Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

UB.LIFE-ийн түүхүүд: Багшийн тухай олны танил хүмүүсийн САЙХАН 5 дурсамж


Монголын багш нарын VII их хурал энэ сарын 11, 12-нд болох гэж байна. Хурлаар хууль эрх зүйн шинэчлэл, сургалтын бодлого, багшийн хөгжил, ёс зүй,багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулах юм. Үүнтэй холбогдуулан "UB.LIFE-ийн түүхүүд" буландаа олны танил эрхмүүдийг урьж, тэдний багш нартай холбоотой гэгээлэг, сайхан дурсамжаас нь хуваалцсан юм. Мөн манай сайт #БагшдааБаярлалаа чалленжийг эхлүүлж байна. Хэрэв та бүхэн багштайгаа холбоотой дурсамж, түүхийг хуваалцахыг хүсвэл энэхүү мэдээллийг "public" тохиргоотой шэйрлэж, чалленжид нэгдэн гурван найзыгаа дуудаарай. 

Сэтгүүлч, нийтлэлч Э.Энэрэл

Би Хосе-Мартийн нэрэмжит 52 дугаар дунд сургуульд элсэн орж, тэндээ арван жил сураад төгссөн нэгэн билээ. Манай сургууль намайг ороход ч, төгсөх үед ч үе, үеийнхнийг багтаасан дууны хамтлагуудаараа алдартай байлаа. Дуу хөгжмийн багш маань Монгол улсын гавьяат багш, хүүхдийн дууны мастер Л.Галмандах багш маань байв. Яагаад ч юм 52-ынх гэхээр дуулдаг уу гэх хүмүүс маш их байдаг байж билээ. Гэхдээ гайхалтай сайхан багштай байлаа гээд дуулах төрөлх авьяас муу болохоор тэр хамтлагуудад багтаж байсан удаагүй. Харин шинэхэн сонихон дуунуудын анхны сонсогч болох аз бидний үеийнхэнд тохиож байж дээ. Дуулдаг ч бай, дуулдаггүй ч бай манай сургуулийнхны дуртай хичээл дуу хөгжмийн хичээл байлаа. “Эрдмийн тойрог” нэртэй дуу хөгжмийн танхим маань маш өвөрмөц. Урдаасаа арагшаа өндөрлөх зарчмаар тохижуулсан учраас хамгийн арын ширээний хүүхэд таазанд тулах шахаад сууна гэсэн үг. Би гуравдугаар салааны хамгийн ард суудаг учраас таазтай толгой залгаад сууна даа. Хөвгүүд болсон хойно таазны шохойг гартаа түрхээд охидоо будна, би мөчөөгөө өгөх дургүй хариуг нь өгөх гээд гараа шохойдох үед багш хэдийнэ харчихсан “Энэрэл ээ” гэдэг сэн. Уг нь багшийн нүдийг хариулаад өөр тийшээ харж байна гэж санаад гараа явуулахад л хэдийнэ мэдчихсэн байдаг байлаа. Багш маань баян хуур хөгжмөө дараад нөгөө тийшээ харж байх шиг байдаг юм, нүд нь бага зэрэг сөлийдүү хардаг байсан болохоор бид сэмхэн нүд хариулах боломжгүй байсан билээ. Чухам хааш харж байгааг нь тааварлах хэцүү. Сүүлд сонины сурвалжлагч болох үед Галаа багшийн маань алтан партнёр, дууны шүлгийн мастер Загдын Түмэнжаргал багш маань, албаны дарга маань болсон нь бас л нэгэн хувь тохиол гэлтэй. Түмээ ах нэг удаа “Чи багшийнхаа талаар жижиг хөрөг бичээдэх. Чи бичихгүй бол хэн бичдэг юм” гэж хөөргөөд би ч “Багш хааяадаа хаашаа хараад байгаа нь мэдэгддэггүй. Сахилгагүй хүүхдүүдийг дор нь барина” гээд бичиж билээ. Тэгтэл Түмээ ах учиргүй хөхөрч, “Чи бас тэгж байгаад зэвүүн шүү. Галаа маань мөн дөө” гэсэн сэн. Тэгээд Галаа багшийг чинь энүүгээр ирэхээр үүнийг чинь үзүүлнэ дээ гээд бах нь ханасан янзтай сууж байж билээ. Дууны ертөнцийн гайхалтай хоршигч тэдэнтэй холбоотой ийм нэгэн сайхан дурсамж надад байдаг юм.  

Дуучин С.Гантогоо

"Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ" гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг.
Миний ээж багш хүн бас би өөрөө ч багш мэргэжлээр төгссөн. Улс эх орны хөгжлийн хамгийн чухал зүйл бол хүний хөгжил юм.Тэр л иргэн хүнийг хүмүүжүүлэгч, бие хүн болгож эх орондоо хэрэгтэй хүн болгодог хамгийн чухал хүн бол багш юм. Энэ утгаараа багш гэдэг хүний гарт улс эх орны ирээдүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймээс төр засаг боловсролын салбартаа, багш нартаа маш сайн анхаарал тавиасай гэж маш их хүсдэг. Монголынхоо үе үеийн бүх багш, сурган хүмүүжүүлэгчдэдээ чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсэж байна.

"Gumuda concept store"-ийг үүсгэн байгуулагч Н.Хулан 

Радио телевизийн сургуульд сэтгүүлчээр сурч байхад ангийн багш маань намайг анх энгийн нэг ажилд туслах бичигчээр орсныг дуулаад "Чи ажлын гараагаа ийм амархан, нэг их ур чадварыг чинь шавхахгүй, чамайг шахахгүй ажилд ороод эхлүүлчихвэл насаараа ийм сул, цаг нөгцөөсөн ажилд дасчихна, битгий. Аль болох өөрт хэцүү, үргэлж шинэчлэгдэн сайжрах газарт ажиллаж бай" гэж хэлсэн нь их тус болсон. Багш маань ингэж хэлсэн учраас би одоо тав тухгүй ч гэлээ үргэлж шинийг суралцах боломжтой газарт байхыг хүсдэг.


УИХ-ын гишүүн асан, “Жорлонгоо өөрчилье” төслийн санаачлагч Ц.Оюунгэрэл 

9б ангийн багш З.Дамдинсүрэндээ.

Хайрт багш минь бурханы оронд байгаа ч эхнэр З.Хагаа багш, хүүхдүүд нь олж уншаасай гэж бодож бичлээ.

Багш маань нэг өдөр их ууртай байлаа. Ангийнхан маань даалгавараа хийгээгүй, олон хичээл дээр олон багш нараас гомдол ирсэн байв. Багш биднийг 207 тоотын биологийн кабинетээсээ гаргалгүй, цүнхнүүдийг маань хурааж авч суулгаад даалгавар хийлгүүлэв. Ангиас даалгавараа хийсэн нь л гарах эрхтэй. Би эрт даалгавараа дуусгаад гарах боллоо.
"Чиний цүнхийг өгөх болоогүй" гэж багш нүдний шилний цаанаас инээх аядав.
"Би даалгавараа хийчихлээ багш аа"
"Чи ширээнийхээ хүүхдийн даалгаварыг хийлгэ"
"Хэний?"
"Л.Бат-Эрдэнийн"
"Өнөөдөр ирээгүй шүү дээ"
"Ойрын үед ширээний хүүхэд чинь хичээлдээ ч ирэхгүй, даалгавар ч хийхгүй байгааг чи ер нь анзаарч байна уу"
"Анзаарч байгаа, багш аа. Бат-Эрдэнэ яасан юм бол?" гэж би асуулаа.
"Чи л мэдэж байгаа байх даа. Тэр захианы хариуг нь өгөөч" гэж багш хэлэхэд би балмагдаж орхилоо. Сарын өмнө намрын ажил дээр надаа захиа өгөхөд нь хариу өгөхгүй удаад байгааг багш мэдчихэж. Ингээд баларлаа гэж би айв. Намайг юу хэлэхээ мэдэхгүй зогсох зуур багш ширээнийхээ нүдийг онгойлгоод арваад харандаа гаргаж ирэв.
"Энийг аваад Цаг уурын товчоо руу яваад оч" гэж багш тушаав. "Чамайг долоо хоног хичээлээс чөлөөллөө. Бат-Эрдэнэ тэнд байгаа. Очиж хамт ханын сонин гарга."
"Аан?" гэж би гайхаад "Балын харандаагаар уу?"
"Тиймээ" гэж багш ууртай хэвээр хэлснээ "За цүнхээ аваад, харандаагаа аваад яв" гэлээ.

Ингээд маргаашнаас нь эхлэн Мөрөн хотын ус цаг уурын товчоо гэдэг газар нэгэн албаны өрөөнд Бат-Эрдэнэ бид 2 долоо хоног сууж ханын сонин гаргасан нь тэр жилийнхээ шинэ жилийн шилдэг ханын сонин болсон юм. Удсан ч үгүй захианыхаа хариуг ангийн хөвгүүн авч хичээлдээ сайжирч, сургуулиа онц төгсөөд хүссэнээрээ нисгэгч болж, бас миний анхны хань болж билээ. Одоо хүү минь яг л аавыгаа дуурайсан алиа шар залуу бий. Багшдаа үргэлж баярлаж явдаг даа.

Дуучин Б.Солонго

Би их сахилгагүй, дуу хуур гээд л хичээлдээ ч олигтой суудаггүй хүүхэд байлаа. Энэ бүхнийг минь ойлгож, дуучин болохыг минь дэмжиж, намайг төгсгөж өгсөн нийслэлийн 44 дүгээр сургуулийн Наранцэцэг багшдаа баярлаж явдаг даа.  


холбоотой мэдээ
1
17 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
2019.07.03
UB.LIFE-ийн түүхүүд: “PLAYTIME”-ийн үнэнч фэнүүдийн мартагдашгүй дурсамж
3
2019.06.17
UB.LIFE-ийн түүхүүд: ЭГЭЛ хүмүүсийн эхлүүлсэн үндэсний хэмжээний ҮЙЛ ХЭРЭГ болсон ЭНГҮЙ...
санал болгох
1
17 цагийн өмнө
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
21 цагийн өмнө
Жүжигчин Роберт Паттинсоныг "Twilight"-аар л төсөөлдөг хүмүүсийн заавал үзэх 6 кино
3
21 цагийн өмнө
Сирийн иргэний дайнд нэрвэгдэгсдийг төлөөлөх Жоума хүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Багш 2019.04.09 202.5.202.130

Сайн багшийн гараас сайн шавь төрдөг. Монголын бүх багш нартаа САЙХАН БҮХНИЙГ ерөөе. БАГШ НАРЫН 7-р ИХ ХУРАЛД АМЖИЛТ ХҮСЬЕ.

0 Хариулах


Уншигч 2019.04.09 66.181.166.134

ОЛны танил гэсэн чинь дандаа хүмүүс бараг мэддэггүй хүмүүсийг оруулж дээ!!!!

0 Хариулах


fan kk 2019.04.08 124.158.124.156

Ideree-iin aawig bat-erdene gdg bh n, kk. huurhun bagsh, huurhun tuuh we.

0 Хариулах