Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

“Өтгүй ямаануудын” 2020 он айсуй

Ард түмнийг өргүй л болгочихвол маргаашаас нь ядуурал арилж, нийгэм цэцэглэх үү.


УИХ-ын 2008 оны сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга С.Баяр иргэдэд нэг сая төгрөг тараана гэсний маргааш нь л АН-ын дарга Ц.Элбэгдорж өрсөлдөгчийнхөө амлалтыг 500 мянгаар давуулан зарлаж, түрүүлж дуугарсан хөхөөний амыг хөлдөөж байлаа. Улс төрийн сонгууль энэ мэтчилэн бэлэг сэлт, өглөг буяны уралдаанархуу явдаг нь үүнээс ч эртний эд л дээ. Эхэн үест улстөрчид Эрээний цаг, аяга өгдөг байснаа сүүлийн үед хивс, данх барьсан нэгнээ хүртэл тохуурхан даажигнах болсон. Сонгогч, сонгогдогч хоёрын өгөх авахын ухаан илүү нарийсаад байгаа билээ. Одоо эд бараа гэхээсээ алив өр зээлээс чөлөөлөх амлалт 2020 оны сонгуульд улс төрийн намуудын өнгийг тодорхойлох зэвсэг болох нь дамжиггүй болоод авлаа. Зээлтэй иргэнийг ажилтай, орлоготой хүн гэхээсээ таргалдаггүй, өттэй ямаатай зүйрлэн энэрэн нигүүлсэх цаг иржээ.

Манай улсын эдийн засагт иргэдийн өрийг чөлөөлөх, тэглэх нь бүү хэл, олон улсын санхүүгийн захаас босгосон удаа дараагийн бондын төлбөрүүд 2021 оноос эргэн төлөгдөх хуваариа хүлээж буйг бид мартаж болохгүй. Сонгуулийн заншил ёсоор "яаж ийгээд" буяны хөрөнгө босгодог юм гэхэд шинээр бүрэлдэх Засгийн газрын гадаад өр төлөх хугацаа хойшлох, төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил удаашрах, тэртэй тэргүй анаж буй долларын ханшийн өсөлт улам гаарах, зээл тэглэсний маргааш дахиад өр тавих тойрог үүсэх нөхцөл бий. 2021 оны дөрөвдүгээр сард төлөх хамгийн өндөр буюу 10.8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг төлөх төсөв гэхэд л 2020 онд бүрдэхээргүй байсан тул улсын төсөвт энэ талаар чимээгүй өнгөрсөн. Тиймээс иргэдэд буян үйлдэх эдийн засгийн бодит боломж манайд байхгүй. Зүгээр л улстөрчид хэлж үзэж байгаа нь л тэр гэж ойлгож болно. Гэвч “өтгүй ямаанууд” болох 2020 он айсуй. Ард түмнийг өргүй л болгочихвол маргаашаас нь ядуурал арилж, эдийн засаг хөгжиж, нийгэм цэцэглэх мэт богино зайны улс төр. 

МАХН түүчээлж байна

2020 оны сонгуулийн буяны ажлын эх тавигджээ. Н.Энхбаярын МАХН өнгөрсөн намар “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрөө зарлаж, 21 мянган өрхөд орон сууц амалснаар хэдэн өдрийн турш урт дараалал үүсгэн дугаарласан сонгогчдоо бүртгээд авсан. МАХН үүгээр өглөгийн ажлаа эхлүүлсэн бол үргэлжлүүлэн “Өргүй Монгол” үндэсний хөтөлбөрөө зарлаж байна. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын хэлснээс үзвэл, Монгол Улсын насанд хүрсэн хоёр иргэн бүрийн нэг нь цалингийн, тэтгэврийн, малчны гээд ямар нэгэн зээлтэй байгаа учраас манай орны эдийн засаг 20 дахин өсөөд чиг иргэд нь өттэй ямаа таргалдаггүйн адил өөдлөхгүй байгаа гэнэ. Тиймээс МАХН хэрэглээний зээлийг хүүгүй болгож, ипотекийн зээлийг ард иргэддээ 3 хувиас үл хэтрүүлэн олгохын төлөө хууль тогтоох байгууллагын 2020 оны сонгуульд ялалт байгуулахаар шулууджээ. Эл амлалтуудаа бодлого, мөрийн хөтөлбөртөө тусгахын тулд Монголбанкны судалгаа түшиглэсэн МАХН-ын хувьд лавтайяа 1.3 сая иргэн 100 гаруй жилийн өмнөх Манжийн дарлалыг эсэргүүцэн боссон түүхийг давтан тус намын өргүй болгох амлалтыг дэмжин эрс шийдмэг алхам хийнэ гэдэгт Б.Тулга итгэлтэй байна. 1.3 сая иргэн гэдэг маань улс төрийн намын хувьд сонгогчдын 50 хувь, тэдний гэр бүлийг тооцвол сонгуулийн ирц тэр чигээрээ харагдаж байгаа нь лавтай. 

МАН эхний алхмаа хийсэн

У.Хүрэлсүхийн Засгийн газар хүртэл иргэдийг зээлийн дарамтаас чөлөөлж, нурууг нь амраагаад эхэлсэн билээ. Сургалтын төлбөрийн зээлээс 13 000 диплом чөлөөлөхөөр Засгийн газар шийдсэнээ энэ оны есдүгээр сард жавхлантайгаар мэдэгдсэн. Энэ нь 2004-2016 онд дотоодын их, дээд сургуульд суралцаж төгсөхдөө Боловсролын зээлийн сангаас 16 тэрбум төгрөг зээлснийхээ барьцаанд дипломоо тавьж үлдээсэн зөвхөн 13 000 иргэний тухай л яриа юм. Энэ бол ард түмэндээ барих Ардын намын сюрпризийн дөнгөж эхлэл гэж хүлээж болохоор байна.  

Олон улсын судалгааны “Эс ай си эй” компани иргэдийн дунд зээлийн талаар судалгаа явуулахад, хамрагдсан иргэдийн 81 хувь нь ямар нэг төрлийн зээлтэй байгааг тогтоосон байна. Үнэгүй орон сууцтай болно гэдэгтээ итгэн МАХН-ын цагаан байшингийн гадаа дугаарласан 21 мянган өрх, өргүй болгоно гэсэн амлалтад анхаарлаа хандуулаад авсан 1.3 сая иргэний итгэлийг МАХН-аас шүүрэх МАН-ын амлалт юу байх бол? УИХ-ын дараагийн сонгууль болтол хугацаа зургаахан сараар хэмжигдэж буй энэ ахархан өдрүүдэд иргэдийг зээлээс чөлөөлөхөөс өөрөөр баярлуулах гялалзсан ажил, амжилт Засгийн газарт шинээр бий болох нь юу л бол. 

АН угаас туршлагатай

Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонговол оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг барагдуулах тооцоог Монгол Улсын сонгуулийн түүхэнд АН анх гаргаж байлаа. Х.Баттулга 2017 онд сонгуулийн кампанийнхаа үеэр иргэдийнхээ зээлийг чөлөөлөхөөр амалсан нь АН-ын нэр дэвшигч түүнд ялалт ирэх шалтгаануудынх нь магадгүй хамгийн том нь болсон. Тиймээс зээлтэй хүнийг ажилтай, орлоготой монгол хүн гэхээсээ өтөнд баригдсаны улмаас таргалдаггүй ямаа адил санах үзэл санааг АН үндэслэсэн юм. АН-д иргэдэд өр зээлээс нь хэлтрүүлэхийг амлах замаар сонгуулийн ялалтад хүрч болдгийг мэдсэн баялаг туршлага бий. Мөн МАН юу амлахыг харж байгаад маргааш нь ахиулан зарлаж үнээ өсгөдөг туршлага ч АН-д л байдаг шүү дээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
3
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
холбоотой мэдээ
1
2024.03.13
2030 он гэхэд авлигыг үл тэвчих соёл бэхжинэ гэж үзжээ
2
2024.03.12
"Ногоон автобусны" хэргийг шүүхэд шилжүүллээ
3
2023.12.22
The New York Times | “Turning Points-2024” сэтгүүлээс алдаж үл болох 10 нийтлэл
санал болгох
1
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
2
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино
3
2024.04.10
Таныг хувь тавилан гэж байдагт итгүүлэх 16 зурагт хайрын түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.