Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

"Улаанбаатар хотын музей"-г сэргээн засварлах хандивын сонирхолтой эвентүүдэд урьж байна


Төрөлх хотын минь нэрээр нэрлэгдсэн Улаанбаатар музей нь тэртээ 105 жилийн өмнө орон сууцны зориулалтаар баригдсанаас хойш огт засвар хийлгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Зориг сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн залуучууд 1918 онд баригдсан "Улаанбаатар хотын музей"-г сэргээн засварлахаар хандив босгох төслийн хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах гэж байна. Та бүхэн дор дурдах эвентүүдэд боломжоороо оролцож, уг хандивын аянд сэтгэлээрээ нэгдэнэ үү хэмээн уриалъя!

1. Улаанбаатар Хотын Музейн Нээлттэй Өдөр

Улаанбаатар хотын түүхийг гэрэл зургийн үзэсгэлэн, музейн тайлбараар дамжуулан танин мэдэх, мөн Өндөр Гонгортой хамт гэрэл зургаа авахуулах, хүүхэд, гэр бүлд зориулсан “Би хотын иргэн” боловсролын ажил, Улаанбаатар хотын уран бичлэг болон усан дээр зураг зурах үзүүлбэр, өөрсдөө зурах үйлчилгээ гээд олон сонирхолтой арга хэмжээ энэ өдөр болох болно. Та доорх зураг дээрээс дэлгэрэнгүй цагийн хуваарийг харах боломжтой.

2. 1vs100 Block Party

Уг арга хэмжээний нэг хэсэг болох Block Party-д та бүхнийг урихад таатай байна. 11 цагаас 1vs100 Label-ийн төлөөлөгчид болох Bodikhuu болон DJ Zulaa нар хөгжмийн сэт тавих болно. Дашрамд дурдахад тухайн өдөр буюу 05 дугаар  сарын 18-нд “Машингүй өдөр” давхцаж байгаа тул музейн гадна орчныг гудамжны “Block Party” хөгжим сонсох амьд уур амьсгалыг бүрдүүлэх болно.

3. "30 хүртэлх сонирхолтой түүхүүд"

30 нас хүртлээ та юу хийж бүтээхээр төлөвлөж байгаа вэ? Энэ өдөр Харвард төгссөн, 25 насандаа намтар номоо бичсэн, олон улсын байгууллагад хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан зэрэг хүмүүсийн 30 хүртлээ юу хийж бүтээсэн тухай хуваалцах юм. Мэдээж зочдоос та хүссэн асуултаа асууж болно. Хамгийн ГОЁ нь уг арга хэмжээнд зарцуулсан таны мөнгө 100% Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахад ХАНДИВЛАГДАХ болно. Та ЭНД дарж уг эвентэд бүртгүүлээрэй.

Уг төслийн хүрээнд та бүхэн "UBcityMypride" challenge-д мөн нэгдээрэй.

Энх цагийн бүтээн байгуулалт

Дэлхийн II дайны дараа Монгол дахь бүтээн байгуулалтын ажил дахин эрчимжиж эхэлсэн юм. Үүнийг "Энх цагийн бүтээн байгуулалт" гэж нэрлэдэг.

Сайд нарын зөвлөлийн 47 дугаар хурлаар 1946 онд Улаанбаатар хотын төвийн хэсгийг шинэчлэн байгуулах урьдчилсан ерөнхий төлөвлөгөө батлагджээ. Уг төлөвлөгөөнд хотын төв ба хөл хөдөлгөөн ихтэй гол гудамжуудыг 24-30 метр өргөн, ердийн гудамжуудыг 15-22 метр өргөн байхаар бодож, хотын төв хэсэгт барих барилгыг хоёроос дээш давхар байхаар төлөвлөн, барилгуудыг төвийн хэсэгт нягтруулан барих, хотыг ногооруулах, цэцэрлэгжүүлэх ажлыг баруун тийш Холбооны яам /одоогийн Төв шуудан/ хүртэл үргэлжлүүлэх, Их сургуулийн гудамж ба бусад гудамжинд мод тарих ажлыг хийж гүйцэтгэхийг заажээ.

Ийнхүү 1945-1950-иад онд Д.Сүхбаатарын талбайн зүүн хойно МУИС-ийн барилга, түүний баруун талд 72 айлын сууц /анхны уурын халаалт, дэлгүүр, цэцэрлэг, холбоо, үйлчилгээтэй орон сууц/, талбайн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш Гадаад яамны байшин, Төв поликлиник, арай зүүн талд нь Нэгдүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, Х.Чойбалсангийн өвлийн ордон /одоогийн Маршал харш/, талбайн баруун талд Элдэв-Очирын нэрэмжит кино театр /одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Нийслэлийн Засаг даргын тамгын газар/, хоймор талд нь Засгийн газрын ордны барилгыг барьсан юм. Эдгээр барилгыг барьж байгуулахад олзлогдсон япон цэргүүдийн хүчийг ашигласан байдаг. 1946-1951 онд Улаанбаатар хотод Энх цагийн бүтээн байгуулалтаар баригдсан эдгээр барилга дараах онцлогтой байв.

Дээрх барилгууд баригдсанаар Улаанбаатар хотын төв талбай, түүний орчмын өнөөгийн төрх бий болж, хотын төвийн хэсгээс эхэлсэн бүтээн байгуулалт нь “орчин үеийн социалист хот” болох эхлэл болсон юм.
Энэ үед баригдсан барилгуудын ихэнх нь неоклассизмын үеийн загвартай бөгөөд өнөөдөр ч Улаанбаатар хотын хамгийн гоёмсог барилгууд хэвээр байна. Эртний Грек, Антикийн үеийн барилгууд Европт XVIII зуунд дахин дэлгэрснийг “Неоклассизмын үе” гэдэг. Монголын удирдагчдын хүсэл сонирхол, ЗХУ-ын нөлөө зэрэг нь эдгээр барилгыг барих шалтгаан болжээ.
Орчин үеийн анхны нийтийн номын сан, кино театр, дуурийн театр баригдсанаар нийтийн соёл, боловсролын хөгжилд томоохон дэвшил авчирсан юм.
Дээрх барилгуудыг барихад 1945-1947 онд Монголд байсан японы олзлогдсон цэргүүдийг дайчлан оролцуулсан. Энэ үед монголын архитектурын түүхэнд анх удаа улсаас иргэд, олон нийтэд зориулсан барилга байгууламж бариулж эхэлсэн бөгөөд барилгын ажлыг шинжлэх ухааны үндсэн дээр зохион байгуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн байна.

Ингээд Энх цагийн бүтээн байгуулалтаар Улаанбаатар хотын төвийн хэсэгт баригдсан барилгуудтай танилцъя.

ЗурагТайлбар
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОН

1946-1951 онд барьсан уг барилгад ЗХУ-ын Ворошиловск хотын Зөвлөлүүдийн ордны барилгын зураг төслийг ашигласан боловч барилгын хэмжээ, хийц, даацын конструкци зэргийг монголын нөхцөлд тохируулан ихээхэн өөрчилсөн байна. Засгийн газрын ордны анхны өргөтгөлийг 1958-1961 онд, хоёр дахь өргөтгөлийг 1981 онд хийжээ. 1954 онд ордны урд хэсэгт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилын Бунхант индэрийг барьсан бөгөөд түүнийг 2005 онд буулгаж, оронд нь 2006 онд Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Чингис хааны хөшөөг барьж байгуулсан юм.
ЭЛДЭВ-ОЧИРЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН КИНО ТЕАТР

Уг барилгыг монголын анхны орчин үеийн кино театрын зориулалтаар 1946-1948 онд ЗХУ-ын архитектор М.С.Яшвины зураг төслөөр барьжээ. Сонирхуулахад, уг зураг төслөөр 1958 онд ЗХУ-ын Уфа хотын Ялалт кино театрыг барьсан байдаг. 1948-1990 он хүртэл Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр байсан дээрх барилгад 1990 оноос хойш Монголын хөрөнгийн бирж үйл ажиллагаа явуулж байна.
МУИС-ИЙН ХИЧЭЭЛИЙН ТӨВ БАЙР

МУИС-ийн барилгыг ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильниковын зураг төсөл, инженер Гуреевичийн удирдлагаар 1943 оноос эхлэн барьж, зүүн хэсгийг нь 1947 оны гуравдугаар сард, баруун хэсгийг нь дөрөвдүгээр сард, гол хэсгийг нь долдугаар сарын 1-нд хүлээн авч ашиглалтад оруулжээ. Энэ барилга нь дөрвөн давхар, дээрээ цамхагтай, дугуй хэлбэртэй гол хэсэг нь 36 метр, гаднаа олон баганатай, хойд болон зүүн захын барилгууд нь гурван давхар болой. Их сургуулийн төв барилгыг барихад 1945-1947 онд японы 700 олзлогдсон цэргийг дайчлан оролцуулжээ.
ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

Гадаад харилцааны яамны барилгыг ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильников, В.Шульгин нарын зураг төслөөр 1946-1948 онд барьжээ.
АЛТАЙ ЗОЧИД БУУДЛЫН БАРИЛГА

ЗХУ-ын архитектор Н.М.Шепетильниковын зураг төслөөр 1946-1948 онд баригдсан уг барилгад 1964 он хүртэл Монголын орчин үеийн анхны зочид буудал “Алтай”, 1964 оноос өнөөг хүртэл Улаанбаатар хотын захиргаа байрлаж байна.
УЛСЫН ТӨВ ТЕАТР БУЮУ ДУУРИЙН ТЕАТР

1940 онд Улсын төв театрыг барьж байгуулах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч, хөрөнгө нь төсөвлөгдсөн боловч эх орны дайны улмаас хойшлогдсон байна. Ингээд 1946 оны зургадугаар сарын 28-нд суурийн чулууг нь тавихад Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцсон түүхтэй. Улсын төв театр буюу одоогийн ДБЭТ-ын барилгын зураг төслийг ЗХУ-д амьдарч байсан фашизмыг эсэргүүцэгч, герман архитектор Герхард Козель 1945 онд зохиосон бөгөөд 1946-1949 онд Улсын барилга трестийн барилгачид, японы олзлогдсон цэргүүд барьж ашиглалтад оруулжээ.
ТӨВ НОМЫН САН

Тус барилга нь Монгол улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга юм. ЗХУ-ын архитектор Н.М.Шепетельниковын зураг төслөөр 1946-1951 онд барьж, ашиглалтад оруулжээ.

1946-1947 онд барилгын ажилд 200 орчим олзлогдсон япон цэргийг дайчлан оролцуулсан юм.

Эх сурвалж: Сайн байна уу Улаанбаатар минь

Энэ мэт өөрсдийн төрж өссөн хот, улсынхаа нийслэлтэй холбоотой түүхэн дурсгалуудыг бид хайрлаж, хамгаалан цаашид өвлүүлэх учиртай билээ. Та бүхэн 100 жилийн түүхтэй музейн дурсгалт барилгыг засварлах хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой!   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
2
3 өдрийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.