Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB LIFE-ийн түүхүүд: Энэ өдрийг тань инээдээр дүүргэх 16 хөгжилтэй болсон явдал


Өнөөдөр бол инээдмийн баяр. Бүгдээрээ хөгжилтэй түүхүүд уншиж жаахан инээлдвэл ямар вэ? Тус түүхүүдийн төгсгөлийн хэдийг нь "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд" групп дээрээс авсан шүү гэдгээ мөн дурдах нь зүйтэй биз ээ. Гоё групп шүү!   

UB LIFE-ийн хөгжилтэй түүхүүд гэх нүүр зургийг: Ц.Ариунсанаа 

1. Нэг өдөр дүү цэцэрлэгээсээ ирээд сурсан шүлгээ уншиж өгөв өө.

“Намуу цэцэг чамайг
Саруул талаас түүгээд
Савангийн үйлдвэрт өгөөд
Бөөстэй саван болгоод
Хөөрхөн нүүрээ угаана даа”
гээд л уншив. Ээж бид хоёр “бөөстэй” биш “хөөстэй” гэдэг байхгүй юу гэж өчнөөн ухуулсан ч багш ингэж л заасан гээд ер халгаагаагүй. Дараа нь өөр хүмүүст ч шүлгээ анх сурснаараа мөн ч олон уншиж өгсөн дөө.

-Д.М

2. Би багадаа од харах их дуртай хүүхэд байсан юм. Зуны гурван сар хөдөө өвөөгийндөө амрахдаа ханатлаа од хардаг байлаа. Тэр үед өвөөгийн гадаах хураалттай зузаан хар моднууд дээр орой болгон тэнгэр ширтэж хэвтдэг байсан. Тэр модон дээр ямар удаан хэвтдэг байсан гээч. Даанч сүүлд мэдэх нь ээ өнөө моднууд чинь төмөр замын шопол байсан байна лээ. Галт тэрэгний гайхалтай бохирын системийг санаж байна уу? Шууд доошоо асгачихдаг. Даанч өвөө буу гээд загнаад байдаг байсан юм. "Яагаад" гэдэгт "болдоггүй юм аа" гэж хариулдаг монгол зангаараа намайг тэр олон жил зогсоож чадаагүй байдаг юм. За ямартай ч баасанд унасан хүн баяждаг гэсэн. Баасан дээр олон зун хэвтсэн хүн ч бас жигдрэх юмандаа байгаа байх аа.

-Б.Н 

3. За тэгвэл найзуудынхаа чатыг андуураад ажлынхаа, бүр захирал, дарга нартайгаа байдаг чат руу андуураад орон орны эрчүүдийн эрхтний хэмжээтэй зураг явуулж байсан юм. Тэр үед фэйсбүүк мессенжерээр явуулсан зүйлээ "remove" хийх боломжтой ч байсан болоосой гэж хүсэж билээ. Түүнийхээ балгаар одоо хүртэл манайхан намайг "сайхан гар" гэж шоолдог юм. Тухайн үедээ хоёр давхрын өрөө рүү орсон чинь бүгд миний өмнө бантаад юу ч дуугараагүй. Манай ажлын нэг галзуу эгч бууж ирээд үхтлээ шоолоод арай тайвширч билээ. Бантсан үедээ хүнд шоолуулахаар харин ч гайгүй болдог юм билээ.

 -Б.Э 

4. Нэг өдөр гудамжаар явж байсан чинь хэдэн хүүхэд ирээд нэг нь надаас "Эгч ээ та эрэгтэй юу, эмэгтэй юу" гэж асуугаад, би "Эгч нь эрмэгтэй" гэж хариулж билээ. 

-Б.

5. Манай хоёр найз дулаарч байгаа болохоор турна гээд хамгийн их турсандаа 50 мянган төгрөг өгнө гээд бооцоо тавив. Нэг өдөр найзтайгаа TSE ороод хоол идэх болсон юм. Эхлээд нөгөө найз маань турж байгаа болохоор шинэ ногооны салад л иднэ гэсэн юм. Харин би нэг өндөгтэй тушонк, улаан дарстай авлаа. Манай найз дарсанд их дуртай болохоор тэсэхгүй ганцхан үнэрлээд үзье тэгэх үү гэхээр нь үнэрлүүлэв. Тэгсэн ганцхан амсуулчих, хэлээ хүргээд л өнгөрнө гэж байна. Тэгэхээр нь гуйлгаж гуйлгаж байгаад шалдаа буухаар нь хальт хэлэнд нь хүргүүлэв. Тэгсэн чинь давраад тушонкноосоо ганцхан халбагадуулчих гэхээр нь нэгхэн ширхэг будаа, махны өөдөстэй өгсөн чинь голоод, өлссөндөө ядраад ширээ налж унаад бүр... Тэгж тэгж дарс хоол хурдан шингээдэг гэж байгаад дарс авч уусан. Тэгээд гэр гэртээ хариад харсан чинь харин манай найз юун турах, KFC орчихсон сууж байсан юм даа. Өглөө босоод гүйнэ гэж байгаад л унтаад өгсөн байсан. Турна гэдэг ер нь их эмзэг сэдэв л дээ.

-М.Б 

6. Англи хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй ээж минь чатаар амжилт хүсье гэж бичсэн нь: God Look!

 Гэхдээ яаж ч харсан "Good Luck"-тай төстэй л байгаа юм даа.

-Н.О 

7. Би 8 настай, ах 10 настай байлаа. Ах сонгоны ангид сурч байсан болохоор тэдний анги англи хэл үзээд эхэлчихсэн байсан. Ахаас англиар "Та" гэдгийг юу гэдэг юм бэ гэж асуусан өөдөөс "Юу" гэсэн юм. Тэгэхээр нь дахиад англиар "Та" гэдгийг юу гэдэг юм бэ гээд асуусан чинь "Юу" гэхээр нь дургүй хүрээд "Дүлий юм уу, англиар ТА гэдгийг юу гэдэг юм гээд асуугаад байгаа юм биш үү!?" гээд хэлсэн чинь "Тэгээд ЮУ гээд байгаа юм биш үү!" гээд. Тэгээд жаахан байж байгаад “YOU-Юу” гээд байгааг нь ойлгож билээ.

-Б.Ц

8. Би нэг хүнд сайн байлаа. Бүр галзууртлаа дурласан байсан юм. Нэг өдөр өөрийгөө хүчлэн байж сэтгэлээ илчлэх болоод, ажлынх нь гадаа очоод баахан зогсож байгаад дуудаж гаргаж ирээд хэлсэн юм. Гэхдээ тэр найз охинтой гэдгээ надад хэлсэн. Би ч юу юугүй уйлчих гээд л... Тэгээд л булан тойроод гүйчихсэн. Хамгийн инээдтэй нь би булан тойроод уйлахаа хэсэг азнаж байгаад чихэвчээ гаргаж ирээд, дуу сонсонгоо үргэлжлүүлэн уйлж гүйсэн юм даа. Кино шиг л амьдрах юмсан гэж бодож байгаад кино шиг болгох гээд тийм зүйл хийсэн байдаг юм. Ядаж байхад тэр дуу нь нөгөө "Би чамд хайртай" кинон дээр Дэлгэрийг гүйхэд явдаг дуу байсан юм даа. 

9. Нөхөртэйгөө хараахан суугаагүй, уулздаг байхдаа гадаад явж ирээд түүнд авсан өмдөө гаргаж өгөөд, “Алив өмсөөд үз дээ, хармаар байна” гэсэн чинь манай хүн өмсөж байна аа. Нэлээн чихээд л, их хэцүү өмсөж байх шиг харагдахаар нь “Хүүе ээ, чиний размерыг л авсан шүү дээ, яагаад таарахгүй байна аа. Алив сайн тат” гээд шавдууллаа. Манай хүн ч сандарсан юм уу яасан юм, “Таарч байна аа, таарч байна. Зүгээр ээ, ингээд өмсчихье өө” гээд байдаг. Харахад нэг л сонин “скинни” өмд. Тэгээд сайн хараад байсан чинь өөрийнхөө өмдийг гаргаад өмсүүлчихсэн байдаг юм. Адилхан саарал өнгөтэй болохоор нь сайн ялгаагүй. Тэгснээ аймар өвдөг энэ тэр гараад үрчийсэн өмд гаргаж өгснөө “Хайр аа, май чамд өмд авсан. Одоо өмс” гэнгүүт юу бодсон бол хөөрхий минь.

-Ж.З

10. Би бисексуал юм л даа. Өмнө жил нэг залуутай болзоонд яваад л, юм ярьж ярьж байснаа "Чи бисексуал юм чинь, би эрэгтэй юм уу эмэгтэй юм уу?" гэж надаас асуусан юм даа.

-К.

11. Хөвсгөлд нэг удаа найзтайгаа 00 оров. Арай гэж хүндэрсэн юм. Тэгээд нөгөө найздаа, "Сараа чи сонссон уу? Би чадлаа" гэсэн чинь хажуу талаас ангийн нэг хөвгүүн "Тийм ээ, чи чадлаа Тэргэл ээ" чих шиг...

-Б.И

 "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгтэй явдлууд" групп дээрээс авсан постууд эндээс эхэллээ   

12. Манай охин жирэмсэн юм л даа. Тэгээд тонгойж гутлаа өмсөх, үдэх их хэцүү байдаг гээд л байн байна яриад явж байтал газраас 20 мянган төгрөг олоод ямар хурдан тонгойж авсан гэж бодно оо. Бодохоор л инээд хүрээд байдаг юм.

-Б.А 

13. Хоёр, гурван жилийн өмнө найзтайгаа хоёр шар айраг уучхаад гэртээ орохдоо юм идчихвэл үнэртэхгүй байх гэж бодоод хоёр мантуун бууз аваад 5 давхартаа яг идэх гэж байхад доороос хүн ирж байдаг шүү. Би чинь сандраад хоёр мантуун буузаа цүнхэндээ хийх гэсэн чинь нэг нь бөндгөнөөд доод давхар луу уначихдаг байгаа. Тэгсэн доод давхраас бүдүүн хоолойгоор, "Би гэртээ орж байна аа. Санаа зоволтгүй бууж ирээд идээрэй."

-Ч.Т

14. Та нар тэгвэл дөрөвдүгээр сарын 1-нд төрсөн хүн ямар хэцүү байдгийг мэдэх юм уу? Миний төрсөн өдөр гэхээр хэн ч итгэхгүй, надад мэнд хүргэхээр би өөрөө итгэхгүй.

-Б.

15. Би сургуулийн сурагч байхдаа хичээл тараад явж байлаа. Машин, микрог гар өргөж зогсоогоод л, суухгүй “Дөрвөн сарын нэгэн” гээд л өөрөө баясаж инээгээд л. Аймгийн төв болохоор халтууранд мотоцикль хүртэл явна. Нэг мотоцикльтой ахыг зогсоогоод л “Дөрвөн сарын нэгэн” гээд л аваад хаялаа. Өнөөх ах аймаар муухай харснаа хүчтэй хаазлаад, шууд л дайрна гээд хөөчихсөн. Маш удаан хөөсөн болохоор бөөн айдас, нус нулимс. Дотроо “тэнэг хүнтэй орооцолдож” ухааны юм бодоостой, айгаастай. Аргагүй ядраад айлын хашаа налаад зогслоо. Гэтэл өнөөх ах тулж ирж зогссоноо, “Дөрвөн сарын нэгэн. Ахын дүү томоотой яв” гэдэг байгаа.


-Т.Б

16. Дөрвөн сарын нэгэн гэснээс манай ээжийн найз дөрвөн сарын нэгэнд шөнө хөдөө байдаг найз руугаа утасдаад “Аймаг орж явна” гэж. Нөгөө хэд нь шөнө босоод л, хоол цай болоод л хүлээдэг юм байгаа биз дээ. Тэгтэл яасан, дөрвөн сарын нэгэн. Хөдөөгийн хэд чадуулаад л өнгөрч. Дараа жил нь шөнө болж байсан нөгөө хөдөөний найз нь залгаад л “Орцны чинь үүдэнд ирчихсэн байна, гараад ир. Энэ мах шөлийг даахгүй байна, хөвгүүдээ аваад гараад ир” гэж л дээ. Эгч бөөн юм болоод л “Алив хурдан бос, хөдөөнөөс мах шөл ирж” энэ тэр гээд баярлаад хөвгүүдээ аваад л гарч. Тэгсэн яасан байх нь уу, найз нь бүтэн жил бодож бодож өшөөгөө авсан байх нь байна.

-Г.Д

Энэ зургийг: www.standard.co.uk

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.21
Ub.life-ийн түүхүүд | Аз жаргал авчирсан анхны хадгаламжийн түүхүүд
2
2023.07.10
Ub.life-ийн түүхүүд | Наадмын нээлтийг “чимж” буй хүүхэд залуус
3
2023.06.30
UB.LIFE-ийн түүхүүд: Эрчүүд, хөвгүүд сэтгэлийн үгээ дайсан нь
санал болгох
1
7 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
18
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.