Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Хүний ХОМ нэгжихгүй өөдрөг амьдрахыг хүснэ

Жидүүгийн дуулиан сонгогчдыг шинжээч болтол боловсруулжээ.


За байз, Энхбаярын жилийн орлого 2.9 тэрбум гэдэг чинь “Газар” –аасаа хэдийг, ББСБ-аасаа хэдийг нь олов, зээлийн хэмжээ нь 2.5 тэрбум төгрөг гэдэг чинь... гээд цааш ухаж төнхөж гарлаа. Тооны машинаа ч точигнуулан тогшлоо. Ирэх жилийн өдийд түүний түрийвчинд хэд байх боломжтойг өмнөх жилүүдтэй нь харьцуулсан дунджаар нь тооцож, мэдүүлэх хөрөнгө, орлогынх нь төсөөлөлтэй ч болоод авлаа. Энэ хүнд итгэн Баянзүрх дүүргээс УИХ-д өөрсдийгөө төрд төлөөлүүлэхээр гишүүн болгож илгээсэн 11408 хүн миний адил гурван жилийн өмнө зөв сонголт хийсэн, эсэхээ нягталж, төрийн сангуудаас авсан мөнгөө хаана, юунд зарцуулсан байж болохыг нь нэмж хасаар, түүний “хувийн” хэрэгт дурлан “чөтгөр” царайлан суугаа нь олон болов уу. ЖДҮС-гаас зээл авсан, өнөөдөр банк нь дампуурсан Б.Ундармаа гишүүнийг сонгосон хүмүүсийн тооны машин өнөөдөр амар заяа үзэхээргүй завгүй байгаа даа. 

Улстөрчдийн хөрөнгө, орлогын 2018 оны мэдүүлэг олон нийтэд ил болсон энэ өдөр сонгогчдын хариу үйлдэл урьд өмнөх жилүүдийнхээс арай өөр болсныг Та анзаарав уу. Өмнө нь хөрөнгө, орлогын мэдүүлэг нийтлэгдэхэд хэн, хаана, юутай талаарх мэдээллийг оддын гял цал зураг ч юм уу, эсвэл танин мэдэхүйн шинжтэй сонин хачныг сонирхдог шиг зэрвэс үзээд өнгөрдөг байсан билээ. Их л нягталж байгаа нь “Энэ одоо төрд насаараа ажиллаж, хувийн бизнес огт эрхэлж үзээгүй байж хэдий завандаа ийм их эд хөрөнгө, хадгаламжтай болж амждаг байна аа” гэж бодоод л дуусдаг байв. Зарим хүн “Эгч минь Солонгосоос үйлээ үзэж ажилласан бүх мөнгөө надад бэлэглэчихээд байгаа нь энэ” гэж товхийтэл хариулахад нь ч итгээд л үлддэг байсан юм. Гэтэл энэ удаа өөрчлөгджээ. 

Жижиг дунд үйлдвэрийн сангаас УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд мэдээлэл болон боломжид ойр байдлаа ашиглан, эрх мэдэлдээ дулдуйдан олноороо зээл авсан нь 2018 оныг онцгойгоос онцгой жил болгож, үүнээс хойших улс төрийг, төрийн томчуудын энх тайвныг, бүр эрх баригч МАН-ыг самраад хаячихсан нь үнэн. Жидүү олон нийтэд илчлэгдэж, сонгогчдын зүгээс улстөрчдийг харах нүд, хандах өнцгийг ямар ч дээд сургууль төгссөнөөс илүүтэй боловсронгуй болгож өгснөөрөө 2018 он үнэхээр өлзий буянтай сайн жил болон шувтарчээ. Одоо сонгогч бид чинь улстөрчдөд итгэх итгэлээ нэгэнт алдчихсан учраас Авлигатай тэмцэх газрын ажилд хажуугаас нь хошуу бүү хэл хуруу нэмж нэг бодлын түвэгтэй, нөгөө бодлын ачтай үйлдэлд мэргэших нь дамжиггүй биз ээ.  

Өөрсдийнх нь орлого өсөх прогрессоор нэмэгдэх бөгөөд ажил үйлс нь идээчин уугаачин болтлоо хийцгүйрч, итгэж сонгосон энгийн иргэдийг санхүүгийн шинжээч, нягтлан бодогч болтол нь зовоосон Монголын улстөрчид ичиг ичиг. Хөрөнгө, орлогын мэдүүлгээс анализ хийтлээ боловсорч буй сонгогчдын боловсрол УИХ-ын 2020 оны сонгуулиар төгсөрч, дараагийн парламент хулгайчгүй бүрдэх болтугай. Хүний ХОМ нэгжиж, хэдэн тэрбумаар нь нэмж хасахгүй, урдах урдахаа хичээн тайван сайхан амьдрахыг хүснэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
19 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.