Хайх зүйлээ бичнэ үү

8 мин

UB.LIFE-ийн түүхүүд: ЭГЭЛ хүмүүсийн эхлүүлсэн үндэсний хэмжээний ҮЙЛ ХЭРЭГ болсон ЭНГҮЙ 4 түүх


Хоёр өдрийн турш үргэлжилсэн "Залуусын дуу хоолой" чуулган амжилттай болж, өчигдөр өндөрлөлөө. Энэ үеэр өөрт болон эргэн тойрныхоо хүмүүст тохиолдсон асуудлыг шийдвэрлэхийн төлөө эхлүүлсэн үйл хэрэг, тэмцэл нь үндэсний хэмжээний ажил болсон сонирхолтой түүхээ ярьсан юм. Өөрт тохиолдсон түүхээ тэд нар тайзан дээр гарч ирээд шууд ярьсангүй. Эхлээд тэд хөшигний цаана ярьж, үзэгчид дуу хоолойг нь л сонсов. Үүний дараа үзэгч, сонсогчид тэдний тэмцэл хэдэн настайд эхэлсэн, тэд ямар мэргэжилтэй болохыг таамаглаж, асуулгыг бөглөсөн юм. Энэ бүхний дараа тэмцэгчид тайзнаа гарч ирсэн нь үзэгчдэд шинэлэг, сонирхолтой байлаа. Дөрвөн өөр түүхийн эзэн болох 5 залууг түүхүүдийнх нь хамт танилцуулж байна.

1.“Гүнж” төвийн үүсгэн байгуулагч Ч.Ундрах

Миний хамгийн сайн найз 10-н жилдээ найз залуутай болоод жирэмсэн болсон. Өсвөр насны хүүхэд жирэмсэн болно гэдэг хэцүү асуудал. Харамсалтай нь найз залуу нь хүлээн зөвшөөрөөгүй ч найз минь үр хөндүүлэхгүй 15 насандаа хүүхдээ төрүүлж байсан. Би найзынхаа хажууд байсан ч тусалж чадаагүй. Тухайн үед яагаад ийм охидод тусалдаг, зөвлөгөө өгдөг эсвэл ийм асуудлаас урьдчилан сэргийлж, зааж чиглүүлдэг байгууллага, хүмүүс байдаггүй юм бол гэж гайхаж байсан. Үүнээс үүдээд, өөрөө ч эмэгтэй хүн учраас гурван найзтайгаа нийлээд 19 настайдаа “Гүнж” төвөө байгуулсан. Хамгийн гол нь энэ ажлыг эхлүүлэхэд зориг хэрэгтэй байсан. Мянга мянган охидыг гэрэлтэй, үргэлж аз жаргалтай байх хэрэгтэй гэсэн бодол байсан учраас зориглож ажлаа эхлүүлсэн юм. Бид нар эхлээд өсвөр насандаа ээж болсон охидод зөвлөгөө өгч байлаа. Хамгийн анх дотоодын сангаас 400 мянган төгрөгийн санхүүжилт аваад жижиг төсөл хэрэгжүүлээд 17 ээжид зөвлөгөө өгч, сургалт хийж, нийгмийн үйлчилгээ үзүүлсэн. Ингэж нэлээн удаан зөвлөгөө, тусламж үзүүлсэн ч шинэ шаардлага бий болж, нийгмийн өөрчлөлт хийх хэрэгцээтэй болсон. Үүнээс хойш бид ном гаргах, жүжигчилсэн тоглолт хийх, үзэсгэлэн гаргах, охидын эрхийн клуб байгуулах гэх зэрэг маш олон төрлийн нөлөөллийн үйл ажиллагаа хийж, үндэсний хэмжээний байгууллага болж чадсан. Найздаа тохиолдсон зүйлээс улбаалаад байгуулсан байгууллага маань охидын эрхийн төлөөх үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн өрнүүлэх болсон түүхтэй. Манайх 2015 онд охидын эрхийн чиглэлээр ажилладаг дэлхийн 20 байгууллагын нэгээр шалгарсан. “Ариун гэгээн охидын нүдэнд гуниг бүү хураасай” уриатай, зүрхний үгтэйгээр байгууллагын маань ажил үргэлжилж байгаа.

2.“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү

Манай байгууллага агаарын бохирдлын эсрэг иргэдийнхээ идэвх, санаачлагын хүрээнд ажилладаг. Бид үйл ажиллагаагаа эхлээд 3 жил болох гэж байна. Би анхны хүүхдээ гадаадад төрүүлж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа том хүү маань өвдөхөд тэндэхийн эмнэлгийн орчин нөхцөл бидний сэтгэлзүйд сайнаар нөлөөлж, хэцүү цаг хугацааг туулж чадсан юм. Тухайн үед би жирэмсэн байсан. Төрөх дөхөх үедээ бид Монголдоо ирж, төд удалгүй хүү маань хатгаа авч эмнэлэгт хэвтэхэд эрүүл мэндийн салбарын хүртээмж, эмнэлгийн орны тооны хүчин чадал манайд муу байсныг анзаарсан. Хаана төрснөөсөө шалтгаалаад хүүхдүүд яагаад хэтэрхий ялгаатай орчинд амьдарч, хүн болох ёстой юм бэ гэж бодож байлаа. Гадаад найз маань өвөл болохоор хүүхэдтэйгээ цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байгаа зургаа явуулдаг байсан бол миний хувьд хүүхдээ тэврээд эмнэлэгт байгаа зургаа явуулдаг болчихсон байлаа. Ингээд л агаарын бохирдлын эсрэг тэмцэл маань эхэлсэн түүхтэй. Мэдээж хэрэг баян орнуудтай улсаа харьцуулж, олон зуун жилийн түүхтэй том эмнэлгүүдтэй Монголынхоо эмнэлгийн нөхцлийг харьцуулах нь зөв шалгуур биш л дээ. Төсөв мөнгө хангалттай биш ч шийдвэр гаргагчид агаарын бохирдлыг багасгах хүсэлтэй байгаа, эсэхэд би эргэлзэж эхэлсэн. Нийгэм энэ чигээрээ үргэлжилбэл миний хүүхэд ирээдүйд ийм л нийгэмд амьдарна гэдгийг ойлгоод ирээдүйг эерэг болгохын төлөө чадах чинээгээрээ ажиллаж, иргэний нийгмийн салбарт санамсаргүй байдлаар орсон. Хүн ээж болохоороо бүх зүйлийг өөрөөр харж эхэлдэг юм билээ. Асуудлыг олон нийтэд хүргэхийн тулд жил гаруйн хугацаанд үргэлжлүүлэн ажиллаж, “Боож үхлээ”, “Ногоон жагсаал” зэрэг жагсаал хийж, хэвтээ жагсаалыг хүртэл Үндсэн хуулийн өдрөөр эрх зөрчигдөж байгаагаа илэрхийлэн дүн өвлийн хүйтэнд талбай дээр хэвтэцгээж байлаа. Олон нийтэд асуудлыг хүргэхийн төлөө ажилласны дараа Хотын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд шийдвэр гаргагчдад нөлөөлөх, тэдэнд асуудлыг танилцуулах ажлаа эхлүүлсэн. Эхлээд бид нар олон түмнийг хүйтэн үед жагсаал цуглаанд уриалан дуудаж ханиад томуугийн дэгдэлтийг нэмэгдүүллээ гэж загнуулж байсан бол яваа яваандаа бид нартай асуудлыг хэлэлцэж, ярилцаж, хүсэлтийн дагуу эмнэлгийн ачаалал, хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцсан. Ингэж тэмцсэний хүчинд төр, засгаас утааны эсрэг ажлуудыг хийж, бага ч гэсэн үр дүн гарч байгаад баяртай байгаа. Хамгийн гол нь бууж өгөлгүй, тууштай явах л хэрэгтэй юм билээ. Энэ салбарт иргэний байгууллагынхан богино хугацаанд үр дүн гаргаж чадахгүй ч гэсэн урт хугацаандаа эерэг, томоохон үр дүнд хүрдэгийг ойлгосон. Тиймээс залуус маань аливаа иргэний нийгмийн ажил хийхдээ нэг, хоёр удаагийн үйл ажиллагаагаар үр дүн битгий хүлээгээрэй, идэвхээ битгий бууруулаарай.

3. “Сайн сургууль” төслийн багийн гишүүн С.Жавхлан

Нийгмийн асуудал, бэрхшээлүүд бүх хүнд хамааралтай байдаг. Бид нэг агаараар амьсгалж, нэг ус уудаг, бидний жаргал, зовлон ижил. Би “LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдаж, багийн 7 гишүүн маань боловсролын салбарын авлигын эсрэг “Сайн сургууль” нэртэй дөрвөн сарын хугацаатай төслийг нийслэлийн гурван сургуульд хэрэгжүүлсэн. Төслөөрөө залуучууд авлигыг үл тэвчдэг, түүний эсрэг баттай бодолтой, сөрөг үр дагаврыг нь мэддэг байх ёстойг ойлгуулахын тулд сургалтуудаа эхэлсэн. Ингээд бид нар өсвөр насныхан буюу 10 дугаар ангийнханд авлигын тухай сургалт хийсэн. Сургалтаа сонирхолтой байлгах үүднээс олны танил хүмүүсийг авчрах, тоглоом тоглуулах, тэмцээн зохион байгуулах зэргээр гурван сургуулийн хүүхдүүдийг хамруулсан. Бид өнгөрсөн хугацаанд нийт 500 хүүхдэд авлигын эсрэг сургалт хийсэн байна. Улсын хэмжээнд 10 дугаар ангийн 36600 хүүхэд сурдаг статистик бий. Тэгэхээр бид нар эдгээр хүүхдийн 1.3 хувьд нь сургалт хийчихсэн гэсэн үг. Долоон залуу ийм хэмжээний хүүхдэд авлигын тухай мэдээлэл өгч чадсаныгаа амжилт гэж үзэж байгаа. Бид долоо ширээний ард суугаад төслөө ярьж байсан бол одоо аль хэдийнэ хэрэгжүүлчихжээ. Ингээд бодохоор аливаа зүйл багаас эхэлсэн ч төсөөлснөөс илүү том үйл хэрэг болдгийг төслөө хэрэгжүүлэх явцаасаа олж мэдэрсэн. Жишээлбэл, нийслэлийн 24 дүгээр сургуульд төрийн байгууллагуудаас харьяаллын бус 147 хүүхдийг “шахаж” элсүүлсэн байсан. 500 хүүхдийн 147 нь харьяаллын бус хүүхэд гээд тооцохоор 30 хувь нь “шахааны” хүүхэд болж байгаа юм. Үүний эсрэг ямар ажил хийх боломжтойг судлахад үүнийг зохицуулсан, хориглосон дүрэм журам, хууль байдаггүй юм билээ. Тухайн сургуулийн захирлыг “найрчихад” л болдог юм байна. Ингээд л боловсролын салбарын авлига бий болох нөхцөл бүрдэж, хотын төвийн сургуульд хүүхдээ оруулах авлигын хэмжээ нэг приус машины үнэд хүрсэн байх жишээний. Тиймээс бид нар үүнийг зохицуулсан дүрэм журам хийхээр АТГ-тай хамтран ажиллахаар хандсан. Ингээд бид нар багш нараас, ТББ-аас санал авч, элсэлтийн журам боловсруулчихсан байгаа. Одоо бид нөлөөллийн ажил хийж, БСШУС-ын сайдаар батлуулаад улсын хэмжээнд мөрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Монголд жилд дунджаар 60 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсдэг юм билээ. Хэрвээ бидний журам мөрдөгдөж эхэлбэл 60 мянган хүүхдийн ирээдүйд нөлөөлж, ямар ч авлигын асуудалгүй харьяаныхаа сургуульд сурах нөхцөл бүрдэх юм.

4. “Хариуцлагатай залуу манлайлагч” клубийн сургагч багш Э.Пүрэв, Ж.Нарангарав

Дөрвөн жилийн өмнө ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага)-ийн Бээжин дэх салбар, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг хамтран “Бодлогын нөлөөлөлд залуусын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, чадавхижуулах нь” хөтөлбөрийн хүрээнд залуучуудад зориулсан “Хариуцлагатай залуу манлайлагч” сургалтыг зохион байгуулж, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас залуусыг хамруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд залуус нэгдэж, үйл ажиллагаа эхлүүлээд одоо иргэний нийгмийн байгууллага байгуулах нь байгуулаад ажиллаж байгаа.Эхэндээ манлайллын тухай ойлголт бага байсан ч яваандаа залуусын оролцоо, манлайлал нийгэмд зайлшгүй чухал гэдгийг ойлгосон. Учир нь орон нутагт залуусын дуу хоолой бүх шатандаа дутмаг, тэдний оролцоо бараг байдаггүй. Тэр ч байтугай залуус нь хотруу шилжчихсэн, мэргэжилтэй, боловсролтой залуусаар дутагдаж байдаг. Тийм учраас 21 аймагт залуусын оролцооны байгууллага, клубийн хэрэгцээ байсан учраас клубээ байгуулсан. Бид энэ ажлаа өөрсдийн ажлын хажуугаар хийдэг.

“Хариуцлагатай залуу манлайлагч” клубийн ажлын хүрээнд Дорноговь, Дундговь аймагтаа тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд нөлөөллийн, залуусын дуу хоолойг нэгтгэсэн олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Нийгмийн сайн сайхны төлөө, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө “Гэрлээ түгээцгээе”, “Амралтын цэнэг” зэрэг чөлөөт уулзалт зохион байгуулж, “Амьдрал бэлэглэе” цусаа хандивлах аян өрнүүлж, зам тээврийн ослыг бууруулахын тулд самбар байршуулах, залуусыг нэгтгэн спортын арга хэмжээ байгуулах гэх мэтчилэн орон нутгийн хэмжээнд ихээхэн сайн дурын ажил хийж байна.
Нийгмийн эерэг хөгжилд залуусын манлайлал ихээхэн чухал байдаг юм шүү, залуусаа. Багаас эхлүүлсэн энэ ажил маань одоо ямар ч байсан үндэсний хэмжээний сайн дурын ажил болоод өргөжсөн байна.


 

холбоотой мэдээ
1
Өчигдөр
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх
2
2019.07.03
UB.LIFE-ийн түүхүүд: “PLAYTIME”-ийн үнэнч фэнүүдийн мартагдашгүй дурсамж
3
2019.06.01
UB.LIFE-ийн түүхүүд: Олны танил хүмүүсийн бага насны тухай хөгжилтэй 7 дурсамж
санал болгох
1
3 цагийн өмнө
Сэтгэл гутралын тухайд оюутан бүрийн мэдвэл зохих 13 чухал зүйл
2
3 цагийн өмнө
Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ
3
Өчигдөр
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
4
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2019.06.20 192.82.65.54

utaa buuruulah nereer amratand amraan ntr geed gutsad bsan huuhen bnshd shantaaj hiij mungu avdag

0 Хариулах


Зочин 2019.06.19 66.181.177.203

Bas utaa buursan uil hereg haana bolsiiin hahha, Tulburteigeer uursdiiguu urgumjluud bga yumuu hahah

0 Хариулах


Зочин 2019.06.19 66.181.177.203

Hahah ene utaanii esreg gedeg chin buun luivar shalgagdaad bsan bizdee

0 Хариулах