Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

#WomenWhoDare | Б.Хулан: Өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь байвал өөртөө итгэлтэй байж чадна


Элдэв маяг хачиргүй хурц, зоригтой, үнэнч зан чанар, хүний эрүүл мэндийн төлөө гаргаж байгаа чин сэтгэлийг нь олон жилийн өмнөөс мэдэж мэдэрч үзсэн. Зорсон баримал мэт бие галбирыг бүтээхэд, олон эмэгтэйг өөртөө итгэлтэй эрүүл, саруул амьдрахад нь туслахын тулд  даруу төлөв байх ямар чухал байдгийг түүнээс харж болно. Ямар хүмүүс гаргасан амжилтандаа ташуурдаггүй юм бэ гээд бодоод үзвэл, өөрийн амжилтандаа бэлэн болтлоо хөдөлмөрлөсөн хүмүүс. Энэ удаагийн “Women who dare” булангаараа Influencer, дасгалжуулагч багш Б.Хуланг танилцуулж байна.

-Эрүүл спортлог амьдарлын хэв маягийг дэлгэрүүлэх энэ ажил хэрхэн эхэлсэн бэ?

Анх 16 настайгаасаа аеробикээр хичээллэдэг байлаа. Биед өөрчлөлт гараад эхлэхээр, бүр гүн гүнзгий бэлтгэл хийе гэж бодож эхэлсэн. Өөрийгөө ялан дийлж байгаадаа амтшиж, мэргэшүүлье гэж шийдсэн үе бол 19 нас. Тэр үед их сэтгэл санааны хямралд орсон байсан учраас өөрийгөө аврах, ялан дийлэх, өөртэйгээ тулах орон зай бол дасгал хөдөлгөөн байсан. Тэр үед гоё сайхан харагдах нэн тэргүүний чухал зүйл байгаагүй. Америк улсад фитнес технологиор мэргэшиж сурсан. Өөрийн зан характерт тохирсон бэлтгэлийг олох гэж олон зүйлийг туршиж үзээд эцэст нь өөртөө таарсан бэлтгэлийг олж авсан.  Миний хийх дуртай зүйл туршлагажиж, яваандаа миний чадвар дасгалжуулагч багш болсон. Одоо би холимог, нэг хэвийн биш, богино хугацаанд өндөр ачаалал авдаг, эрч хүчтэй, булчингийн бэлтгэл, тэсрэлттэй дасгалуудыг заадаг. Энэ төрлийн бэлтгэлийг өөрийн биеийн төрөлдөө тохируулж хийх боломжтойгоороо онцлог.  

-Биеийн төрлөөс хамаараад өөр өөр арга зүй хэрэгтэй гэсэн үг үү?

Миний тав зургаан жилийн өмнө үзэж, судалж байсан мэдээллүүд хуучирч, үгүйсгэгдэж эхэлж байна. Орчин өөрчлөгдөхийн хэрээр хүний биеийн онцлог ч өөрчлөгддөг. Үүнээс үүдэлтэй дааврын таргалалтууд байна. Иймэрхүү таргалалтууд биед тавгүй мэдрэмж төрүүлдэг. Зөвхөн хоол, хөдөлгөөн гэхээсээ илүүтэйгээр маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Өөх шатаах амин чухал дааврууд ялгарахгүй бол эрүүлээр турах хэцүү. Шууд харанхуйгаар “тахианы цээж мах ид” гэхээсээ илүүтэйгээр юунаас үүдэлтэй ямар таргалалт вэ гэдгийг ярилцаж олоод тухайн хүнийх нь дааврын онцлогт нь тохируулж хоолны зөвлөгөө өгч, учир утгыг нь тайлбарлаж өгдөг. Шалтгаанаа олоогүй бол жин хассан ч гэсэн хассан жингээ хурдан алддаг. Хүн өдөр бүр бэлтгэл хийхээ болилоо ч гэсэн өөрийнхөө биеийг мэдээд авсан тохиолдолд өөрөө өөртэйгээ ажиллаж болно.

-Энэ талаар онлайн програм гаргаж байгаа гэсэн?

Гурван сарын хугацаанд мэдээллүүдийг онлайнаар авах юм. Урьд нь фэйсбүүкийн группийн хэмжээнд хийдэг байсан бол одоо илүү боловсронгуй болж, бүртгүүлсэн хүмүүс тест өгөөд биеийн төрөл болоод таргалалтын суурь шалтгаанаа тодорхойлно. Ерөнхийдөө монгол эмэгтэйчүүдийн биеийн төрөлд зориулсан програм. Эрс тэс уур амьсгалтай, хүнд нүүрс ус их иддэг, стресстэй нөхцөл байдалд амьдрахад хүссэн хүсээгүй таргалалт үүсэж байна. Ямар бэлтгэл хийж байж өөх шатаах дааврууд ялгарах вэ, зөвхөн хоолны дэглэмээс гадна гадны бүх нөлөөлөл эрүүл амьдарлын хэв маягт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг хэлж өгөх зөвлөгөөтэй, эргэх холбоотой ажиллах програм юм.

ЗурагТайлбар





-Эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн боловсрол хэр байна вэ?

Ерөнхийдөө бол доогуур, мэдээлэл маш дутуу байна. Үүгээр нь далимдуулаад тураах бүтээгдэхүүний наймаачид хохирогчоо амархан олзолдог. Хурдан тураана гээд хэлчихэд л шууд итгээд авч байна, "хурдан" гэдэг үгийг сонсоод л өөр цензур тавихгүй байгаа нь монгол хүний зантай холбоотой байх гэж боддог. Бэлтгэл, хоолоо зохицуулж чадаагүй, амжаагүй байгаа хүн шууд өөх шатаагч, уураг уух гэж яарах нь буруу. Хурдан хугацаанд их хэмжээний жин хаях юм бол жинхэнэ өөхөө хасаагүй, ус, булчин зэрэг хэрэгтэй зүйлсээ алдчихсан учраас буцаагаад хассан жингээ хурдан авна. Турсны дараа хэвийн хэмжээнд идэж болохгүй, үргэлж хоол хүнсээ хянаж явна гэж байхгүй. Зүгээр л туръя гэсэн харанхуй зорилготой байвал хэзээ ч эрүүлээр, буцаж таргалахгүйгээр турахгүй, мөн эрүүл мэндэд ч муу.

-Туръя гэсэн харанхуй зорилго гэдгийг тайлбарлаж өгөөч?

Жишээлбэл, 10 хоногт ийм үр дүнд хүргэнэ гэсэн юманд л хэзээ ч битгий итгээрэй. Зөв мэдээллээ хайж олоод тууштай цаг хугацаа зарцуулах ёстой байтал хам хум, захын хүний үгэнд итгээд, монжуулаад, харанхуй мөрөөдөлдөө автаад л яваад байна. Доод талд нь 3-6 сарын тууштай бэлтгэл хийж байж насан туршийн өөрчлөлт, амьдарлын хэв маягт суух суурь бүрдэнэ. Гурван сар хичээллэхэд хүнд дадал зуршил дөнгөж үүсэж эхэлнэ. Зургаан сарын дараа амьдарлын хэв маяг болох хандлага руугаа орж биеэ мэдэрч эхэлнэ. Би ч мөн адил олон жил суралцаж, жин нэмж, хасаж олон юм туршиж үзэж, уншиж судалж байж өөрийн биеэ мэдэж ойлгож авсан учраас одоо энэ бүх мэдсэн зүйлээ аль болох хуваалцахыг хүсдэг.

-Эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл гадаад үзэмжээс нь хэт их хамаараад байх шиг?

Influencer (Нөлөөлөгч), дасгалжуулагч багш хийж байгаа хүмүүс бол мэдээж биеэ зөв авч явах, аятайхан харагдах ёстой. Яагаад гэвэл хүмүүст сэдэл өгөх ажил хийж байна. Бид бол зөвхөн урам сэдэл өгөх зорилготой. Үүний дараагаар жинхэнэ мотивацыг хүмүүс зөвхөн өөрөө дотроосоо олж авна. Ажиллаад, хэрэгжүүлээд өөрийнхөө биеэр мэдрээд ирэхээр л хүнд урам төрж, зорилт нь дотоод сэтгэлээс гарч ирнэ. Зорилго нь тодорхой, тууштай байгаад, үргэлж өөрөө өөрийгөө тордоод услаад явбал болохгүй зүйл байхгүй. Өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь болж чадвал өөртөө итгэлтэй байж чадна. Өөрийгөө хүнтэй харьцуулаад, тэр хүн шиг болох юмсан гэсэн цагаас эхлээд хүн өөрийгөө доош нь хийж эхэлдэг, өөртөө итгэлгүй сэтгэлзүй бий болдог, явсаар байгаад өөрийн мэдэлгүй л тийм юм байнга боддог болдог. Магадгүй эхлээд өөртөө таалагд, дараа нь хүнд таалагд. Өөрийнхөө дотоод мөн чанарт 90 хувийн анхаарлыг зарцуулаад 10 хувийг нийгэм рүү, хүмүүст зарцуулах хэрэгтэй.

-Нийгмээс тулгасан олон цензурын цаана бараа таваараа зарах гэсэн л ганц зорилго байгаад байна уу?

Өөрийн гэсэн дархлаатай, шүүлтүүртэй болох хэрэгтэй. Хүмүүс юу гэж бодох бол гээд хүний үгэнд автаад байвал бүтэхгүй. Чамд юу хэрэгтэй байгааг чи өөрөө л эрчимтэйгээр эрэлхийж олно. Би тав зургаан жил махаа зовоож байж, тууштайгаар унаж босож, дээш доош олон зүйлийг туулсны дараа, өөртэйгөө тэмцэлдсэний эцэст л өөртөө таалагдаж сурсан.  Хууртагдах, урам хугарах, өөртөө итгэлгүй болох бүх үеүдийг туулсан ч гэсэн би энэ дотоод хүчийг олж авсандаа үргэлж талархдаг. Яваандаа өөрийгөө, биеэ удирдаж сурдаг. Өөрийнхөө биеийн онцлогийг ойлгоод дуртайгаараа хүссэнээрээ захирч чаддаг болно.  

-Өөрийгөө удирдаж сурахын эхний алхам юу вэ?

Жижиг алхамуудыг хийж эхэлнэ. Шууд том юм бодоод л, хурдан түргэн том үр дүн хүсээд байвал стрессдэнэ, шантрана. Өдөр тутмын жижиг алхмуудыг хийж эхлэх нь л том юмны эхлэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг л мэдэхэд өөрийгөө удирдаж чаддаг болно. Төлөвлөгөөтэйгөөр,  зорилгоо хараад өдөр тутамдаа жаахан хичээхээс өөр аргагүй. Юмны цаад утга учрыг нь тархиндаа суутал сайн ойлгочихвол харанхуй биш бодит зорилго тавьж болно. Зорилготой хүн чинь тархиа дасгаж байгаад өөртөө дадал болгож чадна.

ЗурагТайлбар






-Эрүүл саруул амьдрахын чухлыг хүмүүст ойлгуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг вэ?

Ер нь бол өөрийнхөө үзэл бодол, мэдээллийг хуваалцах төдийд л алхам тутамдаа шүүмжлэлд өртөж байдаг. Хүний хувийн амьдралд хэт их оролцож, зааж зөвлөх үзэгдлүүд их байна. Хурдан түргэн хугацаанд юу ч болж бүтдэггүй гэдгийг спортоос ойлгочихвол хүн энэ сэтгэл зүйгээрээ амьдарлын бусад асуудалд тэвчээртэй байж чадна. Тамирчин хүн бэлтгэлийн заалаа, багшийгаа хүндэлж хайрладаг. Гэр бүлийн харилцаанд хайртай хүндээ ёс зүйтэй хандаж чадна. Эхлээд өөрийгөө хайрлаад ойлгочихвол бусдыг ч гэсэн адилхан хайрлана. Хүн эрүүл мэндээ бодож дархлааг дэмждэг идэвхтэй хөдөлгөөнтэй байх бол наад захын хариуцлагын асуудал.

-Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд эмэгтэй хүн яаж өсч, хүмүүжих тухай ээж аав тань юу гэж хэлж, үлгэрлэдэг байсан бэ?  

Би эмээ өвөө дээрээ их дэг журамтай өссөн. Эмээгийн хатуу гар, аавын “хайр нь дотроо хал нь гаднаа” гэдэг хүмүүжлээр , шаардлага өндөртэй өссөн. Хэт дураар минь байлгаагүй. Ямар ч үед хүн өөрөөрөө энгийн байх, хэн байснаа санаж байх хэрэгтэй гэж хэлнэ. Мөнгө, эрх мэдлийн давалгаанд энгийн байдлаа алдаж болохгүй гэж сургадаг байсан. Хатуу үгэн дунд хүмүүжиж, буруу замаар яваагүйдээ баярладаг.

-Таны найз залуугийн ямар зан чанар нь таалагддаг вэ, хэрхэн хоорондоо зохицож амьдардаг вэ?

Надад хариуцлагатай, ёс зүйтэй, үүргээ ухамсарласан, хүмүүжилтэй зан чанар нь таалагддаг. Миний юу хүсэж байгааг чих тавин сонсож чаддаг. Сэтгэлээ онгойлгоод ярихад миний хамгийн сайн зөвлөгч байж чаддагт нь талархдаг. Миний бодлоор хосууд тодорхой үе шатуудыг давдаг, цаг хугацаа өнгөрөх тусам жинхэнэ хувь хүний зохицол нь гарч, танигдаж эхэлнэ. Тэр бүхэнд хүлээцтэй, тэвчээртэй, нухацтай байж чадвал амьдарлын ханиа зөв сонгож, зохицож чадна гэж боддог.

-Сэтгэлээр унасан үед таныг юу хурцалдаг вэ?


Би “тэнэг” юм шиг толинд хараад өөртэйгөө ярьдаг. Өөрийгөө өөр хүн байна гэж төсөөлөөд, уур уцаараа гаргах хэрэгтэй бол гартал нь ярина. Юу хүсээд байгаагаа мэдэхгүй үед чангаар ярихаар, надад сэтгэлийн тайтгарал өгдөг. Өөртэйгөө маш сайн ярилцаж би өөрийгөө намган дундаас татаж гаргадаг.

-Та юунаас хамгийн их айдаг вэ?

Хүчирхийлэл, нийгмийн энэ доройтлыг хараад айдаг. Яагаад гэвэл ирээдүйд миний хүүхэд яах бол гэж бодохоос айдаг. Би ирээдүйд хүүхдээ зөв, сайн хүн болгож өсгөж, хүмүүжүүлж чадах болов уу гэж бодохоор сэтгэл түгшиж эргэлзэх мэдрэмж төрдөг.

-Ямар эмэгтэйг “WOMEN WHO DARE” гэх вэ?

Women who does not give a shit. (Бусад хүн юу гэж хэлэх бол гэдэг айдсаас ангижирсан эмэгтэй)

-Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвөлгөө юу байсан бэ?

50 хувь нь мэдрэмж, 50 хувь нь тархи.

холбоотой мэдээ
1
2019.07.03
#WomenWhoDare | Д.Эрдэнэбаясгалан: Шударга байхаас би хэзээ ч ухрахгүй, болихгүй, айхгүй
2
2019.05.23
#WomenWhoDare | Э.Энхмаа: Би өөртөө хязгаар тавьдаггүй, хайрцаглагдсан нэр томьёонд өөр...
3
2019.04.26
#WomenWhoDare | Г.Ариунсанаа: Би амархан замыг сонгодоггүй, бүх ажлыг сорилт гэж бодоод...
санал болгох
1
22 цагийн өмнө
Сонсголонгийн хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
2
Өчигдөр
Өнө мөнхөд бэлэн үү?
3
Өчигдөр
Монголд зүйр цэцэн үг ашигласан "meme" трэнд болж буйг илтгэх 22 зураг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
11
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нээх хуурамч инээд 2019.06.13 113.161.6.140

Гоё сайхан харагдах гэж битгий худалаа инээж байгаарай охид, залуусаа

0 Хариулах