Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглохыг хориглов


Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ нөхөж авахаас гадна цаашид бүрэн тооцуулдаг болно.

Цэцэрлэгт хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс “гараас гарт” зарчмыг баримтлан хүүхдийг өглөө багшид нь, ажлын дараа эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгдөг. Цэцэрлэгийн багш нар 07:30-19:30 цаг хүртэл ажиллаж, долоо хоногт 10, сард 40 цаг илүү ажилладаг байна. Оны эхнэээс мөрдөж байсан журмын дагуу цэцэрлэгийн багш нарын илүү ажилласан 24 цагийн нэмэгдэл олгогдохгүйгээр орхигдоод байсан бол өнөөдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу илүү цагийн нэмэгдэл бүрэн олгогддог болж дээр нь 1,2,3 дугаар сарын орхигдоод байсан илүү цагийн  нэмэгдэл нөхөж олгогдохоор боллоо. Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 1435 цэцэрлэгт 22391 багш, ажилчид ажиллаж байгаа бөгөөд тэдний илүү цагийн нэмэгдэлд 14,755.9 сая төгрөгийг төсөвлөжээ.  

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн илүү цагийн нэмэгдлийн тухайд мэргэжлийн багш дутагдалтай тохиолдол/ялангуяа хөдөө орон нутагт/, үндсэн багш жирэмсний амралт авах, ажлын долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаагаар багш өвдсөн, чөлөө авсан үед нөхөж ажилласан багш нар илүү цагийн нэмэгдэл тооцуулан авч байна. 2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 46836 багш ажилагсдын цалин хөлсөнд нийт 512,233.8 сая төгрөг зарцуулахаас үүний 3.9 хувийг буюу 19,977.1 сая төгрөгийг багш нарын илүү цагийн нэмэгдэлд зарцуулах юм.

Мэргэжлийн байгууллагаас явуулсан судалгаагаар ЕБС-ын багш нар хичээл заах цагийнхаа дөнгөж 40 хүртэлх хувийг үндсэн зорилго буюу сурагчдад хичээл заахад зарцуулж чаддаг, үлдсэн хэсгийг шат шатны удирдлагуудаас өгсөн үүрэг даалгавар, бичиг цаас материал боловсруулах зэрэг шууд бус үүргийн ажилд зарцуулдаг нь тогтоогдсон байна. Иймд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тушаал гаргаж, багш нарт нэмэлт үүрэг даалгавар өгөхгүй байх, бага ангийн сурагчдыг олон төрлийн уралдаан тэмцээнд хүчээр хамруулах, их дээд сургуулийн элсэлтэд бэлдэж буй төгсөх ангийн сурагчдын дунд нийтийг хамарсан олимпиад, уралдаан зохиож, заавал орохыг шаардан дарамт үүсгэхгүй байх зэргийг журамлаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг шат шатны боловсролын байгууллагын удирдлагууд орон нутгийн засаг дарга нарт даалгажээ.

Төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглохыг хориглов


“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн батлав. Үүнд гадаад улсад албан томилолтоор ажиллах хугацаандаа дипломат ёс жаягийг хатуу баримталж, Монгол Улсын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй, мөрийтэй тоглоом/казино/ тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлөх зэрэг хариуцлага тооцох хэм хэмжээг тогтов.

Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа өргөжин тэлэхийн хирээр төрийн албан хаагчид  гадаад улсад зорчих, албан томилолтоор ажиллахдаа мөрийтэй тоглодог, энэ төрлийн газруудаар ихээхэн үйлчлүүлдэг гэсэн мэдээлэл гарч байгаа нь Монгол Улсын төрийн алба, төрийн албан хаагчдыг үнэлэх үнэлэмжийг бууруулж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас цаашид энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо, дэмжлэгийг хүсч байна. Засгийн газрын гишүүд, Төрийн захиргааны  болон улстөрийн албан тушаалтнууд ТӨҮГ, төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчдын гадаад улс оронд зорчин, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа мөрийтэй тоглох зэрэг хууль бус үйлдэл гаргасан талаарх мэдээллийг ЗГХЭГ-т иргэдээс хүлээн авч байна. Цаашид улирал тутамд нэгтгэн олон нийтэд мэдээлж, холбогдох хариуцлагыг тухай бүр тооцох  юм. Дүрмийг шинэчилснээр төрийн албан хаагчид дипломат ёс жаягийг нийтээр дагаж мөрддөг болохын зэрэгцээ зөрчсөн тохиолдолд төрийн албан хаагч өөрөө сайн дураараа ёс зүйн хариуцлага хүлээх соёлыг төлөвшүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байгаа аж.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэв. Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой  байх юм.

Хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл/протез,ортопед/-ийг үйлдвэрлэнэ. Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль,цэцэрлэгт хамрагджээ.

Товч мэдээ

Монгол Улс болон Бүгд найрамдах Беларусь Улс хоорондын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээний төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов

Бүгд Найрамдах Беларусь Улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн бөгөөд тус бүс нутаг дахь манай түнш орны нэг Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн гол зангилаа болсон орон юм.

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхээр болов. Шаардагдах 250,0 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайдад зөвшөөрөв.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хэрэгжилтэд Үндэсний хөгжлийн газраас 2018 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж 47,8 хувийн явцтай хэрэгжиж байна гэв. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувь 2016 онтой харьцуулахад 1,5 хувиар өсч, мах махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2020 оны зорилтот түвшинд хүрчээ. Худалада, аялал жуулчлалын салбарын хувьд монголд ирэх жуулчдын тоо 31 хувиар нэмэгдсэн. Ядуурлыг бууруулах бодлогын хүрээнд 27,146 ажлын байр шинээр бий болгон, улсын хэмжээний 250,000 ядуу өрхөөс 48,376 –г хүнсний эрхийн бичигт хамруулсан эерэг үзүүлэлтүүд гарсан байна.

ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилов. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байсан. ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
Уржигдар
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
2
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
3
2024.02.29
Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
12 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
16 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.