирсэн учраас БНСУ-ын JCPND барилгын компанийн төслийн менежер Ө.Рэнцэндоржтой хамтран IELTS шалгалтанд бэлдэх тухай цуврал нийтлэлүүдийг хүргэхээр боллоо. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар сүүлийн гурван жил Сөүлд дэх IELTS болон TOEIC-ийн шалгалтанд бэлдэж буй монголчуудад багшилж буй туршлагатай юм.


IELTS –д бэлдэхийн өмнө юуг анхаарвал зохих вэ?


Энэ удаагийн нийтлэлээрээ IELTS шалгалтад бэлдэхийн өмнө эзэмших ёстой ур чадвар хийгээд хэрхэн шалгалтад бэлдэх мөн цаг хугацаагаа хэрхэн сайн оновчтой төлөвлөж болох талаар хүргэж байна. Дараа дараагийн нийтлэлд IELTS шалгалтын хэсэг тус бүрийн нарийвчилсан мэдээллийг зарим нэг арга техник, анхаарвал зохих ёстой зүйлсийн хамт хүргэх болно.

IELTS буюу International English Language Testing System нь ахисан түвшний буюу академик түвшний ур чадварыг шалгуулагч талаас шаарддаг шалгалтын төрөл билээ. Ерөнхийдөө их сургуулийн хэмжээнд хэрхэн сайн суралцаж чадах вэ, хичээл, төсөл хөтөлбөрт амжилттай суралцаж чадах уу, багш удирдагчаас өгсөн үүрэг даалгаврыг төвөггүй ойлгож бусад орны оюутануудтай адил мөр зэргэцэн амжилттай сурч чадах эсэхийг тань шалгаж буй хэлбэр юм.

1.  IELTS-ийн шалгалтанд бэлдэхийн өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйлс бий. Хамгийн эхэнд шалгалтанд бэлдэж буй хүн өөрийн ерөнхий англи хэлний түвшинг сайжруулах ёстой бөгөөд таны хэлний мэдэг ахисан болон түүнээс дээш түвшинд хүрээгүй бол IELTS шалгалтанд шууд бэлдэж эхлэх нь тохиромжгүй юм. Учир нь тодорхой хэмжээний үгийн сангийн мэдлэггүй бол ямар ч өгүүллэг, сэдвийг уншаад ойлгож чадахгүй ба дор хаяж 50 ба түүнээс дээш хувьтай ойлгодог болсны дараа бэлдэх нь зөв юм. Мөн маш сайн дүрмийн мэдлэгтэй байх хэрэгтэй бөгөөд IELTS-ийн бичих хэсэгт алдаагүй, уялдаа холбоотой, найруулга сайтай бичихийг шаарддаг тул дүрэм мэдэхгүйгээр өндөр оноо авах төвөгтэй ажээ.

Товчхондоо, тэдгээр олон төрлийн асуултанд хариулах арга барилыг ерөнхий англи хэлний мэдлэгтэйгээ хослуулан ашиглаж чадвал өндөр оноо таны гарт очих болно.

Ерөнхий англи хэлний мэдлэг гэдэгт тодорхой хэмжээний дүрмийн мэдлэгтэй, унших болон сонсож ойлгох чадвартай, бусадтай нийтлэг, нийгмийн амьдралын сэдвийн хүрээнд ярьж, өөрийн санаа бодлоо илэрхийлж чаддаг хэмжээнд болохыг хэлнэ. Эс бөгөөс шалгалтанд бэлдэх явцад алхам олон бэрхшээл, сорилттой нүүр тулах бөгөөд ихэнх залуус үүнээс болж зорилгодоо хүрч чадалгүй бууж өгөх нь элбэг.  
Тиймээс эхний ээлжинд өөрийн ерөнхий англи хэлний мэдлэгээ ахисан түвшинд хүргэсний дараа IELTS-ийн хөтөлбөрийн дагуу тууштай, системтэй бэлдэж эхлэх нь өндөр оноо авах нэг түлхүүр юм. Хамгийн их хугацаа, хичээл зүтгэл шаарддаг хэсэг бол ерөнхий англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх шат юм.

2. Тест бөглөх, тесттэй ажиллах чадвараа сайжруулах хэрэгтэй. Үүнд, тест бөглөх арга зам, хурд, хугацаагаа тохируулж сурах, олон төрлийн асуулт, даалгаварт зохицож ажиллах, тэдгээрийг таньж мэдэх зэрэг орно. IELTS шалгалт сонсох, унших, бичих болон ярих гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд хэсэг тус бүр өөр өөр өвөрмөц арга барил, ур чадварыг шалгалт өгч буй хүнээс шаарддаг. Жишээлбэл, бичих хэсэгт танаас долоон төрлийн загвар бүхий асуултанд хариулж бичих ур чадварыг шаардах бөгөөд тус бүр нь өөр өөрийн гэсэн хариулах арга техниктэй байдаг. Өөрөөр хэлбэл, уг техник, арга барилыг эзэмшихгүйгээр IELTS-ийн танаас хүсч буй хариултыг өгч чадахгүй гэсэн үг. Товчхондоо, тэдгээр олон төрлийн асуултанд хариулах арга барилыг ерөнхий англи хэлний мэдлэгтэйгээ хослуулан ашиглаж чадвал өндөр оноо таны гарт очих болно.

Анхлан англи хэл сурч буй оюутан залууст зөвлөхөд, бие даан сурах гэж олон төрлийн ном авч өдөр шөнөжин суухаас илүүтэй сайн сургалтын төвд хандаж, мэдлэг чадвартай багшаар тодорхой хугацаанд заалгаж, дундаж түвшинд хүртлээ сайн суралцах нь зүйтэй. Учир нь сургалтын төвд хэлийг системтэйгээр сурах төдийгүй хамгийн чухал нь цааш бие даан үргэлжлүүлэн сурах чадвар, мэдээллийг зөв хайх боломж, тоо томошгүй олон номнуудаас сайныг нь ялгаж сурах зэрэг олон чухал чадварыг суулгаж өгдөг. Суралцагч нэгэнт бие даан тэдгээр чухал чадварыг эзэмшсэн байвал IELTS-ийн шалгалтанд бэлдэхэд асуудалгүй билээ. Гол нь хэл сурах арга барилыг олж эзэмших юм

3. Сүүлийн анхаарах ёстой зүйл бол тухайн шалгалт биднээс яг юу хүсч буйг ойлгох юм. Шалгагч багшийн юу хүсч байгааг олж тогтоох, түүнд нь тааруулж бичих нь хамгийн чухал. Ихэнх шалгах арга тодорхой зарчимд тулгуурласан байдаг тул уг зарчмыг мэдсэнээр шалгагчийн хүсч буй хариултыг өгч чадна.

Ямар ч шалгалтанд бэлдсэн цаг төлөвлөлт хамгийн чухал нь


IELTS шалгалтанд бэлдэж байхдаа мэдвэл зохих, дагаж хийх ёстой хэд хэдэн зүйл бий. Хамгийн эхэнд та Academic, General Training гэсэн хоёр төрлөөс сонгоно. Сурах зорилготой хүмүүс Academic IELTS өгөх бол англи хэлтэй орон руу цагаачлах зорилготой хүмүүс General Training IELTS –ийг өгнө. IELTS-ийн шалгалтын бүтэц, тухайн бүтцэд таарсан стратеги, арга техник юу болох, хэрхэн эзэмших зэргийг мэдэх хэрэгтэй. Түүний дараа өөртөө зорилго тавьж суралцах хэрэгтэй. Анх өгч буй хүмүүс өндөр оноо авах гэж зорихын оронд босго оноо ч юм уу тодорхой хэмжээнд дундаж оноо авахаар зорьж бэлдвэл их зүгээр байдаг. Харин туршлагатай болсон хойноо өндөр онооны төлөө өмнөх сурсан мэдлэгээ сайжруулж улам чанартай бэлдвэл зүгээр болов уу.

Мөн IELTS-ийн түвшин бүр ямар шалгуур тавьдгийг мэдэх ёстой бөгөөд 7 болон 8 оноог үнэлэх шалгуур ялгаатай. Хэр хэмжээтэй бичвэл, хэдэн асуултанд яаж бөглөвөл ойролцоогоор хэдэн оноо авахыг мэдэж байх нь өөрийгөө урьдчилж үнэлэх арга юм.

Шалгалтанд ирж буй олон төрлийн асуулт, асуулт бүрийн загвар хэлбэрийг судалж тухай бүрт нь тааруулж хариулах нь зүйтэй. Жишээлбэл, унших болоод сонсох хэсэгт л гэхэд 10-аас дээш тооны загвар төрөл бүхий даалгаврууд ирдэг. Эдгээр даалгавар бүрт хариулах арга барилыг эзэмших нь таныг 7 биш 8 оноо авах мэдлэг, чадвартай болохыг харуулна. Энэ бүхний дараа мэдлэгтээ тулгуурлаад олон давталттай хийх замаар чадвараа ахиулах хэрэгтэй. Түүнчлэн шалгалтанд өндөр оноо авахад үгсийн сан чухал үүрэг гүйцэтгэнэ. Үгийн баялаг сайтай байснаар унших, сонсох хэсгүүдэд чухал нөлөөтэй. Сонссон ч мэдэхгүй үг байвал бичих боломжгүй. Уншсан ч арван үгээс долоог нь мэдэхгүй бол ойлгох боломжгүй шүү дээ. Харин ярих, бичих хэсэгт дадлага их хийх нь өндөр оноо авах түлхүүр юм.

Нэгэнт англи хэлний мэдлэгээ дээшлүүлж, IELTS-ийн шалгалтанд өндөр оноо авахаар зорьсон бол өдөр тутамд англи хэлтэй “найзалж”, алхам тутамд англиар сэтгэхийн хичээх зэргээр англи хэлийг амьдралынхаа нэг хэсэг болгоорой. Аливаа хэлийг сурахдаа зөв төлөвлөж, системтэй үзэх нь чухал тул туршлагай хүнээс зөвлөгөө авч, хэрхэн ямар замаар, яаж бэлдэх нь үр дүнтэй болохыг судлаарай гэж зөвлөе.

Эцэст нь хэлэхэд хэл сурах, IELTS ч бай IBT ч бай ямарваа шалгалтанд бэлдэхэд ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс анх сурч эхлээд дунд нь түр орхиж завсардуулдаг. Тэгээд дахин эхлэх үед өмнө нь сурсан зүйлсээ мартсан байдаг тул бүхнийг эхнээс нь сурах, илүү их цаг гаргах зэргээр цаг хугацаа болоод санхүүгийн эрсдэл хүлээх нь бий. Гэхдээ цагаа зөв, зохистой төлөвлөснөөр дээрх эрсдэлээс сэргийлэх боломжтой. Дор хаяж өдөрт 1-2 цагийг хэл сурахдаа зарцуулах замаар хурдтай биш ч тууштай сурч чадвал тодорхой хугацааны дараа үр дүн харагдана. Гол нь дундаас нь орхих бус зорилго болгон сурах хэрэгтэй. Ямар ч ажил, уулзалт, зугаа цэнгэлээс хэл сурах зорилгоо нэн тэргүүнд тавьж чадвал та англи хэлийг амжилттай сурч чадна.

Дараа дараагийн нийтлэлээс сонсох хэсэг дээр хэрхэн ажиллах, унших хэсэг дээр ямар аргаар хугацаандаа амжиж дуусгах, бичих болон ярих хэсгийг хэрхэн амжилттай давах талаар нарийн мэдээллийг хүргэх болно.


Өсөхбаяр овогтой Рэнцэндорж

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
Уржигдар
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
санал болгох
1
20 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
0
4
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.01.07 64.119.17.59

Дараагийн нийтлэлийг тавигдахыг хүлээх нь дээ. Баярлалаа. Мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байж мэдлэг болдог гэдэг :)

0 Хариулах


Зочин 2019.01.07 64.119.17.59

Сургалтын төвд сууж чигээ олох хэрэгтэй гэж яг онож хэлсэн байна. Ер нь англи хэлийг эзэмшсэн ихэнх хүмүүс бие дааж сурсан тэгэх хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ энэ нь өрөөсгөл шүү анхлан суралцагчидаа шантрахын нэмэр шууд л сайн гэсэн сургалтын төв рүү яваарай.

0 Хариулах