Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

#WomenWhoDare | Д.Эрдэнэбаясгалан: Шударга байхаас би хэзээ ч ухрахгүй, болихгүй, айхгүй


Хэнтий аймгийн Чингис хот руу зорьж хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн талаарх асуудлыг ярилцахаар очиход түүнтэй танилцсан билээ. Ярилцлага авна гэж төлөвлөөгүй боловч яриан дундаас нь түүний сайхан сэтгэл, өөрийнхөөрөө байгаа байдал нь соронз мэт татав. Орчин үед ховордсон сэтгэл зүрх, үнэнч шударга зан түүний үг бүрээс үнэртэнэ. Ярилцлагын дундуур хоёулаа усан нүдэлж авсан ч гэсэн инээгээд л салсан. Хорвоо дэлхий дээр итгэмээргүй сайн хүмүүс байдаг гэдгийг дахин нэг сануулсанд баярлалаа. Энэ удаагийн “Women who dare” булангаараа Хүний Эрхийн Үндэсний Комиссын ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгаланг танилцуулж байна.

-  Бусдын төлөө ажиллах яагаад гоё байдаг вэ? 

- Яагаад гэвэл би санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж чадахгүй. Багадаа би эдийн засгийн, амьдралын нөхцөл байдлаасаа болоод ялгаварлан гадуурхалд өртдөг хүүхэд байсан. Хүлээн зөвшөөрөгдөхгүй байх ямар байдаг вэ гэдгийг би өөрт тулгарч байсан бэрхшээлүүдээс мэднэ. Асуудал тулгарахад гарцаа мэдэхгүй, хангалттай мэдээлэлгүйгээс болж хохирч байгаа хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгч, гаргалгаа байгаа гэдгийг ойлгуулахад хүмүүсийн нүд хэрхэн сэргэж өөртөө итгэлтэй болж байгааг харахад надад маш тааламжтай санагддаг. Миний дотор яагаад ч юм хэн нэгнийг хамгаалмаар сэтгэл төрдөг. “Та өөрийгөө оронд нь тавиад үз л дээ” гэж хэлмээр санагддаг үе зөндөө. Жишээлбэл, тэргэнцэртэй хүн чадлынхаа хэрээр зүтгэж дээшээ гарч байхад зориулалтын зам тавьж өгөхгүй байгаа даргад ойлгуулах гээд л зүтгэнэ. Харамсалтай нь ихэнх хүмүүс ойлгодоггүй.   

- Хүний эрхийн чиглэлээр ажиллах болсон замналынхаа тухай ярихгүй юу?

- Би багаасаа өмгөөлөгч болно гэж мөрөөддөг хүүхэд байлаа. Эрх зүйч мэргэжлээр суралцсаны дараа хотод ажил хайж яваад банкны салбарт дөрвөн жил орчим ажилласан. Хөдөө орон нутагтаа буцаж ирснийхээ дараа аймгийн төв дээр улсын бүртгэлийн хэлтэст ажиллаж байгаад Хүний Эрхийн Үндэсний Комиссоос гаргасан ажилтан авах зарлалыг олж уншсан. Тухайн үедээ би өөртөө итгэлгүй, амьдралд минь маш олон асуудал байсан боловч материалаа өгчихөөд бараг өдөр бүр утасдаж асуудаг байлаа. Ингээд энэ ажилд тэнцээд орсон. Яг л миний мөрөөдөж байсан ажил мөн. Хэдийгээр зарим талаар хязгаарлагдмал ч гэлээ бусдыг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх, хүний эрх гээд маш өргөн хүрээг хамардаг. 

Сумдад очиж хүний эрхийн талаар мэдээлэл өгсний дараа миний утас тасралтгүй дуугардаг.  

- Хаана хандахаа мэдэхгүй байгаа хүмүүсийн анхны зогсоол танай байгууллага гэж ойлгож болох уу?

- Эхлээд тэр хүн хаачих вэ гэдгээ мэдэхгүйгээс гадна манай байгууллагыг байгаа үгүйг ч мэдэхгүй байх тохиолдол их бий. Тийм учраас бид “хүний эрхийн байгууллага гэж ийм байгууллага байдаг шүү, бидэнд хандаарай” гэдэг мэдээллийг өргөн хүрээгээр хүмүүст түгээдэг. Хамгийн анх бид хаана л олон хүмүүс байна тэнд маркетинг, сурталчилгаа хийж өөрсдийгөө таниулах ажил хийсэн. Хүний эрх нь зөрчигдөж байгаа буюу надад нэг асуудал байна гэж бодож байтал хэн ч бидэнд хандаж болно. Жишээлбэл, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд хаачихаа мэдэхгүй, цагдаад очоод тусыг олоогүй хүмүүс манайд их ханддаг. Хүүхдүүд ирнэ. Сумдад очиж олон хүн цугларсан газарт мэдээлэл өгсний дараа миний утас тасралтгүй дуугардаг.  

- Ажилдаа сэтгэл хангалуун байх хүний амьдралын маш чухал хэсэг юм шиг? 

- Энэ ажлыг хийх нь надад маш сайхан санагддаг. Одоо миний амьдарч байгаа нөхцөл байдал бас их сонин, би гаражид амьдарч байгаа. Гэхдээ би хүмүүст хэзээ ч гаражид амьдарч байгаа хүн шиг харагддаггүй. Ажлаа хийж байхдаа би өөрийгөө маш хүчтэй болсон юм шиг мэдэрдэг. Яагаад ч юм надад хандсан тэр хүнийг хамгаалмаар санагддаг. Тэр хүний оронд өөрийгөө тавьж чаддаг болов уу гэж боддог. 

- Гаражид амьдрах нөхцөл байдал яагаад юунаас болж үүсэв?

- Аав маань осолд орж нас барахад ээж долоон өнчин хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй болж үлдсэн. Бид бөөнөөрөө амьдардаг байлаа. Манай эгч санхүүгийн асуудалд орж шүүхийн шийдвэрээр хураалгахыг нь хураалгаж, бид бүгд салцгаасан. Ипотекийн зээлд хамрагдах гэхээр ганц бие хүмүүст зээл өгөхгүй, хамтран зээлдэгч нь орлоготой хүн байх ёстой. Тиймээс надад хоёрдугаар гарын үсэг зурах хүн олдоогүй. Тийм учраас орон сууц авч чадалгүй, байрны урьдчилгаанд өгсөн мөнгөнийхөө тодорхой хэсгийг буцааж аваад түүгээрээ байшин барьж байгаа. Байшингаа бэлэн болтол гаражид амьдарч байна даа. 

ЗурагТайлбар


- Хүмүүст нэг ийм хандлага байдаг. Өөрөө эхлээд мундаг болчихоод хүнд тусална, бэлэн болсон үедээ тусална, мөнгөтэй байж тусална гэх мэт. Таны бодлоор хэн бусдад тусалж чадах вэ, иймэрхүү хандлагатай хүмүүстэй таарч байв уу? 

- Хүний эрхийг ихэвчлэн төрийн албан тушаалтан, удирдлага, хуулиар эрх нь олгогдсон албан тушаалтнууд зөрчдөг. Тэр хүмүүс “Өөрийгөө яая гэж байж, худлаа баатар болох гэлээ” гэх нь бий. Надад бол баатар болох, олонд танигдах гэхээсээ нэг ч гэсэн хүнийг асуудлаа шийдвэрлээсэй гэж хүсдэг. Зарим хүний туулж байгаа зовлонг би ч гэсэн дайраад гарсан учраас ямар хэцүү байдгийг нь мэднэ. Магадгүй хэн ч намайг гаднаас минь хараад гаражид амьдардаг гэж бодохгүй байх. Гэхдээ энэ ажил намайг үнэхээр аз жаргалтай нэгэн болгосон. Ажлынхаа өрөөнд орж ирэхэд яг л гэр минь юм шиг санагддаг. Амьдралд минь хэчнээн олон асуудал байлаа ч ажлаа цалгардуулахгүй хийсээр ирсэн, цаашид ийм байхыг хичээх болно. Би хүн бүр хүний эрхийг хамгаалагч байх боломжтой гэж боддог. Учир нь хүмүүс эрхээ эдэлж байна гээд бусдын эрхийг зөрчих нь олонтаа. Харин өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусдын эрхийг зөрчдөггүй хүн бол нэг ёсондоо хүний эрхийн хамгаалагчид мөн юм. 

Би хүн бүр хүний эрхийг хамгаалагч байх боломжтой гэж боддог. Өөрийнхөө эрхийг эдлэхдээ бусдын эрхийг зөрчдөггүй хүн бол хүний эрхийн хамгаалагчид мөн.

- Орон нутагт ажиллах явцад зөвхөн эмэгтэй хүн гэдгээсээ болж үзэл бодлоо няцаалгаж байсан тохиолдол байгаа юу?

- Эмэгтэй гэхээсээ илүүтэйгээр өрх толгойлсон эмэгтэй гэдгээсээ болж ажил дээр асуудал гарч байсан. Бид зарим төрийн байгууллагуудтай хамтарч сумдад ажилладаг. Сумдад ажиллахын тулд олон хоногоор явна. Ганц бие, хүүхэдтэй эмэгтэйг хэзээд бусадтай харилцаа үүсгэхэд бэлэн байдаг гэж боддог юм уу, эсвэл эхнэр уурална гэх шалтгаанаар зарим нэг хүн олон нийтийн дунд, хурал дээр огт өөр хүн шиг аашлахыг хэд хэдэн удаа харж байсан. Тэр нь надад их онцгүй сэтгэгдэл төрүүлж байсан. 

- Ямар нийгэмд амьдрахыг мөрөөдөж байна?

- Хүн хүнээ хүндэлдэг байгаасай л гэж бодож байна. Энэ миний асуудал биш гээд орхиж байгаа нь харамсалтай санагддаг. Жишээлбэл, гудамжинд хэсэг хүүхдүүд өөр нэг үеийн хүүхдээ зодож байвал томчууд очоод “Яаж байгаа юм, болиоч. Нэг нэгнийгээ ингэж дээрэлхэж болохгүй” гэж хэлэхгүй байгаад би харамсдаг. Болохгүй байгаа зүйлийг харсан даруйдаа засаж, зөвлөж явах юмсан гэж боддог. Муу муухай болохгүй зүйлийг харсан л бол би тэвчдэггүй, хэлдэг, зохицуулахыг оролддог. Хүний эрхийг хамгаалах ажил таны хэн байх, ямар орчинд амьдардаг гэдэгтээ огт хамаагүй зүйл шүү дээ.

- Гэр бүлийн хүмүүжил төлөвшлийн хувьд  ээж, аав тань юу гэж хэлж, үлгэрлэж байв? 

- Шударга бус байдалтай эвлэрч чаддаггүй зан минь манай гэр бүлийн хүмүүжил. Ээжээс энэ бүхэн харагддаг. Аав минь намайг бага байхад нас барсан. Манайхан бүгдээрээ сурлага сайтай хүүхдүүд байсан ч санхүүгийн боломжгүй байдлаас болж зарим нэгэн уралдаан тэмцээнд явж чаддаггүй байв. Одоогийн нөхцөл байдлаас харвал жинхэнэ ялгаварлан гадуурхалд өртдөг байсан гэж хэлж болно. Багш нар хичээлдээ тааруу эсвэл амьдралын боломжтой муутай айлын хүүхдүүдийг байнга загнадаг, гадуурхдаг байснаас сургуулийн захиргаанд өргөдөл бичиж өгсөн тохиолдол ч бий. Багаасаа л ийм хүүхэд байсан болохоор энэ зангаасаа болж хавчигдаж, гадуурхагдах үе зөндөө. Тэглээ гээд үүнтэй эвлэрэхгүй, бууж өгөхгүй. 

- Юунаас хамгийн их айдаг вэ?

- Ямар ч зорилгогүй болохоос айдаг. Өвчин тусахаас айдаг. Нэг хэсэг өвдсөнөөсөө болоод тэргэнцэрт суусан тохиодол ч миний амьдралд бий. Оюун ухаан саруул хэрнээ хэн нэг хүнээс хамааралтай болж, хүссэн зүйлээ хийж чадахгүй болно гэдэг бол үнэхээр аймаар. 

- Сэтгэлээр унасан үедээ өөрийгөө яаж хурцалдаг вэ? 

- Сэтгэлээр унахаараа би дуу сонсдог. Эсвэл хэнтэй ч юу ч яримааргүй, ганцаараа байж байгаад л тайвширчихна. Заримдаа уйлна. Тэр үед ямар нэг богинохон ном эсвэл өгүүллэг уншихаар, өөр зүйлийн тухай бодоход сэтгэлээр унаснаа мартчихдаг юм. 

Би өөрчлөх гэж байна гэж чанга хашхирах бус, байгаа орчиндоо эерэг байж, бусдад нөлөөлж чаддаг эмэгтэйг хүчирхэг гэж хэлнэ.

- Ямар эмэгтэйг WOMEN WHO DARE гэх вэ?

- Өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлээсээ хазайдаггүй эмэгтэйчүүдийг хэлнэ. Би өөрчлөх гэж байна гэж чанга хашхирах биш, өөрийнхөө байгаа орчиндоо л эерэг байж бусдад нөлөөлж чаддаг эмэгтэйг хэлнэ. 

ЗурагТайлбар



- Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу байсан бэ? 

- “Өөрийнхөө амьдардаг орчин, байгаа ертөнцийг сайхан байлгахыг хүсвэл ядаж би өөрөө шударга байх ёстой” гэдэг үг хамгийн их нөлөөлж байсан. 

- Зарим хүмүүс шударга байхаар хохироод байна гээд байдаг?

- Үгүй л дээ. Би худлаа хэлэхийг тэвчдэггүй. Шударга байхаас би хэзээ ч ухрахгүй, болихгүй, айхгүй. Шударга биш байж болох олон тохиолдол амьдралд байсан. Хүн нэг удаа худлаа хэлчихлээрээ дахиад худлаа хэлэх гээд байдаг. Ямар ч үед би өөрийнхөө л байх нь надад үнэ цэнэтэй байдаг. Гаднаа хохирсон ч дотроо бардам, сайхан байдаг. 

холбоотой мэдээ
1
2019.06.10
#WomenWhoDare | Б.Хулан: Өөрийнхөө хувьд хамгийн сайн хувилбар нь байвал өөртөө итгэлтэ...
2
2019.05.23
#WomenWhoDare | Э.Энхмаа: Би өөртөө хязгаар тавьдаггүй, хайрцаглагдсан нэр томьёонд өөр...
3
2019.04.26
#WomenWhoDare | Г.Ариунсанаа: Би амархан замыг сонгодоггүй, бүх ажлыг сорилт гэж бодоод...
санал болгох
1
4 цагийн өмнө
Сэтгэл гутралын тухайд оюутан бүрийн мэдвэл зохих 13 чухал зүйл
2
5 цагийн өмнө
Миллениалууд хамгийн ганцаардмал үеийнхэн болохыг тогтоожээ
3
Өчигдөр
Муу зуршлаа хаяж, өөрийгөө хайрлаж эхэлсэн залуусын урам зориг өгөх 13 түүх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Uka 2019.08.13 66.181.191.22

Uneheer baharhamaar busgui bna amjilt az jargal husie

0 Хариулах


Amu 2019.07.18 202.55.188.40

Amjilt husei. humuusiin hetsuu gj boddog ch unendee setgel l gargahgui bga zuilsiig chin setgeleesee hiij bgaa humuus uneheer baharhmaar bdag yum. ii

0 Хариулах